Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүүтэй ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг өсөлттэй гарсан мэдээлэл бий. Тэгвэл энэ өсөлт аль салбаруудад гарсан юм бэ?
-Эдийн засгийн бодит өсөлт 2025 онд 6.8 хувь гарсан. Бид оны өмнө гүйцэтгэлээрээ 6.5 хувь гарах болов уу гэж бодож байсан ч эдийн засгийн өсөлт дажгүй сайн байлаа. Харин үүнийг салбараар нь харвал сүүлийн хоёр жилд дараалсан зудын нөлөөгөөр малын хорогдол их, салбар нь агшчихсан байсан. Гэхдээ эргээд 33.2 хувиар хөдөө аж ахуйн салбар өссөн. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоололдоо сайн нөлөө үзүүлж байгаа. Нийт 6.8 хувийн өсөлтийн 2.9 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Уул уурхайн салбарын хувьд дотоодод зэс, төмөр, жоншны баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж, тус салбар 10.6 хувиар өссөнөөр нийт өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүлсэн. Мөн боловсруулах салбар 10 хувиар өссөн, үүний дотор хүнсний үйлдвэрлэл, мах боловсруулах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон хөнгөн үйлдвэрлэл зэрэг нь өссөн үзүүлэлттэй байгаа.
-Эдийн засаг ингэж өссөн ч хүмүүст мэдэгдэх нь, айлын хаалгаар орох нь мэдрэгдэхгүй байна гэсэн олон нийтийн шүүмжлэл байгаа. Тэгвэл бодит өсөлтөө ард иргэдэд хүргэх тал дээр ямар ажил хийх ёстой вэ?
-Уул уурхайн салбар маань бусад салбартай нь харьцуулахад хамаагүй бага ажиллах хүчинтэй. Тэгсэн хэрнээ экспортын болон татварын орлогын ихэнхийг бүрдүүлдэг.
Тэгэхээр хүмүүст цалингаар биш, энэ орлогоос оногдож байгаа татвар, улсын төсвөөр дамжиж илүү өгөөж нь хүрдэг онцлогтой. Мэдээж Төсвийн тогтворжуулалтын сан, Үндэсний баялгийн сан гээд шинээр гаргасан эрх зүйн орчноор хуваарилагдаад явах ч гэсэн иргэдэд мэдрэгдэх нь бага. Харин хөдөө аж ахуйн салбар маань уначихсан байгаад эргээд сэргэж байгаа учраас малчдад биет хэмжээгээрээ орлогын өсөлт явагдаж байгаа. Үүн дээр нэмээд махны үнийг хатуу барих бодлогоос Засгийн газар үе шаттайгаар татгалзах бодлого баримталж байна. Илүү төрийн оролцоог багасгаж, зах зээлийн зарчмаар явах нь үр дүнтэй. Мөн экспортод махан бүтээгдэхүүн сайн гарсан.
Ноднин жил 330 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Энэ нь эргээд боловсруулаад гаргаж байгаа аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгч, малчдын орлогыг нэмэгдүүлж байгаа. Ер нь тогтвортой орлогын үндэс нь хөдөлмөрлөж, ажил хийж олж байгаа орлого байдаг. Тиймээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бид хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрийг хангахад анхаарах нь зүйтэй.
Одоо хувийн хэвшил, бизнесийнхэнтэйгээ уулзахаар ажиллах хүчний асуудал их ярьдаг. Харин нөгөө талдаа ажилгүйдэл байгаад байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүссэний илрэл юм. Ажиллах хүчний оролцоо гэж ойлголт байдаг.
Нийт хөдөлмөрийн насны хүмүүс дотроос ажил хийж байгаа, идэвхтэй хайж байгаа тоог нийлүүлсэн харьцааг нь харахаар манайх одоо 62.3 хувь, цар тахлын үед 57 хувь болтлоо буурч байсан.
