Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн үр тарианы 100 гаруй сорт үүсгэн, 20 гаруйг нутагшуулж, хамгийн сүүлд Дархан 212, Дархан 222 сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлснийг ХХААХҮЯ мэдээллээ.
Жилд 400-450 тонн эртийн болцтой Дархан-160, Дархан-131, дунд оройн болцтой Дархан-190 Дархан-144 сортын супер элит үр үржүүлэн газар тариалангийн салбарт ашиглаж байна. Төмсний 5 сорт шинээр гаргаж, 14-ийг нутагшуулан, 16-г нь ирээдүйтэй сортоор шалгаруулж үйлдвэрлэлд нийлүүлжээ. Жилд 80-100 мянган эрүүл бичил булцуу буюу улсын хэрэгцээний төмсний эх материалын 40 хувийг эрдэм шинжилгээний хүрээлэн хангадаг байна. Мөн бөөрөнхий сонгиныг үрээр тарьж эдийн засгаа хэмнэх, хөдөлмөр хөнгөвчилсөн туршилт хийж, технологи боловсруулжээ.
Улс орнууд шинжлэх ухааны нарийн зохицуулалтаар нэн ховордон устаж буй ургамлын генийг 100 жил хадгалахаар өрсөлдөж буйг хүрээлэнгийн эрдэмтэд ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав УГТЭШХ-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр онцолж, монгол орны хөрсний үржил шим, төлөв байдлыг цаашид шинэчлэн судлах, ховор ургамлын үрийг олон улсын жишгээр хадгалах лаборатори байгуулах шаардлагатайг танилцуулав.
Түүнчлэн таримлын сэлгээг 2025-2030 онд боловсронгуй болгох судалгааны хөтөлбөр боловсруулж, илүү шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй газар тариаланг хөгжүүлэхийг зорьж байгаа ажээ.





