x

АВРАГДСАН 57 ЗОРЧИГЧ

“Ю” гэгч аймшигт гэмт хэрэгтнийг шүүх хурал эхэлжээ. Тэрээр хүн амины хэрэгтэйгээс гадна гурвын гурван хүнийг хүндээр гэмтээсэн аймаар хэрэгтэн. Яагаад ийм бузар гэмт хэрэг хийснээ мөрдөн байцаах явцад огт тайлбарлаагүйгээр барахгүй өмгөөлөгч авахаас татгалсан байна. Бүх үнэнээ шүүх хуралд хэлнэ гээд зөрүүдлээд байсан хэрэг. Шүүх хурлыг ч зурагтаар шууд нэвтрүүлэхээс нааш нэг ч үг хэлэхгүй гэж гүрийжээ. Өөрийн зүгээс нэг ч гэрч санал болгосонгүй. Харин хохирогчийн талаас гэмт хэргийг нь гэрчлэх хүн үй олон.

Хүн алсан шалтгаанаа ярь гэсэн шүүгчийн шаардлагад:

-Би дэс дараалалтай эхнээс нь яръя. Эхлээд би хоёр настай ач хүүгийнхээ хөлийг хугалсан. Тэр үүрд хазгар болсон - гэх нь тэр. 

-Ийм асуудал прокурор, мөрдөнгийн тэмдэглэлд алга - гэж шүүгч хэллээ. Тэгсэн: 

-Тэгвэл манай эхнэр, хүү, бэрийг гэрчээр дууд. Мөн миний ачийг авчирч харуул - гэж шаардав. 

Дуудсан гэрчүүд удалгүй уйлж унжсаар шүүх танхимд орж ирлээ. Тэдний ярианаас үзэхэд үнэхээр тийм юм болжээ. Нялх ачийгээ зүгээр тоглоод гэртээ гүйж явахад нь мань "Ю" бэйсболын цохиураар хөлийг нь хуга цохисон төдийгүй ойчсон хойно нь тавхай дээр нь хүнд гутлаараа дэвсэж шагайг нь бяцалжээ. Хүүгийн хугарсан шилбийг эмчилсэн боловч бяцарсан шагайг эмнэлэг яаж ч чадсангүй.

“Ю” үүнийг тайлбарлахдаа ач хүүдээ маш их хайртай учир чингэсэн гэж туудаг байгаа. Хэрэв хүүгийн хөлийг хугалаагүй бол тэрээр тун ойрын хугацаанд шовх үзүүртэй хадаас ч юм уу, гадсан дээр унаж нүдээ сохлох байсан гэнэ. Сохорсноос хазгар нь дээр гэж үзсэн аж.

-Удахгүй гадсан дээр унаад сохрохыг нь яаж мэдсэн юм бэ?

-Би үзмэрч. Урьдчилаад харчихдаг юм.

Шүүгч түс хийтэл инээд алдсанаа царай нь даруй төв болон хорсолтойгоор:

-Тийм юм бол тэр гадсыг нь урьдчилаад сугалчихгүй яасан юм?

-Яг аль гадас, эсвэл хадаас ч юм уу, би тэрийг харж чаддаггүй.

Шүүх танхимаар нэг шуугиан үүсэж хүмүүс яргачин алуурчныг бушуу цаазлахыг шаардлаа.

Шүүгч гараа савчин оролцогчдыг чимээгүй байхыг анхааруулаад:

-Манай шүүх ажиллагааг зурагтаар шууд дамжуулж байгаа учир танхимд дуу шуугиан үүсгэн үймүүлэхийг хориглож байна – гэснээ ширээн дээр нь хэвтэх нил цус болон хатсан бэйсболын цохиур руу эрүүгээрээ дохин заагаад хэрэгтэнд хандан – Энэ цохиураар бусдыг гэмтээж, бас хүний аминд хүрсэн байна. Хэрэгтэн та үргэлж энэ цохиурыг биедаа авч явдаг уу?

-Тиймээ, үргэлж…

-Яах гэж? Хүн алах гэж үү? 

-Тэгэж хэлж болохгүй ээ. Бусдыг аврах гэж…

Энэ үед шүүхийн гадаа үй олон хүн цуглажээ. Гудамжинд тавьсан реклам гаргадаг асар том дэлгэцэд одоо шүүх ажиллагааг шууд нэвтрүүлж байна. Тэд хэсэг учир замбараагүй тус болгондоо жигшил зэвүүцлээ илэрхийлэн дор бүрнээ орилолдож байснаа аяндаа нэгдсэн замбараанд орж “цаазал, цаазал” хэмээн хоолой нийлүүлэн хашгирч гарлаа. 

