x

МУГТ Э.Бадар-Ууган: Монголчууд их уйдамтгай хүмүүс

Юм бүхэн эгэл, энгийн байх тусам амьдрал өөрөө үнэтэй байдаг. Анх сургуульдаа зодоон хийснээс болж ээж аавынхаа нүүрийг нь улалзуулж, аав нь үүнээс болж боксын багшид хүлээлгэн өгч, бэлтгэлээ тасалж худгийн усаар хувцасаа норгоод гэртээ харьж байсан хүү. Нэг л өдөр тэмцээн болж ялагдаад буух мөчид аав нь хүүгээ харж суухыг хараад тэгтлээ өөрөөсөө ичиж, аавыгаа өрөвдөх тэр мөчид 13 хан насандаа өөртөө зорилго тавьсан. Түүнээс хойш олон тэмцээнд ялалт байгуулж явсан 2008 оны Олимпын аварга, Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай та бүхнийг уулзуулах гэж буй юм. Тэрээр энэ удаагийн Хөдөлмөрийн баатар буланд маань уригдаж, амжилтын тухай хүүрнэлээ.

-2006 он бол өөрийн тань амжилтын оргил үе эхэлсэн гэж хэлж болох уу. 2008 онд Олимпын алтан медалийг эх орондоо авчирч, хүн бүрийн зүрх сэтгэлийг огшоож байсан. Амжилтын түүхээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-2005 онд анх Үндэсний шигшээ багт орсон. Энэ үеэс амжилтын гараа эхэлсэн. 2006 онд оролцсон олон улсын болон дотоодын тэмцээн бүрээс ялалт дагуулж байсан юм болов уу, одоо ингээд бодоход. 2006 онд оюутны анхны дэлхийн аврага болсон. 2007 онд 10 жил тасарсан байсан дэлхийн аваргын алтан медалийг авчирсан. 2007 онд охинтой болж байв. Тэр үед бэртэлтэй байсан ч хүнд цаг хугацааг давж гарсан. Одоо эргээд энэ бүх цаг үеийг бодоход хүсэл зорилго мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэж байж.

2008 онд өөртөө итгэх итгэл дүүрэн байсан үе. Яагаад гэхээр үзүүлсэн амжилтуудаа хараад би дэлхийн тамирчин болжээ гэсэн итгэл суусан. Олон улсын тэмцээн наадамд оролцохоор очиход бусад орны адил жингийн тамирчид болон дасгалжуулагч нар намайг Монголын тамирчин гэж мэддэг болсон үе.

-Сая өөрөө хэллээ бэртэл авсан ч дэлхийн аваргын тэмцээнд оролцсон гэж. Уучлаарай ямар бэртэл авч байв?

-Казахстаны Алматы хотод болсон оюутны дэлхийн аваргын үеэр алтан медалийн төлөө тоглож байгаад гартаа бэртэл авсан. Жил гаран бэлтгэл хийж чадахгүй удаан явсан. Ясны бэртэл удаан эдгэдэг юм билээ. Маш сайн гам барьж байсан. Энэ бэртэлтэйгээ 2008 оны олимпод оролцсон. Гэвч би зорьсондоо хүрсэн.

-Боксын спортод анх яаж яваад хөл тавьсан тухайгаа дурсвал?

-Би багадаа барилдах дуртай хүүхэд байлаа. Гэр Шар хаданд байдаг байв. Нэлээн хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан. Энэ спортыг төдийлөн сайн мэддэггүй үе л дээ. Сургуулийнхаа хүүхэдтэй зодолдоод гүйж явж билээ. Тэр үед сургуулийн захиргаанаас аавыг дуудаж, миний зодооны тухай хэлж, олон удаа давтагдаж байгаа тул сургуульд сургах боломжгүй байна. Иймд та нар нэг арга хэмжээ авч өгөөч гэж хэлсэн байдаг. Орой гэртээ иртэл аав чи тэгж гар чинь загтнаж хүнтэй зодолдмоор байвал зөвшөөрөлтэй газар нь очиж сураад тэгээд боксын спортоор хичээллэ гэсэн. Би яах вэ гэм хийсэн хүн чинь буруугаа хүлээгээд за гэсэн. Ингэж миний анхны гараа эхэлсэн дээ. Тэгээд аав маргааш нь намайг хөтлөөд Гавьяат багш Д.Ганзориг багшид хүлээлгэн өгсөн. Ингээд 1998 оны гурван сард анх хөл тавьсан даа. Албан ёсоор.

