x

Засгийн газрын тогтоол Цэцэд очиж, ҮАБЗ-ийн хоёр гишүүн гадаадад зугаалав

Ирэх долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар зарлагдаад байгаа. Ээлжит бус чуулганаар намрын чуулганаар хэлэлцээд баталж амжилгүй орхисон Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх шаардлагатай тухай УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.

Гэвч үнэндээ ээлжит бус чуулган хуралдуулах болсон жинхэнэ шалтгаан нь дээрх хуулийн төслүүд биш. Харин АТГ болон ЗХЖШ-ын даргыг томилох гэх мэт Ерөнхийлөгчөөс оруулж ирж байгаа томилгооны асуудлуудыг хэлэлцэх нь тодорхой болсон. УИХ дахь АН-ын бүлэг гэхэд “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг хэлэлцэж, түдгэлзүүлэх ёстой” гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах шаардлага тавьсан. Гэх мэтчилэн талууд өөр өөрийн шаардлагыг тавьж байгаа.

Мөн өнгөрөгч долоо хоногт Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлан, 49 хувийг төлөөлж томилогдсон захирлуудыг бүгдийг нь чөлөөлсөн. Одоо Засгийн газар дээр орных нь хүмүүсийг томилох тухай яригдаж байгаа. Ер нь бол энэ асуудлаар ҮАБЗ-ийн гурван гишүүн урьдчилан тохиролцсон гэж байгаа.

Гэвч Засгийн газраас гаргасан “Онц байдал тогтоох тухай” тогтоол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгүүлэхээр өнөөдөр хуульчид Цэцэд хандчихлаа. Хэрвээ Цэц энэ асуудлаар маргаан үүсгэвэл Засгийн газар хариуцагчаар татагдаж таарна.

Гэх мэтчилэн гал авалцсан олон асуудлын дундуур ҮАБЗ-ийн хоёр гишүүн нэгэн зэрэг гадагшаа зугаалахаар мордлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан дахь энхийг сахиулагчдаа эргэхээр, харин УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн парламентын урилгаар тус улсад айлчилж байна.

Б.ГАЛ

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД

 

2019.03.11                                                                                                            Мэдээлэл гаргах тухай

БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан  Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан, тус хуульд үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тухай

Монгол Улсын Засгийн газар БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн 2019 оны 91 дүгээр тогтоол гаргасан байна. Гэтэл БНМАУ-ын Ардын Их Хурлаас 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталсан БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Монгол Улсын хавсралт хуулийн Тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл дагаж мөрдөж ирсэн бүх хуулийг мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй бол цаашид хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” 3 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөнхүү Үндсэн хуульд харшилсан хууль болон эрх зүйн бүх акт, тэдгээрийн заалтыг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс БНМАУ-ын Бага Хурлаас 1991 онд баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зүйл, заалтуудад илт харшилсан тул хүчингүй болсонд тооцогдсон байх ёстой гэж үзэж байна. Хэрэв мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс дурдсан хуулийг хүчингүйд тооцсон шийдвэрийг эцэслэн гаргаж, цаашид тус хуульд үндэслэн Үндсэн хууль зөрчсөн шийдвэрүүд гарахаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү мэдээллийг гаргаж байгаа болно.

Үндсэн хуульд харшилсан тухайд

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн зорилгыг тодорхойлсон 1 дүгээр зүйлд “Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай”, 2 дахь хэсэгт “Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, Монгол Улсын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээгээр дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино” гээд тус зүйлийн 6[1] болон 10[2] дахь хэсэгт Засгийн газрын тусгай журмаар зохицуулах харилцааг дурджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн тохиолдолд өмчийн хэлбэр үл харгалзан дурын үйлдвэрийн газар, байгууллагад “онцгой дэглэм” тогтоож, захиргааны акт нь хуульд үндэслэсэн байх тухай зарчимд нийцүүлэх шаардлагагүйгээр  “тусгай журам” баталж, дараах арга хэмжээг авах эрхийг Засгийн газарт эрх олгох тухай хуулиар бий болгожээ. Үүнд[3]:

  1. үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;
  2. ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;
  3. хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх;
  4. үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;
  5. Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;
  6. тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;
  7. онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;
  8. онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах;
  9. улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;
  10. хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.

Ингэснээр Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд дараах үндэслэлээр харшилж байна. Үүнд:

Нэгдүгээрт,

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....эрх чөлөө, тэгш байдал...., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Үндсэн зарчим гэдэг ухагдахуун бол аливаа үйл ажиллагааны гарцаагүй удирдамж болох үзлүүдийг хэлдэг. Шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь Монголын төр, түүний албан тушаалтнуудын үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд заавал удирдлага болгох үзлүүд мөн гэж Үндсэн хуулийн хэмжээнд хуульчилсан.

Эрх чөлөө гэдэг бол төрөөс харьяат этгээддээ /хувь хүн, хуулийн этгээд/ үйл ажиллагаа явуулж, зан төлөвөө илэрхийлэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээнүүдийн нийлбэр цогц юм.

Тэгш байдал нь төр харъяат субъектүүддээ хууль болон шүүхийн өмнө адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг хангахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлснээр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл хууль болон шүүхийн өмнө бүх хүн арьс, үндэс, яс угсаа, гарал үүсэл, нийгмийн болон эдийн засгийн байдал, эрэгтэй эмэгтэй, эрдэм боловсрол, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн харъяалал, эрхэлсэн ажил мэргэжил, элдэв ялгаварлалгүй адилхан эрх эдэлж, хариуцлага хүлээснээр төрийн үйл ажиллагааны тэгш байдлыг хангадаг.

