x

Б.Мэргэн: Олон нийтийн анхаарал татаж чадаагүй тохиолдолд зарим хэрэг дарагдаад өнгөрөх нь бий

“Веритас Партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, сүүлийн үед олон нийтийн анхаарал хандуулсан цөөнгүй хэрэг дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлсээр байгаа хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. Түүнээс ажил мэргэжилтэй нь холбоотой болон цаг үеийн асуултад хариулт авсан юм.

-Ярилцлагаа таны нэрээс эхэлье гэж бодлоо. Таны нэрийг хэн өгсөн бэ?

-Би хоёр ахтай. Том ахын нэрийг аав, бага ах бид хоёрын нэрийг аавын талын эмээ өгсөн. Эмээ авга ахын минь хүүхдэд Мэргэн гэж нэр өгье гэхэд нь аав, ээж нь зөвшөөрөөгүй юм билээ. Тэр нэрээ Баасандоржийнхоо хүүхдэд өгнө гээд намайг эхийн хэвлийд бүрэлдээ ч үгүй байхад хадгалчихсан гэдэг. Намайг төрөхөд нэр минь бэлэн байсан юм билээ.

-Багадаа ямар хүүхэд байв?

-Би долоон нас хүртлээ эмээгийн хүүхэд байсан. Эмээгийн хүү байхдаа даруухан, томоотой хүүхэд байлаа. Эмээгээ өнгөрөхөөс өмнө өөр хүнтэй ярьдаггүй бараг аав, ээжтэйгээ ч үг сольдоггүй хүүхэд байсан даа.

-Дунд сургуулиа төгсөхдөө гурван их сургуульд шалгалт өгөөд бүгдэд нь тэнцсэн гэсэн үү?

-Би нийслэлийн 93 дугаар сургуулийг төгссөн. Арван жилээ төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын харилцааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангид шалгалт өгөөд тэнцсэн. Нэгдүгээр курсдээ МУИС-ийн хууль, ХУИС олон улсын харилцааны ангид давхар сурч үзсэн юм. Дөнгөж оюутан болсон хүүхэд хоёр сургуульд зэрэг сурах хүнд юм билээ. Ачааллаа дийлэхгүй болохоор хуулийн ангиа сонгосон.

-Хуулийн салбарын мундгууд МУИС-ийн Хууль зүйн сургуульд нэг дор цуглачихсан үед танай болон дээд үеийнхэн чинь сурсан гэдэг юм билээ?

-Тухайн үед Б.Чимид, Т.Мөнхжаргал, С.Нарангэрэл, Н.Лүндэндорж багш гээд ахмад үе, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч М.Батсуурь, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр нарын залуу үеийн мундаг багш нараар хичээл заалгасан. Хуулийн ангийн оюутан хэр мундаг байх нь хувь хүний хичээл зүтгэлээс гадна багшаас асар их хамаардаг. Тиймдээ ч би МУИС-ийн Хууль зүйн сургууль нэр хүндтэй, сайн оюутан бэлтгэдэг нь сайн багш нарын ур чадвараас хамаардаг гэж хардаг.

-Их сургуулиа төгсөөд шууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилласан уу?

-Их сургуулиа төгссөний дараах гурван жилд би мэргэжлээсээ тэс хөндлөн ажил хийсэн. Уг нь оюутан байхдаа хичээлдээ сайн, тэтгэлэг авдаг, МУИС-ийн шилдэг оюутнаар шалгарч байсан ч би төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй, тэс хөндлөн салбарт ажиллаж эхэлсэн.