-Хэдэн жил тасралтгүй боксоор хичээллэв?

-14 жил хичээллэсэн. 10 жилийн ойн дээрээ олимпын алтан медаль авч байсан шүү дээ.

-Яагаад хайртай спортоо орхив. Ямар нэг шалтгаан байна уу?

-Миний энэ спортоор хичээллэхээ больсон шалтгааныг хүмүүс их асуудаг. Яагаад гэж. 2012 оноос хойш бэлтгэл хийсэнгүй. Бэртэл их нөлөөлдөг. Гэхдээ шүд зууж явсаар хүссэн амжилтаа үзүүлж байсан. Ер нь спорт бол залуу насны амжилт гэж хувьдаа боддог. Одоо улам залуужиж байна. 18,19 настай хүүхдүүдийн эрин гарч байна.

-Албан ёсоор зодог тайлна гэж байх уу?

-(Инээв ) Ойрын үед зодог албан ёсоор тайлах бодолтой байгаа. Цаг нь болохоор хийнэ. Одоо хичээллэж чадахгүйгээс хойш. ( Хэсэг чимээгүй болов )

-Гарын шавиа бэлдэж чадсан уу. Цаашид дасгалжуулагч хийгээд явах уу?

-Боксын холбоотойгоо хамтран ажилладаг. Мэдээж энэ спортдоо хувь нэмрээ оруулаад зөвлөөд явах байх. Гарын шавь одоогоор бэлдэж амжаагүй байна. Чин сэтгэлээ өгсөн хөдөлмөрч, уйгагүй зүтгэлтэй хүүхдүүдийг бэлдэх хүсэлтэй байгаа. Дотроо бодож яваа зүйлийн нэг. Сайхан асуулт асуусанд баярлалаа.

-Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийх вэ?

-Доод тал нь таван цаг бэлтгэл хийнэ. Өглөө, өдөр, орой гээд. Нэг бэлтгэл дээр 1.5 аас доошгүй литр хөлс гаргана гэдэг тийм амар зүйл биш. Тэгж байж амжилтад хүрнэ шүү дээ. Бэлтгэлээ зөв хийхгүй бол буруу бэлтгэл хийгээд байвал биегүй болох аюултай. Ер нь спорт хүнд. Бүх зүйлээ хаяж байж хүссэн амжилтаа авдаг. Спорт бол хатуу тоглоом бас хамтын хүч. Бас төр засаг нь 100 хувь дэмжиж байж амжилт гаргана.

-Олимпод оролцоно гэдэг, тэр дундаа жингээ барьж тоглоно гэдэг амаргүй байх даа?

-Хагас тулааны тэмцээнд манай улс сүүлийн үед амжилт сайн гаргаж байгаа. Ер нь ямар нэгэн тэмцээн уралдаанд тухайн тамирчин бэлтгэл хийхгүйгээр, хөлсөө гаргахгүйгээр оролцоно гэж байхгүй. Боксын спорт жин их хасдаг. Жин хасна гэдэг хэцүү. Хүнд шүү дээ.

-Э.Бадар-Ууганы мөрөөдөл. Эргээд харахад хүссэн мөрөөдөл чинь юу байв?