Шууд нэвтрүүлгийг хөтөлж буй онигор нүдтэй бүсгүй:

-Энэ жигшүүрт алуурчны тухай улсын Ерөнхийлөгч маань юу бодож байгаа тухай та бүхэндээ сонордуулъя – гээд Төрийн ордонд буй тусгай сурвалжлагтай холбогдлоо.

Дэлгэц дээр улсын Ерөнхийлөгчийн дүр тодров.

-Ийм өөдгүй нийгмийн шаар манай ариун эх орны хөрсөн дээр дахин хөл гишгих эрхгүй. Цаазаар авах ялыг дахин сэргээж байгаагаа та бүхэнд мэдэгдээд, наад өөдгүй алуурчнаа шүүх хурал дуусангуут шууд шүүхийн танхим дотор тонилгон шүүхийн шийдвэрийг газар дээр нь гүйцэтгэхийг үүрэг болгож байна. 

Хилэгнэсэн олон шүүхийн танхиын цонх руу өндөг шидэцгээнэ. Сүүлдээ бүр давраад чулуу шидсэнд нэг нь цонх онож шилийг яйруулав. Шүүгч энэ бүхнээс залхав бололтой онгорхой цонхыг бушуу хааж хөшиг татахыг тушаав.

-Хэрэгтэн энэ цохиураараа хүн алсан, тиймээ?

-Би учир замбараатай, дараалалтай ярина гэж хэлээ биз дээ. Хүн цохиж алсныг хамгийн сүүлд нь тайлбарлана. Яагаад гэвэл энэ явдал намайг баривчилдаг өдөр болсон. Тэрнээс хойш би цохиураа ганц ч удаа хэрэглээгүй, та нар хураагаад авчихсан шүү дээ.

Шүүгч эгдүүцэн “Үгүй ерөө” гээд татвасхийхэд танхимд суугчид бүгд давтан “Үгүй ерөө” хэмээн хоороор хэллээ.

-За тэгвэл гудамжинд мөрөөрөө явж байсан хүнийг араас нь сэм гэтэж очоод гарыг нь хуга цохиж санжуулсан түүхээ тайлбарла.

-Хамгийн гол нь солгой гарыг нь гэдэгт хамаг учир байгаа. Тэр хүн бол зодоонч, танхай нэгэн. Өмнө нь олон хүн зодож, заримыг нь гэмтээж байсан. Тэр солгой эр, зүүн гартаа маш чадалтай. Хэрэв би гарыг нь хугалаагүй бол солгой гараараа тун удалгүй хүн шааж алах байсан. Тэр хүн нь дэлхийд нэртэй том эрдэмтэн.

-Хэн юм, тэр алуулах хүн нь?

-Тэрийг нь би харж чаддаггүй гэж түрүүн хэлээ биз дээ. Лав л их алдартай мундаг хүн юмдаг.

Ингээд гараа санжуулсан эрийг гэрчээр байцаалаа. Үнэхээр тэрээр солгой нэгэн аж. Мөрдөгчийн хэлж байгаагаар нээрэн зодооч цохионч нэгэн бөгөөд үүнээсээ болж өмнө нь шийтгүүлж байсан нь илэрлээ.

Шүүгч төдийгүй танхимд цугларагсад гайхсандаа болоод дуугаа хураацгаав. Тэр байтугай гудамжинд овоорогсод ч аажмаар чимээгүй болцгоох нь тэр.

“Ю” цааш нь бусад хохирогчдын тухай ярив. Тэрээр нэг хүний төмсгийг бяц цохижээ. Учир нь ийм арга хэмжээ аваагүй бол хохирогч удалгүй хөдөө явж ан хийгээд алсан амьтныхаа махыг идсэнээс болж үхэх байсан гэнэ. “Заавал төмсгийг нь бяцалдаг нь ямар учиртай юм?” гэсэн асуултад “Тэгэж таарсан” гэснээс өөр тайлбар хэлсэнгүй. Хохирогч үнэхээр анд явахаар зэхэж байснаа хүлээснээр нийтийг гайхширалд оруулав. 

Хүн алсан нь ийм учиртай гэнэ: Үхсэн хүн нь алсын хүн тээврийн автобусны жолооч нэгэн байжээ. Автобусанд ноцтой гэмтэл гарсныг тэрээр мэдээгүй аж. Хэрэв тэрээр тээвэрт гарсан бол осолд орж дотор нь сууж явсан 57 зорчигч үхэх байжээ. Оронд нь очсон жолооч гэмтлийг ажиглаж засварлаад 57 зорчигчоо очих газар нь эсэн мэнд хүргэж өгсөн аж. “Хохирогчийг алчилгүй зүгээр гэмтээж болох байсан?” гэж шүүгч ихэд догдолсон сэтгэлээ арай ядан тогтоож асуулаа. Танхимд цуглагсад, гадаа овоорогчид “Ю”-ын хариултыг тэсгэлгүй хүлээн нам жим. 

