x

Цав цагаан

Лэгдэн өвгөний хөх борлог морь өтлөөд дун цагаан болчихов. Лэгдэнгийн тас хар сахал өөд болохынхоо өмнөх жил сүү шиг цайчихсан гэж байгаа. Олон жил нөхөрлөсөн хүн морь хоёул адилхан цав цагаан өнгөнд хувираад залрах учиртай юм байлгүй. Цав цагаан-ариуслын өнгө. Цав цагаан-бурханд шингэдэг өнгө. 

Салхи сэвэлзэж, тоос манарч, тэнгэр хангай тогтворгүй тул нар бүүдийгээд хүрээлчихэж. Борооших янзтай. Хаяа хязгааргүй орчлон нулимс гүйлэгнүүлэн цэлэлзэнэ. Ялимгүй бөгтийсөн эр Жагай гэрээс гарч, хулуу шар усанд асгатсан хоёр дугуй хөлөө солбиулсаар баруун довон дээрээ гарч тухлаад, өврөө ухаж, том алчуурт боодолтой дурангаа авч хараа муудаж буй нүдэндээ наав. 

Уулсын ам болгоноос бүдэг зөрөг газрын нам руу зурайна. Олон зөрөг тэртээ доод хөндийд ногоорох өргөн ширгэтэй хүхэрлэг шавар ханхлуулсан булагт бүгд уулзана. Цэлгэр шар талын дундахь номин шигтгээ мэт шанд ба аглаг уулсын сахлаг бэлчээр хоёрын хооронд бод мал хэд гурваар, бөөн бөөнөөр цуврана. Уулын мухрын шүүслэг ногоонд адуу өд мөддөө цангахгүй. Хэд өнжиж байж гол руу ар араасаа тоос татуулан хатирсаар жимүүдийг тодруулна. Сүрэг бүрийг үр төл олонтой ахимаг гүүнүүд дагуулан ус руу удирдах ба ус ууж хануут уулсын онгон амтлаг бэлчээр өөд бас хөтөлнө. Сүрэг болгоны сүүлд азарганууд харуул хамгаалагч гэдгээ зарлан дэл сүүлээ шаширлуулан сүрийг бадруулж сэгсэлзэнэ. Байн байн цуврах адуу үхрийн дунд цав цагаан ганц адуу явна уу гэж Лэгдэн бүрлээчийн хүү хижээл эр Жагай улцан нүдээ чилтэл дурандана.

...Цагаан морио Жагай унагаж хэвтүүлээд, босох гэж цогнолзсон толгой дээр нь хүн бүлгүйн эрхэнд мяраалаг эхнэрээ дуудаж сандайлуулахад хүрэв. Тэгээд өөрөө хөгшин мориныхоо бөгсийг гараараа ухаж төнхсөөр чулуу шиг хатчихсан баахан хомоол арай чамай гаргаж, бааж чадахаа больсон түүний гэдсийг дундлав. Босон харайх гэж янцаглаж хэвтсэн хөгшин цагаан түгжирсэн гэдсээ сулармагц лүнхийтэл амьсгал аваад амрах шиг боллоо. Хөдлөхгүй түр амарч хэвтсэнээ хөгшин цагаан сэргэж, бөгсөө ухуулж доромжлуулсандаа өнгөрсөн хойно үргэж туйлах санаатай өндөлзөв. Гэвч янхир том ясархаг биеэ даасангүй. Жагай түүнийг дэмжиж босговол тэр гэдсээ суларч амарсандаа толгой сэгийлгэн, гоё чихээ хайчлан ийш тийш дүүхэлзлээ. Тэгээд өөрийн заяат ганц эзэн Лэгдэн талийгаачийн хонь хариулж явсан хэдэн гүнзгий жалга өөд хөдлөв. Зөнөг цагаан тэр хэдэн жалгаас огт гарахгүй. Хэдэн жалгын тансаг ногоог сорчлоод гэдэс цатгалан ч хаа нэг гол орж ус уухаас аргагүйдна. Ондоон явдалгүй жаргалтай амьтан болжээ. Түүнийг жамаараа үхэг гээд дураар нь тавьсан аж.

Уулын эзгүй жалганд ганцаараа бие даасан хөгшин морио Жагай хааяа эргэнэ. Нэг удаа цагаан морины өрөөсөн завьж асар том томбойж өл алдаад үхэж байхад Жагай олж үзэв. Яав гэтэл амны нь мэдээ муудсанаас хазсан өвсөө цуглуулан залгиж чадалгүй араа шүднийхээ гадуур завьжиндаа тулмайдаад хураачихжээ. Завьжинд хуримтлагдсан өвс шүлстэй нь холилдож сэвс болоод эрүү шүдийг гагнаад чигжирчихэж. Тэгээд тэр чигтээ хатчихаж. Цагаан морь зуурчихсан амаа ангайлгаж чадахгүй олон хоног өлбөрч үхэхдээ тулаад байв. Жагай хөгшин мориныхоо амыг ухаж, завьж шүдийг гагнаад зуурчихсан бөөн өвсийг амнаас нь гаргаж амийг нь аварчээ.

