x

Амьд театрын төлөө амьдарч яваа хүн

ЭЦГИЙН НЭР НҮҮРЭЭР БИШ ӨӨРИЙН БҮТЭЭЛЭЭР ТАНИГДАВ

"Театр бол мөхсөн урлаг" гэж ам дүүрэн хэлэх хүн захаас аван бий. Эртний, сонгодог хэлбэртээ царцсан, тайзнаа жүжиглэхүй гээч үйл нь өөрөө утгаа алдсан бөгөөд урлагийн шинэ төрлүүд театрын орон зайг бүрэн нөхөх боломжтой гэж үздэг, энэ үзлээ дэвшилтэт зүйл, сэхээрсэн хүний шинж гэж ойлгох нь ч бий. Авчиг энэ бол хаа газар байж л байдаг мэдлэгтээ цатгалдсан хамраа сөхөгчдийн дүгнэлт л дээ. Мэдлэг хүч байж болно, гэхдээ амьдрал хүчээр биш мэдрэмжээр нөхцөлддөг. Аз жаргал, хайр гэдэг биегүй атлаа чухал ухагдахуунууд үнэндээ мэдрэмжээр нөхцөлдсөн харилцааны үр дүнд л бий болдог билээ. Театр зуун жилийн өмнө түүх өгүүлэхүйн оргилд хүрээд мэдрэмжийг хэрхэн амилуулах тухай эрэлхийллийн урлаг болж хувирсан. Тэрхүү эрэлхийлэгч нь найруулагч юм. 

К.С Станиславскийн дэг сургууль, В.Э Мейрхольдын "Биомеханик", Б.Брехтийн "Туульсын театр", Х.Т. Лэйманы постдрам бүгд л тайзан дээрх мэдрэмжийн урсгалыг хүний сэтгэлийн урсгалтай холбох, тайз, үзэгч хоёрын дундах ханыг нураахад чиглэсэн эрэлхийллүүд байлаа.

Гэхдээ, нээрээ л Монголдоо эргэлдээд харвал театр мөхөж байгаа юм шиг санагдана. 30 жилийн 500 мянган хүн амтай Улаанбаатар хот хоёр драмын театртай байлаа. Харин 1.5 сая хүн амтай өнөөгийн нийслэлд маань ганц л драмын театр үлджээ. Юмны ганц хэцүү. Өрсөлдөөнгүй театр үзэгчдээр тасраагүй ч, шинэ сэргэгийн, олон эшт үзлийн дутагдалд орсон нь гашуун үнэн. Жил бүр сонгодог болон үндэсний жүжиг тавигдсаар, монгол үзэгчид юу нь мэдэгдэхгүй дутуугийн мэдрэмжтэй театраас гарсан хэвээр. Орон нутгийн театрууд ч эл хуль оргиж, хэдэн жилдээ ганц жүжиг тавьдаг янзаараа.

Театрын уран бүтээлчид хэнээ янаагүй энэ талаар ярьж, салбараараа эргэлзээ, тээнэгэлзэлд орчхоод байсан үед Москвад найруулагчаар төгссөн нэг залуу И.В. Гётегийн "Фауст" жүжгийг тайзнаа тавина гэсэн яриа дэгдэж эхэллээ. 2019 он. "Фауст" жүжиг үзэгчдийг гайхшируулж чадсан. Ялангуяа хасаж, танаж, техник хэрэгсэл сайтай "Корпрэйт конвеншн центер"-ийн тайзнаа тоглосон сүүлчийн тавилт нь үзэгчдээс өндөр үнэлгээ авав.

М.Батболд гэдэг залуу найруулагч агуу И.В.Ф. Гётегийн жүжгийг тавьжээ. Дэлхийд алдартай ГИТИС буюу Оросын театрын урлагийн институтийг төгссөн, дипломын ажил нь "Фауст" жүжиг юм байх. Мэргэжлийн хүрээнд ч хангалттай цочроо өгч, "хаанаас ямар найруулагч шинээр гараад ирэв?", "зүгээр л оросуудын тавилтаас хулгайлчихсан юм биш үү?" гэх мэтээр жиг жуг хийлцсэн. Чих тавибал театрын оддын нэг жүжигчин Гомбын Мягмарнаран гуайн хүү гэнэ. Найруулагч М.Батболд гэдэг залуутай монгол үзэгчид ингэж анх танилцсан. Онцлог нь тэрээр театрын амьд домог болсон аавынхаа нэрээр биш өөрийн уран бүтээлээр үзэгчдэд анх танигдаж эхэлсэн юм.

