x

Зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөлөө. Тухайлбал, Венесуэлд явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаа алт, зэс зэрэг металлуудын үнийг өсгөлөө. Европын орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа олгохоор шийдвэрлэсэн бол Иранд өнгөрсөн оны сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаал улам өргөжжээ. Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

Николас Мадурог шүүх хурал боллоо

Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар Каракаст АНУ-ын цэргүүдэд баривчлагдсанаас хоёр хоногийн дараа Нью-Йорк хотын шүүхэд дуудагдлаа. Хагас цаг орчим үргэлжилсэн эхний техникийн шүүх хурлын үеэр Мадуро өөрт нь тулгасан ялтай анх удаа танилцсан гэж мэдэгджээ. Хурлын үеэр Мадуро болон түүний гэргий өөрсдөд нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрөөгүй байна. "Би гэм буруугүй. Би бол ёс зүйтэй хүн. Би одоо ч гэсэн улсынхаа ерөнхийлөгч хэвээрээ байгаа" гэж Мадуро орчуулагчаар дамжуулан хэлжээ.

Мадурог мансууруулах бодисын терроризмыг зохион байгуулсан, кокаин хууль бусаар оруулах зорилготой хуйвалдсан, мөн зэвсэг, тэсрэх төхөөрөмж хадгалсан зэрэг нийт дөрвөн зүйл ангиар буруутгасан байна. Түүний хэргийг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагатай холбоотой хэрэг, мөн кино продюсер Харви Вайнштейны хэрэг зэрэг олон дуулиант хэргийг шийдвэрлэж байсан туршлагатай дүүргийн шүүгч 92 настай Элвин Геллерштейн шүүж байгаа юм. Дараагийн хурлыг гуравдугаар сарын 17-нд товлсон байна. 

Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно

“Киевт дэмжлэг үзүүлэгч орнуудын эвсэл”-д багтдаг орнуудын удирдагчдын уулзалт Парис болж, Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Уг баримт бичигт АНУ-ын удирдлага дор гал зогсоох үйл явцад хяналт тавих, Украиныг хамгаалахын тулд урт хугацаанд зэвсэг техник нийлүүлэх, дайны дараа Украиныг сэргээн босгоход тусламж үзүүлэх, мөн Оросын цэргүүд дахин довтолсон тохиолдолд Украиныг дэмжих үүрэг хүлээсэн хэлэлцээрүүдийг боловсруулах зэрэг заалтууд багтсан байна.  Түүнчлэн Украин, Франц, Их Британийн удирдагчид гал зогсоосны дараа Украины нутагт цэрэг байрлуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч 2019 оноос хойш анх удаа Хятадад айлчиллаа

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийлээ. Энэ бол Өмнөд Солонгосын удирдагч Хятад улсад сүүлийн зургаан жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. БНСУ Бээжинтэй харилцаагаа шинэ шатанд гаргаж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тогтоон барихад Хятадын дэмжлэгийг авахыг эрмэлзэж байгааг энэхүү айлчлал харууллаа. Ли Жэ Мён Бээжинд хийсэн айлчлалаараа Хятад, Солонгосын харилцааг шинэ шатанд гаргахыг оролдлоо гэж ажигчлагчид дүгнэв. Энэхүү төрийн айлчлал нь Тайванийн асуудлаар Хятад, Японы хооронд ноцтой зөрчилдөөн үүсэж, бүс нутгийн байдал хурцадсан үед боллоо.

Хятад, Африкийн Холбоо стратегийн яриа хэлэлцээ хийлээ

Этиопын нийслэл дэх Африкийн Холбооныны төв байранд Хятад-Африкийн Холбооны стратегийн 9 дэх удаагийн яриа хэлэлцээ боллоо. Уг хэлэлцээг Хятадын Коммунист Намын (ХКН) Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, Африкийн Холбооны Комиссын дарга Махмуд Али Юсуф нар даргалан явуулав.

Ираны эсэргүүцлийн жагсаал эрчээ авлаа

Эдийн засгийн хямрал, үндэсний валютын ханшийн уналтаас болж 2025 оны 12 дугаар сарын 28-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал дээд удирдагч Али Хаменеиг огцрохыг шаардсан улс төрийн акц болж хувирлаа. Тус улсын 31 мужийн 27-д нь эсэргүүцлийн жагсаал болж байна. 

Human Rights News Agency  байгууллагын мэдээлснээр, үймээн самуун эхэлснээс хойш  42 хүн амиа алджээ. BBC агентлагийн сурвалжлагч 21 хүн амиа алдсан болохыг баталсан байна. Мөн 2200 орчим жагсагчийг баривчилжээ. Төрийн мэдээллийн Fars агентлагийн мэдээлснээр, 250 орчим цагдаагийн ажилтан, “Басиж” отрядын 45  дайчин шархадсан байна. 

