Токиогийн цахилгаан эрчим хүчний компани /TEPCO/ Япон тэнгисийн эрэг дээрх Нийгата мужийн атомын цахилгаан станцын /АЦС/ реакторыг ирэх нэгдүгээр сараас дахин ажиллуулж эхлэхээр шийдвэрлэсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь 2011 онд “Фүкүшима-1” станцад болсон цөмийн ослоос хойш дахин ажиллаж эхэлсэн “TEPCO”-гийн анхны реактор болно.
“TEPCO” компани нэгдүгээр сарын 20-нд “Кашивазаки-Карива” станцын 6 дугаар реакторыг дахин ажиллуулахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалжууд хэлжээ. Нийгата мужийн ассамблей даваа гарагт реакторыг дахин ажиллуулж эхлэхтэй холбоотой нэмэлт төсвийн төслийг олонхын саналаар баталсан байна.
Мужийн захирагч Ханазүми Хидэё реакторыг дахин ажиллуулж эхлэхийг батлахад бэлэн байгаагаа илэрхийлсний дараа уг хуулийн төслийг өргөн барьжээ. Тэрбээр мужийн зөвшөөрлийн талаар мягмар гарагт төв засгийн газарт мэдэгдэх аж. Ингэснээр орон нутгийн зөвшөөрөл авах процедур дуусна.
Тус компани удахгүй Цөмийн зохицуулах газраас реакторыг дахин ажиллуулж эхлэхтэй холбоотой шалгалт явуулахыг хүсэхээр төлөвлөж байгаа ажээ. Реакторыг дахин ажиллуулсны дараа тоног төхөөрөмжийн нэмэлт шалгалтыг хийж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах ажлыг үргэлжлүүлнэ гэж компанийн ажилтнууд мэдэгджээ. Тэд реакторыг гуравдугаар сарын сүүлчээс өмнө арилжааны ажиллагаанд буцаан оруулахаар төлөвлөж байна.