Гэтэл эдийн засгийн тогтмол өсөлт үзүүлдэг Вьетнам, Казахстан, Хятад, Солонгос зэрэг улсууд ажиллах хүчний оролцооны түвшнийг 63-69 хувьд хадгалсаар байна. Иймээс цаашдаа энэ үзүүлэлтийг тогтмол 65 хувь гаргах хэрэгтэй. Түүнээс биш халамж бол эмзэг бүлгийг хамгаалах чухал хэрэгсэл боловч урт хугацаанд иргэдийн амьжиргааг тогтвортой сайжруулах үндсэн эх үүсвэр нь бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийн орлого байх ёстой. Тэр утгаараа ажлын байр, ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх ёстой. Мөн одоо манай улс гадаадын ажиллах хүчнийг хязгаарласан, уян хатан бус зохицуулалттай байгаа юм. Хэрэгтэй газар нь оруулж ирдэг уян хатан байхгүй бол бизнес эрхлэгчид маань үүнийг хүсээд байна. Тиймээс энэ тал дээр зөв бодлого явуулах шаардлагатай. Нэмээд хэлэхэд, манай улсын эдийн засгийн бүтцийн 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний орлого байна. Энэ дотроо дахиад 93 хувь нь түүхий эдээрээ гарч байгаа. Тийм болохоор энэ салбарын боловсруулах үйлдвэрүүдэд нэлээд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ үйлдвэрүүдийнхээ бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлбэл бага жинтэй уул уурхайн бүтээгдэхүүн экспортлоод илүү их орлого олох боломжийг олгоно. Мөн сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн асуудал их байна. Монгол Улс бол дэлхий дахины хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлтэй холбогдсон улс. Хөрөнгө оруулалт татахын тулд бүх л улстай өрсөлддөг. Тиймээс хямд эх үүсвэртэй ногоон санхүүжилтийг татахад илүү анхаарах цаг нь болсон. Үүн дээр ч бид илүү анхаарч байна.
-Яамнаас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвийг байгуулсан. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид энэ төвд хэр хандаж байна. Ямар, ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Эдийн засаг хөгжлийн яамны нэгдүгээр давхарт Нэг цэгийн үйлчилгээ үйл ажиллагаагаа явуулж байсан. Эндээс төрөөс гадаадын хөрөнгө оруулагч нарт үзүүлдэг үндсэн зургаан үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Харин энэ оны эхнээс эхлээд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв буюу зөвхөн үйлчилгээ үзүүлэх биш мэдээллээр хангах, арга зүйн зөвлөмж үзүүлэх, зөвлөн туслах, хэлэлцүүлэг хийж санал бодлыг нь сонсох, гомдол хүсэлтийг нь шууд хүлээж авах зэргээр ажиллаж байна. Ингээд долоо хоног бүр тодорхой сэдэв, агуулгаар үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд “Японы хөрөнгө оруулалтын өдөр”-ийг зохион байгуулсан. Энэ бол тус улстай байгуулсан 2015 оны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хийж байгаа ажил. Саяхан хамтарсан хорооны хурлыг нь манай яам зохион байгуулсан. Тэгэхээр энэ төвөөр дамжиж хийгдэж байгаа ажлууд бол иргэд, аж ахуйн нэгжийн бодитой бизнестэй нягт уялдаатай явагдаж байгаа.
-Бизнесийнхний өмнө тулгамдаж байгаа ямар асуудлууд байна. Хөрөнгө оруулагчид төр засгаас чухам юу хүсэж байна вэ?
-Хөрөнгө оруулагчид, бизнесийнхэн ерөөсөө л тодорхой бөгөөд тогтвортой байдлыг л хүсэж байна. Манай улсын татварын орчныг үнэлээд үзэхээр тийм ч муу биш. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргалт, тэдгээрийн хэрэгжилт нь тогтвортой байдаггүй. Гэнэтийн шийдвэрүүд гардаг. Тэр нь шууд болон шууд бусаар бизнесийнхэн, хөрөнгө оруулагчдын ашигт үйл ажиллагаанд нөлөөлдөг. Хоёрдугаарт, шинээр хөрөнгө оруулалт татахаас гадна нэгэнт ороод ирчихсэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал байна. Мэдээж эрх ашиг зөрчигдөх, маргаан үүсэх асуудал гарна. Үүнийгээ дотоодын шүүхээр шийдвэрлүүлэхэд хугацаа их ордог. Хохирлыг нь нөхөн төлүүлэх, барагдуулах хэрэгжилт маш их олон жил болдог. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар 15 жил үргэлжилж байгаа маргаан ч байна. Хохирлоо нөхөн төлүүлэх шийдвэр гарсан хүмүүсийн 10 хувь нь түүнийгээ олж авсан гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр гүйцэтгэх засаглалаас гадна шүүх засаглал дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах үнэхээр том шаардлага байгааг харуулж байгаа юм. Үүн дээр цаашдаа хууль тогтоогчид анхаарч ажиллах байх гэж бодож байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч байх тусмаа асуудлаа олон улсын арбитраар шийдүүлэх сонирхол их байдаг. Тэгэхээр энэ эрхийг нь нээж өгөх, шүүх, арбитр дээр очихоос нь өмнө Засгийн газрын албан ёсны бүтэц дээр гомдол саналыг нь сонсож, тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг тогтолцоог бий болгоё гээд ажиллаж байна.
-Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт дээр энэ бүхнийг шийдвэрлэх байдлыг тусгаж өгсөн үү?
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр гомдол маргааныг шийдвэрлэх зөвлөл байгуулж, Засгийн газарт танилцуулж, эрх бүхий байгууллагад шийдвэр, санал, мэдээллийг нь хүргүүлдэг тогтолцоо бий болгохоор тусгасан. Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хууль бол их цомхон хууль байгаа. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаа явуулах иргэний болон аж ахуйн нэгжийн үндсэн эрх чөлөөг нь хангах, баталгааг нь олгох агуулгатай хууль. Өмнө нь төрийн байгуулга, төрийн албан хаагчид бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр эс үйлдэл гаргаж, маш их зөрчил гаргадаг байсан. Учир нь хууль тогтоомжоор заагаагүй харилцааг төрийн албан хаагч шийдэх хэцүү. Гэтэл амьдрал дээр хуулиар хориглоогүй, шийдчих боломжтой гарц их байдаг. Тэгэхээр шинэ хуульд аливаа асуудлыг шийдэхдээ хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах талд шийдвэр гаргана гэсэн концепц явж байгаа. Хоёрдугаарт, жил бүр төрийн үйлчилгээнд ямар асуудал үүсч байна гэдгийг өөрсдөө үнэлээд, алдаагаа засаж сайжруулаад явж байхаар тусгасан. Мөн хуулиар бизнесийн үйл ажиллагааг хааж хориглох маш их заалт байсныг чөлөөлж өгч байгаа. Үндэсний аюулгүй байдал, шударга өрсөлдөөнийг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн гурван чиглэлээс бусад тохиолдолд аливаа бизнесийн үйл ажиллагааг хааж боосон хууль тогтоомж, шийдвэр гаргахыг хориглож байгаа. Тэгэхээр цаашдаа бүх салбарт илүү эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулж болно гэсэн үг.
-Нэг хэсэг гадаадын хөрөнгө оруулалт маш их буурсан. Тэгвэл одоо энэ хувь хэмжээ ямар түвшинд байна. Ер нь аль салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна вэ?
-Монгол Улсад 1990-ээд оноос хойш орж ирсэн хөрөнгө оруулалтын урсгалыг нь харвал өссөн дүнгээрээ 50.6 тэрбум ам.доллар болдог. Үүнээс буцаад ногдол ашиг, зээл хэлбэрээр орж ирсэн, хөрөнгө оруулалтыг цуцлах зэргийг нь хасахаар 35 тэрбум ам.доллар болдог юм. Үүнээс бараг тал хувь нь Оюу толгойн хөрөнгө оруулалд байдаг. Нийт хөрөнгө оруулалтын 75 орчим хувь нь уул уурхайн салбарт хийгдсэн байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн борлогдох зах зээл нь хажууханд нь бэлэн байдагтай энэ бас холбоотой. Энэ логикоор нь харвал зах зээлийн хэмжээ их чухал. Манай улсын 3.5 сая хүн амтай зах зээл харьцангуй жижигт орно. Бусад улс оронтой хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөхөөр дийлэнх улсын хөрөнгө оруулалтын орчин нь таатай, илүү тогтвортой, хүн ам олон, зах зээл нь том байдаг. Тиймээс үүнийг хэрхэн даван туулах, эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ гэхээр уул уурайгаас бусад салбарт зах зээлээ тэлэх хэрэгтэй. Хамгийн өндөр боломжтой нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн салбарууд байна.
Бид манай энэ салбаруудад хөрөнгө оруулалт хийгээч ээ гэж дуудаад тэд ирэхгүй. Харин бизнес, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, хууль эрх зүйн орчныг нь тогтвортой болгож, шүүхийн тогтолцоогоо сайжруулж, төрийн хүнд суртлыг багасгасан байх ёстой. Манай улс жилд 20 сая толгой мал буюу 600 мянган тонн махыг дотооддоо эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Үүнээс ноднин жилийн байдлаар 80 мянган тонныг л экспортолсон. Нийтдээ 150 мянган тонн мах гаргахад дотоодын зах зээлд нэг их нөлөөлөхгүй гэсэн ХХААХҮЯ-ны тооцоо байдаг. Тэгэхээр бид мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээлийг нь бэлдэж өгөөд, аль болох хориг саадгүй болгох ёстой. Евроазийн эдийн засгийн холбоотой хийсэн чөлөөт худалдааны түр хэлэлцээр 2023 оны есдүгээр сараас хэлцэл нь явагдсан. Хэлэлцээ ид явагдаж байх үед над руу хэвлэл мэдээллээр дайрч, сөрөг мэдээлэл их явсан ч 180 сая хүнтэй, долоон тэрбум ам.долларын импортын зах зээлтэй зах зээл рүү Монголын 367 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй гаргахаар болсон үр дүн гарлаа.
