Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 90.3 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ.
Цөлжилтийг зэргээр нь авч үзвэл газар нутгийн 1.4 хувь нь нэн хүчтэй, 13.3 хувь нь хүчтэй цөлжсөн байна. Мөн цөлжилт нутгийн 29.2 хувьд дунд, 46.4 хувьд сул байна. Харин нутаг дэвсгэрийн 6.7 хувьд цөлжилт илрээгүй.
Дээрх судалгааг мэргэжилтнүүд 2021 онд хийсэн бөгөөд хүн төрөлхтөн болон байгаль дэлхийд үзүүлэх ган, цөлжилтийн гамшигт үр дагавраас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж тодорхойлжээ.
Орон нутагт цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд ойн хамгаалалтын зурвас бий болгож байна.
2022 оноос хойш Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 700 орчим га талбайд АДАПТ төслөөс татмын ойжуулалт хийжээ.
Мөн Ховдынхон 4-5 суманд хөв цөөрөм байгуулж, усан хангамжийг сайжруулсан бөгөөд бэлчээр хамгаалах, услалтын систем сэргээх, худаг гаргах, мод тарих гэх мэт ажлууд хийж байгаа гэдгийг Ховд аймгийн Байгаль орчны газраас танилцууллаа.