УХАМСАРТАЙГААР СОНГОСОН ЭРГЭЛТИЙН ЦЭГ

"Амьдрал бол жүжиг" гэж агуу Уильям Шекспир хэлсэн гэх. Амьдрал хэмээх жүжигт ямар дүр бүтээж яваагаа мэдэхгүй нь олон. М.Батболд бол дүрээ мэдэх хүн. М.Батболд бол мэргэжлийн эмч. Эмч эмчдээ сэтгэц судлаач эмч. Сурагч М.Батболдыг эмчийн мэргэжил сонгоход ээж, аавын зөвлөгөө чухал байсан нь мэдээж. Эмчээр зогсохгүй мэс заслын эмч болох хүсэлтэй хүү "Анагаахын дээд"-ийн босгоор алхжээ. Том зорилготой, идэвхтэй оюутан. Их сургуулийнхаа ойн баримтат киног хийсэн шигээ харайлгаж явтал амьдралынх нь эргэлтийн цэг тохиох нь тэр. Жүжгийн зохиолд "turning point" буюу эргэлтийн цэг хэмээх ойлголт байдаг. Жүжгийн гол дүрийн амьдралд өөрөөс нь хамааралтайгаар, эсвэл үл хамааран эргэлтийн шинж чанартай өөрчлөлт гарах агшныг хэлж буй нь тэр. Энэ цэгт гаргаж буй дүрийн зан байдлаас жүжгийн хувь заяа, төрөл зүйл нь ч шалтгаалдаг. Баатар нь эргэлтийн цэгийг ухамсарлахгүй зөрүү алхам хийвэл жүжиг эмгэнэлтэйгээр төгсөнө.

М.Батболдын амьдралын эргэлтийн цэг сэтгэц судлалын лекцэд сууж эхлэхэд нь тохиожээ. Доктор, профессор С.Бямбасүрэн багшийн лекцэд суугаад өнөөх мэс заслын эмч болох зорилгоо тархинаасаа авч хаяв. "Өнөө хүртэлх амьдралынхаа ёс суртахуун болон ухамсар, төлөвшлийн том чигийг би багшаасаа авсан" хэмээн М.Батболд дурсав. Анагаахын багш нарын хамгийн том онцлог нь практик дээрээ өөрийгөө нотолж байж хүнд эрдэм заах эрхээ олж авдаг. 

"Сэтгэцийн эмгэг судлал" тулгуур сурах бичгийн зохиогч С.Бямбасүрэн бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн зөвлөх эмч, гавьяат багш хүн. "Бишрэм, агуу" гэх хоёрхон үгээр М.Батболд багшийгаа тодорхойлох агаад чухам энэ хүнээс л сэтгэцийн эмч болох ёстой юм байна гэсэн хүсэл мөрөөдлийг "өвлөж", дагалдан ажиллаж байж сэтгэцийн эмнэл зүйн ертөнцөд хөл тавьжээ.

Шинэхэн эмч М.Батболд олны нэрлэдгээр "Шар хад" буюу СЭМҮТ-д төвд тухай үеийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, одоогийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэлийн удирдлага дор мэргэшүүлэх курсээ төгсөж, С.Бямбасүрэн багшаасаа сэтгэл заслын нэг жилийн сургалт авч, наркологийн курс төгсөн, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмч боллоо. СЭМҮТ-д мэргэжлээрээ ажиллах болов. Ирээдүй өмнө нь дурайж харагддаг цаг. Хоёр жил ажиллалаа. Сайн ч ажиллажээ. Ирээдүйтэй эмч нарын тоонд орж, мэргэжилдээ ч дөр суув. Авчиг М.Батболд дотроо оршихуйн том асуултын тэмдэг зурах болов. "Хүн ер нь тухайн ажилдаа сайн байж болно. Хариуцлагатай, сэтгэлтэй байж болно. Гэхдээ хийж буй ажил нь яг тэр хүнийг аз жаргалтай байлгаж чадаж байна уу?" гэж өөрөөсөө асуух болов. "Фауст" жүжиг дээр "Аз жаргалын томьёо юу вэ?" гэж асуудаг шиг.

Сэтгэцийн өвчтөнүүд бүрэн дүүрэн эрүүл оюун санаатай болох нь хэцүү. Сэтгэцийн эмгэг хувийн амьдрал болоод нийгмийн олон ёзоорт үндэстэй. М.Батболдын ажиллаж байсан 2010-2012 он бол хүмүүс өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ өнөөдрийнх шиг ач холбогдол өгч эхлээгүй, "Шар хад"-ыг шорон гэж төсөөлдөг байдал арилаагүй байсан үе. Бусдын сэтгэцийг эмчилж буй хүний стресс ямар байх нь мэдээж. Эмчилгээний хажуугаар өдөрт 5-10 хүний амьдралын тухай сонсоно, ярилцана, ховсдоно. Үүн дээр нэрмээд оршихуйн эргэлзээ дотроос нь чулуу шиг дүүжлэгдчихээд хөнгөрөх янзгүй. Нэг л өдөр М.Батболд "Энэ миний насан туршдаа хийх ажил мөн үү?" гэж өөрөөсөө асуужээ.

