БНСУ-д 2024 оны 12 дугаар сард болсон “Jeju Air” компанийн онгоцны ослын талаар хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай хуулийн төслийг тус улсын парламент даваа гарагт баталжээ. Уг ослын улмаас 179 хүн амиа алдсан юм.
Парламентын 18 гишүүнээс бүрдсэн зөвлөл ослын шалтгааныг, түүний дотор шувуу мөргөх эрсдэлийн эсрэг хангалттай арга хэмжээ авсан эсэх, хөдөлгүүр болон механик эвдрэл, нисэх онгоцны буух зурвас дахь хамгаалалтын далан зэрэг асуудлыг шалгах ажээ. Мөн хуулийн төсөлд дурдсанаар, засгийн газрын байгууллагууд албан ёсны мөрдөн байцаалтын явцад илэрсэн аливаа зүйлийг нуун дарагдуулах эсвэл ач холбогдлыг нь дутуу үнэлэхийг оролдсон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтооно.
“Jeju Air” компанийн “Boeing 737-800” онгоц Муан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдож, буух зурвасаас гарч, хаалтыг мөргөж дэлбэрсэн бөгөөд онгоцонд байсан 181 хүний хоёроос бусад нь бүгд амиа алдсан юм. Агаарын тээвэр, төмөр замын ослыг шалгах зөвлөлийн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны эцсийн тайлан хараахан гараагүй байна. Нэгдүгээр сард гаргасан завсрын тайланд онгоцны хоёр хөдөлгүүрийг шувуу мөргөсөн байсныг дурджээ.
Ихэнх агаарын тээврийн осол нь олон хүчин зүйлээс үүдэн гардаг тул мэргэжилтнүүд хангалтгүй нотлох баримтад хэт их ач холбогдол өгөхөөс болгоомжлохыг анхааруулдаг байна.



