x

КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна

“Киви” хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд “Аса арена”-д хийнэ. Одоогоос 20 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.

-Хамтлагаа яагаад “Киви” гэж нэрлэх болсон талаар ярихгүй юу?

Д.Уламбаяр:

-Киви бол жимсний хаан. Мөн охидын хамтлаг жимсний нэртэй байвал маш онцгой юм байна гээд, хамтлагийн маань продюсер Б.Ангирмаа багш, Б.Наранзун ах, Б.Дашдондог багш, Б.Долгион ах дөрөв ярилцаад, энэ нэрийг бидэнд шууд санал болгосон. Цаг хугацаа өнгөрөх тусам хамтлагийн маань нэр үнэ цэнэтэй болсон. Киви жимс дөрвөн өөр өнгөтэй, амттай, идэхэд хүртэл хялбар биш байдаг шиг манай хамтлагийг зарим хүмүүс домог гэж ярьдаг. Ийм үг сонсохоор маш гоё мэдрэмж төрдөг. 20 жилийн турш тууштай хөдөлмөрлөж байгаагаараа бахархаж байна.

-Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд хэн хэн багтаж байсан бэ?

Д.Уламбаяр:

-“Киви” хамтлаг анх Э.Энхзол, Ц.Намуун, Д.Уламбаяр гэсэн гурван гишүүнтэй байсан. Дараа нь Б.Халиун, Ц.Намуун, Д.Уламбаяр гурав болсон. Гурав дахь удаагаа Б.Солонгоо, Ц.Намуун, Д.Уламбаяр, сүүлд нь Ц.Намуун, Т.Алтанцэцэг, Д.Уламбаяр болсон. Харин одоо “Киви” хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ дуулж байна.

-Танай хамтлагийн продюсероор хэн ажиллаж байгаа вэ?

Д.Уламбаяр:

-Ангирмаа багш маань продюсероор ажиллаж байна.

-Та бүхэн урлагийн ертөнцтэй амьдралаа холбосон түүхээсээ хуваалцахгүй юу?

Ц.Намуун:

-Би цэцэрлэгт байхдаа “Хүүхдийн ордон”-ы бүжгийн дугуйланд явдаг байлаа. Мөн “Бяцхан эстрадын дуучин” дууны тэмцээнд оролцож, хүрэл медаль авч байсан. Өвөө минь урлагийн хүн учраас намайг багаас урлагт “автомат”-аар хөл тавиулсан. Өвөө маань надад авьяас байна гэж мэдэрсэн болохоор ингэсэн байх л даа. Зургаан настайд Хөгжим бүжгийн сургуульд төгөлдөр хуурчийн ангид бүртгүүлж, долоон настайдаа энэ сургуульд орж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгсөөд, Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурч, багш мэргэжлээр элсэн орж, төгссөн. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа “Киви” хамтлагт орж байсан. Хичээл, ажилдаа явдаг, биеэ даасан, гэрээсээ хараат бус оюутан байлаа.

Б.Халиун:

-Би Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийг төгссөн. Багын л урлагт дуртай хүүхэд байсан. Долдугаар ангид байхдаа урлагийн үзлэгт ангиа төлөөлж дуулдаг байлаа. Мөн ардаа гурван охин бүжиглүүлээд, урд нь өөрөө дуулдаг хамтлагтай ч болсон. Ингээд ирэхээр сургуулийн хүүхдүүд таниад эхэлсэн. Хичээлдээ явж байхад хүүхдүүд намайг таниад “Дуулдаг эгч” гэж дуудахаар надад үнэхээр гоё санагддаг байсан. Тэр жил би сургуулиудын хоорондох спортын тэмцээнд дуулж, тэр тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз шууд дамжуулан хүргэж байсныг тод санадаг. Тэр өдөр заалны голын тайзан дээр гараад, Бритни Спирсийн дууг дуулсан. Тухайн үед Бритни Спирс гэдэг дуучин гарч ирээд, бүх дуунд нь дуртай болоод, дууных нь нугалааг дагаж дуулах гэж хичээсээр байгаад үнэхээр их “уусчихсан”. Энэ үеэс хойш урлагт үнэхээр их татагдаж, хайртай болсон. Ингэж явсаар “Киви” хамтлагтай учрах тавилан надад тохиосон юм. Хүний амьдрал их сонин шүү дээ. Болох зүйл нь аяндаа болчихдог, болохгүй зүйл нь яаж ч хичээгээд болдоггүй. Урлагт хөл тавих гэсэн янз бүрийн оролдлогууд маань бүтэлгүйтсэн тохиолдол зөндөө байдаг. Би энэ хамтлагаасаа л эхлэх байсан юм болов уу даа гэж боддог. “Киви” хамтлагт орсон түүх минь маш урт шүү.