Далд ухамсарт нь түүний хүүхэд нас сэрэв. Монголын театрын гурван үеийнхний өвөр дээр нь эрхэлж, тайзан дээр хэлд орж, гарын үзүүрт нь зарагдсан түүний хүүхэд нас. Энэ удаа сэтгэцийн эмч болсны хэрэг өөр дээр нь гарав. Далд ухамсарт нь хамгийн ойр байсан ертөнц түүнийг дуудаж байгааг ойлгожээ. Түүний насан туршдаа хийх ажил эмнэлэгт биш театрт байлаа. Чин үнэндээ сэтгэцийн эмнэлэг, театр хоёрын хооронд оршихуйн хол ялгаа үгүй байсныг тэр хожим нь ухаарах болно. Учир нь театр ч, эмнэлэг ч хүний сэтгэхүйтэй улаан нүүрээрээ тулдаг. Хүний сэтгэхүйг төөрөгдлөөс гаргаж, гэрэлт зурваст хүргэхийг зорьдог.

ХУВЬ ТАВИЛАНГИЙН ТАЙЗ

Үнэндээ бол би түүнийг театраар өвчилсөн этгээд гэж харддаг. Азаар энэ өвчний ерөндөг нь уран бүтээл юм. Эмч М.Батболд найруулагч болно гэж дотроо шийдээд ултай судалгаа хийж, итгэлтэй хүн хараас ч аминчилж асууж үзэв. "Чи сэтгэцийн эмчээр удаан ажиллаад солиорч эхэлж байна. Амар" гэж мөр алгадах хүмүүс ч таарчээ. Өөрөө ч багагүй эргэлзэж байсан ч зориглон шийдвэр гаргав. СУИС-ийн хоёрдугаар дамжаанаас Москва руу суралцах хүсэлт илгээж болохыг бодож үзсэн хэрэг. Жүжигчний мэргэжлийг А үсгээс нь эхлэн судалж, тэндээсээ өөрийнхөө боломжуудыг нээж, мэргэжлийн найруулагчийн сургуульд сурахаар санаа шулуудав. Ээлжийн амралт нь ч болов. Хэнд ч хэлэхгүй СУИС-ийг зорьж, элсэлтийн шалгалт өгөв. Шалгалт авч буй багш нарт аавынхаа алдрыг зориуд хэлсэнгүй. Хэрэв уначихвал драмын амьд домог аавынхаа нэрийг баасдана. Гэтэл найруулагч Найдангийн Ганхуяг 26 настай эмч М.Батболдыг ангидаа сонгон авчээ.

Ийнхүү М.Батболдын амьдралд танил атлаа шинэ хуудас шар хийтэл нээгдэв. Н.Ганхуяг багш ганц л зүйлийг түүнд анхааруулжээ. "Чи цагаан цаас болох болох хэрэгтэй. Өмнө нь эмч байсан чинь бидэнд хамаагүй. Өөрөөсөө найман насаар дүү энэ хүүхдүүдтэй үеийн юм шиг харилцаж, яг нэг түвшинд очиж, цав цагаан цааснаас эхлэх ёстой"

СУИС-ийн жүжигчний курсэд ийнхүү хоёр жил суралцаад М.Батболд мөрөөдлийн сургуульдаа шалгалт өглөө. Тэр жил Москвагаас ГИТИС-ийн багш нар хүрэлцэн ирж шалгалт авчээ. Хөгшин оюутан ГИТИС-т тэнцэж, өөрийгөө бараг л найруулагч болчихлоо шахуу юм боджээ. Авчиг түүнийг алтан Москвагийн гутрал гологдол, ялагдал, тэмцлээр дүүрэн таван жил хүлээж байлаа.

ХЯЗГААРАА МЭДЭХ НЬ ХЯЗГААРАА ТЭЛЭХИЙН ЭХЛЭЛ

Монголын театрын найруулгын дэг сургууль Москвагаас, хуучнаар Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн сургууль, одоогийн ГИТИС-ээс эхтэй юм. Шинэ нийгэмд шилжээд Оросод хуучны олон зүйл орвонгоороо эргэсэн ч ГИТИС дэлхийн театрын урлагийн нэгэн төв хэвээр, ертөнцийн өнцөг булангаас авьяастнууд зорин ирдэг хэвээр байгаа. Тэдний дунд М.Батболд удахгүй ямар хүнд цохилтонд орохоо төсөөлсөн ч юмгүй амьтан ГИТИС-ийн хаалгаар алхан оржээ.