Сургуулиа төгсөөд найзтайгаа хамтарч турк кебаб хийдэг “UB кебаб” түргэн хоолны газар нээж ажиллуулсан. Гэрийнхнээсээ ч асуулгүй байраа барьцаанд тавиад, энэ ажлаа эхэлсэн. Тэр газартаа хүнгүй үед зөөгч, угаагч хийж, сантехник, цахилгааны жижиг сажиг юмнуудаа хүртэл хийдэг байлаа. Хувийн юм эхлүүлсэн маань шалтгаантай л даа. Надад ирээдүйд мэргэжлээрээ улс эх орондоо хэрэгтэй ажлын байран дээр ажиллана гэсэн бодол байсан.  Гэхдээ өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хүнээс дутахгүйгээр хангаж чадсаныхаа дараа илүү гарсан нөөц бололцоогоо нийгэмдээ, улс орондоо хэрэгцээтэй зүйлд зарцуулъя гэж бодсон. Эхлүүлсэн ажил боломжийн болсны хойно Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуульчийн орон тоонд ажлын байр гарсан гэдгийг сонсоод ажилд орох хүсэлт гаргасан.

-Олон нийтийн дунд гэмт хэрэгт холбогдсон хүнийг шүүх хурал хүлээлгүй “яллах”, гэмт хэрэгтэн мэтээр хандах байдал бий болсон. Та олон нийтийн анхааралд өртсөн хэрэг дээр түлхүү ажилладаг. Дээрх нөхцөлд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Сэтгүүлчид надаас хууль эрхзүйн асуулт, тодруулга авахад нь би аль болох цааргалалгүй хариулдаг. Би сайн хүн болохоороо ингэж нээлттэй хандаад байгаа зүйл биш л дээ. Цаанаа шалтгаантай. Дөрөв таван жилийн өмнөхийг бодвол одоо арай гайгүй болсон. Өмнө нь хулгайн хэрэг гарлаа гэхэд сэжиглэгдээд, дөнгөж шалгагдаж байгаа хүнийг “энэ хүн хулгай хийсэн байна, таван жилийн ял авна” гээд мэдээлчихдэг. Гэтэл цагдаа хэргийг шалгасны ард, прокурор хянаад шүүхээр орж, шүүх хурал шийдвэрээ гаргасны дараа л буруутай тохиолдолд ингэж мэдээлэх ёстой.

Мөн УИХ, Засгийн газар, зарим төрийн байгууллага шийдвэр гаргахаар сэтгүүлч өөрийн үзэл бодлоороо “Үндсэн хуульд нийцэхгүй шийдвэр гаргалаа” гээд шууд мэдээлж байна. Үүнээс үүдэн олон нийтийн дунд төөрөгдөл болон янз бүрийн асуудал үүсдэг. Тиймээс би сэтгүүлчдийг мэдээгээ бэлдэхдээ хуульчтай холбогдоод тодруулж, лавласныхаа иргэдэд хүргээсэй гэж боддог. Учир нь иргэд муу зүйлд тэр тусмаа “барилаа, хорилоо” гэхээр анхаарлаа хандуулдаг хэрнээ цагаатсан тухай мэдээг нээх тоодоггүй. Тухайн хүний хэргийг шалгаад гэм буруугүй гэж тогтоогдсон ч анх авсан мэдээллээрээ төсөөлөн ял авсан эсвэл гэмт хэрэгтэн л гэж хардаг. Гэтэл энэ бүхний ард хүний нэр хүнд, хувийн амьдралд сөрөг нөлөө гарна.

-Иймэрхүү тохиолдолд орсон цөөнгүй үйлчлүүлэгч танд ханддаг байх. Та үйлчлүүлэгчдээ ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Өмгөөлөгчид ажлаа хэвлэлээр болон сошиал орчинд хийх нь маш буруу. Нэг талдаа гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Нөгөө талдаа хэргийг шалгаж байхад хэргийн талаар ярина гэдэг чинь тухайн хэргийг шалгаж буй цагдаа, прокурор, шүүгчид нөлөөлөх оролдлого болно. Мөн хэргийн материалд төр, байгууллага, хувь хүмүүстэй холбоотой нууцын чанартай зүйлс бий. Гэхдээ зарим тохиолдолд яалт ч үгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцах нөхцөл байдал үүсдэг. Тухайлбал, олон нийтийн анхаарал татсан, улс төрчидтэй холбоотой том хэргүүд дээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдэд зөрүүтэй ойлголт өгөх тохиолдол бий. Энэ үед буруу зөрүү ойлголтыг залруулах, сөрөг хамгаалалт хийхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах тохиолдол гардаг.