Хууль дээдлэх зарчим гэдэг нь төр өөрийн бүхий л үйл ажиллагаандаа хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, хэрэглэх, хамгаалах явдал буюу иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохуйц шийдвэр гаргахдаа хуулиар тогтоосон үндэслэл, журмыг чанд мөрддөг байх тухай ойлголт билээ. 

Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Засгийн газар хүссэн үедээ өөрийн үзэмжээр үйлдвэрийн газар байгууллагад дурын хяналтаа тогтоож, хуулиас гадуур журам мөрдүүлж байгаа нь иргэнийг ялгаварлан гадуурхаж, эрх чөлөөнд нь халдаж, хуулиар тогтоосон үндэслэл журмаас гадуур шийдвэр гаргах эрхийг олгож байна.

Хоёрдугаарт,

Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш, адил байна гэдэг нь хууль тогтоогчийн болон хэрэглэгчийн зүгээс хүн бүрт эрх, үүрэг, хариуцлага гурвыг ямар нэг ялгаваргүй тогтоох хэрэгжүүлэх зарчим бөгөөд  иргэдийг ялгаварлаж, аль нэг хэсэгт нь давуу буюу дутуу эрх олгох, илүү үүрэг хүлээлгэх буюу үүргээс чөлөөлж болохгүй гэсэн үг билээ.

Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх гэдэгт үйлдвэр явуулж, эд хөрөнгө, үнэт зүйл бүтээн, худалдаа арилжаагаар хөрөнгө хогшил бий болгож, ашиг шимийг нь үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа хэрэглэхийн тулд хөдлөх мөнгөн хөрөнгийг олж авахыг ойлгоно. Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шударгаар бий болгосон байвал зохино.

Гэтэл Засгийн газарт эрх олгох тухай хуулиар иргэний шударгаар бий болгосон эд хөрөнгөд бүрэн хяналт тогтоож, хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, удирдлыг өөрчилж, бусадтай байгуулсан гэрээг хүчингүй болгож, эсэргүүцсэн тохиолдолд захиргааны болон бусад хариуцлага тооцохоор заасан байна.

Гуравдугаарт,

Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасан. Гэтэл дурдсан хуульд зааснаар Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль, бусад хуульд заавал нийцсэн байхыг шаардахгүй байна.

Мөн Засгийн газарт эрх олгох тухай хуульд үндэслэн баталсан Засгийн газрын 2019 оны 91 дүгээр тогтоолд уг хуульд заасан бүх арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байх тул Үндсэн хуулийн дээрх заалтуудыг ялгаагүй зөрчиж байна.

Иймд,

1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт харшилсан гэж үзэн хүчингүйд тооцох эсэх, тийм бол түүнд үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.

МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН:

            ИРГЭН,

            Баасандоржийн МЭРГЭН ....................................................

Хаяг: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, сот-3-2 дугаар байр, 84 тоот

            Утас: 99125557

            Энхчулууны ХАШЧУЛУУН ...................................................

            Хаяг:Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 60/3 дугаар байр 32 тоот

            Утас: 88119849

            Баатарын ЭНХМАНДАХ ...................................................

            Хаяг: Хан-Уул дүүргийн 10-р хороо, нисэхийн хороолол, 7-р байр, 69 тоот


[1] тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

[2] хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.

[3] Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (112.72.11.121)
    хууль бишээ Улсын байнгийн хорооны тогтоол
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.44.84)
    medeej shuudee hen negen guraaraa onts bdal zarlaj humuusiig ni dur meden halah erh edend bdag um uu bur heregten bolgood barivchlaal arai 37 oni helmegdeliin ajil yavuulaad bgaa um bishuu hurelsuh guai
    2019 оны 03 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилалт эхэллээ 14 цаг 16 мин Япон улс гадаадын жуулчдыг хил дээр биечлэн шалгах журмыг цуцлахаар төлөвлөж байна 14 цаг 18 мин Өвлийн Паралимпын наадмын медалийн хүснэгтийг Хятад улс тэргүүлж байна 14 цаг 20 мин "Хааны эрэлд-2026" олон улсын сургуулийн төлөвлөлтийн хурал эхэллээ 14 цаг 20 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа 14 цаг 22 мин "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ 14 цаг 24 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 14 цаг 26 мин Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд! 15 цаг 32 мин Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа 15 цаг 58 мин Дүүжин тээврийн төслийн эхний гурван жилд Францын "ПОМА" групптэй хамтран ажиллана 16 цаг 6 мин Цагдаагийн байгууллага 479 хэргийг прокурорт шилжүүлжээ 16 цаг 7 мин Өнгөрсөн долоо хоногт онцгой байдлын алба хаагчид 27 иргэний амь насыг аварчээ 16 цаг 8 мин Улаанбурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14 мянга давлаа 16 цаг 8 мин Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйлээс эхэлдгийг олж хараасай 16 цаг 12 мин Виз, оршин суух зөвшөөрөл гаргаж өгнө гэх хуурамч зар түгээсэн гадаадын иргэнийг илрүүллээ 17 цаг 32 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд Улаанбаатарт болно 17 цаг 33 мин Халхгол суманд болсон цасан шуурганы гамшгийн голомтод сайд М.Бадамсүрэн ажиллалаа 17 цаг 35 мин Автобусны зогсоолын маршрутын самбарыг автоматжуулна 17 цаг 36 мин "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу үйлчлэх автобусны чиглэл, үнэ 17 цаг 37 мин Боловсролын сайд П.Наранбаяр Финланд улсад ажиллаж, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов 17 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2...
Top