ГИТИС-ийн тэр жилийн элсэлт онцгой элсэлт байжээ. 1988 оноос хойш Москвагийн гол театруудад жил алгасалгүй жүжгээ тавьсан, МХТ буюу Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрын уран сайхны удирдагч Сергей Васильевич Женовач, Москвагийн өөр нэг сонгодог Вахтанговын нэрэмжит театрын Ерөнхий найруулагч Юрий Николаевич Бутусов хэмээх Оросын орчин цагийн хоёр шилдэг найруулагч 2012 онд ГИТИС-ийн найруулагчийн курсийг хамтран авахаар болсон байв. Оросод байтугай дэлхийд цолгорсон, тэнгэр газар шиг өөр арга барилтай хоёр найруулагчийн курсдээ тавих шаардлагад илтэд гологдоно гэдгээ М.Батболд шууд л ойлгожээ.

Найруулагч Сергей Васильевич Женовач М.Батболдод, "Гадаад оюутан гээд толгой илэхгүй. Яг дотоодын оюутнуудтай адилхан шалгалт өгөөд тэнцвэл авна, үгүй бол нутаг буц" гэв. Засгийн газрын тэтгэлэгийн дагуу ирсэн учраас заавал суралцах ёстой гэж учирлаад нэмэр болсонгүй. С.В Женовач "Би энэ удаа курс авч байгаа. Би тэгж авахгүй. Тэгвэл чи дараа жил өөр багш дээр ном ёсоороо ор. Над дээр сурах гэж байгаа бол гадна, дотно, Засгийн газрын тэтгэлэг гэсэн элдэв ямбагүй миний тавьсан шаардлагын дагуу шалгалт өгөөд тэнцээд орох ёстой" гэх нь тэр. Шалгалтанд тэнцэхийн тулд орос хэлээ яаралтай эрс сайжруулах хэрэгтэй болов. Өдөр шөнөгүй бэлдэж эхэлжээ. Ажил мэргэжлээ орхиод найруулагч болохоор гарсан хүн өөр яалтай ч билээ. Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн таван мянган хүүхдээс Женовачийн курсэд арвыг нь л авсан. Амь наана там цаана бэлдсэн өнөө монгол маань ямартай ч 10 хүүхдийн тоонд багтаж, найруулагчийн курсэд элсэж чадлаа.

Найруулагч хүнийг Ч.Найдандорж, Н.Наранбаатар, Ч.Түвшин гэсэн дотно танил ах нараараа л төсөөлж явсан М.Батболдод Москва үнэн нүүр царайгаа харуулж эхлэв. Тэр нь "Хэрэв чадахгүй бол хаалгаа гаднаас нь хаа" гэх урлагийн хатуу зарчим. Далан жилийн өмнө яг энэ сургуулийн босгыг алхсан Монголын анхны мэргэжлийн найруулагч Ламзавын Ванган, "Би ангийнхныхаа дэргэд тоомсог морины хажууд зогсоо, жижигхэн монгол морь шиг байсан" гэж дурссан нь бий. Ур чадвар, соёл, үзсэн харсан юмны зөрүү хэчнээн их байсныг хуучны хүн далдуур ёгтолсон нь энэ. М.Батболд ч ялгаагүй "жижигхэн монгол морь" шиг л эхэллээ. "Тоомсгууд" нь түүнийг нүдэндээ ч хавчихгүй. Түүнийг тоож санааг нь сонсох байтугай, хамтраад этьюд хийх хүн олдохгүй байв. ГИТИС-ийн олон шатны шалгалтыг өгч, найруулах урлаг гээчийг тэгээс нь эхлэн суралцах тусам өөрийгөө ямар харанхуй, тэнэг явснаа, сэтгэлгээ нь хэдэн зуун жилээр хоцорсныг ойлгов. Сэтгэл гутралд орж, сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд нуугдаад цурхиртлаа уйлж ч үзэв. Ачаалал, стрессээсээ болоод долоо хоног нойргүй явсан удаа ч түүнд цөөнгүй бий.

"Найруулагчийн дипломыг нь авчхаад ирье" гэсэн бодолтой, тас харанхуй, өөртөө итгэлтэй Москвад хөл тавьсан монгол ийнхүү эхний хоёр жилээ "шал арчив". Ярилцаж дотроо нээх ч хүнгүй, ганцаардмал монгол залууд өөртөө итгээд махрах, эсвэл бүхнийг орхиж, чадахгүйтэйгээ эвлэрээд эх орон руугаа буцах хоёр л сонголт байлаа. М.Батболд эхний замыг сонгожээ. 

Халуурч байсан ч хичээлдээ явж л байдаг, ачааллаа даалгүй хөл нь янгинаж байсан ч хичээлдээ явж л байдаг. ГИТИС-ийн эхний хоёр жилээ ийнхүү галзуурахын наахнуур өндөр ачаалалтай өнгөрөөж, ямартай ч сургуульдаа үлдэж чадав. "Мэдрэлийн эмч мэргэжил эзэмшсэний ачаар мэдрэлийн өвчтөн болчихолгүй тэссэн" гэж найруулагч М.Батболд хожим өөрийгөө шоолно.