Жишээлбэл, урьд нь улс төрчид, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хүчингийн хэрэгт холбогдлоо гэсэн асуудал зөндөө гарч байсан. Хариуцлага хүлээсэн хүн байхгүй, замхраад алга болдог. Яг ийм байдлаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой хэрэг анх яригдах үеэр гишүүний бүрэн эрх, халдашгүй байдалтай холбоотойгоор хэрэг шийдэгдэхгүй удах, янз бүрийн нөлөөлөл орж болзошгүй байдал ажиглагдаж эхэлсэн учраас үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэн, хүний эрхийн болон эмэгтэйчүүдийн байгууллагын хараанд оруулж, дэмжлэг аван, анхаарлын төвд оруулсны үр дүнд улаан цагаан замхарчхаагүй гэж боддог. Хэрвээ ингэж олон нийтийн анхаарал татаж чадаагүй тохиолдолд дарагдаад өнгөрөх магадлал өндөртэй. Энэ мэт тохиолдолд өмгөөлөгчид сөрөг арга хэмжээ авахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж байгаа. Бүх шатандаа хууль дээдлэх зарчмыг ягштал баримталдаг байсан бол ийм асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл өнөөгийн нийгмийн байгаа байдлаас шалтгаалан зарим тохиолдолд хэвлэлээр ажил хийхэд хүрч байна. Тэрнээс ёс зүйн хувьд энэ нь буруу, зохимжгүй л дээ.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбогдох хэрэг эргэн прокурорт шилжиж байгаа гэсэн үү?

-Хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна гэх мэт үндэслэлээр буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр ахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас тэр хэрэгт нь мөн л яллагдагчаар татсан юм билээ. Нэг яллагдагчтай хоёр хэрэг учир хэргийг нэгтгэн шалгахад нэлээд хугацаа орсон. Одоогоор прокурорт шилжүүлсэн байгаа. Энэ долоо хоногтоо шүүх рүү шилжүүлчих байхаа.

-Танд ирсэн өмгөөллийн саналаас татгалзаж байсан уу. Ямар тохиолдолд татгалздаг вэ?

-Ямар ч өмгөөлөгчид татгалзах хэд хэдэн шалтгаан байдаг. Хамгийн наад захын шалтгаан бол үнэ хөлс дээрээ тохиролцохгүй байх. Өмгөөлөгчид ажлаа хийж, авсан хөлсөөрөө амьдардаг учир санхүүгийн хувьд өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлнэ. Үнэ хөлс дээрээ тохиролцохгүй бол өмгөөлөл үзүүлэхгүй байх тохиолдол байдаг. Мөн өмнө нь тухайн хүний эсрэг ашиг сонирхолтой этгээдийг өмгөөлж байсан тохиолдолд өмгөөлж болохгүй нөхцөл байдал үүснэ. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй, хоёр талд ажиллах гээд байгаа юм шиг асуудал гарвал татгалзах тохиолдол байж болно.

Миний хувьд хамгийн түрүүнд хэргийн талаар сонсоод үйлчлүүлэгчийн хүлээж буй үр дүнд хүрч чадах уу, миний ур чадвар хүрэх болов уу гэдэг талаас нь хардаг. Тодорхой үр дүнд хүрч чадаж болмоор санагдсан тохиолдолд сүүлд нь үнэ хөлсөө ярилцдаг. Миний ур чадвар, мэдлэг хүрэхгүй гэж бодсон тохиолдолд чадахгүй гэж үнэнээ хэлээд үйлчлүүлэгчдээ хохироохоосоо өмнө татгалдаг даа.

-Үйлчлүүлэгчдээсээ сонсож байсан санаанаас тань гардаггүй үг бий юу?

-Яг сайн мэдэхгүй байна (инээв). Би танд тохиолдож байсан хамгийн сургамжтай зүйл, таны сонсож байсан санаанаас тань гардаггүй зөвлөгөө юу вэ гэх мэт асуултад хариулж чаддаггүй юм. Шүүх хурал дуусаад ялсан тохиолдолд үйлчлүүлэгчид баярлаж талархсанаа илэрхийлээд, хамт хоолонд оръё гэх мэт зүйл яриад өнгөрдөг. Би анзаардаггүй ч юм уу үйлчлүүлэгч айхтар сэтгэлийн үг хэлээд байх нь ховор л доо.

