x

Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцжээ.

-Та сайхан наадав уу. Энэ жилийн наадам сайхан болов уу, хаагуур наадав?

-УИХ-ынгишүүн болсноос хойш улсын наадам үзээгүй. Боломж олдмогц хэд хоног чимээгүй агаарт гараад явчихдаг юм. Энэ жил харин улсын наадам үзье гэж зорьж Улаанбаатар хотдоо наадамласан. Бас Хөвсгөл, Эрдэнэтээр хэд хоног явсан. Эрдэнэтэд олон найз нөхөд бий, 50 жилийн ой тэмдэглэсэн. Хөвсгөл бол миний төрсөн нутаг. Нутгийн маань Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиож, очиж баяр хүргэсэн. Аймгийн театрууд бол соёлын бодлогын төвд байх ёстой байгууллагууд. Тиймээс барилга байшин, боловсон хүчин, удирдлага менежментийн асуудлууд нэлээд байгаа юм билээ.

-Чуулган завсарласан энэ өдрүүдэд таны хувьд ямар ажилд илүү анхаарч, төвлөрч байна вэ?

-Монгол Улс түлш, эрчим хүчний хараат байдлаас гарах ёстой. Энэ зорилгоор нүүрснээс шатахуун, хийн түлш, нийлэг материал, устөрөгч зэргийг үйлдвэрлэхийн тулд татвар, эрх зүйн орчин ямар байх шаардлагатай талаар судалж байна. Сүүлийн жилүүдийн дэлхийг хамарсан цар тахал, геополитикийн хямралаас үүдэн улс орнууд үндсэн түүхий эд, суурь аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээ аль болох дотоодоосоо хангаж эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэхийг хичээх болсон. Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн үйл ажиллагаа нь импортын дизелийн түлш, тэсэлгээний материал тасалдвал бүрэн зогсох эрсдэлтэй байдаг.

Түүнчлэн газар тариалан, хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангахад дотоодын бордооны үйлдвэрлэл чухал. Эдгээр суурь бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангахын тулд нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай байна. Түлш, шатахууны хэрэгцээний талыг Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрээс хангаж болох ч үлдсэн хэрэглээгээ хангах эх үүсвэр шаардлагатай хэвээр байна. Тэр нь нүүрсээ боловсруулах явдал юм л даа.

-Үнэхээр энэ цаг үед түлш, шатахуун, эрчим хүчний хараат байдлаасаа салах шаардлагатай гэдгийг бидэнд тодорхой сануулж байна, тийм үү?

-Ерөөсөө улсын эдийн засгийн аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадвар гэдэг зүйл энэ цаг үед дэлхий даяар онцгой тавигдаж буй асуудал. Гол асуудал нь эрчим хүч, хүнс, логистик гэж хэлж болно. Эрчим хүчтэй бол үйлдвэрлэл явагдана, амьдрал буцална. Эрчим хүчний нэг хэлбэр нь цахилгаан. Цаана нь түлш, дулаан, шатахуун байна. Саяхан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн дуудлага худалдааг анх удаагаа зохион байгуулсан. Би үүнийг дэмжиж байгаа. Үнэ буурсан сайн дохио. Одоо эдгээр төслүүд хэрэгжих ёстой. Шахаж шаардах хэрэгтэй гэж бодож байна. Нүүрсний станцууд нэг үеэ бодоход хэрэгжээд эхэлсэнд талархалтай ханддаг. Том төслүүд бий. Тэднээс илүүтэй Чойбалсан, Завханд баригдсан, Сэлэнгэд баригдаж байгаа шиг жижиг дунд хэмжээний эх үүсвэрүүд аймаг болгонд хэрэгтэй. Ямар нэгэн саад болохгүйгээр дэмжээд явах ёстой юм. Гагцхүү юунаас болгоомжлох хэрэгтэй вэ гэхээр төрийн нэр барьж өндөр үнээр урт хугацаанд шахаа хийх том төслүүд олширвол урт хугацаандаа төсөвт дарамт болж эргээд салбараа хойш татна. Иймээс үнийн томьёо зохистой байх нь чухал. Ер нь бол сэргээгдэхийн дуудлага худалдаа хийсэн шиг нүүрс дээр бас сонгон шалгаруулалт хийсэн ч болно. Алсдаа нийлүүлэгч, худалдан авагч тохироод төслөө хэрэгжүүлдэг зах зээлийн холимог тогтолцоонд шилжих хэрэгтэй.

