x

О.Мөнгөншагай: Түрээсийн орон сууцыг гурван хувилбараар хэрэгжүүлнэ

-972 айлын “Буянт-Ухаа 2” орон сууцыг бага, дунд орлоготой иргэдэд ам метрийг нь нэг сая 350 мянган төгрөгөөр өгнө- 

Түрээсийн орон сууц, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч буюу Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайтай ярилцлаа.

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг НОСК хариуцаж хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Орон сууцыг түрээслээд өмчлөх хөтөлбөрийг Засгийн газраас нэг сарын өмнө баталсан. Энэ нь гурван хувилбартай байгаа. Нэгдүгээрт таван жилийн хугацаанд төлөх. Тухайлбал та 60 сая төгрөгийн үнэтэй байранд орлоо гэхэд урьдчилгаа төлөхгүйгээр таван жилийн хугацаанд буюу 60 сард хуваан сард сая төгрөг хүүгүй төлж явсаар өмчилж авах боломж бүрдэнэ.

Хоёрдугаар хувилбар нь, ипотекийн найман хувийн зээлтэй төстэй боловч эхний таван жилдээ хэдэн төгрөгийн үнэтэй байранд орохоос шалтгаалж, 30 хувиа 60 сард хуваан төлж, үлдсэн 70 хувиа ипотекийн найман хувийн хүүтэй зээлээр банкнаас барагдуулах. Жишээ нь, 60 сая төгрөгийн үнэтэй байрны 30 хувь нь 18 сая төгрөг болно. Тэгвэл таван жил буюу 60 сардаа 18 сая төгрөгөө хувааж тооцвол сард 300 мянган төгрөг төлөхөөр байгаа юм. Мэдээж ус, дулааны ашиглалтын зардлаа нэмээд тооцох ёстой. Эцсийн хувилбар нь, ам метрийг нь 6000 төгрөгөөр тооцож түрээслэх. Ингээд энэ хөтөлбөрт хамрагдах хүмүүст өмнө нь зургаа болон найман хувийн ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй, ямар нэг байр нэр дээрээ худалдан авч байгаагүй шаардлага тавигдаж байгаа. Иргэдийн хүсэлтийг НОСК-иас дүрэм, журам нь батлагдсаны дараа хүлээж авна.

-“Орлогод нийцүүлэх орон сууцны хөтөлбөр”-ийн мэдээлэл байна уу. Энэ ямар учиртай хөтөлбөр вэ, ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?

-Энэ нь бага, дунд орлоготой иргэдэд зориулсан хөтөлбөр юм. Дэлхийн банкны зөвлөмжид нийт өрхийн орлого нь 1.2 сая төгрөгөөс доош бол бага, дунд орлоготой иргэдэд хамаарна гэж заагдсан байдаг. Энэ дагуу ам метр нь нэг сая 350 мянган төгрөгийн үнэтэй байрыг шаардлага хангасан иргэдэд ипотекийн зээлээр олгоно. Хөгжлийн банкны санхүүжилтээр 972 айлын “Буянт-Ухаа 2” орон сууц ашиглалтад орсон бөгөөд НОСК дээр шилжиж ирсэн. Тиймээс энэ байранд орох хүсэлтэй иргэдийн бүртгэлийг НОСК-иас авч эхлээд байна.

-НОСК-иас өөр ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?

-“Авто худалдааны төв”, “Баянголын ам”, “Ханын материал”, “Сэлбэ Баянхошуу” дэд төв, “Цайз хотхон”, “Улиастайн ам”, “Буянт-Ухаа” спорт цогцолбор орчим, “Морингийн даваа”, “Био-Сонгино” гэсэн есөн байршилд түрээслээд, өмчлөх хөтөлбөрийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна. Эхнээсээ “Буянт-Ухаа” спорт цогцолбор орчимд 768 айлын орон сууц барих төслийн барилгын компани шалгарч, ажлаа эхлээд байна. Хөтөлбөрийг гадаад, дотоодын буцалтгүй тусламж, урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээл, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот газраа, дэд бүтэцтэй нь гаргаад компани нь байшингаа барина. Гэхдээ ам метрийг нь нэг сая 350 мянган төгрөгөөс хэтрүүлж болохгүй гэсэн хатуу гэрээтэй. Эдгээр есөн байршилд нийт 26670 айлын орон сууц ашиглалтад орно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц ямар байна вэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн орон сууц ашиглалтад оров. Энэ жил хэдэн орон сууц баригдаж, хэдэн айлын яндан буух вэ?

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн гол зорилго нь гэр хорооллыг барилгажуулах замаар агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Монгол хүн бүрийн нийтлэг эрх ашиг хөндөгдөж буй учраас утаа гэдэг Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан, санаа зовоосон, бүх анхаарлаа төвлөрүүлж ажиллах салбар мөн. Дэлхий нийтэд агаарын бохирдлоос салах хамгийн сонгодог, шалгарсан арга бол орон сууцжуулах хөтөлбөр гэж үзэж байгаа. Түүнээс мянган утаагүй зуух, яндан тавиад асуудал бүрмөсөн шийдэгдэхгүй.

