Америкийн репэр Снуп Догг ирэх онд болох өвлийн Олимпын наадамд оролцох АНУ-ын баг тамирчдын “хүндэт дасгалжуулагч”-аар томилогджээ.
АНУ-ын Олимп, Паралимпын хорооноос /USOPC/ пүрэв гарагт мэдэгдсэнээр, өдгөө 54 настай тэрбээр Америкийн тамирчдыг талбайн гадна дэмжих сайн дурын үүрэг гүйцэтгэх ажээ.
Снуп Догг өнгөрсөн онд Парист болсон зуны Олимпын үеэр АНУ-ын томоохон төлөөлөл болж, NBC телевизийн Олимпын нэвтрүүлгийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байснаас гадна 2028 оны Лос-Анжелесын Олимпын тугийг хүлээн авах ёслолын үеэр ая дуугаа өргөсөн юм.
“Америкийн баг тамирчид бол жинхэнэ одууд - би зүгээр л хөгжөөн дэмжих, урам зориг өгөх, магадгүй талбайн гаднаас багахан зөвлөгөө өгөх байх” гэж “Дасгалжуулагч Снуп” хэлжээ. Өвлийн Олимп Италийн Милан, Кортина хотуудад 2026 оны хоёругаар сарын 6-22-ны хооронд болох юм.
Снуп Догг Америкийн тамирчдыг дэмжих, урам зориг өгөхөд тус дөхөм болохын төлөө “өөрийн өвөрмөц хошин зан хийгээд зүрх сэтгэлээ зориулна” гэж USOPC мэдэгдсэн бол тус байгууллагын гүйцэтгэх захирал Сара Хиршланд хип-хоп одын “Олимп, Паралимпын хөдөлгөөний талаарх хүсэл тэмүүлэл нь бусдад нөлөөлөх чадалтай” хэмээн хэлжээ.
“Энэхүү баг бол авьяас чадвар, зүрх сэтгэл, эрч хүч гээд спортын хамгийн шилдгүүдийг төлөөлдөг. Хэрэв би үүнд өөрийн өчүүхэн хайр энэрэл, урам зоргийг өгч чадвал энэ нь миний хувьд ялалт юм” гэж Снуп Догг ярьсан байна. Жинхэнэ нэрийг нь Келвин Бродус гэдэг Снуп Догг бол Америк даяарх цэнгэлдэх хүрээлэнгүүдэд Америк хөл бөмбөг тоглох боломжийг хүүхдүүдэд олгох зорилготой Снупын залуучуудын хөл бөмбөгийн лигийг 2005 онд үүсгэн байгуулсан спортын томоохон хөгжөөн дэмжигч юм.
Эх сурвалж: BBC



