“Хүн аалз: Шинэ өдөр” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн кинотеатруудад гарсан даруйдаа 355 сая долларын орлого олсон нь Холливүүдийн түүхэн дэх хамгийн их амжилт олсон хоёр дахь тохиолдол байлаа. Мөн энэ оны хувьд АНУ, Канадад хамгийн их кассын орлоготой кино болов.
Үүний зэрэгцээ уг кино гадаадын кинотеатруудад гарснаар 572 сая долларын орлого авчирсны 121 сая нь Хятадаас олсон орлого юм. Мөн коронавирусний цар тахлаас хойших Хойд Америкийн хамгийн их кассын орлоготой кино боллоо.
АНУ ба Канадын түүхэн дэх хамгийн их амжилт олсон кино бол 2019 онд гарсан “Өшөө авагчид: Төгсгөл” гэдэг кино юм. Харин хүн аалзны тухай Том Холланд супер баатрын дүрд тоглосон киноны орлого нь уг киноноос ердөө 2 сая доллароор бага орлоготой байна. Супер баатруудтай киноноос нийтээрээ уйдан залхаж буй энэ үед “Хүн аалз” ийм хэмжээний орлого олсон нь маш том амжилт гэж үзэж болно.
“Хүн аалз: Шинэ өдөр” кино гарснаар Том Холланд супер баатрын дүрд 2016 оноос хойш 4 дэх удаагаа тоглолоо. Шинэ киноны гол баатар нь ганцаардлаас залхаж, хүмүүст ойртохыг эрмэлзэж байгаа нь шүүмжлэгчид болон үзэгчдэд таалагджээ.



