Ухаалаг камерын системийг нэвтрүүлснээр гэрлэн дохионы зохицуулалтыг илүү оновчтой болгож, замын хөдөлгөөнийг жигд, тэнцвэртэй зохион байгуулах боломж бүрдээд байна.
Системийн хүрээнд авто замын хөдөлгөөний эрчмийг бодит цагийн горимд тоолж, тээврийн хэрэгслийн урсгал, чиглэлийг нарийвчлан тодорхойлж, зөрчил гаргасан авто машиныг илрүүлэн хяналт тавих нөхцөл бүрджээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, уг шийдлийн үр дүнд зохицуулалттай бүх уулзвар, гарцын гэрлэн дохионы тохиргоог илүү нарийвчлалтай хийж, гараар удирдах шаардлагыг 50 хувиар бууруулсан байна. Ингэснээр нэг албан хаагчид ногдох ажлын ачаалал багасаж, замын хөдөлгөөн илүү жигд зохицуулжээ.
Өмнө нь 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан бол одоо 93 уулзварын гэрлэн дохиог мөн ийм давтамжаар удирдаж, илүү өргөн хүрээнд, үр ашигтай зохион байгуулж байна.



