x

Уулын өвгөн Али Хамэнэй

УУЛЫН ӨВГӨН АЛИ ХАМЭНЭЙ

Түүхэнд гарсан хамгийн том нь биш ч, хамгийн алдартай террорист байгууллагын нэг бол Ассисин юм. Террористууд аллагад явуулах залуучуудыг удаан хугацаагаар бэлдэн аль нэг хаан, халиф, эмир, султааныг хөнөөх нь диваажинд очин Аллахын ивээлд багтах тухай үнэмшүүлнэ. Үүний тулд даалгавар гүйцэтгэгчийг гашиш хэмээх хар тамхиар мансууруулан тулгар үзэлтэн болгоно. Өнөөгийн амиа золиослогч алан хядагчид ч тэдний үр сад, хойч үе гэлтэй. Иймээс улс - байгууллагаа “хассасин”буюу гашиш гэж нэрлэдэг. Англи хэлэнд улс төрийн аллагыг assassination гэдэг нь энэ байгууллагын нэрээс гаралтай аж. Энэ байгууллагыг анхлан байгуулсан хүнийг Хасан ибн Саббах гэдэг. Тэрээр өнөөгийн Ираны Кум хотноо 1050 онд төрсөн. Лалын шийт урсгалын голлох төв Кумд хожмын Ираны лалын хувьсгалын удирдсан Рухолла Хомэйни мөн энд 1902 онд төржээ.

Араб үндэстэн Саббах Перс рүү явж,1090 онд дагалдагчдынхаа хамт Аламут цайзыг эзэлжээ. Саббах цайзыг зөвхөн дайсагнасан хүчнээс хамгаалахаас гадна дагалдагчдынхаа сургаальд тохируулан өөрчилжээ. Аламут дахь цайзыг эзэмших эрхээ авсны дараа Саббах улс төрийн давуу талыг олж авах, орон нутгийн хүн амыг айлган сүрдүүлэхийн тулд төлөөлөгчдөө ашиглан ойролцоох хот, дүүргүүдэд нөлөөгөө тэлж эхэлсэн. Тэгсэн мөртөө Аламут цайзад очсоноосоо хойш тэндээсээ ганц удаа ч цухуйж үзээгүй гэсэн.

Уулын өвгөн гэх террорист улс санаачлагчийн тухай домог ам дамжин яригддаг байсныг Хятад руу аялах замдаа сонссон Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо хэлж бичүүлснээр Хасан ибн Саббахыг хүн төрлөхтөн мэдэх болжээ. Марко Пологийн хэлснээр Сабба шавь нартаа дарс, үзэсгэлэнт олон хури[1], хиймэл цэцэрлэг үзүүлж, энэ бол диваажин бөгөөд хэрэв тэд түүний хүслийг биелүүлбэл тийшээ очих болно гэж үнэмшүүлжээ.[2]Ийнхүү цаашид 200 жил үргэлжлсэн аймшигт террорист байгууллага үүсгэн байгуулагдах гараа эхэлсэн гэдэг. Тэд энэ хугацаанд гурван халиф, Иерусалимын захирагч, хэд хэдэн мусульман, христийн удирдагчдыг оролцуулан хэдэн зуун хүнийг хөнөөжээ. Аламут цайзынхан эргэн тойрныхоо улс орны удирдагчид тэргүүлэгчид, шашны зүтгэлтнүүд рүү алуурчин явуулан ажжилттайгаар хөнөөж байсан учир урт хугацаанд хамгийн айдас дагуулсан мангас болон өргөжсөн юм.