Пүрэв гаригийн орой Ираны бүх нутагт интернэт тасарчээ. Баасан гаригт Ираны засгийн газар “улс орны нөхцөл байдлын улмаас” сүлжээг тасалсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Европын Холбоо Өмнөд Америктай байгуулсан худалдааны хэлэлцээрийг баталлаа

Дональд Трамп засгийн эрхэнд гарснаас хойш дэлхий даяар чөлөөт худалдаа хумигдах хандлага давамгайлж байгаа үед, мөн Европын фермийн аж ахуй эрхлэгчид хүчтэй эсэргүүцэж байсан хэдий ч  Европын Холбоо 25 жилийн турш хэлэлцсэний эцэст Өмнөд Америкийн томоохон эдийн засаг бүхий орнуудтай байгуулсан “Зууны худалдааны гэрээ”-г батлахаар шийдвэрлэжээ.

Европын Зөвлөл МЕРКОСУР-той хийсэн гэрээг батлахын тулд 27 гишүүн орны 15 нь буюу тус холбооны хүн амын 65 хувийг төлөөлсөн олонхын санал шаардлагатай байсан юм. Энэ босгод баасан гаргийн өглөө хүрсэн ажээ. Ингэснээр Европын зах зээлд Өмнөд Америкийн мах, элсэн чихэр, бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж нээгдэж байгаа бол хариуд нь Европын автомашин, эм, дарс, бяслагийг Өмнөд Америкт татваргүй нийлүүлнэ. 

Энэхүү хэлэлцээр нь дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадтай хийж буй өрсөлдөөнд давуу талыг Европын Холбоонд олгоно. Одоогийн байдлаар Европын Холбоо энэ өрсөлдөөнд ялагдах байдалтай байгаа юм. Харин Өмнөд Америкийн 270 сая хүн амтай Бразил, Аргентин, Парагвай, Уругвай гэсэн дөрвөн улс хагас тэрбум хүн амтай Европын зах зээлд нэвтрэх боломжтой боллоо.

Лас-Вегаст шинэлэг технологи, инновацыг бүтээгчид цугларлаа

Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох “CES-2026” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо боллоо. Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд салбартаа тэргүүлэгч Meta, Lenovo, Samsung, Nvidia болон бусад 3500 гаруй компани бүтээгдэхүүнээ танилцуулсан бол 150 гаруй улс орноос 141 мянга гаруй хүн ирж үзсэн нь өнгөрсөн оны дээд үзүүлэлтийг давтлаа. Энэхүү үзэсгэлэнг “дэлхийн хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг.

АНУ газрын тос тээвэрлэгч тав дахь хөлөг онгоцыг саатуулав

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Зүүн Тиморын далбаан дор явж байсан газрын тос тээвэрлэгч Olina хөлөг онгоцыг Карибын тэнгист Тринидада ба Тобагогийн эргийн ойролцоо саатуулжээ. Энэ нь Венесуэлийн газрын тосны экспортод хяналт тавих Вашингтоны ажиллагааны хүрээнд сүүлийн долоо хоногуудад саатуулсан тав дахь хөлөг онгоц болж байна. Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, уг хөлөг онгоц АНУ-ын тусгай хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилан авч явсны дараахан Венесуэлээс хөдөлсөн бөгөөд газрын тос ачсан байжээ. 

Зэсийн үнэ анх удаа 13 мянган ам.доллароос давлаа

Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ долоо хоногт анх удаа нэг тонн  нь 13 мянган ам.доллароос давлаа. Мягмар гаригийн арилжааны явцад гурван сарын дараа нийлүүлэх зэсийн гэрээний үнэ 2.65 хувиар өсөж нэг тонн нь 13 390 ам.долларт хүрчээ. 

Зэсийн хомсдолтой холбоотойгоор зах зээлд үүссэн сандрал, мөн Венесуэлийн нөхцөл байдал нь энэхүү чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөнийг ширүүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол зэсийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна. 

Үнэ өссөн явдалд дэлхий даяар эрэлт тогтвортой байна гэсэн таамаглал мөн нөлөөлжээ. Ялангуяа цахилгаан сүлжээний шинэчлэл, сэргээгдэх эрчим хүчний болон дата төвүүдийг өргөжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа үед эрэлт тогтвортой байх болно.  2026 онд зэсийн үнэ өснө гэж Goldman Sachs банкны шинжээчид таамаглаж байна. Энэ долоо хоногт алтны спот үнэ 0.9 хувиар өсөж, нэг унц нь 4370 ам.доллароос давсан байна. Мөн мөнгөний үнэ 0.7 хувиар өсөж, 73.32 ам.долларт хүрчээ. 

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд:

  • АНУ, Данийн төлөөлөгчид Гренландын асуудлыг хэлэлцэнэ.
  • БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Японд айлчилна.
  • Австралийн нээлттэй тэмцээн Мельбурн хотноо нэгдүгээр сарын 12-нд эхэлнэ.
  • Европын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 13-нд Их Британийн Шеффилд хотод эхэлнэ.
  • Европын эрэгтэйчүүдийн усан пологийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотод үргэлжилнэ.
  • Харбины цас, мөсний олон улсын наадам үргэлжилнэ.
  • Швед, Норвеги, Дани улсуудад болох Европын эрэгтэйчүүдийн гандболын 17 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 15-нд эхэлнэ.

Монцамэ Агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Өчигдөр 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Өчигдөр 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Өчигдөр 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top