-Өмгөөлөгч шүүх хуралд ялаад гараад ирсэн чинь үйлчлүүлэгч нь лам, бөө рүүгээ залгаад маш их баярлалаа гэж хэлсэн гээд онигоо яваад байдаг. Та тийм тохиолдолтой таарч байсан уу?

-Надад тохиолдож байгаагүй. Өмгөөлөгчдийн дунд ийм яриа зөндөө бий. Манай фирмийн өмгөөлөгч шүүх хурлаас гарч ирээд шилэн хүзүүндээ хүртэл цамц руу нь элс хийчихсэн байсан гэсэн. Мөн шүүх хурлын үеэр шүүгчид рүү болон эсрэг талынхаа хүмүүс рүү элс, будаа цацлаа гэдэг. Бүр шүүх хурлаас гарч ирээд өмгөөлөгчийнхөө хажууд лам руугаа яриад “Хэрэг хэрэгсэхгүй боллоо. Таны буянаар суллагдлаа” гэсэн тохиолдол гарсан гээд зарим өмгөөлөгч гомдчихсон явдаг. Зарим нь ч иймэрхүү үйлдлийг тоодоггүй. Өмгөөлөгч, эмч нарт ийм явдал их тохиолддог юм билээ.

-Таны хобби юу вэ. Ажлын стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Сэтгэл зүйч, хуульчид ажлын стресст хамгийн их өртдөг гэдэг юм билээ. Тиймээс энэ мэргэжлийн хүмүүс хоорондоо гэрлэх хэрэггүй гэсэн яриа байдаг. Учир нь аль аль нь бусдын зовлонг сонсоно. Гэртээ бөөн стресс болсон хоёр хүн уулзана. Тэгээд маргаснаас үүдэн салж сарних нь их гэдэг. АНУ-д зөвхөн өмгөөлөгчдөд зориулсан сэтгэл зүйчийн мэргэжил бий болж байна. 40-45 насны өмгөөлөгчид бусдын зовлонг сонссоноос үүдсэн ажлын стрессээ дийлэхгүй амиа хорлох нь ихэссэн. Монголд ажлын стрессээс үүдэн өмгөөлөгчид амиа хорлосон тохиолдол алга. Гэхдээ л нийгмийн харилцаа болоод элдэв янз бүрийн асуудлаас болоод стрессдэх асуудал гарч л байгаа. Миний хувьд айхтар бодож, шаналаад стресстэх нь гайгүй.

Хобби гэвэл багаасаа сагсан бөмбөгийн спортод сонирхолтой байсан. Одоо тоглох гэхээсээ илүү сагсан бөмбөгийн мэдээлэл цуглуулж, бичвэр бичих дуртай. Мөн “Los Angeles Lakers”, “Chicago bulls” багийг дасгалжуулж байсан Фил Жэксоны “11 бөгж амжилтын үндэс” номыг хоббигоороо орчуулсан. 500 ширхгийг хэвлэсэн зарагдаад дуусчихсан. Одоо боломж гарвал ахиад хэдийг хэвлэх санаа бий.

Мөн 40 мянган орчим гишүүнтэй фэйсбүүк групп ажиллуулдаг. Группынхээ нэрээр буюу “Los Angeles Lakers-ийг дэмжигчдийн клуб” төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллагынхаа тэргүүний албыг хашдаг. Манай төрийн бус байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулдаг. 2016 онд Тусгаар тогтнолын ордонд 1000 хүн, гадна талбайд нь 600 орчим хүн цуглуулж хамтдаа сагсан бөмбөгийн тоглолт үзэж байсан. Ер нь энэ төрлийн бусад группээс хамгийн олон гишүүнтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг клуб л дээ.

