x

49 ДЭХ ДОЛОО ХОНОГ: Орос, Америкийн талууд Д.Трампын энхийн төлөвлөгөөг хэлэлцэв

Энэ долоо хоногт АНУ-ын төлөөлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, Оросын хийг худалдан авахаа бүрмөсөн зогсоохоор Европын Холбоо шийдвэрлэж, АНУ цагаачлалын бодлогоо чангатгаж, Азид үерийн улмаас олон зуун хүн амиа алдсан зэрэг үйл явдлууд болж өнгөрлөө. Ингээд өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. 

АНУ-ын төлөөлөгчид В.Путинтэй уулзлаа 

АНУ-ын дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр Стив Уиткофф, Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний ахлах зөвлөхүүдтэй Москва хотноо уулзлаа. Гэвч хэлэлцээнээс тодорхой үр дүн гарсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дараагийн алхмууд тодорхойгүй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Украины тал “оросууд дэлхий нийтийн цаг завыг хий дэмий үрж байна” гэж мэдэгджээ. Брюссельд болсон НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт нь Украиныг дэмжих ээлжит тохиролцоогоор өндөрлөсөн боловч дээд хэмжээний уулзалтаас шинэ зүйл гарсангүй. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мэдэгдэхдээ, зөвхөн Д Трамп л энэ гацаанаас гаргаж чадна гэж хэлжээ.

Москвад болсон хэлэлцээний дараа Америк, Украины хэлэлцээний төлөөлөгчид Флоридад дахин уулзахаар тохиролцсон байна. Украины Засгийн газрыг ганхуулсан авлигын дуулианыг шалгаж байгаа энэ үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак албан тушаалаасаа огцорсны дараа Украины талаас хэлэлцээнд оролцох гол төлөөлөгчийг шинээр томилоод байна. А.Ермакийн хувьд өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байгаа юм.

Европын Холбоо Оросын хийн импортыг бүрмөсөн хориглоно

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын хийн импортыг бүрмөсөн хориглохоор тохиролцоонд хүрчээ. Ингэснээр Оросын шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийг 2026 оны эцэс гэхэд, дамжуулах хоолойн импортыг 2027 оны есдүгээр сарын 30 гэхэд үе шаттайгаар зогсоох ажээ. ЕХ хийн хэрэглээнийхээ 20 орчим хувийг Оросоос авдаг хэвээр байна. Түүнчлэн Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд Оросын царцаасан хөрөнгүүдийг ашиглах тал дээр ЕХ санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Бельгийн эрх баригчдын хувьд Оросын зүгээс авч болзошгүй аливаа хариу арга хэмжээнээс хамгаалах баталгааг хүсэж байна.

АНУ 19 орны иргэдээс цагаачлалын визийн мэдүүлэг авахаа түр зогсоожээ

Д.Трампын засаг захиргаа Афганистан, Хаити, Иран, Сомали зэрэг 19 орны иргэдээс цагаачлалын визийн мэдүүлэг хүлээн авахыг түр зогсоожээ. Вашингтонд Афганистаны иргэн Үндэсний гвардийн хоёр цэрэг рүү гал нээсний дараа Д.Трамп цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авч буй үед ийм шийдвэр гаргасан байна. Цэргүүдийн нэг нь амиа алджээ. Ерөнхийлөгч мөн "Сомалийн цагаачид бол Америкт хүлээн авах ёсгүй хүмүүс" хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр сомаличууд олноор амьдардаг Миннеаполис, Сент-Пол хотуудыг анхааралдаа авахыг холбооны цагаачлалын агентуудад тушаах гэж байгаа ажээ. 

Монгол, Орос улсууд хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Орос, Монголын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалтын үеэр хоёр орон 2026-2030 онд хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурлаа. ОХУ-ын Шадар сайд Алексей Оверчук, Монголын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээрт хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёлын төслүүдийг хэрэгжүүлэх талаар тусгажээ. Үүнд Оросын бүс нутгууд болон Монголын аймгуудын хооронд 120 гаруй хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Монголын Тэргүүн шадар сайд чуулга уулзалтын эхний өдрийн дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлэхдээ, хоёр улсын бүс нутгийн хоёр дахь форум 2026 онд Монголд болно гэлээ. 

Б.Нетаньяху өршөөл хүсжээ

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өөрийн холбогдоод буй авлигын хэрэгт өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгч Исаак Херцогоос хүсжээ. Өөрийгөө гэм буруугүй тул цагаатгагдах болно хэмээн мэдэгдэж буй Б.Нетаньяху өөрт холбогдох хэргийн шүүх хурлыг зогсоож, өөрт нь тулгаж байгаа бүх ялыг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байгаа ажээ.

