Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Москва бус харин Киев саад болж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Reuters агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Трампын хэлснээр бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгахад бэлэн байгаа бол Украин “хэлэлцээр байгуулахад төдийлөн бэлэн биш байгаа” аж.
АНУ-ын удирдлага дор хийж буй яриа хэлэлцээгээр Дэлхийн II дайнаас хойших Европын хамгийн том мөргөлдөөн яагаад шийдэгдэхгүй байгаагийн учрыг асуухад, Трамп “Зеленский” хэмээн хариулаад өөр дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Reuters агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлэхдээ, хэдийгээр Владимир Путин энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа боловч Украины бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоохыг эрмэлзсэн хэвээр байгаа гэж Америкийн тагнуулынхан дүгнэж байна гэжээ. Эл дүгнэлт Европын тусгай албадын дүгнэлттэй олон талаар нийцэж байгаа гэж Reuters-ын эх сурвалжууд хэлжээ.
Эх сурвалж: Reuters