Тиймээс өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хүрээнд 76 хэсэгчилсэн тайлбайд 41 аж ахуйн нэгжийг шалгаруулсан байна. Миний бие сар гаруйн өмнө ажилд томилогдоод уг төсөлтэй танилцахад дээрх 41 компаниас 34 нь үлдэж, долоон компанийн эрхийг ажлаа эхлүүлээгүй, хөрөнгө мөнгөгүй гэх мэт шалтгаанаар цуцалсан байсан. Төсөл хэрэгжүүлэгч 34 барилгын компанийн захиралтай уулзахад дийлэнх нь тулгарч буй асуудлаа хэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1712 айлын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц барьж, 1776 айл хашаанаас байранд шилжиж орсон байна. Зургаан дүүргийн 38 бүс талбарт хэрэгжиж байгаа төслийн хүрээнд энэ жил 3400 айлын орон сууц ашиглалтад орно.

-Дахин төлөвлөлтийн төсөлд нийслэлээс дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Зарим барилгын компанийн захирлууд хот дэд бүтцээ шийдэж өгөхгүй байгаа учир төсөл хэрэгжихгүй байна гэсэн шалтгаан хэлдэг. Яг хэдэн компани ямар асуудал дээр гацчихаад байгаа вэ? 

-Нийслэл дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, барилгын компани төсөл хэрэгжүүлэх талбарт байгаа айлуудтай тохиролцох, иргэн газраа чөлөөлөх эрх үүрэгтэйгээр гурвалсан гэрээ байгуулж, төсөл хэрэгжих журамтай. Түрүүнд хэлсэнчлэн ихэнх компани дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэж өгөхийг нийслэлээс шаардаж байгаа. Нийслэлийн зүгээс нэг ширхэг цаас, бичиг гаргахад хүнд суртал гаргахгүй, шийдэх ёстой асуудлыг шийднэ, харин ажлаа графикийн дагуу хийж гүйцэтгэхийг 34 компанийн төлөөлөлтэй уулзахдаа зөвшилцөж, тохиролцоонд хүрсэн. Удахгүй гурвалсан гэрээ байгуулна. Манай компаниудын ихэнх нь төсөл авчхаад гадна, дотнын хөрөнгө оруулагчаас санхүүжилт босгох, эсвэл төслөө зарах гэж явдаг юм билээ. Ингээд нийслэлээс Хөгжлийн банкинд хандаж, төсөл хэрэгжүүлэгч 34 компанид урт хугацааны зээл олгох хүсэлт тавьж, хуулийн хүрээнд судалж үзээд аль боломжтой компанийг нь дэмжиж өгөхийг уламжилсан. Ийм зарчмаар ажиллаж байна.

-Дэд бүтцийн асуудлыг хотоос шийдвэрлэхэд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-Энэ жил нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөгийг дэд бүтцэд зарцуулахаар төсөвт суулгасан. Одоогоор энэ хөрөнгийг ажил нь урагштай явж байгаа компаниудад хуваарилсан. Миний тавьж байгаа ганц шаардлага бол хэдэн яндан буулгасан бэ гэдгээр тооцож, хотоос дэмжлэг үзүүлэх. Зарим компанийн захирлууд хэлж байна л даа. “Манай асуудлыг шийд. Манайх руу дэд бүтэц тавь. Бид тэдэн зуун айлын орон сууц барьсан том компани” гэдэг. Шалгаад үзэхээр 100 айлын орон сууц барьчхаад тавхан айлын газар чөлөөлж, таван айлаа орон сууцанд оруулсан байх жишээний. Үлдсэн 95 айлын орон сууцыг худалдаж, их хэмжээний ашиг олж байна. Ийм байвал ердөө тавхан айлын янданг буулгах гэж улсаас 20, 30 тэрбум төгрөг гаргаж, дэд бүтэц татах шаардлага байхгүй шүү дээ. Уг нь төслийн ерөнхий төлөвлөгөөгөөр ногоон байгууламж, авто зогсоол, сургууль,цэцэрлэг барих талбайн төлөвлөлт, тоглоомын талбайг цогцоор нь шийднэ гээд заачихсан байгаа. Гэтэл гэр хороолол дунд тавхан айлын газар чөлөөлөөд ганцхан гозгор байшин барьчихсанаа төсөл хэрэгжүүллээ гэж ойлгоод байх шиг байна. Тиймээс журам, дүрмийнхээ дагуу л ажиллах хэрэгтэй. Хэдэн айлын яндан буулгасан бэ гэдэг үзүүлэлтийг эн тэргүүнд тавьж, хот дэд бүтэц тавихад дэмжлэг үзүүлнэ гэдгийг тодорхой хэлье.

atime.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Nymtsetseg (66.181.183.133)
    zaluu ger bvl bn a 5 amidardag yaj xan ochox be mdee
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nymtsetseg (66.181.183.133)
    yaj bvrtgvvlex be mdee awii xan ochox be
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top