...Сүүлийн хэдэн өдөр Жагай гол руу зурайх жим бүрийг отож дурандлаа. Аавын нь зөнөг цагаан морь уулнаас бууж ирсэнгүй. Аав нь амьсгал хураахдаа хүүдээ надаас хойш хөх борлогийг минь жаргаагаарай гэж захьсан юмсанж. Жагай гэртээ орж малгайн оромцгоор толгойнхоо талыг далиудуу халхлаад эхнэртээ, 

-Аавын цагааныг уул өөд явж хайхаас. Нөгөө хэдэн жалгынхаа нэгэнд ойчоод өдийд өеөдчихсөн үхэж хэвтээ биз гэж хэлээд гарав. 

Дэнсмаа “Тэнгэрийн аягүйд уул гарч яах юм. Хөгшин амьтан үхэх мөрөөрөө л үхнэ биз. Амийг аварч, мөнхжүүлж нэгэнт чадахгүйгээс хойш” гэж хорих гэснээ хөгшин цагаан морио өрөвдөөд аман дээр гарч ирсэн үгээ залгилаа.

Жагай уул өөд хатуу явдалтай хашин морио давирсаар ядарч орхив. Хэдэн жилийн өмнө өнгөрсөн аав шигээ өөрөө бас өтөлж доройтож буйгаа Жагай сүүлийн үед сүрхий мэдэрдэг болжээ. Тэр бээр морины шогшоонд өөртэйгөө ярив. “Аавын үглэж байсан шаналал болгон надад бүр яг тэр чигээрээ ирлээ. Хүний нас ч дээ, дэндүү охорхон юм даа. Иймхэн хорвоод хүн малд төрөхийн хэрэг байсан юм уу. Жишээ нь энэ муу хөгшин цагаан морь амьсгал хураахын наана мөн ч их зовлон туулж байна даа. Хөөрхий аавын минь хайртай номхон хүлэг” гэж эргэцүүлэв. Түүний санчигт буурал аль хэдийнэ суужээ.

Жагай цагаан мориныхоо гардаггүй хүнхэр ногоон жалгыг өнгийлөө. Цагаан морио тэнд уяатай мэт байж таарна гэж оноож очсон нь алга. Дараагийн жалганд үзлээ. Байдаггүй. Хэдэн жалгыг бүгдийг нэгжээд олсонгүй. Алсыг дурандахаар уулын хярд гарлаа. Зэврүүн өдөр уулсын оройд хүйтэн салхи морьтой хүн татаж унагачихмаар хүчтэй хүүгнэ. Жагай нэгэн өндөрлөгийн хярд гарч суугаад тал бүр тийшээ дурандав. Цагаан морины бараа ч алга. Энд тэнд үхсэн бол шувуу бужигнах сан. Сэжиг ажиг анзаарагдсангүй. Өндөрлөгөөс бууж жалга судаг, ганга хавцлын ёроол бүрийг өнгийж үзэхээр шийдэв. Үзлээ. Бартаа болгоноор хайлаа. Уул овоо, жалга сариа хэдэрсээр орой тийшээ унаж яваа морь нь богших аядав. 

Аавынхаа цагаан морийг олохоос нааш харимгүй. Гэвч удахгүй харуй бүрий орно. Яадаг билээ гэсээр эрлээ үргэлжлүүлж явтал тэртээ дээр манан будан салдаггүй Сэрвэнгийн ноёлох оргил-Жадан шовхын торгон оройд нэг зүүдийсэн зэгэл дүрс янгир шиг зогсох нь бүдэг бадаг үзэгдлээ. Дурандвал цагаан морь нь мөн ч юм шиг. Ядарсан хөгшин морь тийм өндөр халилд яаж гарч чаддаг билээ. Жагай эцсэн морио давирч гуядсаар Жадан шовхын оргил өөд мацав. Дээшлэх тусам салхины хүч ширүүсч агаар мандал улам жиндүүлж эхэллээ. Жагай өөдөө мацсаар морь явах боломжгүй хад цохионд тулаад морио орхиж явган авирав. Их уулсын шовх шовх оргил хацар зүсчихмээр ойрхон ойрхон сэрвэлзэх нь оройн бүрэнхийд сүрдэм. Хижээл эр Жагайн амьсгал давхцаж зүрх нь оволзов. Хаднаас зуурч зүтгэсээр Сэрвэнгийн ноёлох оргил Жадан шовхын торгон үзүүрт гарч ирвэл ухархай нь ширгэж, нүднээс нь нуух цуварч, хамар амнаас нь нус шүлс гоожсон хөгшин цагаан морь нь зуны аагим халуунд ялаархсан адуу шиг толгой хаялаад зогсож байв. Ноёлох оргилын хүчтэй салхинд хөгшин цагааны шингэрсэн шодон сүүл годойтол хийсэх ажээ.