МОСКВАД "ДАХИН ТӨРСӨН НЬ"

Хоёр жил шүд зууж зүтгэсэн гүргэр монголыг гуравдугаар курсээс нь л хүмүүс тоож эхлэв. С.В. Женовач багштайгаа хамтарч Михайл Булгаковын алдарт "Мастер Маргерита хоёр" зохиолыг тайзнаа тавив. Харин дөрөвдүгээр курсээсээ шилдэг оюутнуудын тоонд орох болж, төгсөх курсдээ И.В.Ф Гётегийн алдарт "Фауст"-ыг тайзнаа тавьж, дипломоо амжилттай хамгаалжээ.

Москва М.Батболдод маш их зүйл өгсний хамгийн чухаг нь өөрийгөө хэн гэдгийг ойлгосон явдал. Өөрийнхөө хязгаарыг ойлгож, түүнийгээ хэрхэн тэлэх ухаанаа тэр ГИТИС-ээс олжээ. Магадгүй үүнийг л боловсрол гэдэг байж болох юм.

М.Батболдын дурсах нь, "Москвагийн театрын сургууль надад чи дахин төр, бүх юмаа шинэчил. Сэтгэлгээгээ, оюун бодлоо, авьяасаа одоо байгаагаасаа хэд дахин өндөр хэмжээнд аваачихын тулд хөдөлмөрлө, хүс. Үгүй бол зайл" гэж хэлсэн. Түүнийг дахин төрөх орчин ГИТИС-т бүрэлдсэн байв. Монгол шиг зааландаа захирагдаж хичээллэх биш, зорилгодоо тэмүүлж хичээллэдэг хүнлэг соёл тэнд бий. Түүнээс гадна дэлхийн театрын цөмд амьдарч байгаагаа тэр алхам тутамдаа мэдэрдэг байв.

М.Батболдын курс үндсэн таван багштай. Дандаа найруулагчид. Курсийн гол багш нь дээр дурдсан Сергей Васильевич Женовач, Юрий Николаевич Бутусов нар. Юрий Бутусов бол постдрамыгг Москвад авчирсан найруулагч. Түүний 2021 онд найруулан тавьсан "Лир Хаан" жүжгийн тухай нэвтрүүлгийг эндээс үзэх боломжтой.

Харин курсийн гол багш С.В Женовач бол Станивлавскийн дэг сургуулийн энэ үе дэх хамгийн нөлөө бүхий найруулагч. Түүний найруулгын мастер классууд интернетэд их бий. "С.В Женовач багш Станиславскийн систем өнөөдөр хоцрогдоогүй. Харин ч маш зөв систем. Жүжигчний ур чадварыг нээх, зохиолын мөн чанарыг нээх хамгийн гол түлхүүр нь гэдгийг орчин үед хамгийн хүчтэй дуугарч буй найруулагч" хэмээн С.Батболд багшийгаа онцоллоо.

Монголд ГИТИС, ВГИК төгсөгчдийн чамлахааргүй өргөн хүрээлэл бий. Олонх нь Засгийн газрын тэтгэлгээр явсан тэр сургуульдаа яг юу сурсан нь эргэлзээтэй, практик талбар дээр хийсэн юм багатай хоосон шүүмжлэгчид байдаг нь нууц биш. Сайн зохиол алга, ийм ч юм дутуу, тийм ч юм болохгүй байна гэсээр зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш нэг ч бүтээл туурвиагүй мөртлөө хамаг хүндтэй шагнал, хүндлэлийг хүлээж суудаг урладаггүй урлагчин эрхмүүд ч олон. Хүн хэн нэгний төлөө биш зөвхөн өөрийнхөө л төлөө уран бүтээл хийдэг. М.Батболдын хамгийн олзуурхууштай чанар нь сургууль төгсөж ирүүтээ уран бүтээлдээ ханцуй шамлан орсон тэр сэтгэл. Хүнд хэрэгтэй юм бүтээх эрмэлзлэл үгүй хоосон мэдлэг гэдэг хог чихсэн хоосон гавалнаас өөрцгүй билээ.

СӨГДӨЖ ЖАРГАХ УУ, СӨРЖ ЗОВОХ УУ?

2017 онд ГИТИС-ийг төгсөж ирснийхээ дараа М.Батболд УДЭТ-т жил тойрон ажилласан. 2020 онд Ц.Балдоржийн "Хайрын виз" жүжгийг тайзнаа тавиад удалгүй тэр ажлаасаа гарчээ. Яагаад УДЭТ-аас гарч, өөрийн мөрөө хөөх болсон шалтгаанаа тэр ийн тайлбарласан юм.