-Бага байхдаа спортын хүн болно гэж бодож байгаагүй. Харин гэнэтийн зүйлээс болж энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш зорилготой болсон. Хүсэл тэмүүлэлтэй болсон гэх үү дээ. Тавьсан мөрөөдөл, зорилго минь хос алтан медаль авах. Тэр их хүслийг тэгтлээ бодож хичээллэсний үр дүнд мөрөөдлөө жинхэнэ утгаар нь биелүүлсэн гэж болно. Дэлхийн аварга, Олимпын аварга гээд. Үнэхээр сайхан. Одоо бодоход гоё. Гэхдээ нэг мөрөөдөл минь цаашдаа мэргэжлийн бокст тоглох байсан. Мэргэжлийн боксын аварга болох мөрөөдөл байсан хэдий ч бэртлийн улмаас орхисон доо. Одоо бол н.Төгсцогт маань мэргэжлийн бокст үзэж байна.

-Өөрөө боломжтой бүхий л одон медалийг энгэртээ гялалзуулсан баатар. Яг Хөдөлмөрийн баатар цолыг авч байх агшинд юу бодогдож байх юм?

-Яг өөрөө энэ цолыг авахаар их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Нэг тийм үгээр илэрхийлж чадамгүй. Энэ том цол, төрийн хайр хишиг, ард түмнийхээ итгэлийг яаж дааж явна даа гэж бодогдсон. Ер нь тийм мөчид хариуцлага бас дахин хариуцлагын тухай л бодогддог юм билээ. Ямар ч хөдөлмөр хийж үзээгүй хүн хүүхдүүддээ юу гэж сургах уу? Аан тэгж байгаад болно доо гэх үү. Заавал хүн хөдөлмөрлөх ёстой. Хөдөлмөрийн амт шимтийг үзэх ёстой болов уу.

-2008 оны олимпын дараа дэлхийн боксын хамгийн том, нэр хүндтэй шагналыг авсан байдаг. Тэр тухай тодруулаач?

-2008 оны дараа Москва хотноо дэлхийн боксын аваргуудад олгодог том арга хэмжээ болсон. Хамгийн том шагнал нь гэх юм уу даа. Энэ шагналыг ер нь энэ чиглэлийн тамирчид авч байгаагүй шагнал. Бүх олимпын аваргуудаас сонгож өгдөг шагнал юм. Энэ том шагналыг надад олгосон. Үнэхээр сайхан байсан. Энэ шагнал миний амжилтыг дэлхийд таниулсан даа. Таны сая асуусан шагнал бол энэ юм. Олимпын аваргын дараа авсан шагнал минь. Цол дагаж бяр гэгчээр тэр хэмжээгээр ёс зүйтэй байх, хариуцлагатай байх ёстой юм шүү гэдгийг л өөртөө өдий болтол хэлж хоногшуулж ирлээ дээ.

-Бахархал гэдгийг та юу гэж хэлэх вэ?

-Монголчууд их уйдамтгай хүмүүс. Нэг хүнийг амжилт гаргаж байхад сайшааж бахархаж байснаа, дараагийн хүн гараад ирэхээр нөгөө хүн чухал биш энэ хүн нь илүү чухал болоод явчихдаг. Мэдээж хэн нэг хүнийг тахин шүтээд яваад байх тухай би хэлээгүй. Нийтлэг дүр зургийг л хэлж байгаа юм. Бодлогын хувьд шүү. Хүүхдүүд чинь яг тодорхой нэг бахархлыг харж байж үлгэр дуурайл авдаг. 2008 оны олимпын дараа аль нэг заалаар ороход боксоор хүүхдүүд ихээр хичээллэж, заал дүүрэн байдаг байсан. Ээж аав нар ч хүүхдүүдээ энэ спорт руу их оруулсан. Тэр үед миний алхаж байгаа байдал дасгал сургуулилалтыг хараад яг дуурайдаг байсан. Энэ бол надад маш сайхан бахархал төрүүлж байсан мөч. Бахархах зүйлтэй байна гэдэг хүн болсны бас нэг чухал зүйл юм даа. Би бахархлыг ингэж л ойлгодог.

-Төр засгаас спортыг яаж дэмжих ёстой гэж та бодож байна?

-Төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг өгдөг. Гэхдээ адилхан тамирчид байлаа гэхэд яг нарийн хөгжингүй орнууд шиг нэг тамирчин дээр судалгаа шинжилгээтэй аваад явж чадахгүй байна. Хоёр адилхан өрсөлдөгч байлаа гэхэд дотор нь маш сайн өрсөлдүүлээд тухайн тамирчинг гаргаж ирэх хэрэгтэй. Мэргэжлийн түвшинд багш, дасгалжуулагч нь ямар байгаа юм. Тамирчдаа яаж бэлдэх ёстой юм бид. Тамирчдаа цаашид дэлхийн тавцанд яаж бэлдэх гээд олон асуудал байдаг. Гэтэл өнөөдөр манайд спортын яам байхгүй. Өөр өөр статустай яамдад нааш цааш нь шилжүүлээд ямар ч бодлого байхгүй. Яг дагнасан спортын газар заавал байх ёстой. Тэгж байж сайн баг тамирчид, сайн багш, дасгалжуулагчийг гаргаж ирэх хэрэгтэй.

-Монголын багш, дасгалжуулагч нар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үү?

-Дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн албан ёсны дасаглжуулагч байхгүй л дээ. Өөрийн туршлагаараа баг тамирчдыг бэлтгэж байгаа, урьд нь тамирчин байсан багш дасгалжуулагч нар л жинхэнэ өөрийн хүчээр монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа нь энэ. Тэгэхээр тэд мундаг байна гэсэн үг. Гэхдээ бид мэргэжлийн багш дасаглжуулагчийг бэлдэх цаг болсон. Төр засаг үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ бол спортын бодлогын асуудал. Бодлого байж гэмээнэ бид цогцоороо дэлхийд гарах ёстой.

-Тамирчдад олон улсын нэр хүндтэй тэмцээнд явахад улсаас хэр тэтгэмж өгдөг юм бол?

-Урьд нь өөрсдийн бор зүрхээрээ тэмцээн уралдаанд явдаг байсан. Одоо тэр үеийг бодвол харьцангуй гайгүй болсон. Тухайн орноосоо шалтгаалаад өртөг зардал янз бүр гардаг. Яг нэг тамирчинд тогтмол шууд төсөвлөөд гаргахад бас хэцүү. Тухайн тамирчин өөрөө сайн хичээж том амжилт гаргасан бол тэр тамирчны зардлыг улсаас одоо төлж байгаа. Гэхдээ тоо нь бага. Нэг жинд нэг тамирчин байх жишээтэй.

-Амжилтыг та юу гэж тодорхойлох вэ?

-Тэсвэр хатуужил. Өөрийгөө ялж, өөртөйгөө тулалдах том зорилго. Амжилт гаргахад олон зүйлийг золиосолдог. 13 насандаа анх энэ спортод хөл тавьж 23 тайдаа олимпын аварга болж байсан. Энэ хугацаанд би найз нөхөд, гэр бүл гээд олон асуудлыг хаалганы ард түр тавьсан. Зөвхөн бэлтгэл сургуультдаа илүү их анхаарал хандуулж байсан гэх үү дээ. Тэгж чадсан учраас би өнөөдрийн энэ амжилтад хүрсэн гэж боддог.

-Спортын хорхойтнуудад хандаж юу хэлэх вэ?

-Амжилтад хүрмээр байвал ядаж наад утаснаасаа өөрсдийгөө эхлээд чөлөөл. Утас, зугаа цэнгэл бэлтгэлийн хажууд байх боломжгүй. Дараа бэлтгэлээ сайн хийчихнэ гэдэг зүйл байхгүй. Спорт бол залуу насны аархал. Цаг хугацаатай уралд, хүсэл зорилгоо биелүүл гэж хэлье. Хөдөлмөрлө өөрийн биеийг зовоо, бүү шантраарай. Амжилтад хүрэхийн тулд нойр хоол, зугаа цэнгэл, найз нөхдийг түр мартах нь чухал.

-Хөдөлмөрийн баатруудтайгаа хэр ойр байдаг вэ?

-Тэр бүр уулзалдаад байхгүй ч арга хэмжээнүүдэд очдог.Спортоос 20 гаруй Хөдөлмөрийн баатар байдаг гэж сонсч байсан. Спортоос төрсөн Хөдөлмөрийн баатрууд хаа нэг уулзаж санал бодлоо солилцдог.