-Найр, наадмын өдрүүд улстөрч, тэр дундаа Засгийн газрын гишүүдийн хувьд өндөрлөсөн гэж ойлгож байгаа. Одоо ажлаа шуурхайлахгүй бол нийгэм, эдийн засгийн хувьд амаргүй байх шиг байна, тийм үү?

-Амар сайхан байна гэж ярьж байгаа хүн ховор л байх шиг байна шүү.

-Намрын ид ажил өрнөж эхлээгүй байхад шатахуун түлшний тасалдал явагдаж байна. Үнийн өсөлт, валютын ханш нэмэгдэх зэрэг иргэдийн амьдралд хүндрэл учруулах олон зүйл байна. Энэ бүхнийг яаж шийдэх ёстой вэ?

-Шатахуун хангамжийн талаар миний харахад энэ Засгийн газар чадлаараа л ажиллаж байх шиг байна. Оросын талтай байнга л ярьж байгаа харагддаг. Хятадаас бас авахаар болж байна. Энэ дайн байлдаанаас болоод үнэхээр хүнд асуудал битгий үүсчихээсэй л гэж залбирах юм. Богино хугацаанд, яг одоо энэ намар ингэнэ тэгнэ гэхэд хэцүү. Өөр юу хэлэх вэ дээ, дотоодын шатахууны эх үүсвэр байхгүй улс. Бий болгоход харин бодлого хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр талыг нь хангана. Үлдсэнийг хангахад мэдлэг туршлага хэрэгтэй учраас туршилтын үйлдвэр эхлээд байгуулах саналыг би энэ парламентын үед гаргасан. Гэхдээ олонхын дэмжлэг авч чадсангүй. Тийм зүйл хийж чаддаггүй юм бол ядаж хууль эрх зүйн орчин дээр ажиллахыг хичээж байна. Үнийн өсөлтийн шалтгаан бол түлш шатахуун, логистикийн өртгийн нэмэгдэлт, олон улсын байдалтай ч холбоотой.

Биднээс хамааралтай зүйл гэвэл үргүй зардлаа танах, экспортын орлогоо нэмэх, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ эрүүлээр ажиллуулах асуудлууд байгаа юм. Төрийн эдийн засаг хэт давамгайлсан, төсвөөр тэжээгддэг улсад үнийн өсөлтийг хянах боломж бараг байхгүй. Өөрсдөө зардлаа нэмнэ, дараа нь инфляци өснө, үнэ өснө. Төр цомхон, хүчтэй, аж ахуй, эдийн засгийг хувийн хэвшил чирж явдаг чиглэл рүү бид алхам алхмаар л урагшлах хэрэгтэй. Саяны татвар, бизнес, эдийн засгийн эрх чөлөөний хуулиуд уг нь ийшээгээ чиглэж байгаа гэж найдаж байна. Гэхдээ хөдөлж ядсан байдлаар. Дахиад ч шахах хэрэгтэй. Үүний тулд улс төр байдаг.

-Цаашид эрчим хүч, шатахууны асуудлыг яах вэ. Нөөцийн сав барина гэсэн ойрын шийдэл ярьж байгаа ч тэрийгээ барьж чадахгүй байгаа нь салбарын сайдын бодлого дутаж байна уу, Засгийн газрын хойрго байдал нөлөөлж байна уу?

