Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн өмгөөлөгчид төрийн эргэлт хийх оролдлогод оролцсон хэргээр оноосон 27 жилийн хорих ялын эсрэг давж заалдах гомдол гаргасан талаар DW агентлаг мэдээллээ. 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио Лула да Силва ялсны дараахан болсон төрийн эргэлтийн оролдлогын хэрэгт Болсонару буруутай гэж шүүх үзсэн юм.
Бразилын Дээд шүүхийн таван шүүгчийн дөрөв нь түүнийг зэвсэгт бүлэглэлд оролцсон, ардчиллыг хүч хэрэглэн нураахыг завдсан, төрийн эргэлт зохион байгуулсан зэрэг таван гэмт хэрэгт буруутай гэж үзжээ. Хуйвалдааны үеэр Ерөнхийлөгч Лула да Силва, дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин болон шүүгч Александр де Мораес нарыг хөнөөхөөр төлөвлөж байсан ч цэргийн дэмжлэг авч чадаагүй тул төлөвлөгөө нурсан гэж прокурорууд мэдээлсэн байна.
Бразилыг 2019–2023 онд удирдаж байсан Болсонару наймдугаар сараас хойш гэрийн хорионд байгаа бөгөөд хуулийн дагуу давж заалдах шат дуусах хүртэл шоронд хорихгүй юм.
Эх сурвалж: DW.