-Дэлхийн одууд тодорхой хэмжээнд нийгэм болон хүмүүнлэгийн салбарт хувь нэмрээ оруулдаг. Тухайлбал та хүмүүст чиглэсэн ямар арга хэмжээнүүдэд түлхүү оролцдог вэ?

-Хүн хүсэл зорилгодоо хүрсэн бол тэр амжилт ололтоо бас тодорхой хэмжээнд аль нэг үйлсэд зарцуулдаг байх нь зөв зүйл. Одоогоор би хүүхэдтэй болохыг хүсдэг мянга мянган гэр бүлд зориулан Японы номер нэг эмнэлэгтэй хамтран үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулаад дөрвөн жил өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүүхэд ээж аавдаа баяр баясгалан авчраад байна. Эрүүл саруул сайхан өсч байна. Монгол Улсынхаа хүн ам зүйн бодлогод үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж хувьдаа боддог. Хүнд баяр баясал бэлэглэх сайхан. Мөн цэцэрлэг ажиллуулдаг. (инээв) Бас бусдад би үлгэр дуурайл болохыг хүсдэг.

-Олипын аварга маань яг одоо ямар ажил хийж байна?

-Би Олимпын хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг. Олимпын хороо нь олон улсын олимпын хорооноос санхүүждэг. Дэлхийн жишигт Олимпын хороо нь дангаараа бүх спортоо хариуцан ажилладаг. Харин манай спортын бодлогыг, ойлгодоггүй учир яам энэ тэр гэхээр. Би спортдоо хайртай учир энэ ажлыг гүйцэтгэж байна. Олимпын хорооны зүгээс чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Ганц нэг багш, дасгалжуулагчийг мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамруулж байна.

-Спорт, урлагийнхан улс төр лүү шуурах болж. Та бас улс төрд орох бодол бий биз?

-Урьд нь улс төрийг сайн мэддэггүй байсан. Одоо бол цаг нь ирсэн гэж би бодож байна. Гэхдээ энэ улс төрчдөд бараг гомдохоор л байна шүү дээ. Арай л хэцүү байна, нийгэм. Мэдээж би гараад мандуулаад өгнө гэж хэлэхгүй ч яг спортоороо дагнаж ажиллах боломжтой гэж бодож байна. Ор гэвэл орно доо. (инээв)

-Спортод хувийн зан чанар хэр нөлөөлдөг вэ?

-Спорт хүнийг төлөвшүүлдэг гэж боддог. Спортоор хичээллээгүй байхдаа миний зан чанар өөр байсан. Харин спортоор хичээллэж эхэлснээс хойш сэтгэл санаа болон олон зүйл дээр өөрчлөгдөж, зан чанарын хувьд төлөвшсөн. Спорт бол гайхалтай их эрч хүчийг хүнд өгдөг. Бас тэсвэр хатуужлыг олж авдаг. Хүн их даруухан болдог. Өөрийгөө маш ихээр таньдаг. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ шүү.

-Уучлаарай нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Сард улсаас 4.500.000 авдаг. Тэгээд олимпын хорооноос авдаг цалин гээд бас бус зүйл байна.

-Та гурван хүүхэдтэй аав. Өөрийн мэргэжлээ хүүдээ өвлүүлэх хүсэл бий юү?

-Хүүдээ өөрийн хүслээ тулгахгүй гэж боддог. Заавал аав шигээ тамирчин бол гэхгүй. Өөрөө хүсч сонирхвол би мэдээж хорихгүй. Хүү маань их хөдөлгөөнтэй, бас эвсэлтэй харагддаг. Ер нь их хөдөлгөөнтэй шүү. Бас их сэргэлэн. За энэ ч одоо хүүхдээ магтаад явчихлаа.

-Өөрийн чинь хамгийн их уйлсан ямар агшин байв?

