x

Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

/МОНЦАМЭ/ Европын Холбооны санхүүжилтээр 2022-2026 онд хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

ДУЛААН БАЙШИН, БАГА ЗАРДАЛ, ЦЭВЭР ОРЧИН: МЯНГА, МЯНГАН АЙЛ ӨРХИЙН АМЬДРАЛД ГАРСАН БОДИТ ӨӨРЧЛӨЛТ

Өвөл бүр түлшний зардал, хүйтэн байшин, утаатай орчинтой нүүр тулдаг байсан олон мянган айл өнөөдөр дулаалгын үр шимийг бодитоор мэдэрч байна. Байшингаа дулаалснаар тэд илүү дулаан, тав тухтай орчинд амьдрахаас гадна эрчим хүчний хэрэглээ, түлшний зардлаа бууруулж, эрүүл амьдрах нөхцөлөө сайжруулжээ. Энэ өөрчлөлтийг бий болгоход Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд чухал хувь нэмэр орууллаа. 

Амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой тус төсөл 2022–2026 онд амжилттай хэрэгжиж, зөвхөн айл өрхийн байшинг дулаалахаас гадна дулаалгын зах зээлийг хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, эрчим хүчний хэмнэлтийн шинэ шийдлүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа хэрэгжүүлсэн юм.

2024 оны байдлаар Улаанбаатар хотод 475.1 мянга гаруй өрх оршин суудаг бөгөөд нийт өрхийн 50–60 орчим хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. (Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо) Гэр хорооллын айл өрхийн халаалт нь нийслэлийн агаарын бохирдлын гол эх үүсвэрийн нэг хэвээр байгаа нөхцөлд дулаан алдагдлыг бууруулах нь зөвхөн өрхийн амьдрах орчныг сайжруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй шийдэл болохыг “Дулаан шийдэл II” төсөл харуулсан юм. 

Дөрвөн жилийн хугацаанд 201 дулаалгын бригад бэлтгэж, 4,850 өрхийг дулаалснаар 20 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлжээ. 

1.Стандартын дагуу дулаалга хийх хүний нөөцийг бүрдүүлэв

Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол Улсад амины орон сууцны дулаалгыг стандартын дагуу чанартай гүйцэтгэх мэргэшсэн боловсон хүчин, нэгдсэн аргачлал хангалттай бүрдээгүй байв. Үүний улмаас олон иргэн байшингаа дулаалахаас илүүтэй халаалтын төхөөрөмжөө нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэхийг оролддог байсан нь түлшний хэрэглээ, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг байлаа.

“Дулаан шийдэл II” төслийн томоохон үр дүнгийн нэг нь дулаалгын салбарт ажиллах чадварлаг хүний нөөцийг бий болгосон явдал юм.

Төслийн хүрээнд боловсруулсан цогц сургалтуудад нийт 201 дулаалгын бригад хамрагдсан бөгөөд сургалтын агуулгад зөвхөн дулаалгын технологиос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, маркетинг борлуулалт, дижитал платформ, бизнес хөгжлийн зэрэг чухал сэдвүүдийг багтаасан байна. Ингэснээр стандартын шаардлага хангасан дулаалгын үйлчилгээ үзүүлэх чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэж, дулаалгын зах зээлд тогтвортой ажиллах боломж бүрджээ.

Дулаан шийдэл төслийн дулаалгын зөвлөх Д.Нямгэрэл:   

“Төсөлд хамрагдсанаар зөвхөн дулаалгын технологи сурсан төдийгүй энэ салбарт ажиллаж туршлага хуримтлуулж, салбарын хүмүүстэй харилцах боломж нэмэгдсэн. Мөн барилгын салбарын ажилтнуудын хувьд улирлын хамаарал багатай, тогтвортой орлоготой болох боломж бүрдсэнд баяртай байдаг” хэмээн ярив. 

 2.“Хялбар шийдэл” аянаар дамжуулан иргэдийг дулаалгын шийдлийн нэг хэсэг болгов

Амины орон сууцыг стандартын дагуу бүрэн дулаалах нь эрчим хүчний хэмнэлтийг хамгийн өндөр түвшинд хүргэх үр дүнтэй шийдэл боловч анхны хөрөнгө оруулалтын зардал нь олон өрхийн хувьд шийдвэр гаргахад нөлөөлөх чухал хүчин зүйл хэвээр байна.

