АНУ-ын технологийн томоохон компаниуд Их Британид 31 тэрбум фунт стерлингийн (42 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулахаа мэдэгдсэн тухай ВВС телевиз мэдээлжээ.
Их Британи, АНУ хоёр хиймэл оюун, квантын компьютер, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах “технологийн гэрээ” байгуулна гэж Их Британийн засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн айлчлал хийхээр Лондонд хүрэлцэн ирсэн өдөр мэдэгдсэн байна.
“Microsoft” компани серверийн дэд бүтэц, хиймэл оюуны технологийг хөгжүүлэхэд, мөн шинэ супер компьютер бүтээхэд 22 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. Шинэ супер компьютерыг Лондон хотын захад байрлуулах ажээ.
"Google" компани Лондоны ойролцоо шинэ дата төв барих, хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтэд таван тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулна.
Хиймэл оюуны салбарт хэрэгжүүлж буй “Stargate UK” төслийн хүрээнд чип үйлдвэрлэгч “Nvidia” компани 120 мянган ширхэг GBU дэвшилтэт чипээ нийлүүлэхээр болжээ.
"CoreWeave" компани Шотландын "DataVita" компанитай хамтран эрчим хүчний хэмнэлттэй дата төвүүдэд 1.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.