Тайванийг “Фунг-вонг” хар салхи чиглэн ирж байгаатай холбогдуулан өнөө өглөө тус арлын өмнөд хэсэгт 8300 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, лхагва гаргийн өглөөний байдлаар Тайваньд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 51 хүн гэмтэж бэртсэн байна. Холбогдох албаныхан 8326 хүнийг нүүлгэн шилжүүлсний дийлэнх нь зүүн нутгийн Хуалень тойргийн оршин суугчид бөгөөд тус тойрогт есдүгээр сард хар салхи нүүрлэсний улмаас 18 хүн амиа алдсан юм.
Суао боомт хотод 1000 гаруй байшин үерт автжээ. Тус хотод мягмар гарагт 648 мм хур тунадас унасан нь тухайн сард бүртгэгдсэн дээд үзүүлэлт болсон гэж цаг уурын албаныхан мэдээлсэн байна. Эрх баригчид мөн Тайванийн төв болон өмнөд хэсэгт, түүний дотор эргийн хотууд болох Гаосюн, Тайчунг, Тайнань, мөн Пинтунг, Чиайи, Мяоли тойрогт сургууль, албан газруудыг түр хаах шийдвэр гаргасан байна.
Филиппинийг ням гарагт дайран өнгөрсөн “Фунг-вонг” хар салхины нөлөөгөөр уулархаг зүүн эрэгт их хэмжээний бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, усны түвшин зарим газарт ихээхэн нэмэгджээ. Тус улсад байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 27 хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй болсон байна.
Лхагва гаргийн өглөөний байдлаар “Фунг-вонг” хар салхи Тайваниас баруун өмнө зүгт 140 орчим км зайд Өмнөд Хятадын тэнгист зүүн хойд зүгийг чиглэн 16 км/цагийн хурдтайгаар урагшилж байжээ. Тайваньд ойртох тусам салхины эрч сулрах төлөвтэй байна.
Эх сурвалж: DW