Энэхүү сорилтыг шийдвэрлэх, иргэдэд дулаалгын ач холбогдлыг ойлгуулах, өөрсдийн боломж нөхцөлд тохирсон энгийн бөгөөд хэрэгжүүлэхэд хялбар арга замыг түгээх зорилгоор “Дулаан шийдэл II” төсөл “Хялбар шийдэл” аяныг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүллээ. Аян нь иргэдийг зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, өөрсдийн болон хөршийнхөө амьдрах орчныг сайжруулах идэвхтэй оролцогч болгон татан оролцуулснаараа онцлог байв.

Аяны хүрээнд иргэд “Дулаан алдагдлыг хэрхэн тодорхойлох”, “Дулаалгын ач холбогдол”, “Цонх, хаалга, шал, хана, яндан хоолойг хялбар аргаар хэрхэн дулаалах” зэрэг практик мэдлэг олгох сургалтад хамрагдаж, сургагч өрхүүдийг бэлтгэсэн байна. Сургагч өрхүүд нь өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа 5 хүртэлх хөрш өрхдөө хуваалцаж, хялбар дулаалгын шийдлүүдийг гэртээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн, орон нутагтаа дулаалгын мэдлэг түгээгч болсон юм.

Төслийн хүрээнд иргэд өөрсдөө хэрэгжүүлэх боломжтой, олдоц сайтай материалд тулгуурласан 14 төрлийн хялбар дулаалгын шийдлийг боловсруулсан бөгөөд эдгээр нь 16 хүртэлх хувийн эрчим хүчний хэмнэлт бий болгох боломжтой байв. Эдгээр шийдлийг олон нийтийн сургалт, богино хэмжээний цахим контент болон мэдээллийн материалаар дамжуулан түгээснээр нийт 4,481 өрх өөрийн байшиндаа хялбар аргаар дулаалга хийж, эрчим хүчний хэрэглээгээ бууруулах алхам хийсэн байна. Мөн 660 сургагч өрх 5–10 см-ийн дээврийн дулаалгыг төслийн дэмжлэгтэйгээр хийлгэж, дулаалгын бодит үр өгөөжийг мэдрэх боломж бүрджээ.

Чингэлтэй дүүргийн 13-р хорооны иргэн:

-“Манай байшин 50 м² талбайтай. Хялбар шийдлийн аргаар цонх, яндан, хаалгаа дулаалсан. Дулаалгын үр дүн шууд мэдрэгдсэн. Байшин дулаан болохоор илүү тухтай, цэвэрлэгээ хийхэд урамтай, цэвэрхэн, тохилог орчин бүрдсэн” хэмээн ярьсан юм.

3.Эрчим хүчний хэмнэлттэй загвар сууцыг барьж олон нийтэд танилцуулав

“Дулаан шийдэл II” төсөл нь зөвхөн одоо байгаа амины орон сууцыг дулаалах төдийгүй шинээр байшин барихаар төлөвлөж буй иргэдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой сууцны шийдлийг туршин нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Энэ хүрээнд Nearly zero-Energy building (Nzeb) буюу "тэг рүү тэмүүлсэн эрчим хүчний орон сууц"-ны зарчимд нийцсэн амины орон сууцны зураг төслийг боловсруулж, загвар сууцыг барин, иргэд, оюутан, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулсан юм. Тус загвар сууцыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1-р хороо, ШУТИС-ийн 5-р байрны дэргэд байрлуулсан бөгөөд эрчим хүчний хэрэглээг аль болох бууруулах, үлдсэн хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах зарчимд тулгуурлан төлөвлөжээ. 6x6 метр хэмжээтэй энэхүү сууц нь өндөр чанарын дулаалгатай, эрчим хүчний А ангилал буюу өндөр хэмнэлттэй барилгын шийдэлтэй. Халаалтын системийг 5-15 кВт хүчин чадалтай агаар усны дулааны насос,  5.6кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, зай хураагуур, усан нөөцлүүр, хуримтлуурт цахилгаан халаагуур гэсэн 3 төрлийн нөөцийн системүүдийг хослуулан суурилуулсан байна. Загвар сууцтай танилцахаар нийт 925 хүн ирж, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдэл, сэргээгдэх эрчим хүчний боломжийн талаар мэдээлэл авсан байна. Мөн энэхүү загвар сууцны шийдлийг ашиглан Өмнөговь аймагт 1 байшин баригдсан нь туршилтын үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлж эхэлсний нэг жишээ боллоо. 

