x

Ашиг сонирхол нийлсэн улстөрчдийг Үндсэн хууль ч дийлэхээ больсон шүү!

Монгол орон баялгийн хараалд гүнзгийрэн автаж буйг харах тусам миний бие Чимид гуайн суу билгийг улам бүр ухаарч байна.

Чимид гуай; Монгол хэзээ нэгэн цагт баялгийн хараал хүрнэ гэж мэдсэн юм шиг, энэ хараал гүнзгийрэхийн хэрээр улстөрчид нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэхүй дор ичгүүр сонжуураа алдана гэдгийг мэдсэн юм шиг, эрх мэдэл булаалдах улстөрчид нь Үндсэн хуульд халдах болно гэдгийг мэдсэн юм шиг, Үндсэн хуульд халдах жинхэнэ ашиг сонирхлоо нууцгааж эх адаггүй элдэв шалтаг тоочин худлаа ярьж олон түмний толгой эргүүлнэ гэж мэдсэн юм шиг, тийм л алсын хараатай Үндсэн хуулийн эх баригч байжээ.

Түүний мэдрэмж, зөн билиг гаргуун мэргэн байсныг Үндсэн хуульд халдсан; 1998 оны гэгдэх нэг дэх, Лүндээжанцан нарын гэгдэх хоёр дахь халдлагын аль аль нь харууллаа.

“Дордохын долоо” хэмээн нэрлэгддэг 1998 оны нэг дэх халдлагын жинхэнэ учир шалтгаан нь үнэндээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тойрсон “зодоон” л байсан юм шүү дээ!

Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди Ерөнхий сайдыг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцөх зөвщилцлийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын асуудлаар барьцаалан гацаасан.Үүнээс болоод УИХ дахь намын бүлгүүд хоорондоо үгсэн тохирч, УИХ-тай зөвшилцөн Ерөнхий сайдыг томилдог Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлахдолоон нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан билээ.

Чухам эдгээр долоон нэмэлт өөрчлөлт л 2000 оны УИХ-ын сонгуулиар 74 суудал авч цөм ялсан МАХН-ын дарга Намбарын Энхбаярыг “Үндэсний удирдагч” болох замд нь мордуулсан юм.

Монголчууд бидний аз болоход Намбарын Энхбаяр тэр үед ардчилсан үзэлтэй байж. Мань эр сөрөг хүчний төлөөлөл УИХ-д хоёрхон байгааг маш ихээр чамлаж явдаг Ерөнхий сайд байсан гээд бод доо! Шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хүндэтгэн үздэг Ерөнхий сайд байсан гээд бод доо!

Хэрэв зээ “өнөөдрийн Намбарын Энхбаяр” тэр үед МАХН-ын дарга агаад Ерөнхий сайд байсансан бол Монголын ардчилал “зүйл дуусах” байсан.

Тэр “Энхбаяр” эгээ л Эрдоган шиг, ардчилал мардчилал гэж нялуурах ч үгүй, шууд л авторитар дэглэм тогтооно. Талбай дээр трактортайгаа орж ирж байсан тариаланчид надтай хамт “дээлээ нөмрөх” нь гарцаагүй. Гүндалай Ганцхудагийн шоронд хатаагдах байсан биз. 

Тэр үед, эрх баригч МАХН тэр чигтээ үндэсний удирдагчаа шүтэн бөгсийг нь долоочихсон, Ерөнхийлөгч Н.Багабанди долоон нэмэлт өөрчлөлтөөс болоод буландуулчихсан, ер нь Энхбаярыг өөрөөс нь өөр хэн ч түүнийг зогсоож хүч хүрэхээргүй байлаа.

Үндсэн хуульд халдсан 1998 оны халдлага Монголын ардчиллыг ийм л аюултай эрсдэл рүү түлхчихсэн. Тэнгэр өршөөсөн гэлтэй!

Ардчилсан Үндсэн хуул,д халдсан эхний халдлага болж байх үед алсаас айсуй баялгийн хараалын “нүргэлэх дуун” хараахан дуулдаа ч үгүй байсан даа.

Гадны судлаачид Монголд ардчилал амжилттай хөгжиж байгаа нь газрын тос зэрэг үнэ цэнэтэй байгалийн баялаг байхгүйтэй холбоотой гэх зэргээр бичиж байсан. Нүүрс, алт, мөнгө гэх мэтийн ашигт малтмалын үнэ газарт уначихсан. Тавантолгой, Цагаан Суварга зэргийг тоох амьтан ч үгүй. Оюунтолгой олдоо ч үгүй. Байгаа ганц нь“Эрдэнэт” үйлдвэр. Түүнийг л булаацалдах тэмцэл дөнгөж эхлэл төдий.

Монголыг тоох гадны хөрөнгө оруулагч олдохгүй. Дотоодын топ бизнесмэнүүд нь маний гуйлганд хандив өгөх төдий болоод, өөрсдөө нам, улстөрийг төдийлөн ойшоож сонирхдоггүй байлаа. Бизнес эрхлэгчид улстөрөөс холуур явж байсан.