Өнөөдөр (өнгөрсөн долоо хоногт) л гэхэд хуралдаж наймдугаар сард ямар үйл ажиллагаа явуулахаа ярилцах гэж байна. Сагсан бөмбөг сонирхдог хүүхдүүдэд чиглэсэн тэмцээн, уулзалт, арга хэмжээ зохион байгуулдаг. Цаашлаад АНУ дахь багтай холбогдох, очиж тоглолтыг нь үзэх зэрэг ажлыг төлөвлөж байна.

-Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Та хуульч хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүгчдийг түдгэлзүүлж болохгүй гэсэн зүйл байхгүй. Үнэхээр гэмт хэрэгт холбогдсон, тухайн хэргийг илрүүлэхэд шүүгчдийн хараат бус байдал саад учруулаад байгаа бол түдгэлзүүлээд шалгаж болно. Гэхдээ түдгэлзүүлж байгаа процесс нь буруу байна гэж үзэж байгаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. ШЕЗ хуралдаад шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гурван байгууллага нэг өдрийн дотор хуралдаад шийдвэр гаргачихаж байна. Хэзээ Монголд төрийн байгууллага ийм хурдтай ажилладаг байсан юм бэ. Ерөнхийлөгч ҮАБЗ-ийг тэргүүлж, хэзээ ямар асуудлаар хуралдахыг шийддэг, ШЕЗ-ийн гишүүд, даргыг томилдог гэхээр харагдах байдлаараа гурван өөр байгууллага шийдвэр гаргаад байгаа юм шиг атлаа хэрэг дээрээ Ерөнхийлөгч зөвлөмж гаргаад, түүнийг нь хүлээн авсан ШЕЗ Ерөнхийлөгчийн заавраар санал гарган, түүнийгээ Ерөнхийлөгчид хүргүүлээд шийдвэр гаргачихаж байна гэж хардах нөхцөл байдал үүсчихсэн.

Улмаар Улсын дээд шүүхийн найман шүүгчийн тавыг нь түдгэлзүүлсэн. Улсын дээд шүүх таван шүүгчтэйгээр хэрэг хэлэлцдэг. Иргэний танхим 8 шүүгчтэйгээс 5 шүүгчийн бүрэн эрх түдгэлзчихээд байна. Гурван шүүгч л ажлаа хийж байгаа гэсэн үг. Үр дүнд нь гурван шүүгчтэй хэрэг хэлэлцэх нөхцөл байдал үүсчихлээ. Түдгэлзүүлсэн таван шүүгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээр нотлох хүртэл огцруулж, өөр шүүгч томилох боломжгүй. Хэрэг нь хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй. Гэмт хэрэг хийгээгүй бол буцаж ажилдаа орно. Хийсэн нь нотлогдвол шүүгчийн орон тоо зарлагдана. Шалгаруулалт явуулсны дараа нөхөн томилно. Их хугацаа алдахыг үгүйсгэхгүй. Энэ хугацаанд Улсын дээд шүүх дээр явж буй бүх маргаан зогссон. Иргэний шүүхээр асуудлаа эцэслэн шалгуулах гэж байгаа маш олон хүний асуудал дээд шүүх дээр очоод гацчихаад байна.

Тиймээс түдгэлзүүлж байгаа үндэслэл маш тодорхой, процесс нь зөв байх ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцаж амжсан уу?

-Харсан. Яг үнэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцоод судалсан зүйл алга. Өөр бусад ажлынхаа ард гарч амжихгүй байгаа учраас оролцож амжихгүй л байна. Төслийн хувьд зарим зүйлтэй санал нэгдэж байгаа. Тухайлбал, Засгийн газарт, Ерөнхий сайдад эрх мэдлийг нь олгосон шиг олгоё гэдэгтэй санал нийлж байна. Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлдэг, хариуцлагаа өөрөө хүлээдэг зарчмаар л явах ёстой.

-Содномдаржаа, Чимгээ нарын эрүүдэн шүүсэн хэрэг дээр аль талд өмгөөлөл үзүүлж байгаа вэ. Энэ хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөх боломж бий юу?

-Яллагдагч талын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Энэ өөрөө маш нууцлалтай хэрэг. Тиймээс хэргийн талаар ярих боломж байхгүй. Шүүх хурал яагаад хойшилсон, хэзээ болох талаар шүүхээс мэдэгдчихсэн байгаа.