-Нөөцийн сав барина гэдэг хөрөнгө оруулалт өндөр, зардал ихтэй. Бензин чинь ууршаад хорогдоод зардал гараад байдаг байхгүй юу. Тийм болохоор хууль байдаг ч хувийн компанийг шахахад ч хэцүү, улсаас сав бариад байх ч хэцүү. Гол шийдэл бол шатахууны үйлдвэрлэл дотооддоо, тасралтгүй байх явдал. Цахилгаан машины хэрэглээ огцом нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Метан хийн хайгуул удаан байна. Уг нь хийн түлш бол машины бас нэг шатахуун. Олон төрөлтэй байх тусмаа сайн гэсэн үг. Мөн нүүрсээ боловсруулна. Энэ нэг төрлийн шинэ юм турших гээд байгаа зүйл огт биш. Аль хэзээний хуучин технологи. Зориг л хэрэгтэй. Өмнөд Африкийн бүгд найрамдах улс 1960-аад оноос өдийг хүртэл бензин, дизелийн түлшээ нүүрснээс гарган авч байна. БНХАУ 2022 оны байдлаар жилд 40 сая тонн нүүрс боловсруулж 11 сая тонн шатахуун үйлдвэрлэсэн байна. Тус улсад аммонийн бордооны нийт үйлдвэрлэлийн дийлэнхийг нүүрснээс гаргаж авч байгаа. Мөн хуванцар, нийлэг материал, химийн бүтээгдэхүүний гол түүхий эд метанол гэхэд жил бүр нүүрснээс 80 сая тонныг үйлдвэрлэж, нүүрс химийн үйлдвэрлэл нь бие даасан, ашигтай ажиллагаатай бизнесийн салбар болон хөгжсөн талаар Олон улсын эрчим хүчний агентлагийн “Нүүрс 2024” тайланд тусгасан байна. Тиймээс л Монгол Улсад нүүрснээс шатахуун, хийн түлш, бордоо, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхаарч байна даа.

-Хаврын чуулганы төгсгөлд бизнесийг дэмжих, татварыг бууруулах олон хууль баталлаа гэж эрх баригчид шоудаж байсан. Тэр нь үнэхээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эерэг нөлөөлж чадах уу?

-Нөлөөлж байгаа эсэхийг оны эцсээр хэлж болох байх. Зохицуулалтууд угаасаа үйлчилж эхлээгүй байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөхийн татвар гээд хөнгөлөлтүүд батлагдсаныг үгүйсгэж болохгүй. НӨАТ-ын хувьд төлөх босгыг 400 сая хүртэл нэмэгдүүлсэн нь олон аж ахуй эрхлэгчдэд хөнгөлөлт болох хэдий ч НӨАТ төлдөг хэсэгтээ нэмэлт дарамт болоод чөлөөлөгдөх биш, зүгээр ачаалал нь шилжээд явчихаж байгаа юм. Миний хувьд 400 сая хүртэл борлуулалттай хэсэг тэг хувь, “тэг” НӨАТ төлөөд, харин НӨАТ төлөгч нь авсан тэг НӨАТ-тэй бараандаа ногдох НӨАТ-ыг хасуулаад явбал жинхнээсээ хөнгөлөлт болно гэж үзэж санал гаргаж тавьсан ч энэ удаад явсангүй. Ингэхгүй бол чөлөөлөгдөх биш, татварын ачаалал зүгээр л шилжээд байгаа юм. Гэхдээ эерэг өөрчлөлтүүд хийгдсэн. Зүгээр шоу гэж болохгүй. Яахав, хандлагын ялгаа юу байна гэхээр татварын хэлбэрүүдийг цөөлье, хэмжээг бууруулъя гэдэг саналыг гаргадаг гишүүд бол төр бүх ачааг авах хэрэггүй, эдийн засаг дахь улсын төсвийн эзлэх хэмжээг бууруул, бизнес илүү хөгжих боломжийг олго гэдэг хандлагатай. Би ийм байр сууринаас л татвар, НДШ-тэй холбоотой хуулийн төслүүдийг хамтарч өргөн барьсан. Нөгөө талдаа энэ хөнгөлөлтийг хийхдээ төсвийн хэмжээгээ хэвээр хадгалж, “Яавал буулгасан юм шиг харагдаад бодит байдал дээр нийлбэр дүнгээр нэг их буулгахгүй байх вэ” гэж тоон дээр тоглож байгаа нь харагдсан. Энэ хооронд нэлээд яриа хэлэлцээр болж байж дундын хувилбараар батлагдлаа. Чамлахаар чанга атга гэдэг.