Ширүүхэн хөдөлбөл ёроолгүй ангал руу онхолдохоор өндөр цохионы өчүүхэн торгон шовх оройд зогсоод толгой хаялж буй цагаан морио Жагай өөрөөсөө үргэж цочоод доош нисчих вий хэмээн шалавхан хүзүүгээр нь тэвэрч түшэв. Тэгээд оволзсон амьсгалаа арай чамай дарахдаа өөрийн эрхгүй хэдэн дусал нулимс унагалаа. Жагай хэсэг уужраад цагаан морио тэр өндөр халилаас хэрхэн буулгахаа банжив. Харанхуй болж байдаг. Юутай ч цагаан мориныхоо авирч гарч ирсэн мөрийг хайхаар шийдлээ. Хад асган дундуур явж явж нэг гайгүй боломжийн зөрөг сонгов. Тэгээд цагаан морио бүсэн дэх ногтоороо ногтлон доош хөтлөх гэвэл хөдөлсөнгүй. Доош буух дургүйдээ бус хөгшин цагаан өчүүхэн төдий хөдөлбөл доош нисчих гээд буйг эзэн нь ойлголоо. Одоо яах вэ? Цагаан морио буулгахаар ногтноос нь татаж үзлээ. Араас нь түлхэж үзлээ. Хөдлөх янз алга. Мунгинасаар байтал харанхуй болчихов. Тэнхэлгүй болсон зөнөг цагаан газрын хэвгий рүү алхвал толгой биеэ даахгүй доош онхолдох агаад чаддагаар нь газрын өөд ганц нэг алхсаар уулын оргилд өөрийн эрхгүй гарчээ гэж Жагай оношлов. Сув сул болсон дөрвөн хөл нь янхир араг ясаа даахгүй хар аяндаа нугараад байсан тул газрын уруу тонгойвол хүнд толгойндоо дийлдээд онхолдох нь мэдээж. Тэгээд онхолдохоос айж газрын өөд ахьсаар ахьсаар өндөрт гарсныг таамаглав. Мах бодь нь тэнхэлгүй болсны дээр тархи нь мэдрэмжээ алдаад уулын оргилын жаварт толгой хаялан ялаархаж зогсоо зөнөсөн хүлгээ Жагай улам ч өрөвдлөө. Аргаа барсан Жагай цагаан морио байсан байранд нь орхиод буцжээ. Маргааш ах дүүсээрээ бүлэрхэг ирж цагаан морио уулын оргилоос өргөөд ч болохноо буулгаж, амраая гэж өөртөө амлав. 

Маргааш нь цагаан морио Жадан шовхын хяраас хамжилцан буулгаад өгөөч гэж айл саахалтын ах дүүсээ гуйгаад явах хүн олдсонгүй. Үхэх цаг нь ирээд тонилж байгаа хөгшин адууны төлөө хэн тэгж хаа холын өндөр уул өөд мацаж байдаг юм бэ гээд бүгд тоосонгүй. 

Жагай эхнэрээ дагуулаад үдээс хойх нь Жадан шовхын бэлд иртэл цагаан морь зогсож байсан торгон оргилдоо үзэгдсэнгүй. Хаачив? Доошоо онхолдсоноос зайлахгүй. Тэгтэл тэртээ доор шувуу эргэлдэж харагдана. Жагай Дэнсмаа хоёр тийшээ яаравчлав. Тэдний бараанаар нэг хон хэрээ дайжихдаа “Арай гэж хоол заяахад муусайн юмнууд саад хийлээ” гэх эсэргүүцлээ илэрхийлж, тэдний зулайг хүчит далавчаараа шүргэх шахам хүр хүр исгэрүүлэн нисэж өнгөрөв. Очвол цагаан морь нь гүнзгий гацааны ёроолд толгойгоо газрын уруу харуулан хөнтрөөд ойчсон хэвтэнэ. Өндрөөс годройтож, гулсаж, хад мөргөж, хамаг бие нь хэмхэрчээ. Хэрээ нүдийг нь амжаад онгойтол ухчихаж. Гэвч үхээгүй амьсгаатай байна. Эртэй амьтан тул мөд үхэх шинж алга. Яах вэ? Хөөрхийг нугасалчихъя гээд Жагай хутгаа тэмтэртэл Дэнсмаа уйлаад болиулчихав.