4.Хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан амины орон сууцны сэргээгдэх эрчим хүчний шийдлийг туршлаа 

“Дулаан шийдэл II” төсөл нь Юрика ХХК болон “Бодь Пропертийз” компанитай хамтран амины орон сууцны эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны цахилгаан үүсгүүрээр хангах боломжийг судлах туршилтын төслийг хэрэгжүүллээ.

Туршилтын хүрээнд хоёр айлын орон сууцыг бүрэн дулаалж, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулсны дараа нарны цахилгаан үүсгүүрийн систем болон цахилгаан халаалтын төхөөрөмж суурилуулан, эрчим хүчний хэрэглээний хэмжилт, үнэлгээг хийсэн байна.

Туршилтын үр дүнд нарны цахилгаан үүсгүүр нь дулаан алдагдал багатай, агаарын битүүмжлэл сайтай байшинд илүү үр ашигтай ажиллах боломжтой нь тогтоогдож, цаашдын туршилт, судалгааг өргөжүүлэхэд шаардлагатай суурь мэдээлэл бүрдсэн юм.

5.Төслийн туршлага, аргачлалыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх эхлэлийг тавив 

 

Хотжилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдлын асуудал зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй аймгийн төвүүдэд ч тулгамдсан асуудлын нэг болж байна. Иймээс “Дулаан шийдэл II” төсөл нь төслийн хүрээнд бий болсон сайн туршлага, мэдлэг, аргачлалыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа сонгогдсон нэг аймагт өргөжүүлэн туршин хэрэгжүүлсэн юм. Аймгийн төвүүдийн агаарын бохирдлын түвшин, хэрэгжүүлэх суурь нөхцөл, өрхийн эдийн засгийн боломж зэрэг чанарын болон тоон нийт 13 шалгуур үзүүлэлтийг үндэслэн төвийн бүсийн тулгуур төв болох Дархан-Уул аймгийг сонгон хамтын ажиллагаагаа эхлүүлжээ.

Дархан-Уул аймагт хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ төслийн аргачлал, туршлагыг орон нутгийн нөхцөлд амжилттай туршин, 30 аад дулаалгын бригад бэлтгэсэн бөгөөд нийт 100 аад өрхийн байшинг дулаалсан байна. Туршилт амжилттай хэрэгжсэнээр цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Дархан-Уул аймгийн 2013 оноос хойш хэрэгжүүлж буй гэр хорооллын тэлэлтийг хязгаарлах, нийтийн болон эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны шийдлийг нэмэгдүүлэх бодлоготой уялдсан чухал алхам болсон юм.

Төслийн хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжид үндэслэн амины орон сууцыг дулаалах аргачлал, хэрэгжүүлэх үе шат, техникийн шийдлүүдийг багтаасан “Аргазүйн багц”-ыг боловсруулж, Дархан-Уул аймагт бодит хэрэгжилтийн жишээгээр танилцуулсан байна. Үүний зэрэгцээ уг аргачлал, сайн туршлагыг бусад аймаг, орон нутгийн төлөөлөлд зориулсан сургалт, мэдээллийн үйл ажиллагаагаар дамжуулан түгээж, цаашид орон нутагт хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Дархан-Уул аймагт хийсэн энэхүү туршилтын хэрэгжилт нь “Дулаан шийдэл” төслийн аргачлалыг зөвхөн нийслэлийн нөхцөлд бус, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх боломжтойг харуулсан бөгөөд цаашид бусад аймагт өргөжүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлага, аргачлалын суурийг бүрдүүлсэн байна.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн “Дулаан шийдэл II” төсөл нь зөвхөн амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулаад зогсохгүй, Монгол Улсад дулаалгын зах зээлийг хөгжүүлэх, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон талын хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Төслийн гол үр дүн, бий болгосон тогтолцоог дараах байдлаар дүгнэж болно:

