Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид М.А.Булгаковын алдарт “Мастер, Маргарита хоёр” романаас сэдэвлэсэн жүжгийг 2027 онд тайзнаа толилуулахаар болжээ.
Энэхүү бүтээл нь тус театрын “Шинэ замд хамтдаа” стратегийн төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ба 2027 оныг “Сэдэвлэсэн жүжгийн жил” болгож буй юм.
"Мастер, Маргарита хоёр" жүжгийг Э.Билгүүн саунд драма төрлөөр бүтээх юм. Тэрбээр Москвагийн Театрын Урлагийн дээд сургууль /ГИТИС/-ийг төгссөн бөгөөд А.П.Чехов, А.П.Казанцев, Б.Брехт, Н.В.Гоголь, И.А.Бродский, А.Грин зэрэг зохиолчдын бүтээлийг ОХУ-ын театрын тайзнаа, Жан Женегийн “Үйлчлэгчид” жүжгийг Беларусийн тайзнаа, А.Гриний “Аранзал дарвуулт хөлөг” жүжгийг Казакстаны тайзнаа найруулан тавьж, хөгжмийн зохиолчоор ажилласан туршлагатай аж.
Театрын урлагийн хувьд "Мастер, Маргарита хоёр" романыг тайзнаа амилуулах нь найруулагчдаас асар их ур чадвар шаарддаг сорилт гэж тооцогддог. 1977 онд Москвагийн Таганка театрт Юрий Любимовын найруулсан жүжиг хамгийн сонгодог хувилбарт тооцогддог. Тэрбээр орон зайн шинэлэг шийдлээрээ уг романыг тайзны урлагт нээж өгсөн юм.
Олон улсын театрын практикт уг романыг найруулахдаа "Мастер, Маргарита хоёр"-ыг зөвхөн драм бус, харин мультижанр буюу олон төрөлт урлагийн нэгдэл хэлбэрээр тавих нь түгээмэл байдаг байна.