Харин өнөөдөр Монгол баялгийн хараалд бүрнээ идэгдээд, төрийн эрх мэдэл бизнесийн хэрэгсэл болжээ. Улстөр нь явж явж үнэндээ уул уурхайг тойрон эргэлдэж, стратегийн ордууд болоод түүнээс орох асар их орлогыг хяналтдаа авах гэсэн зорилготой бүлэглэл, фракц, намууд болон төрийн инститүцүүд хоорондын тэмцэл л өдгөө ид явагдаж байна.

Стратегийн ордуудыг өөр хоорондоо булаацалдан бие биеэ шоронд хийж байна. Уул уурхайн компануудын өмч хөрөнгийг нь шүүхийн бус журмаар, “онцгой комисс” ажиллууланхураан авч байна. Улсын төсөв болон түүний орлогоос бүрдэх олон янзын сангуудын хөрөнгийг бүлэглэн шууд “шааж” байна. Тавантолгойн ордоос орж ирсэн асар их цэвэр ашгийг, цэргийн бүтээн байгуулалт нэрээр аваад хувийн компанид өгч байна.

Угтаа эд баялгаа булаалдах тэмцэлд завхарч, ялзарч дууссан улстөрийн энэ өнгөн дээр сая Үндсэн хуульд халдах хоёр дахь халдлага буюу Лүндээжанцан тэргүүтнийхалдлага боллоо.

Хоёр дахь халдлага нь төрийн дээд эрх мэдлийг УИХ-аас салгаж Ерөнхий сайдад шилжүүлсэн тун ноцтой халдлага болсон.

Үүнтэй агаар нэг халдлага Эрдоганыг ерөнхий сайд байх үед Туркийн үндсэн хуульд тохиосон байдаг. Эрдоган ерөнхий сайд байх үедээ Туркийн парламент болон ерөнхийлөгчид байсан, ерөнхий сайдтай зөвшилцөх бүх эрх мэдлүүдийг устгаад ерөнхий сайдад төвлөрүүлсэн юм. Энэ туршлагыг Лүндээжанцан нар Монголд оруулж ирлээ.

Тэгэхээр, магадгүй, Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа буюу МАН-ын 100 жилийн ойг өнгөрүүлээд Үндсэн хуульд халдах гурав дахь халдлага тохиож “Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч томилно” хэмээх ганцхан нэмэлт өөрчлөлт орж мэднэ. Эрдоган Ерөнхийлөгч болсныхоо дараа намынхаа их хурлаар ийм шийдвэр гаргуулан Туркийн үндсэн хуульд өөрчлөлт оруулаад ерөнхийлөгчийн засаглалыг тогтоож байсан билээ.

Үндсэн хуульд халдах хоёр дахь халдлага нь тохуурхал аятай Чимид гуайн 85 насны ойн арга хэмжээтэй яг давхцан явагдаж дууссан. Уг халдлагыг гардан гүйцэтгэгч Лүндээжанцан хийсэн ажлаа зөвтгөн баахан үг хэлнэ билээ. Үгийнхээ төсгөлд “Багш дор мөргөмү!” гэвэй.

Түүнийг хараад би, мань эр намынхаа даалгавраар хийсэн “нүгэл”-ээ багшийнхаа өмнө наминчлав уу даа?! гэж бодож суусан. Өөртэй нь таараад би “Чи Монголыг ерөнхийлөгчийн засаглал руу шилжих шилжилтийн хаалган дээр аваачлаа даа” хэмээх утгатай үг хаяв. Лүндээ эргүүлээд “Дандаа муу санаж байх юм” гэж надад хариу барьсан.

Түүнд Чимид гуайн “Сөргөөр бодоод эергээр дуусгавал өлзийтэй”, “Уг нь албан тушаалын төлөө хууль хийдэггүй, албаны эрх мэдлийг хязгаарладаг зүйлийг л хууль гэдэг. Хууль бол хориг юм” зэрэг нухацтай үгс хүрээгүй байдаг аж. Лүндээжанцан үнэхээр нүглээ наминчилсан байх!

Тэр ухаалаг төрийн түшээ. Хараад байхад Ерөнхий сайд Бадамдоржийг санагдуулам хүн.

Лүндээжанцан гишүүн, улстөрчдийн ашиг сонирхол нийлээдхвэл Үндсэн хуульд яаж л бол яаж халдаж болдог жишиг тогтооход хоёр дахь удаагаа оролцож байгаагаа эрх биш мэдэж байгаа. Үндсэн хууль маань улстөрийн дайралтыг зогсоож хүч хүрэхээ болин улстөрчдийн өмнө сөхрөн унаж буйг ухаарахтайгаа. Ийм хэргийн гар хөл болсондоо, өөрөө Ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж явсан хүний хувьд гол нь харласан биз.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байсан УИХ-ын гишүүдийн 90 хувь нь Үндсэн хуулиа мэдэх ч үгүй юм билээ!

УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөн гэсэн нь ямар утгатайг ч ойлголгүй, төрийн дээд эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэв. УИХ нь төрийн дээд эрхийг баригчийн хувиар зөвхөн Ерөнхий сайдыг томилоод зогсохгүй Засгийн газраа байгуулдаг болохыг ч ойлгоогүй байв. Ерөнхий сайдын бүрэн эрх дараагийн Ерөнхий сайд томилогдсоноор дуусгавар болно гэдэг нь Засгийн газрыг тогтвортой ажиллуулах гол “түгжээ” байсныг олж мэдсэнгүй. Үгүй ядахдаа хот, тосгон гэдэг бол засаг захиргааны нэгж биш, хуулийн этгээд мөн байдаг ардчилсан улс төрийн тогтолцооны маш энгийн ойлголтыг мэдэхгүй байсан шүү дээ! 

Үнэндээ Монголд болж нийгмийн элдэв бусармаг явдал Үндсэн хуулиас огт болоогүй, улстөрчдөөс л болсон юм. “Гэм нь хуульдаа биш хүндээ” хэмээн Чимид гуайн хэлсэнчлэн!

Ард түмэн хуулиа биелүүлдэг. Түүний нэг тод жишээ “Тамхины хяналтын тухай” хууль. Энэ хуулиар олон нийтийн газар тамхи татахыг хориглосон. Манай ямар ч “танхай” иргэн энэ хуулийг зөрчдөггүй. Хориглосон тэмдэгтэй газар тавьсан машиныг ачаад явдаг. Тэглээ гээд заргач иргэд маань хүртэл барьцалдаж аваад байдаггүй, торгуулиа төлөөд л машинаа авдаг. Автобусны урд хаалгаар ороод хойд хаалгаар буух журамтай. Манай иргэд хойд хаалгаар нь дайраад байдаггүй. Манай иргэд машины хураамжийг хэл амгүй цэг бүр дээр өгдөг.

Гэтэл сайд нар, УИХ-ын гишүүд л нэврэх цэгүүдэд хураамжаа төлөлгүй, загнаад гардаг. Шалихгүй юман дээр хүртэл эрх мэдлээрээ аархаж байгаа нь тэр. Ядуу иргэн хүртэл хураамжаа төлөөд байхад шүү дээ!

Манай улстөрчид тэнэг царайлчихаад эрх мэдлээрээ гайхуулах дуртайг нь яана. Дундад зууны феодал шиг бүр хийтэй. Бүр донтой. Даруухан байхыг сүр хүчгүйн шинж гэж сэжиглэдэг бололтой. Гүзээгээ түрчихээд, шүдээ ухан, жийпнийхээ хажууд, туслахаа бөнжигнүүлэн сүрийг үзүүлж зогсох нь үнэхээр сэжиг хүрмээр дээ!

Хуулийг төрийнхөн, улстөрчид л зөрчдөг. Өдгөө Монголд эрх мэдэлгүй нь хууль дагаж, эрх мэдэлтэй нь хуулийг нулимдаг жишиг тогтсон. Улстөрчид байгалийн баялгийн орлогыг булаацалдах тэмцэлдээ улайрах тусам улам бүр хуулийн засаглалыг нураах болсон. Шүүх эрх мэдэл хэн эрх барьж байна түүнд үйлчилж, захиалгаар шүүдэг болсон. Ийнхүү хууль эрх мэдэлтэнд үйлчилж, эрх мэдэлгүй жирийн иргэд нь дарга нар дор бөхийх цаг ирж буй.

Монгол Улсын иргэдийг хамгаалж байсан сүүлчийн цайз нь Үндсэн хууль байсан авай. Үндсэн хууль бол иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг төр нь ард түмнийхээ өмнө хүлээн “андгай өргөсөн” баталсан гэрээ юм. Гэтэл байгалийн баялгийн орлогыг булаалдан тэмцэлдэх бүлэглэлүүд ашиг сонирхлоо нэгтгэн, эрх мэдэлтэй л бол Үндсэн хуульд зоргоороо халдан, хүссэнээрээ өөрчилдөг жишиг тогтоолоо. Ашиг сонирхлоороо нийлсэн улстөрчдийг Үндсэн хууль ч зогсоож дийлэхээ больсон шүү!

Э.Бат-Үүл /2019.12.04/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 8 цаг 43 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 8 цаг 53 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 8 цаг 56 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 8 цаг 56 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 8 цаг 57 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 8 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 8 цаг 59 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 9 цаг 0 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 11 цаг 21 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 11 цаг 30 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 11 цаг 30 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 11 цаг 34 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 11 цаг 43 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 11 цаг 48 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 13 цаг 24 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 13 цаг 36 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 13 цаг 37 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 13 цаг 37 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 13 цаг 42 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 13 цаг 46 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top