"Манай театрын хөгжил, манай мундаг гэж боддог найруулагчид үнэндээ мэргэжлийн бус байна. Өөрсдийгөө мэргэжлийн гэж андуурч, мэргэжлийн гэж худлаа хөөргөдөг тойрон хүрээлэгчдээсээ болж вакумжаад одоо бол сумын төвийн театрын хэмжээнд л сэтгэж байна. Тэрийгээ өөрсдөө мэддэггүй. Өнөөдрийн үзэгчиддээ гологдож байна. Ямар их хоцрогдож байгааг, буруу яваад байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй, төөрөлдөөд байна. Шинэ юм гэхээр л шоу гэж ойлгодог. Шинэ театр гэхээр л хөгжим, гэрэл, хэлбэрийн төдийгөөр ойлгодог. Зүгээр л "Youtube"-ээс янз, янзын тасархай бичлэг олоод түүнийгээ хуулж тавьсныгаа шинэ юм тавилаа гэж андуурдаг. Нөгөөх нь агуулгатайгаа ерөөсөө нийцдэггүй. Ингэж үзэгчдийг хуурч байна. Оюун санааг маш хүчтэй хордуулж байна. Оюун санааг хордуулж буй дарангуй үзэл санаагаа бусдад наах гэж оролддог. Энэ зөрүүг ойлгож харах сэхээ өгсөн сургуульдаа баярладаг. Энэ зөрүүг ойлгож мэдрээд, зөвхөн өөртөө харамсан гашуудаад өнгөрөх, дунд нь ороод явах нь миний хувьд өөрийгөө булшилж байгаа хэрэг. Би энэ алдаа завхрал, мунхаглал, театрын буруу хэв маягтай өөрөө тэмцэх ёстой гэдгийг ухаарсан. Надаас өөр тэмцэх хүн байхгүй гэдгийг УДЭТ-д зурвасхан ажиллахдаа мэдэрсэн. Энэ бол амбиц хөөж, өөрийгөө дөвийлгөсөн үг биш шүү. Зүгээр л надад төрсөн мэдрэмж. Эцэст нь надад "Гамлет"-ынх шиг асуулт тулгарсан. Бид дагаж мөргөөд, сөгдөж хайрлаж хүндэлдэг урлаг, уран бүтээл, үзэгчдээ хуураад аз жаргалтайгаар тайван байх уу, эсвэл сөрөөд өөрийнхөө үзэл бодлыг батлахын тулд уран бүтээлийн тэмцэл өрнүүлэх үү гэсэн хоёр сонголтын өмнө би зогсож байсан. Би хоёр дахийг нь сонгосон. Тэгээд гурваас дөрвөн удаа өргөдөл бичиж байж театраас гарсан." (Энэхүү хөрөг нийтлэл бичигдэх үед найруулагч М.Батболд УДЭТ-аас гарч "Орфей" театрыг үүсгэн байгуулаад байв. Харин нийтлэлээс хоёр жилийн дараа өнөөдөр, 2024 онд тэр эргэн эрдмийн театрт ажиллах болжээ. Я.Б)

М.Батболдын энэ хатуу үгсийн дараа тэгвэл аз жаргал гэдэг угтаа юу юм бэ гэж бодогдоно. Монголын нууц товчоонд өгүүлдэгчлэн "гар газар хөл хөсөр суух"-ын нэр мөн үү? Нууц товчоо өөрөө хуучныхаар дарлагч анги буюу хаадын эрх ашгийн үүднээс бичигдсэн зохиол гэдгийг санахад илүүдэхгүй. Хаад, дарангуйлагчид ард иргэдэд амар амгаланг авчирсныхаа төлөө эрх чөлөөг нь авдаг.

Зохиолч Д.Урианхай саяхан хэвлүүлсэн "Философийн суулгацууд" номондоо бичсэн нэгэн бодрол М.Батболдын санаатай огтлолцоно. "Эрх чөлөө хасагдмал нийгмийн нөхцөлд л эрх чөлөө үнэтэй. Хүн хүсэж буй бүх үйлдэл нь нийгмээс зөвшөөрөгдөж байгаа харилцаанд эрх чөлөөний утга, үнэ цэн алдагдаж нийгмийн гишүүн хэнд нь ч тоогдохоо болино. Эрх чөлөө гэдэг ойлголт ч өөрөө хүмүүсийн оюун санаанд устана".

Үүнээс илүү манай нийгмийг яаж ойлгомжтой тодорхойлох билээ. Бид эрх чөлөөт нийгэмд шилжээд 30 жил өнгөрсөн байтал эрх чөлөөний үнэ цэнийг төдий л ухаарсангүй. Эрх чөлөө оюун санааны эрх чөлөөнөөс эхэлнэ. Бидний хэтэвч капитализмд байгаа ч тархи социализмд гацсаны сонгодог жишээ бол манай урлагийн салбар. УДЭТ-аас эхлээд хувийн продакшнууд хүртэл төр засгийн гар хардаг, төрдөө таалагдахын тулд туурвидаг, суртал ухуулгын хөлсөөр амьжиргаагаа залгуулдаг хэвээр. Тэр нь зөв гэдэгт итгэсээр. 1960 оны хуучин төрийн сүлдтэй гавьяатын тэмдгийн төлөө уйлан гасалдаг хэвээр.
М.Батболд энэ үхширсэн хандлагаас дайжихыг хичээж буй шинэ үеийн нэг төлөөлөл. "Фауст", "Гэм зэм" жүжгээс энэ л хашхираан, энэ л бачимдал хамгийн түрүүнд дуулдана.

