x

Соёлын сайд ба гудамжны хөгжимчин

С.Чулуун баскэр биш.

Шинэ Засгийн газрын бүтцэд Соёлын яам байгуулагдаж, Монгол Улсын соёлын бодлого гадарлах бүү хэл доторлохгүйн зовлонгүй мэргэжлийн хүмүүсийн гарт очсон. Өмнө нь боловсрол хариуцсан яамны бөөрөнд байсныг өрх тусгаарлаж шинээр бүрдүүлсэн гэхэд бүр долоон газар, 78 албан хаагчтай “бие даасан” Соёлын яам төвхнөөд авлаа. Сайд нь түүхч, академич С.Чулуун, дэд сайд нь архитекторч М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга нь дуучин, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат гэхээр эрхэлж буй асуудлынхаа эрт хийгээд эдүгээг зангидан эмхлэх чадвар буй хэмээн итгэж болох мэт. 

Соёлын салбарт ажиллагсад яамтай болсноо аавтай болсны дайтай хүлээж авсан. Харин хүлээлтийн хариуд өгсөн эхний ажил болох “Соёлын цаг” аян мэргэжлийн урлагийнхныг гудамжинд гаргаж, гараанаасаа унаж байна. Орон нутгийн сонгуульд нөлөөлөх улс төрийн зорилго тавьснаас Соёлын яам коммунист “улаан булан”  болж хувирав. “Дэлхийн хотуудын гудамж талбайд хүмүүс урлаг соёлын үзүүлбэрүүдийг сонирхож л байдаг даг” гэж энэ шүүмлэлийн хариуг зандрангуй өгөх байх. Гэвч тэр бол огт өөр урлаг бөгөөд хэрэв мэргэжлийнхнээ зоригтойгоор гудамжинд тоглуулж иргэдийн санаагүй газарт нь гэнэтийн бэлэг барихаар шийдсэн л бол хэзээ, хаана, яаж гэдгийг мэдрэг сонгох, нарийн зохион байгуулж байж таашаах, цэнгэх, хөгжилдөх нөлөөлөл үзүүлж болох юм. Урлагаар соёлыг түгээх, гоо зүйн таашаал, мэдрэмжид нь хүрэхийн тулд нийтийн тээвэр, тухайлбал онгоц, метронд, эсвэл хүний хөл тасардаггүй гудамжинд, бүр галт тэрэгний буудалд алдартай театрынхан улаан хөшигтэй тайзнаасаа бууж, энгийн хувцастай флэшмоб хийх нь орчин цаг, дижитал эринээ мэдэрсэн амжилттай нөлөөлөл болсон туршлага улс орнуудад бий. Харин манай Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран зохиож буй “Соёлын цаг”-ийн тоглолтууд сэтгэл хөдлөл, баяр баясгалан түгээж чадахгүй байна. Хэлбэрийн хувьд агуулгадаа гологдсон ядмаг тайз, орчиндоо зохицоогүй хувцас, хэрэглэл, лоозонтой анонсандаа хайрцаглагдсан хайран ч урлаг, хайран ч соёл. Гудамжны урлаг энгийн, бас этгээд, тайзны урлаг мэргэжлийн бас тансаг байдгийг торгон мэдрэх учиртай Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат сэрэмжлэн жор тун, хэлбэр агуулгыг дүйцүүлэх ёстой байв. Энэ сарын 5-ны бямба гаригт бүх нийтэд урлагийн боловсрол олгох зорилготой “Гүн Агааль” хэмээх ТББ-ын санаачилгаар хүүхдийн паркад тоглолт болжээ. Тэд бол баскэрууд буюу гудамжинд хөгжимдөж дуулах улс. Тиймээс тэд ямар нэг саатай дээл хувцас, улаан хивс, хулдаасан анонсгүйгээр хүмүүст юу чаддагаа үзүүлж, хамтдаа баяр баяслыг эдлэх юм. 

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг.

Урлагт дуртай хүмүүс театраа санажээ. Дуучид, бүжигчид, жүжигчид ч тайзаа, үзэгчдээ санаж байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас сэргийлж театрууд хөл хорьсныг бүх нийтээр дагаж байгаа ч Соёлын яам хэрэв Боловсролын яамтай зэрэгцэн тахлын үеийн менежмент хэрэгжүүлэхээр хичээсэн бол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхой хязгаартайгаар явуулж байгаа шиг театруудын үүд хаалга ч үзэгчдийн өмнө цэлийж болох байсан. Соёлын сайд ч мэргэжлийнхнээ гудамжинд гаргахгүйгээр нөлөөллийн аянаа хэрэгжүүлж чадах байсан.    