Энэ дотроо 97 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байгаа. Ингээд 18-50 хувийн татвар авдаг байсныг нь тэглээд өгчихөөр илүү их зарагдана гэсэн үг. Худалдах том зах зээлийг нь бэлдээд өгчихөөр хөдөө аж ахуйн салбарт илүү их хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж харж байгаа. Мөн үүнтэй адилхан БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр явж байна. Нийт 14 бүлэгтэй иж бүрэн хэлэлцээр. Дөрвөн шатны хэлцэл хийгдсэн, тав дахь шатны хэлцэлдээ бэлдэж байгаа. Энэ хэлэлцээр байгуулагдвал Солонгос руу гаргах боломжтой манай бүтээгдэхүүн дээр татварын хөнгөлөлт эдэлнэ. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
-Евразийн энэ хэлэлцээр хэзээнээс албан ёсоор хэрэгжиж эхлэх вэ. Дотоодын бизнесийнхэнтэйгээ өрсөлдөхгүй, тэднийг унагачихгүй байж чадах уу?
-Евразийн эдийн засгийн холбоо гэдэг байгууллагаа эхлээд зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргизистан гэсэн таван улс нэгдэж байгуулсан гаалийн холбоо гэсэн үг. Эдгээр улсын аль нэгтэй нь худалдааны хэлцэл хийгээд гаалийн татварыг ингэж өөрчилье гэхээр тэр улс дангаараа шийдэх боломжгүй. Тийм болохоор энэ холбоотой худалдаа хийе гэдэг зүйлийг ярих ёстой. Энэ холбоонд Монгол Улс элсэх гэж байгаа юм шиг сөрөг мэдээлэл маш их явсан. Үнэндээ тийм биш, манай улс худалдаа л хийе гэж байгаа юм. Тухайн үед нөгөө талаас 700 гаруй бүтээгдэхүүний жагсаалт ирүүлж байсан. Харин МХАҮТ-аас 220 орчим барааны жагсаалт ирүүлсэн. Яг үүгээр худалдаа хийвэл манайд ашиггүй.
Тийм болохоор 376 нэр төрлийн бүтээгдэхүүн дээр Монгол Улсаас гаргах боломжтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд байя. Евразиас орж ирэх нь угаасаа манайд хэрэгцээтэй, орж ирдэг бүтээгдэхүүнүүд байя гэж тохирсон. Энэ хэлцэл хэрэгжсэнээр манай экспорт 24 хувиар нэмэгдэнэ. Нийт 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хасуулъя, квот тавиулъя гэсэн хүсэлт манай бизнес эрхлэгчдээс ирсэн. Нөгөө талтайгаа хэлцэл хийгээд наймыг нь шууд хассан. Дээр нь 11 бараан дээр квот тавиулъя, эсвэл тодорхой хувиар тарифаа буулгая гэсэн тохиролцоог хийсэн. Жишээлбэл, өндөг 90 сая ширхэг хүртэл импортолж байгаа тохиолдолд гаалийн тариф нь 7.5 хувь, үүнээс нэмэгдэх юм бол 15 хувиараа авна гэх зэргээр оруулсан. Тэгэхээр энэ мэтчилэн дотоодын аж ахуйн нэгжүүдийн болгоомжилж, өрсөлдөөнөөс айгаад байсан зүйлсийг нь хамгаалаад хэлцэлдээ тусгачихсан.
-Яг хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ бол олон улсын хэлэлцээр. Манай улсын хувьд ноднин жилийн арванхоёрдугаар сарын 12-нд УИХ соёрхон баталсан. Мөн ОХУ, Казахстан, Беларусь улсууд соёрхон баталсан байгаа. Одоо Армен, Киргизистан хоёр улс өргөн барьчихсан, хүлээгдэж байна. Улс бүр соёрхон батлаад дуусмагц Евразийн комисст мэдэгдэл өгнө. Үүнээс хоёр сарын дараа бүх улсууд хил гааль дээрээ хөнгөлөлтийг мөрдөж эхэлнэ. Тэгэхээр багцаагаар долоо, наймдугаар сараас эхлэх болов уу гэж харж байна. Засгийн газрын зүгээс дотоод бэлтгэл ажлын төлөвлөгөөг 11 бүлэг, 99 заалттайгаар гаргасан байгаа. Бэлтгэл ажлыг хийж байна.
Өдрийн сонин