"Гэм зэм" жүжгийн сүүлчийн үзэгдэл дээр сандал үүрээд уул руу ч юм уу, амьдрал руу ч юм уу мацаж яваа Раскольниковын шийдлийг хараад би М.Батболдыг огтоос ойлгоогүй явснаа ойлгосон юм. Учир мэдэх хүн бол амьдралын хүрдэн зүдэгч Сизиф, Голготын толгой өөд загалмай чирэн өгсөх Христийн бэлгэдлийг жүжгийн төгсгөлөөс өлхөн уншина. Харин би тэндээс М.Батболдын ёгтлолыг олж харсан. М.Батболдын Раскольниковыг бидний дундаас эрээд эрээд олохгүй. Учир нь тэр төөрөлдөж, биеэ бүхнээс өндөрт тавьж явснаа хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн өөрийгөө олны өмнө яллаж чаддаг хүн.

ҮЗЭГЧДЭДЭЭ ИТГЭДЭГГҮЙ БОЛ УРАН БҮТЭЭЛ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ

"Гэм зэм" жүжгийн эхний 18 тоглолт тоглогдож дууссаны дараа найруулагч М.Батболдоос сэтгэгдлийг нь асуусан юм:

"Үзэгчид яг миний хүссэн сэтгэл зүйн блоконд орлоо. Би ингэж чадахгүй байх вий дээ гэхээс шийдэлдээ санаа зовниж байсан нь нууц биш. Одоо бол би монголын үзэгчдэд, залуу үеийн үзэгчдэдээ итгэсэндээ алдсангүй гэж бодож байна. Театр гэдэг байшин биш. Театр бол агуулга. Театр хөлөг онгоц юм аа гэж бодоход далайд сэлэх нь үзэгчид. Тэгэхээр энэ хөлөг онгоц өнөөдөр Монголд урт аялах боломжтой гэж харлаа. Яагаад гэвэл далай байна. Би цөл гэж бодохгүй байна. Энэ олон мянган залуусын сэтгэл зүй, сэтгэлгээ, мэдрэмж, итгэлийн салхи бидний дарвуулыг үлээж байна".

Урам ормоор бадрангуй үгс. Жүжигчдийн тухайд ч тэр тун өөдрөг бодолтой нэгэн. Түүний жүжигчинтэй ажиллах ажиллагаа маш нээлттэй. Жүжигчдэд эхлээд эрх чөлөөг олгоно. Туслах дүр, гол дүр хэн ч байлаа хамтрагчийн байр сууринаас харьцах ба өөрийн мэдрэмж, сэтгэмжээ бүрэн чинээндээ тулгалаа гэж үзвэл найруулагчийн зөвлөгөөгөө сая өгнө. Энэ ажиллагааны зарчим эхэндээ жаахан ойлгомжгүй ч, жүжигчинд эцэстээ тун аятай байгааг "Гэм зэм" жүжгийн сургуулилтын үеэр Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар ярьж байв.

"Миний аав жүжигчин хүн учраас би эцгийгээ хайрлах хайраар жүжигчдийг хайрладаг. Манай монгол жүжигчдийн уран чадвар найруулга нь зөв залаад, гогдож хөдөлгөж чадвал дэлхийн хаана ч гологдохгүй. Дэлхийд харин гайхуулж чадах уран чадвартай жүжигчид. Манай СУИС-ийн жүжигчний уран чадварын сургалт мундаг. Зүтгэлтэй бол дэлхийд өрсөлдөхүйц уран бүтээлчид тэндээс төрдөг".

М.Батболдын үзэл бодлыг нэгтгээд дүгнэхэд, Монголд үзэгч нь байна, жүжигчин нь байна. Харин найруулагч нь алга. Мэргэжлийн найруулагчийн хувиар тэрээр энэ асуудлыг шийдэхэд урд нь гараад зүтгэх ёстой. Энгийн. Бас ойлгомжтой. Гэхдээ хурц.

Ахиад л зохиолч Д.Урианхайгаас эш татъя.

"Үүрэг хүнийг хөтөлдөг. Амьдралыг нь удирддаг. Хүний баяр жаргалын хэмжээ нь хүн өөртөө өгөгдсөн (Миний мэдэхгүй хаа нэгтэйгээс өгөгдсөн) үүргээ хэр биелүүлж чадсаны хэмжээ, хувьтай харьцангуй байдаг".