Гудамжны хөгжимчин юу тоглох нь хэнээс ч хараат бус, бас хэнд ч хамаагүй байдаг бол С.Чулуун баскэр биш. Соёлын яам төсөв санхүүтэй тул бодлоготой, зорилготой, төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй байх ёстой. Сайд нарын танхимд шинээр багтаж, шинэ яам удирдаж байгаа сайдын хамгийн түрүүнд хийвээс зүйд нийцэх алхам бол олон нийтэд яамныхаа зорилго, зорилтыг танилцуулахад оршино. Гэвч С.Чулуун сайд таг чиг, хэвлэлийн ганц хурал ч үгүй байна. МАН Монгол Улсын 50 жилийн дараах алсыг харж боловсруулсан төлөвлөгөөнөөс ядаж өөрт хамаарах эхний 4 жилийн ажлыг ард бидэнд дуулгах нь сайдын үүрэг. Түүний удирдаж буй Монгол Улсын соёлын салбарт хариултгүй ээрэгдсэн асуулт ч цөөнгүй байна. Сүүлийнхээс эхэлье.

Монголд монгол бичиг амьд уу?

“1946 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийг “амьдаар нь” авч ирсэн өмнөд монголчууддаа бид талархдаг. Дундад улс шинэ “соёлын хувьсгал” эхлүүлж, мах цусны тасархай ахан дүүсийг маань ахин дээрэлхэж буй энэ өдрүүдэд бид улам илүү алсыг харах ёстой. Босоо монгол бичгийн аврал нь Монгол Улс өөрөө л байх түүхэн хариуцлага бидэнд тулгарав биш үү?” гэж Гүн овогт Г.Аюурзана нүүр номдоо бичжээ. Энэ бол асуулт. Соёлын яам үүнд хариулах, нийтэд нөлөөлөхүйц бодлого хийгээд үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөтэй, Боловсролын яамтай хамтран үр дүн нь мэдрэгдэхүйц бодит ажлуудыг хийх ёстой болж байна.  

“Өнөөдөр англиар цэвэрхэн ярьчихдаг залуустай Улаанбаатарын хаа ч таардаг. Харийн хэлийг хялбархан сурдаг монголчууд өөрийн бичгийг өөриймшүүлэхэд юухан байх вэ дээ! Залхуурал, мөнгө хөрөнгө гэх мэтийн арчаагүй шалтаг тоочихоо цэглэж, авч үлдэх ёстой бүхнээ ямар ч хамаагүй үнээр авч үлдье ээ! Даруйхан монгол бичигтээ шилжье! Чингис хааныхаа “Улсын бичиг” гэж тунхагласан үндэсний бичиг үсгээ жинхэнээс нь “Улсын бичиг” байлгая аа” гэж Г.Аюурзана олон нийтэд хандсан байна. Соёлын яам юу бодож байна?  

Түлүүгийн давааны буузнаас өөр юм байна уу? 

Коронавирус дэлхий ертөнцөд сөрөх аргагүй шинэ соёл, онцгой дэг журам авчирч байна. Хил хаагдаж, гадаадын жуулчид тасрахад голын эрэг дээр майхан хатгаад мах шарж идсэн дотоодын аялагчид “ганцаардав”. Хөдөө тийш аялал жуулчлалын бүтээгдэхүүн ядмаг, “Түлүүгийн” буузны газраас өөр үзэж харах, сонирхож мэдэх контентгүй нэгэн зун өнгөрөв. Түүх, соёлын өв болсон сүм хийд, музейдийг сэргээн засварлах, монголчууд бид эх орныхоо эд өлөг бүрийг хайрлан биширдэг болох ажлыг Соёлын яам шинэ шатанд гаргаж чадах уу? 

Ковид-19 биш гэхэд хожим ямар ч вирус хил хязгааргүй дэгдэхэд хүмүүс уламжлалт соёлыг эдүгээчлэн хүртсээр л, гоо зүйн таашаалдаа умбасаар байх эрхтэй. Хүн болгон гартаа дэлгэц атгасан орчин үед хил хязгааргүй платформын шийдлүүд бүрэн боломжтой. Монголд бодлого, үйл ажиллагаа л дулимаг байна. 