Алмутын удирдагч биенээ залгамжилсаар он удсан ба тэдэн дундаас хамгийн дуулиантай нь Уулын өвгөн нэрээр алдаршсан Рашид ад Дин Синан юм. 1131-1193 онд амьдарч байсан түүний тухай домог бас л ам дамжин яригддаг байсан, түүнийг ч бас Уулын өвгөн гэж нэрэлдэг байж. Рашид Египтийн султан Саладиныг алах гэж хоёр удаа оролдоод бүтсэнгүй. Султаан аюулаас мултрахын тулд Рашидтай загалмайтнуудын эсрэг хамтарч ажиллахыг зөвшөөрчээ. Ингээд Рашид Ерусламын шинэхэн хаан Конрадыг хөнөөв. Үүнийг Английн хаан I Ричардын захиалгаар үйлдсэн гэдэг. Дараа нь Австрийн хаан V Леопольдод захидал бичин үүнийг өөрөө зохион байгуулсан гэсэн байна. Уулын өвгөн гэгдэн домог болсон Рашид ямар том цар хүрээнд аллага хийж байсан нь эндээс тод харагдана.

1256 онд Хүлэгү хаан Монголын Их Хаан Мөнх хааны зарлигаар баруун зүгийн аян дайнд мордож, Ассассинуудын төв байр болсон Аламут цайзыг довтолж сөнөөсөн юм. Энэ нь түүний баруун Азийн байлдан дагууллын эхний том амжилт байв.

Хүлэгү 1253 онд 100 мянган их цэрэгтэй, тэр дундаа Хятадын бүслэлтийн инженерүүд, капатульт оньсон шидэгч (“Чөдөр оньс” ч гэх болсон, бул чулууг хэрэм давуулан шидэж сүйдэлдэг энэхүү зэвсэг өнөөгийн их буу, баллистик пуужингийн өвөг гэлтэй) техниктэйгээр замд гарчээ. 1256 оны эхээр Иранд орж ирээд Ассасины цайзуудыг нэг нэгээр нь системтэйгээр довтолж эхлэн дор нь буулгав.

Тухайн үеийн Ассасины тэргүүн Рукн ад-Дин Хуршах маш залуу байсан бөгөөд өмнөх Имам Ала ад-Дин Мухаммад нас барсны дараа 1255 онд эрх мэдэлд суусан. Хүлэгү нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардахад Рукн ад-Дин эхэндээ эсэргүүцэж байсан ч цайзыг бүсэлж катапультаар бөмбөгдсөн тул бууж өгөхөөр шийджээ. Цайзыг эзэлсний дараа монголчууд Аламутыг бүрэн нурааж, алдарт номын сан, лаборатори, цэцэрлэг зэргийг сүйтгэсэн. Имам Рукн ад-Дин Хуршахыг Мөнх хаанд илгээсэн боловч замдаа монголчууд түүнийг цаазалжээ.

Аламут "эзлэгдэшгүй" гэгддэг байсан ч монголчуудын үлэмж их цэрэг, дээр нь Хятадаас авчирсан дэвшилтэт бүслэлтийн техник нь тэднийг дарах гэсэн өмнөх дайснуудынхаас огт өөр байсан. Ассасилчуудын нууцаар хөнөөх тактик нь жижиг бүлэглэлд үр дүнтэй байсан ч, цэргийн том хүчний эсрэг шалихгүй аж. Олон цайз нэгэн зэрэг довтлогдож, тусламж ирэх боломжгүй байв. Тэгээд ч Имам өөрөө бууж өгөхийг тушаасан тул ихэнх цайз цус урсгалгүй шилжсэн.

Үр дүнд нь 1256 оны сүүл гэхэд Низарь Исмаилийн төрийн төв Аламут болон бусад цайзууд сөнөж, "Ассассинуудын" байгууллага тэр чигтээ мөхсөн. Энэ ялалт Хүлэгүд Багдад (1258 онд) руу довтлох замыг нээж өгсөн юм. Энэ үйл явдал Монголын байлдан дагууллын хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд лалын түүхэнд ч том өөрчлөлт авчирсан.