-Танай хуулийн фирмийнхэн яагаад таныг захирлаараа сонгов?

-Манайх долоон партнертай хуулийн фирм. Нэг онцлог нь бид долоо нэг ангийн найзууд. Манай зургаа 2009 онд төгсөөд өмгөөлөл хийж эхэлсэн. 2016 оноос хуулийн фирмийнхээ тамга, тэмдэг гэрчилгээг шинэчлэн авсан. Миний хувьд 2017 оны наймдугаар сараас хойш найзуудтайгаа нийлсэн. Тухайн үеэс өмгөөлөл үзүүлж байна. Намайг яагаад сонгосныг бусдаас маань асуусан нь л зөв байх даа (инээв). Бид долоо хамт сууж байгаад, санал хураагаад намайг сонгосон.

-Залуу хуульчид хэд хэдэн удаа шүүмжлэл өрнүүлж, байр сууриа илэрхийлсэн. Үүнээс үүдэн энэ залуус УИХ-д өрсөлдөх гэж байна гэсэн хардлага бий болж байна. Таны хувьд УИХ-д нэр дэвшинэ гэсэн бодол бий юу?

-Би ажлаа л хийгээд явж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгдөг ярилцлага, цахим орчинд бичиж буй бичвэр ихэвчлэн ажлын шаардлагаар л явдаг. Сэтгүүлчид надад хуульч, судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлээч гэж хандах тохиолдол бий. Тэр бүрт хуулийг зөв тайлбарлах, ойлголт өгөх, мэдээлэх маягаар ярилцлага өгдөг. Заримдаа мөнөөх л ажлын шаардлагаар сэтгүүлч нартай уулздаг, ярилцдаг. Түүнээс биш олонд танигдахын тулд ярилцлага өгдөггүй. Мундаг сайн хүн болж харагдах гэж шүүмжилдэггүй. Өмнө нь бол тийм байсан байх. Одоо бол бид нарын болон доод үеийн залуус амбиц, улс төрийн карьер хөөхөөсөө илүү урдах ажлаа сайн хийдэг ёс суртахуунтай болсон. Ажлаа л хийж буй залуусыг парламентын гишүүн, дарга болох гэж байна гэж хардах шаардлагагүй. Өмнөх үеийнхэн тийм байсан болохоор энэ байдлаасаа салж чадахгүй байна. Жил ирэх тусам хардлага багасах байх.

Надад УИХ-д нэр дэвших үү, улс төрд орох уу гэсэн санал таних, танихгүй хүмүүсээс ирж байсан. Өөрт минь бол тийм сонирхол байдаггүй. Цаашид ч улс төрд орох, төрийн албан хаагч болох сонирхол байхгүй. Гэхдээ хэзээ ч гэж хэлж, ам гарч болдоггүй гэдэг шиг аливаа зүйл ам гарахаа больчихоод байгаа л даа. Учир нь би оюутан байхдаа хэзээ ч төрийн албанд ажиллахгүй гэж хэлдэг байсан. Гэхдээ хожим хойно төрийн албанд ажилласан. Тиймээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад ч юм уу нас нэмээд ирэхээр бодол санаа өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

-Шүүх танхимд орох мөчид ямар бодол төрдөг вэ. Тухайн үед өөртөө юу гэж хэлдэг вэ?

-Айхтар шашин шүтлэг надад байхгүй. Сэтгэл зүйгээ бэлдэж байна гээд иог, бясалгалын болон элдэв дасгал хийдэггүй. Хамгийн гол нь шүүх хурлын өмнө бэлтгэлээ маш сайн хангасан л байх хэрэгтэй. Бүх бэлтгэл ажлаа хангачихсан, шүүх танхимд хэлэх үгээ сайн бэлдсэн байхад сэтгэлзүйгээ бэлдэх ч юм уу сандрах зүйл байдаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 1 цаг 34 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 1 цаг 45 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 1 цаг 54 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 8 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 13 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 2 цаг 32 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 2 цаг 51 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 22 цаг 29 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 22 цаг 33 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хү... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top