Барилга хот байгуулалтын яам болон түүний харьяа агентлагууд өнөөдөр "Нээлттэй өдөрлөг"-ийг Төв талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгт Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар оролцож байна.
Орон сууцны нийтийн аж ахуйг удирдах газар нь хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, гурван түгээх төвтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ сарын 15-ны байдлаар иргэдийг халуун, хүйтэн усаар хангах үйлчилгээ 98 хувьтай хийгдсэн боловч албан байгууллага, аж ахуйн нэгжийн хувьд энэ ажил хоцролттой явж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй сургууль, цэцэрлэг дулаан хангамжаар хангагдаагүй байна. Тэдгээрээс 40 сургууль, цэцэрлэг дулаанаа арван сарын 1-нээс авах хүсэлт ирүүлжээ. Харин бусад сургууль, цэцэрлэгүүдийн хувьд засварын ажилтай холбоотойгоор хараахан дулаанаар хангагдаж амжаагүй байгаа аж. Гэвч аравдугаар сарын 1-н гэхэд халаалт бүрэн тавигдаж дуусна гэж Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр хэллээ.