Чадахаас тэр хоёр цагаан морио чирч гулдацсаар арай чуу эргүүлж, толгойг газрын өөд харууллаа. Газрын уруу бүх дотор эрхтэн нь цээж рүүгээ хөнтрөөд амьсгал нь бөглөрч хэвтсэн болтой. Толгойг нь газрын өөд харуулж хэвтүүлснээр дотор нь жаахан уужрав уу яав хоёр эзнийхээ дууг таниад нүдгүй тэргүүнээ тэдэн рүү зүтгүүлж, аврал гуйсан дорвилог атлаа дорой дуугаар үүрсэв. 

Цагаан морио орхиод буцах замдаа Дэнсмаа чимээгүйхэн уйлсаар явлаа. Жагай эхнэрийнхээ дэргэд уйлсангүй. Эрийн чийр заав. Аав нь өндөр насанд дарагдаж тэнхээрхэхдээ түгшээгүй номхон морь олж унах гэж шинжсээр сонгосон унаа нь хөх борлог. Лэгдэнгийн хөх бор цуутай хүлэг байлаа. Номхон. Унаштай. Сэвэлзтэл гүйн хар алхаагаар сайварлана. Тэрэлзтэл хатирахад нь бие доргихгүй. Дэмбэгнэх зөөлхөн явдал нь Лэгдэн өвгөнийг мөн ч их баярлуулсан даа. Лэгдэн өвгөн эмгэнээ өнгөрснөөс хойш гэрийн мухар сахих дургүй болсон хүн. Уулсын үнэрт хонины бэлчээрт маани мэгзэм уншиж өдөр өнгөрөөнө. Эрих имэрч суухдаа бор морио сул орхичихно. Бор морь жалгын ногоо шилж хазаад эзнээсээ холдохгүй. Олон жил нөхөрлөсөн эзэн морь хоёр дасчихдаг. Эзнээ өөд болсноос хойш бор морь Жагайд (санаа дагасан уу) нэг л өнгө зүсгүй болчихсон. Унах эзэнгүй болсон борлог морь ижил сүрэгтээ амар жимэр явлаа ч хөх цэнхэр зүс нь хоногийн тоогоор цайсаар сүүлдээ дун цагаан болсон юм. Үхэж буй хөгшин мориндоо туслах хувьгүйдээ арга буюу орхиод, буцах замдаа Жагайн сэтгэл хямарч хорвоог ухаарах санаатай бодол хөврүүлж явлаа. 

Хоёр хоногийн дараа Жагай тэсэлгүй цагаан морио үхэж амарсныг үзэж сэтгэлээ онгойлгохоор эргэв. Гэтэл гол нь тасраагүй тарчилж хэвтэнэ. Бяртай амьтан болохоор аймшигт өвдөлт шаналалдаа шандаслаг дөрвөн хөлөө тийчилж, хатуу дөрвөн туурайгаараа доорх газраа там болтол ухжээ. Бөгсийг нь амьтан хөндийлөөд ухчихаж. Нүүрний нь өөдөө харсан ил талын арьсыг хуулчихаж. Гэвч Жагайн чимээнээр чих нь хөдөлж байв. Цаашаа лав хэд хоног тарчлах цараатай үе үе тэлчилнэ. Зүрх нь шимширсэн малчин эр аавынхаа цагаан морины дэргэд тэргүүн гудайлган зогслоо. Лэгдэнгийн хөх бор жинхэнэ настай хүний хүлэг байв. Хөөрхөн хөх цэнхэр зүс нь хөгшрөөд цав цагаан болсон. Яг аавынх нь дун цагаан сахал шиг. Одоо Сэрвэнгийн гацаанд хөх борын яс хувхай цайсаар үгүйрнэ. Хорвоо гэдэг уртаашаагаа энэ л бий дээ гээд Жагай шүүрс алдсанаа хутгаа сугалав. 

Жагайг харихад Дэнсмаа,
-Муу цагаан морь минь амарч уу? гэхэд Жагай шуудхан,
-Амарчээ зайлуул. Чи зулаа өргөчих гэлээ. 

2015-04-15

Ц.Доржготов /BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна 6 цаг 48 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 6 цаг 52 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 6 цаг 53 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 6 цаг 56 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 цаг 58 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 7 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 7 цаг 4 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 7 цаг 4 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 8 цаг 4 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 8 цаг 16 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 8 цаг 40 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 9 цаг 49 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 10 цаг 14 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 10 цаг 38 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 10 цаг 45 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 11 цаг 1 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 11 цаг 23 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 11 цаг 29 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 11 цаг 31 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв Өчигдөр 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top