Азид үерийн улмаас олон зуун хүн амиа алдлаа

Индонезийн Суматра арал дээр үерийн гамшиг нүүрлэж, хөрс нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн ​​тоо 800-аас давжээ. Түүнчлэн хүчтэй аадар бороо орсны улмаас Тайландад 180 гаруй хүн амиа алдаж, Малайзад мөн гамшиг нүүрлэжээ. Шри Ланкад болсон үерийн улмаас 450 гаруй хүн амиа алдсан байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад олон хүн сураггүй болоод байгаа тул амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна. Үерийн гамшгийн улмаас нэг сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Америк хүүхдүүдэд зориулан хуримтлалын данс нээнэ

Майкл, Сьюзан Делл сан 25 сая америк хүүхдэд хуримтлалын хөрөнгө оруулалтын данс нээхэд зориулан 6.25 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгдлээ. Энэ бол америк хүүхдүүдэд зориулсан хамгийн том хандив болох юм. Энэхүү ажлын хүрээнд хүүхдүүдийн дансанд 250 ам.доллар байршуулах бөгөөд тухайн хүүхэд 10 ба түүнээс доош настай, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өрхийн дундаж орлого нь 150 мянган ам.доллароос доогуур бүс нутагт амьдардаг байх ёстой байна. М.Делл хэлэхдээ, энэхүү санаачилга нь гэр бүлүүдийг хүүхдүүддээ зориулан мөнгө хуримтлуулахад түлхэц болно гэлээ.

Ф.Мерц дотоод шаталтын хөдөлгүүртэй авто машинуудын талаар хүсэлт гаргажээ

Германы Канцлер Фридрих Мерц 2035 оноос хэрэгжиж эхлэх дотоод шаталтын хөдөлгүүртэй авто машины худалдаанд тавих хоригоос цэнэг хураагууртай, хос хөдөлгүүрт машин болон шатахуун зарцуулалт багатай авто машинуудыг чөлөөлөхийг Европын Холбооноос албан ёсоор хүсжээ. Германы авто машины үйлдвэрлэл нь бүрэн цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд шилжихэд бэрхшээлтэй тулгараад байгаа юм. Ф.Мерц хорт хийн ялгарлыг бууруулах ажлыг “инновацад ээлтэй, технологийн хувьд төвийг сахисан” байдлаар хийх ёстой гэж хэлжээ.

“Apple” компани хиймэл оюун хариуцсан шинэ даргыг томиллоо

Хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөгчдөөсөө хол хоцорч байна гэсэн шүүмжлэлтэй тулгараад буй “Apple” компани уг технологийг хариуцан ажиллах шинэ захирлаар Амар Субраманьяг томилжээ. А.Субраманья нь хэдхэн сарын өмнө “Microsoft” компаниас тус компанид шилжин ирсэн юм. Үүнээс өмнө тэрбээр “Google” компанид “Gemini” чатбот дээр ажиллаж байжээ. Хиймэл оюун ухааны технологийг сайжруулах үүрэг хүлээж байсан тэрбээр “Microsoft”-оос гарсан нь энэ салбарт  авьяастнуудын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөж буйг харууллаа.

Хиймэл оюун ухаан Тайванийн эдийн засгийг тэлж байна

Хиймэл оюун ухаантай холбоотой огцом өсөлт нь Тайванийн эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн нь цар тахлын дараах хамгийн сайн үзүүлэлт боллоо. Мөн хугацаанд экспорт 32 хувиар өссөн байна. Тайваньд төвтэй “TSMC” компани “AMD”, “Apple”, “Nvidia” зэрэг компаниудад зориулан дэлхийн хамгийн дэвшилтэт чипүүдийн 90 орчим хувийг үйлдвэрлэдэг юм. “iPhone” гар утсыг угсардгаараа алдартай “Foxconn” компани мөн саяхан орлогынхоо ихэнх хэсгийг сервер болон бусад дата төвийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээс бүрдүүлсэн билээ. Тайванийн ДНБ энэ онд 7.4 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Хятадын өсөлтөөс хамаагүй өндөр байна.

“Prada” групп “Versace”-г худалдан авлаа

“Prada” групп “Versace” брэндийг 1.4 тэрбум ам.доллараар худалдан авах гэрээг эцэслэн байгуулсан нь өмнөх эзэмшигчид болох “Capri Holdings”-ийн 2018 онд төлсөн 2 тэрбум ам.доллароос хамаагүй бага үнийн дүн байлаа. “Versace”-гийн үүсгэн байгуулагч Жанни Версачегийн төрсөн өдрөөр энэхүү тохиролцоог эцэслэн хийжээ. Энэ оны гуравдугаар сард тансаг зэрэглэлийн брэндийн креатив захирлын албан тушаалаасаа буусан түүний дүү Донателла Версаче гэрээ байгуулсныг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.

Ирэх долоо хоногт болох үйл явдлууд

  • НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн долоодугаар чуулган Кенийн нийслэл Найроби хотноо 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно
  • НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллагын /UNCTAD/ мэргэжилтнүүдийн уулзалт Швейцарын Женев хотноо 12 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно
  • Олон улсын хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 10-нд тохионо
  • Хиймэл оюуны асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт Бельгийн нийслэл Брюссель хотноо 12 дугаар сарын 11-нд болно
  • Чилийн бүх нийтийн сонгуулийн хоёрдугаар шат 12 дугаар сарын 14-нд болно
  • Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Дубай хотноо 12 дугаар сарын 4-13-ны хооронд явагдана
  • Герман, Нидерландын хамтран зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 14-нд өндөрлөнө
  • УЕФА-гийн Аваргуудын лиг, Европын лигийн хэсгийн шатны тоглолтууд үргэлжилнэ.

Монцамэ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 24 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 29 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 33 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 40 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 42 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 17 цаг 47 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 51 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 54 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 11 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 25 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 29 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 32 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 45 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 51 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 53 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 58 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр 10 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top