Д.Уламбаяр:

-Дуу хөгжим намайг үнэхээр их хөгжөөдөг, сонирхлыг минь татдаг болохоор би дэлгэцийн бүхий л урлагт маш их дуртай, шимтэж үзэж, сонсдог. Онцгой гэж бодсон дуучдаасаа үлгэр дуурайл авч, ингэж ажиллаж, амьдарч болох юм байна, энэ чиглэлээр явбал би жаргалтай байх юм байна гэж бодсоны үндсэн дээр урлагийн ертөнцийг сонгосон. “Киви” хамтлагтай амьдралаа холбоод 20 жилийг ардаа үдсэн байна. Сэтгэл маш сайхан байна.

-Тоглолтынхоо онцлогийн талаар юу хэлэх вэ?

Ц.Намуун:

-Маш олон жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ тоглож байгаа “Киви” хамтлагийн томоохон тоглолт. “Киви” хамтлагийн сонсогчдын чихэнд хоногшсон бүхий л хит дуугаа дуулна. Мэдээж бид үзэгчидтэйгээ маш сайхан оройг хамт өнгөрүүлэхийг зорьж байна. Манай хамтлагийн тоглолт дандаа гоё болдог. Энэ удаагийн тоглолт маань ч гоё болно гэдэгт итгэл төгс байна. Тоглолт хийнэ гэж бид гэнэт ярилцаад шийдсэн юм биш, маш удаан бодож, ярилцаж, төлөвлөсөн. Тийм ч учраас бэлтгэл хангалттай хийгдэж байгаа гэж бодож байна. “Киви” хамтлаг үүсэн байгуулагдсан цагаасаа хойш томоохон хэмжээний гурав, жижиг хэмжээний гурван тоглолт, сүүлд “Зайсан Хилл” цогцолборт жил дараалж “Киви” хамтлагийн “Night” концертууд хийсэн.

Б.Халиун:

-Манай хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Төдийгөөс өдийг хүртэл хийсэн маш олон уран бүтээл бидэнд бий. Олон жилийн хөдөлмөрөө энэ тоглолтоороо үзэгч олондоо хүргэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Циркийн шинэчилсэн хувилбар болох “Аса арена”-гийн анхны тоглолтыг манай хамтлаг хийх болсон нь сайхан санагдаж байна. Тоглолт маань үзэгчдийг залхааж, тийм ч их сунжрахгүй. Зочин уран бүтээлч бараг байхгүй. Манай хамтлаг маш олон дуутай учраас дуунуудаа сонсогчидтойгоо хамтдаа дуулна.

Д.Уламбаяр:

-“Киви” хамтлагийн маань анхны гишүүн Б.Халиун оролцож байгаа нь тоглолтыг маань онцгой болгож байна. Мөн дуунуудын маань хөгжмийн найруулга шинэчлэгдсэн нь бидэнд маш таатай байгаа учраас дуугаа жаргаж дуулж байна.

-Тоглолтын бэлтгэлээ хийх явцад 20 жилийн өмнөх дурсамжууд маань сэдэрсэн гэж ярьсан шүү дээ. Танд ямар мэдрэмж төрж байна вэ?

Ц.Намуун:

-Бидний дунд маш их дурсамж үлдсэн. Бид шөнө тусдаа унтдагаас бусдаар өглөөнөөс орой хүртэл дандаа хамт байдаг байсан. Амьдралын минь салшгүй хэсэг учраас “Киви” хамтлагтаа маш их хайртай. Дуу хуур биднийг байнга холбож байдаг учраас бид уран бүтээлээ яавч орхиж чадахгүй, үргэлжлүүлж хийсээр байх болно.

Д.Уламбаяр:

-Хамтлагийн охид маань багаасаа найзалж, нөхөрлөсөн. 20 жилийн хугацаанд бүгд гэр бүлтэй болж, амьдралд хандах хандлага, харах өнцөг нь ч өөр болсон. Өмнө нь дуулж байсан дуунуудаа дуулахаар инээд хөгжөөнтэй, мөн мартахыг хүсдэг дурсамжууд эргэн санагддаг юм билээ. Дуу хөгжим хүний амьдралд гоё гэгээлэг, тод мартагдахгүй дурсамж үлдээдэг юм байна. Миний хувьд дуулах урлагт өөрийгөө сорьж яваа нь хэчнээн сайхан болохыг, яруу тансаг монгол хэлээрээ дуулах нь ямар гоё болохыг үргэлж мэдэрдэг. Энэ дууны утга, агуулга ямар гоё илэрхийлэгддэг талаар, дууныхаа үгийг яаж зохиох вэ гэж ярилцаж байсан, тэр гоё хөгжмүүдийг сонсоод, авсан мэдрэмжийнхээ тухай эргэн дурсаж, дандаа ийм сайхан дурсамж дунд амьдарч байгаа минь хэчнээн азтай хэрэг вэ гэж бодож суулаа.