Ата-Малик Жувейни өөрийн “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” номондоо 1256 онд Хүлэгүгийн цэрэг Аламутыг эзэлсэн тухай дэлгэрэнгүй бичсэн. Жувейни бичихдээ цайзыг гурван зүгээс довтлон тойрч авсан, довтолгоо бараг тулаангүйгээр эсвэл хурдан шийдэгдсэн гэж дүрсэлжээ. Тэрээр энэхүү үйл явдлыг Хүлэгүгийн их ялалт, Ассасины эсэргүү бүлгийг дарсан гол үйл явдал хэмээн магтжээ. Хэдийгээр Персийн алдарт түүхч Жүвэйни монголчуудын талаар нэлээд сөрөг дүгнэлттэй байдаг авч чухам ассасинчуудыг устгасан явдлыг ихэд сайшааж “Чингис хаан болон түүний албатууд нь энэ балмад буруу номтнуудыг устгахаар бодож Бурханы илгээсэн цээрлэлийн зэмсэг аж. Чингис хаан мандан гарч ирсэн нь Бурхaны нууц зорилгын үнэн санааг тодруулж байна”[3] гэсэн байна.

Ингээд Хүлэгү их цэргээ удирдан лалын нийслэл Багдад хот руу хөдлөв.

Монголчууд лалын дотор буй бусармаг буруу номтныг устгаад зогсоогүй нийт лалын ертөнцийг доргион өдий хүртэл тогтсон байсан байдлаас нь гаргаж өөр урсгалд оруулжээ. Бүтэн таван зуун жил лалын нийслэл болж байсан Багдадыг түймэрдсэнээр дахин сэргээхгүйгээр шахам болгожээ. Үүнээс хойш Багдад төвийн үүргээ хэзээ ч гүйцэтгээгүйгээр үл барам лалын ертөнцийг алтай овгийн үндэстнүүд толгойлох болсон юм.

Хүлэгү Багдад олзолсон хөрөнгө эрдэнэсийн хагасыг Хархорум руу ачуулаад, хүүрээр дүүрсэн хотыг цэвэрлүүлсний дараа бүтэн үлдсэн сүм дуганыг нь загалмайтанд хүлээлгэж өгөв. Загалмайтнууд Хүлэгүг бишрэн хүндэтгэж, түүний нэр Итали, Францад түгэн, эхнэрийнх нь хамт Ариун Константин, Елена нартай зүйрлэн ярьж байжээ. Армений нэгэн түүхч баяр хөөр болон бичихдээ “…Багдад тэргүүлэн оройлж байх үедээ үл ханах цус сорогч мэт загнаж ертөнцийг залгиж гүйцэж байв. Одоо тэрээр түмэн амьтны цус сорсныхоо төлөө, бузар нүгэл үйлдсэнийхээ төлөө, шулмын үйлдлийг үргэлжлүүлснийхээ төлөө залхаан цээрлүүлэлтэнд орлоо…”

Лалын шашинтнуудын дайнд монголчууд Месопотам, Сири, Палестиний загалмайтнуудыг ивээсэн монгочуудыг “Шар загалмайтны аян дайн”-д оролцогч гэж ч нэрлэж байлаа. 1246-54 онд Хархорумд ирсэн Ромын папын болон Францын хааны элч төлөөлөгч Плано Карпини, Гийом Рубрук лалынхны эсрэг тэмцэж буй загалмайтнуудад туслахыг хүсжээ. Энэ ёсоор, мөн Ойрхи Дорнодын загалмайтнуудын хүсэлтээр 1255 онд Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг Багдадын халифын эсрэг дайн зарласан юм. Хүлэгү өөрөө буддын шашинтай ч түүний хатан Догуз, цэргийн жанжин онгууд ноён Хитбух нар нэсторын загалмайн шашинтай байлаа. Багдадыг эзлээд Хүлэгү халифын ордныг нэсторын шашны патриархт бэлэглэв. Хүлэгү Месопотамыг эзлээд Иран руу буцсан бол тэнд үлдсэн Хитбух загалмайн шашинтнуудад ээлтэй бодлого хэрэгжүүлжээ. Хитбух Армяны Киликигийн хаан Хэтум I[4], Антиохийн гүн католик шашинтай Боэмундтэй[5] холбоо тогтоож, Боэмундаар дамжуулан Ерүсалимын хаант улстай холбогдож, загалмайн шашинтай ахан дүүстээ туслахаар Сири, Палестин руу их цэргээ хөдөлгөв. Ойрхи Дорнодын загалмайн шашинтнууд монголчуудыг лалын шашинтнуудаас аварсан ачтанаа гэж харж байлаа.