-Энэ удаагийнхад тэгэж болох байсан ч дараагийн удаа энэнээс ч том осол гаргаж бүр олон хүнийг сүйдлэх байсан.

Гэрч нарыг дуудаж хэлсэн ярьсных нь үнэн эсэхийг шалгалаа. Үнэн байна. Оронд нь очсон жолооч үнэхээр автобусны эвдэрлийг ажиглаж засчээ. Хэрэв тийм автобусаар хүн зөөсөн бол айхавтар осолд орж болох байсныг баталлаа.  Гол нь тэр ээлжинд 57 зорчигч сууж явсан гэнэ. Үүнийг бүх гэрч нар нэгэн дуугаар батлав.

Танхимд цуглагсад бүгд суудлаасаа босон алга нижигнүүлэн ташлаа. Гадаа цугласан баярлаж хөөрсөн олон түмэн ура хашгиралдан баяр хүргэж цонхны зүг цэцэг шидэцгээнэ. Шүүгч босож хөшгөө татаад тэдэн зүг гараараа даллаад цонхны тавиарт овоорсон цэцгээс хэсгийг аваад шүүгдэгч “Ю”-руу ойртон тэвэрч аван үнсэж цэцгээ гардуулахдаа мэхийн ёслов.

-Энэ хүн бол алуурч биш аврагч байна. Олон хүний амийг аварчээ. Шийтгэх биш шагнах хэрэгтэй – гэж чангаар мэдэгдээд “Ю”-д хандан- Та одоо чөлөөтэй. Танаас уучлал гуйхын зэрэгцээ гүн хүндэтгэл үзүүлж буйг минь хүлээн авна уу! 

Ингээд мөнөөх цус болсон бэйсболын цохиурыг “Ю”-д хүндэтгэлтэйгээр гардуулав.

Зурагтын шууд нэвтрүүлгийг хөтөлж асан нэвтрүүлэгч бүсгүй Төрийн ордон дахь өөрийн тусгай сурвалжлагчтай холбогдон энэ талаар улсын Ерөнхийлөгч ямар сэтгэгдэлтэй байгааг лавлав. Дэлгэц дээр хөөр баяр болсон Ерөнхийлөгчийн дүрс тодорлоо. Тэрээр “Ю”-г эрин зууны суут хүн гэж магтаад ийм их гавъяа байгуулсан учраас улсынхаа бүх одон медаль, цол хэргэмийг бүгдийг нь нэг дор олгож алдар гавъяаг нь мөнхжүүлэх зарлиг тушаалаа тунхаглаад шууд ширээнийхээ ард суун заралсан шийдвэртээ гарын үсэг зурав. Тэрээр зарлигаа уншиж сонсгоод сая үсэг зурсан жуухаа дэлгэж олон түмэндээ харууллаа. Мөн энэ өдрөөс “Ю”-г Ерөнхийлөгчийн шадар сайдаар томилж байгаагаа зарлав.

Үүнээс хойш хүмүүс “Ю”-г хаа явсан газар нь дагах болсон төдийгүй гарч ирэхийг нь хүлээн гэр ажлынх нь гадаа олон цагаар хүлээн зогсох боллоо. Гол шалтгаан нь мөнөөх бэйсболын цохиурт нь оногдож ирээдүйд учрах гамшгаасаа аврагдах гэсэн горьдлого. Мань эр ч гэнэ гэнэ хэн нэгнийг цохиураараа балбан хүнд хөнгөн гэмтээх ба тэр болгонд “хохирогч” хачин баярлан талархаж, гэмтэл шархаа үл тооно. Тархиа цоо цохиулж газар дээрээ нам үхсэн хүн ч хэд хэд бий. Түүнийг улс даяараа хүндэтгэн бишрэх болжээ.

Хожим хэн нэгний ярьснаар мөнөөх солгой зодоонч, төмсгөө бяцлуулдаг анчны тухай шүүх хурлаас хавьгүй өмнө нэгэн сонинд тодорхой ярилцлага мэдээ хэвлэгдсэн гэх. Гэвч хэн ч тэр сониныг олоогүй. Харин осолд орж үхэх байсан 57 зорчигчийн азтай хувь заяанд олон түмэн нэгэн утгаар үнэмшиж байгаа. Хэн ч энэ явдлыг сөрж үгүйсгэсэн тохиолдол гараагүй. Мань 57 ч энэ тухай маш олон ярилцлага өгч “Ю”- д баярлаж талархсанаа илэрхийлсээр. 

Б.Баабар /2020.02.22/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 56 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 16 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 19 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 23 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 19 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 20 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 22 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 16 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 13 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 19 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 24 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 40 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 48 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 50 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 56 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 1 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 4 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top