Европын 14 улс болон Канадын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөхүүд, түүнчлэн НАТО, Европын Зөвлөл, Европын Комиссын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Украины нийслэл Киев хотноо хүрэлцэн иржээ. АНУ-ын төлөөлөгчид уг уулзалтад цахимаар оролцох төлөвтэй байна.
Уулзалтад оролцогчид АНУ ба ОХУ-ын оролцоотой явуулж буй хэлэлцээний хүрээнд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай асуудлыг хэлэлцэх юм.
“Киевт болох зөвлөлдөөн гурван үе шаттай явагдана. Эхний үе шатанд баримт бичгүүд дээр ажиллах бол хоёр дахь шатанд эдийн засгийн хөгжлийн асуудал, гурав дахь үе шатанд цэрэг-улс төрийн асуудлуудыг хэлэлцэнэ” гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров мэдэгдлээ. Үүний сацуу аль үе шатанд нь АНУ-ын төлөөлөгчид оролцох вэ гэдгийг тэрбээр тодруулсангүй. Гэхдээ америкчууд эдийн засгийн эсвэл цэрэг-улс төрийн асуудлыг хэлэлцэхэд оролцох болов уу хэмээн таамаглаж байна.
Энэ оны хэлэлцээ энхийн тохиролцоогоор өндөрлөнө хэмээн найдаж байгаагаа Р.Умеров хэллээ. “Энэ 2026 он энх тайвны жил болно гэж найдаж байна” гэж тэрбээр мэдэгдээд, Украиныг бүх талаар дэмжиж, Киевийн хэлэлцээнд оролцож буй улсуудад талархал илэрхийлэв.
Энэ удаагийн уулзалтын гол зорилго бол “энхийн багц”-ын хүрээнд баримт бичгүүдийг зөвшилцөх явдал юм. Түүнчлэн аюулгүй байдлын баталгааны асуудлаарх Жанжин штабын дарга нарын уулзалт болно.