-Намрын чуулганаар төсөв хэлэлцэнэ. Ирэх оны төсөв дээр таны хувьд юуг илүү анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Өнгөрсөн жилийн төсөв дээр элдэв үр ашиггүй, эргэлзээтэй төслүүд, тэдгээрийн хөрөнгө оруулалт болон урсгал зардлыг бууруулахад гишүүний хувиар онцгойлон анхаарсан. Ийм байдлаар нь үргэлжлүүлнэ. Бүр гайхмаар өндөр дүнтэй хийсвэр асуудлуудыг зарим гишүүдийн хамтаар гарган тавьж, танаж, хямгадсан шүү дээ. 2025 оны төсвийн ажлын хэсэгт хөрөнгө оруулалтын дэд хэсгийг ахалж ажилласан. 2026 оны хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хавьгүй их даваад гарчихсан, эргээд нэгдсэн төсөвт эрсдэл учруулахаар их хэмжээний зарцуулалтыг эргэлзээтэй байдлаар хийж байгаа нийслэлийн төслүүдийг анхаарч, ерөнхий хяналтын сонсгол санаачилж зохион байгууллаа. Үүний үр дүнд улсын нэгдсэн төсвийн бодлогод зарим өөрчлөлт хийгдэнэ. Засгийн газар, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагууд ашиг сонирхлын зөрчилтэй тохиолдлууд, ийм нөхцөлийг үүсгэж байгаа эрх зүйн орчны алдаа дутагдлыг олж илрүүлэх, дүгнэлт боловсруулах тал дээр УИХ-тай хамтарч ажиллаж, эрх зүйн орчноо сайжруулна гэсэн хүлээлттэй байна.

-Нийгэмд тулгамдсан асуудал их байгаа. Гадаад нөхцөл байдал ч сайнгүй байна. Тэгэхээр хаврын чуулганаар батлагдаж амжаагүй олон хуулийн төслийг намрын чуулганаас өмнө хэлэлцэх шаардлагаар ээлжит бус чуулган хуралдах болов уу?

-Онцгой хэрэгцээ үүсвэл хэзээ ч хуралдах боломж бий. Энэ хооронд ажил хариуцсан эрх баригчид ажлаа хийх л үүрэгтэй, хийгээд ч явж байгаа гэж харж байна. Ер нь зарчмын хувьд төрийн наадам долдугаар сарын 11-нд нэгдсэн байдлаар орон даяар хийгээд дуусч байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг удаагийн арга хэмжээ, түмэн морины баяр зэргээс болж үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдрийн товыг сольж, хольж байх нь олон жил бий болсон уламжлал талаасаа хүндэтгэлгүй болов уу даа. Аймаг сумын ой, бүсийн хурд, уул усны тахилгыг орон нутгийн хэмжээнд, эсвэл төрийн албан арга хэмжээний хүрээнд цомхон хийж байхгүй бол өргөн олноороо хавтгайраад, бензин шатахууны түгээх станцуудын сав суулга хүртэл энэ өдрүүдээр ховх соруулаад хоосорчихож байна шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 13 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 20 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 26 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 33 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 58 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 1 цаг 8 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 1 цаг 15 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 1 цаг 24 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 1 цаг 32 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 2 цаг 2 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 2 цаг 37 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 41 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 16 цаг 55 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 18 цаг 12 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 45 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 18 цаг 51 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 21 цаг 1 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 21 цаг 7 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 21 цаг 11 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 21 цаг 15 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top