Нийслэлийн прокурорын газар, Гадаадын иргэн харьяатын газраас 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчих зөрчил гаргасан 34 улсын 2340 иргэнд холбогдох 994 зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьжээ.
Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон тэдний Монгол Улсад уригч этгээд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тодорхой тохиолдлуудыг зөрчилд тооцож, шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Бүртгэгдсэн зөрчлөөс үзэхэд гадаадын иргэд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, визийн хугацаагаа хэтрүүлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил зонхилон үйлдсэн байна. Харин уригч аж ахуй нэгж, иргэд тухайн иргэний бичиг баримтыг хуульд заасан хугацаанд бүртгүүлж зөвшөөрөл аваагүй зөрчил ихээр илэрчээ.
Тухайлбал, урьж ирүүлсэн гадаадын 238 иргэний оршин суух зөвшөөрлийг хугацаанд нь аваагүй, 606 хүний хугацааг хэтрүүлсэн, 43 хүний визийн хугацааг хэтрүүлжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн иргэдийн 1506 буюу 64.3 хувь нь БНХАУ-ынх байна. Тэгвэл 252 буюу 10.7 хувийг вьетнамчууд эзэлж байгаа аж. Мөн Непал, Индонез, Филиппин, Энэтхэг, Азербайжан, Орос, Солонгос, Франц зэрэг 34 орны иргэд дээрх зөрчилд холбогдсоныг албаныхан мэдээлэв.
Гадаадын иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа бүртгэлийн журам мөрдөх, оршин суух үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримтаа биедээ авч явах, хөдөлмөр эрхлэх журам зөчихгүй байх, ирсэн зорилгынхоо хүрээнд хөдөлмөр эрхлэх зэрэг үүрэгтэй. Хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрлөө аваагүй, оршин суух болон визийн хугацааг хэтрүүлсэн бол хоног тутам 10 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг байна.