Харин католикуудтай эвээр харилцаж чадсангүй. Католикууд монголчуудыг зэрлэгүүд хэмээн үзэж, тусламжийг нь авахаас нь татгалзжээ. Сири, Дамаскийг эзэлсэн Хитбухын цэргийг католик цайзууд нэвтрүүлсэнгүй. Тиймээс их цэрэг цөл газар ус ундгүй, сэлгэх морьгүй болжээ. Ийм байдалд эгдүүцсэн монголчууд загалмайтнуудын хэд хэдэн отряд, цайз бэхлэлтийг үгүй хийсэн ч лалуудтай үргэлжлүүлэн дайтсаар байлаа. 1260 онд монголчууд анх удаа ялагдсан нь өнөөгийн Палестиний газын зурвас орчим өрнөсөн Айн Жалутын тулалдаан юм. Тэгэхэд Египетийн мамлюкууд Хитбухын цэргийг хиар цохиж, Хитбух олзлогдон лалын цэргийн жанжин Кутузын өмнө өвдөг сөхрөхөөс татгалзаж цаазлуулав.

Үүний дараа монголчуудтай хамтран лалуудтай тэмцэхийг Пап хүссэн ч хожимджээ. Монголчууд загалмайтнуудыг өөрсдөөс нь урвасныг уучилсангүй. Францад загалмайтан тамплиерүүдийг[6] олноор нь цаазалсан явдал ч Хархорумыг католикуудтай ойртуулсангүй.

[1] Лалын шашинд Хури гэдэг нь үзэсгэлэнтэй, цэвэр ариун гэргий бөгөөд ихэвчлэн том хар нүдтэй (араб хэлний haura нь "үзэсгэлэнт хар нүдтэй") онгон охид гэж дүрсэлдэг бөгөөд "Нуугдсан сувд" гэгдэх тэр охидыг шагнал болгодог бөгөөд, тэд үнэнч сүсэгтнийг диваажинд (Jannah) хүлээж байдаг гэх домогтой

[2]The Travels of Marco Polo Wordsworth Editions Ltd1997

[3] Juwayni, Ata Malik. The History of the World Conquror. Nabu Press 2011

[4] Хэтум I (1213-1270) Армэний хаан хаан. 1226 онд Хэтумидийн династи байгуулсан.

[5] Боэмунд Тарэнтийн VII (1237-1275) Антиохын хаан. Монголчуудыг идэвхитэй дэмжигч.

[6] Тамплиерууд - Тамплиерууд (Сүмийн рыцариуд) нь 1119 онд Ариун газар (Иерусалим)-т байгуулагдсан хамгийн баян, хүчирхэг цэрэг-шашиныбүтэц. Тэд загалмайтны аян дайны үеэр мөргөлчдийг хамгаалах үүрэгтэй байсан ч, санхүүгийн асар их нөлөөтэй болж, 1312 онд татан буугдсан. Францын IV Филипп хааны зарлигаар тэдний бөөнөөр нь цаазалжээ.

                                                                                                                         Б.БААБАР 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 18 цаг 23 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 18 цаг 26 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 18 цаг 29 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 18 цаг 31 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 18 цаг 41 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 18 цаг 49 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 22 цаг 20 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 22 цаг 20 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 22 цаг 21 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 22 цаг 22 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 22 цаг 23 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 22 цаг 26 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 22 цаг 28 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ Өчигдөр 13 цаг 35 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана Өчигдөр 13 цаг 34 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 13 цаг 34 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно Өчигдөр 13 цаг 33 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ Өчигдөр 13 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа Өчигдөр 13 цаг 29 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо Өчигдөр 13 цаг 28 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Бурхан Харвард руу нүүв Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл... Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ Яармагийн авто замаас Арцатын зам хүртэл 350 метр шинэ зам б... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top