  • Олон талт хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэв. Төсөл хэрэгжих хугацаанд төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, хувийн хэвшилтэй өргөн хүрээнд хамтран ажилласан бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэл, дүүрэг, аймгийн Засаг даргын Тамгын газрууд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг байгууллагуудын оролцоо нь төслийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 
  • Ногоон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэв. Амины орон сууцны дулаалгын үйлчилгээ нь урт хугацаанд үр ашигтай боловч анхны хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаг нь иргэдийн хувьд гол сорилт байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэх хүрээнд төсөл 5 банк, 3 банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлж, иргэдэд хүртээмжтэй санхүүжилтийн боломжийг бий болголоо. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтран жилийн 6 хувийн хүүтэй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож, зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлсэн нь дулаалгын үйлчилгээг өрхийн түвшинд хүртээмжтэй болгоход чухал алхам болсон юм. 
  • Санхүүгийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэв. Банк, банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудад зориулан “Амины орон сууцны дулаалга: Ногоон санхүүжилт” сэдэвт онлайн сургалтын материалыг боловсруулж, цахим хэлбэрээр түгээсэн. Эндээс үзнэ үү. Ингэснээр хэрэглэгчидтэй хамгийн ойр ажилладаг санхүүгийн байгууллагын ажилтнууд ногоон зээлийн талаар зөв мэдээлэл өгч, иргэдэд тохирох санхүүгийн шийдлийг сонгоход дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн байна. 
  • Олон улсын туршлага, мэдлэгийг дотоодын шийдэлтэй уялдуулав. “Дулаан шийдэл” төслийн хүрээнд Бельги, Франц улсад зохион байгуулсан Европын туршлагатай танилцах айлчлалд Монголын төрийн байгууллага, санхүүгийн салбарын төлөөллүүд оролцож, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх бодлогын арга хэрэгсэл, санхүүгийн механизм, урамшууллын тогтолцооны талаар туршлага судалж, мэдлэг солилцлоо. Энэхүү олон улсын туршлага нь Монгол Улсад амины орон сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих бодлогын орчныг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, цаашлаад “Цэвэр агаар” нөлөөллийн ажлын хэсэг байгуулах, амины орон сууцны дулаалгатай холбоотой бодлого, арга хэмжээ боловсруулах суурь болсон юм.
  • Олон нийтийн санаачилга, хамтын ажиллагааг дэмжин ажиллав. “Дулаан шийдэл” төсөл нь зөвхөн өөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй, амины орон сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй бусад санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллалаа. Энэ хүрээнд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжсэн “ДулаанБаатар” аяны үйл ажиллагаанд хамтран оролцож, иргэдэд дулаалгын ач холбогдол, зөв шийдэл сонгох талаар сургалт, мэдээлэл хүргэв. Мөн Амины орон сууцны мэдээллийн төв болон Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газартай хамтран иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл, зөвлөмжийн ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн “Дулаалъя” аяныг дэмжиж, дулаалга хийсэн өрхүүдэд эрчим хүчний аудитын гэрчилгээ олгох, дулаалгын үр дүнд бий болсон бодит эрчим хүчний хэмнэлтийг үнэлэх чиглэлээр хамтран ажилласан юм.

“Дулаан шийдэл” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан донор байгууллагууд болох Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөр, Орон сууцжуулалтын сан, ГАГГА сан, Францын хөгжлийн санд талархал илэрхийлье.

Төслийг удирдан хэрэгжүүлсэн БНФУ-д төвтэй ЖЭРЭС ОУТББ болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох ШУТИС-ийн Барилгын Эрчим Хүчний Хэмнэлтийн төв, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Эмэгтэйчүүдийн сан, Монголын Ногоон Санхүүгийн Корпорац-д Монгол Улсад үр өгөөжөө өгсөн энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж, бодит үр дүн бий болгоход оруулсан хувь нэмэрт талархал илэрхийлье.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг дэмжих чиглэлээр чухал суурь бүрдэж, цаашдын тогтвортой хөгжлийн боломжууд нээгдлээ.

Төслийн хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүйг энэхүү видеоноос үзээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 1 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 7 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 14 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 39 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 49 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 56 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 1 цаг 5 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 1 цаг 12 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 1 цаг 43 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 2 цаг 18 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 3 цаг 22 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо 16 цаг 36 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ 17 цаг 53 мин Оросын эрх баригчид П.Дуровыг терроризмыг дэмжсэн хэрэгт буруутгажээ 18 цаг 26 мин "Оюутан цэрэг" сургалтын явцтай танилцаж, шалган туслах ажил явууллаа 18 цаг 32 мин Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 20 цаг 42 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 20 цаг 47 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 20 цаг 52 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 20 цаг 56 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 21 цаг 1 мин
iИх уншсан
Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top