-Олимпын аваргын алтан медалийг энгэртээ зүүх агшинд Монгол Улсын минь төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч хоёр нүдийг нулимс дүүрээд ирдэг юм билээ. Яагаад ч хорьж болохгүй нулимс тэр байсан байх. Хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн жинхэнэ утга нь тэр илэрхийлэл байж магадгүй. Хүний амьдралд олон л нулимс байдаг. Гэхдээ тэр нулимс хамгийн гайхалтай.

-13 насандаа аавыгаа их өрөвдөж тэр мөчөөс хойш өөртөө зорилго тавьж байсан гэж сонссон. Энэ талаараа дурдвал?

-Бэлтгэлдээ явлаа гэж хэлээд ээж аав хоёртоо худал хэлж гараад бэлтгэл таслах үе зөндөө байлаа. Гэртээ ирэхдээ худаг дээр очоод биеэ болон хувцасаа норгоод гэртээ бэлтгэлээ хийгээд ирлээ гээд ордог байсан. Ээж намайг бэлтгэлээс ирэх бүрт хувцас гаргаж хатаадаг байсан. Миний хүү сайн хөлөрсөн байна гээд. Ингэж явж байгаад бараг дөрөв, таван сар өнгөрсөн. Нэг л өдөр тэмцээнд орох болдог юм байна. Тоглож байх явцдаа гэрээс хүн битгий ирсэн байгаасай гэж бодоод харахаар байхгүй болохоор нь санаа амраад тоглоно. Гэтэл яг тоглоод хамраас цус гараад ялагдах мөчид хартал аав яг рейнгэн доор сууж байдаг юм. Тэгээд би аавыгаа хараад маш их өрөвдсөн. Хүүгээ бэлтгэлээ сайн хийсэн гэж итгээд ирж үзэхэд нь миний байж байгаа царай. Мэдээж яаж сайн байх вэ. Бэлтгэлээ их тасалдаг байсан хүн чинь аавынхаа царайг харж чадахгүйдээ нүүр гарын алчуураараа нүүрээ дараад уйлсан. Тэгэхэд аав минь зүгээрээ миний хүү харин анхны тэмцээн гэхэд сайн тоглолоо. Өшөө олон тэмцээнд миний хүү чадна аа гэж хэлсэн. Нөгөө нэг атаман хүүхэд зоддог хүү чинь тэгэхэд өөрөөсөө маш их ичсэн. Тэр нулимс надад маш их ухаарлыг үлдээсэн. Тэр цагаас хойш би 13 настай байхдаа өөртөө зорилго тавьж байсан юм. Одоо огт бэлтгэлээ таслахгүй, дараагийн тэмцээн уралдаанд заавал ялж ялалтын давцан дээр зогсч ээж ааваа баярлуулна гэж тангараг тавьсан, өөртөө. Тэгээд өглөө хичээлдээ явж ирээд шууд бэлтгэлдээ явна. Бараг хоол ч идэхгүй. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг байсан. Медаль авна гэдэг зорилго тавьсан болохоос алтан медаль авна гэж бодоогүй. Үнэхээр сайхан байсан. Энэ бол миний аавыгаа харж өрөвдөөд өөртөө тавьсан зорилго минь байсан. 13 насандаа тавьсан зорилго минь биелсэнд баяртай байдаг. Надад хүн өөрөө хичээх юм бол амжилтын оргилд хүрдэг гэдгийг харуулсан зүйл болсон. Одоо бодоход өөрийгөө ялж чадсан учир минь энэ. Тэгээд 13 настайдаа аавыгаа хараад уйлж байсан дурсамж 2008 онд олимпын давцан дээр зогсч байхад аавыгаа бодож, ааваа хүүгээ хар даа гэж гарсан нулимс минь байлаа. Энэ нулимс бол миний үнэ цэнийн илэрхийлэл. Би мартах учиргүй. Дайнд ялсан юм шиг мэдрэмж авч байсан гэх үү дээ. (инээв )

П.Оюунсувд "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 39 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 1 цаг 6 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 3 цаг 48 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 59 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 4 цаг 15 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 4 цаг 27 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 4 цаг 33 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 4 цаг 39 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 43 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 20 цаг 42 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 21 цаг 38 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
Top