Түүх, соёл, урлаг одоо үнэгүй юү?

Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг түүх, соёлын үзвэр, үйлчилгээнд өлөн зэлмүүн хандах арга барилыг соёл болгон дэлгэрүүлэхийн эсрэг хатуу зогсох ёстой. Байсхийгээд л “Музейгээ үнэгүй үзээрэй” гэсэн зар явуулдгийг зогсооно уу. Энэ өдрүүдэд ч тийм зар түгэж буй. Театр, музей, оюуны бүтээлүүд амьд, тансаг, үнэ цэнтэй байх ёстой. Орон нутгийн сонгуульд зориулж мэргэжлийнхнийг гудамжинд тоглуулж байгаа нь тайзаа, үзэгчдээ санасан тэднийг доромжилж буйтай адил хэрэг тул бид тэднийг театрт нь зорьж үзмээр байна.   

Циркээ яах юм?

Манай улсад хөгжсөний 80 жилийн түүхтэй цирк сүүлийн 12 жилийн дотор хар бараан зах болж хувирлаа. Менежментийн хувьчлалаар авсан айл нь зориулалтын дагуу ашигласангүй тул түүхт цэнхэр асраа буцааж авч чадах уу?   

Уран нугараач, Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу “Өнөөдөр Монголын циркийн урын сангийн бодлого алдагдсан. Шалтгаан нь циркийн уран бүтээлчид нэг ч төгрөгийн цалингүйгээс амьдрахын эрхэнд гадаадын орнуудад аялан тоглолт хийж байна. Гэтэл циркт томоохон тоглолт хийе гэхэд тэднийг цалинжуулах албан газар байхгүй. Төв циркт тоглоё гэхэд байргүй. Хуучин циркийн боловсон хүчнийг ЗХУ-д төрөл жанр бүрээр бэлтгэдэг байсан, одоо зөвхөн шавь сургалтаар дотооддоо уран нугаралт зэрэг цөөн мэргэжлээр сургах болсон. Төрөөс циркийн салбарт анхаарлаа хандуулж ажиллаасай” хэмээн хүсэж байна.

Улс төрөөс ангид байж чадах уу?

Улс төрийг “соёлгүй” хийж болохгүй гэдгийг бүгд ойлгосон цагт түүхч, академич С.Чулуун Соёлын сайдаар ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох чадалтай Чингис хааны музей, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгож өгөх Андлалын өргөө, Ерөнхийлөгч Х.Баттулгыг үндэсний бүтээн байгуулагч түүхэн лидер гэх урлаг соёл, сэтгүүлзүйн төслүүд эрчээ авсан оюун санааны өвөрмөц үед Монгол Улс бас ирсэн. Тиймээс энэ цаг дор шинээр байгуулагдсан Соёлын сайдад улс төрийн дарамт хийгээд нөмөр нөөлөг эдгээр гурван талаас өөр өөрийнхөөрөө ирэх болно. С.Чулуунд ажиллах боломж гэхээсээ тулгарах давагдашгүй хүчин зүйл хавьгүй илүү тохиолдох магадлалтай. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 1992 онд Соёлын сайдаар томилогдон ажилласнаар утга зохиолын орчуулагчийн карьераа төгсгөж, том улстөрч болох гараагаа эхлүүлснээс харахад Соёлын сайд С.Чулууны дараагийн нүүдэл түүх соёл, эрдэм судалгаа биш ч байж магад. Өмнө нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын үед Соёлын яам нэг жил гаруй ажиллаад татан буугдсан түүх энэ удаад ч давтагдах магадлал бий. Тэгэхээр Соёлын сайд С.Чулуун өөрт ногдсон цаг хугацаандаа Монголын соёл гэгээрлийн түүхэнд хэр академич болохоо харуулаад буух уу, эсвэл нөлөө бүхий улстөрчдөд үйлчилж байгаад дэвших үү гэдэг асуулт бас урган гардаг.   

Б.Энхцэцэг

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 53 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 6 цаг 13 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 6 цаг 17 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 6 цаг 20 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 7 цаг 17 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 7 цаг 17 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 7 цаг 20 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 9 цаг 14 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 10 цаг 10 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 10 цаг 16 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 10 цаг 21 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 38 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 45 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 48 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 53 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 58 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 11 цаг 1 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 25 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top