-Та сонсогч фэнүүддээ болон хамтлагийнхаа гишүүдэд юу гэж хэлмээр байна вэ?

Ц.Намуун:

-Хамтлагийн бүрэлдэхүүнээрээ нэг тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзалгүй нэлээн удсан байна. Дурсамж хөглөсөн дуунуудаа хамтдаа дуулцгаая. Та бүхэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Манай хамтлагийг зургаан настай балчир хүүхдээс зуун настай буурал хүртэл сонсдог учраас та бүгдийг нь урьж байна. Хамтлагийн охид маань бүх зүйлийг амжуулах гэж хичээж байгаа. 20 жилийн хугацаанд бид ээж болсон, эхнэр болсон. Охидоороо маш их бахархдаг шүү гэж хэлмээр байна.

Б.Халиун:

-20 жилийн хугацаанд бид яг л эгч дүүс шиг дотно болжээ. Ямар ч цаг үед бие биеэ хайрлаж, дэмжиж, хамтдаа байж, сэтгэл зүрхээрээ нэгдэж, нэг хүн шиг байдагт баярлалаа. Хамтлаг гэдэг бол хамтдаа лаг гэсэн үг. Бид нэг зорилготой. Тэрхүү зорилгынхоо төлөө бид тоглолтоо хийх гэж байгаа. Хоёр найздаа үнэхээр их хайртай шүү. Мөн Б.Ангирмаа багш маань биднийг өдий хүртэл боловсруулж, хамтлагийг маань хэзээ ч уруудуулаагүй, дандаа оргил руу тэмүүлж, тэр олон уран бүтээлийг гаргахад хурцалж, ээж шиг минь бидэнд хандсаар ирсэн. Багшдаа цаг үргэлж баярлаж явдаг, тандаа маш их хайртай шүү. Бүгдэд нь амжилт хүсье гэж хэлмээр байна.

Д.Уламбаяр:

-Бидэнд итгэл хүлээлгэн олон жил бидэнтэй хамт байж, биднээс хийх гэж буй зүйлийг маань шаардаж, амжилт хүсч байгаа “Киви” хамтлагийн үзэгч, сонсогчдодоо маш их баярлалаа. Мөн хамтлагийн гишүүдийнхээ гэр бүлүүдэд хандаж хэлэхэд, бидний ард үргэлж дэмжиж, хурцалж, хайрлаж байдагт баярлалаа. Хүүхдүүдэд нь хайртай шүү гэж хэлмээр байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа 4 цаг 58 мин Монгол, Хятад, Оросыг дамнасан "Цайны замын авто ралли-2026" эхэллээ 4 цаг 59 мин Хууль зөрчсөн дөрвөн компанийн үйл ажиллагааг зогсоож, таван компанийг торголоо 5 цаг 1 мин Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөнө 5 цаг 2 мин Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ 6 цаг 58 мин Дэлхийн зах зээлд мөнгө, алтны үнэ буурлаа 7 цаг 0 мин Дүүжин замын эхний шугамыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 7 цаг 4 мин Бурхан Халдун хайрхныг тайх төрийн тахилгын ёслол болж байна 7 цаг 5 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 7 цаг 8 мин Прокурорын байгууллага авлигын 143 хэргийг шүүхэд шилжүүлжээ 7 цаг 11 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 7 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан 7 цаг 12 мин Согтуугаар машин жолоодож эхнэрээ дайрсан хэрэг гарчээ 7 цаг 13 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ 7 цаг 14 мин Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна 10 цаг 56 мин Чиндаогийн гранприд Монголын 20 жүдоч барилдана 10 цаг 57 мин Сэлэнгэ аймагт ховор амьтны жагсаалтад орсон халиун бугыг хууль бусаар агнажээ 10 цаг 59 мин Сэлэнгэ, Орхон, Ерөө зэрэг голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна 11 цаг 0 мин Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 1 мин Увс аймагт боом өвчний хүний өвчлөл бүртгэгдлээ 11 цаг 2 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top