Уран бүтээлч хүн үүргээ мэдэрнэ гэдэг нь цаг үеэ, өөрийн нөөц бололцоогоо мэдэрнэ гэсэн үг. Юу хийж байгаагаа мэднэ гэсэн үг. Ямар нэгэн гайхамшиг бүтээх гэж хий сагах биш яг л хийх ёстойгоо хийж чаддаг байх нь ганцхан урлагт ч биш манай нийгэмд дутагдаж буй хамгийн чухал хандлага.

Театр бол М.Батболдынхоор, мэдрэмжийг мэдрэмжээр дамжуулж, мэдрэмжид хүргэдэг, сэтгэл зүйг сэтгэл зүйгээр дамжуулж, сэтгэл зүйд хүргэдэг нарийн аппарат. Түүний зохиолтой ажиллах ажиллагаа нь үнэндээ мэдрэмжийн эрэл хайгуул байдаг. Тэрхүү эрэл хайгуулд нь сэтгэцийн эмчийн мэргэжил нь маш том давуу тал болж өгнө. "Гэм зэм" романыг жүжгийн зохиол болгох үед түүний энэ чанар гайхшируулж байв. М.Батболд тэрхүү зузаан романыг огтоос түүртсэн зүйлгүй кодолж, ойлгож, задалж, дүрийн жижиг хүлээн авалтаар романыг бүхэлд нь тайлбарлаж чадаж байв. Энэ бол түүний найруулагчийн уран чадварын нэг том хүчин зүйл.

Түүнийхээр театрын хаалгаар нэгэнт л орж ирсэн бол үзэгчийг дахин төрүүлэх ёстой. Сэтгэлгээ болон сэтгэл зүйн хувьд каторсист оруулах ёстой. Театр санаа хэлдэг газар биш. Театр санааг мэдрүүлдэг газар.

"ЧИ ХЭДЭН ХҮНИЙГ ӨӨРЧИЛСӨН БЭ?" ТЭР Л ЧУХАЛ

Орчин үеийн театр бол технологийн театр. М.Батболдын жүжгүүдийн энгийн минимал хэрнээ хөдөлгөөнтэй тайзны шийдлүүд багагүй мөнгөөр бүтдэг. Ганц жишээ дурдахад "Гэм зэм" жүжгийн олон үйлдэлтэй тайз зөвхөн угсарч, суурилуулсны дараа 50 сая төгрөгийн өртөгтэй байв. Тайзан дээр ажиллах 10 гаруй залуусын цалин хөлс, аюулгүй ажиллагааны бэлтгэл, тоглолтын үеэр гарах тайзны зардлыг нэмбэл овоо том дүн гарна. Харин М.Батболд найруулагчийн мөнгөний тухай бодол ямар ч банкны эдийн засагчид хэлмээргүй "өөдрөг".

"Би хэд хэдэн хүнээс сонсож байсан. Агуу урлаг хиймээр л байна. Даанч мөнгө алга. Мөнгөтэй байсан бол, баян ахтай, эгчтэй байсан бол би мундаг байх байлаа. Даанч чадаагүй гэдэг. Үгүй байхгүй юу. Надад яг одоо ямар ч мөнгө алга. Надад зөвхөн итгэл, сэтгэл, сэтгэлгээ зориг л байгаа. Гэтэл би энэ хоёр төслийн ард гарчихлаа. Энэ хоёр төслийг хийхийн тулд хүн заавал тэрбумтан байх албагүй. 

Ф.М Достоевский хэлсэн байдаг. "Үхэхдээ чи хэдэн хүнийг өөрчилсөн бэ" гэж. Тэр л чухал. Түүнээс биш чиний үхэхдээ хэдэн төгрөгтэй байсан нь хамаагүй. Яахав мөнгө санхүү хэрэгтэй. Гэхдээ үүнийг нэгдүгээрт тавиад явах юм бол миний сэтгэлийн дуудлага, уран бүтээл байхгүй болно. Магадгүй мөнгөтэй болсны дараа найруулагчаар ажиллаад аз жаргалыг мэдрэхгүй ч байж болно. Тэгэхээр би уран бүтээлээ нэгдүгээрт тавих ёстой. Уран бүтээл бол миний хийх ажил. Уран бүтээл өөрөө санхүү".

АМЬД ТЕАТРЫН ТӨЛӨӨХ АМЬДРАЛ

Дэлхий даяараа театрын урлаг зогсонги байдалд орж байна гэж аль тэртээ 1968 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий найруулагч Петер Брүүк "Хоосон орон зай" номондоо бичиж байв.

"Туурвиж буй бүтээлээ зарж борлуулдаг учир театрыг цэнгээний газар гэж үзэх нь олон. Харин энэ доромж үгийг би нээрээ ч үнэн юм уу гэж зөвшөөрмөөр санагдах болоод байна. Эмсийн хүрээлэнд орж өчүүхэн таашаал авахын тулд багагүй мөнгө төлдөг. Бродвейн театрын хямрал, Парис, Уэст Эндийнхээс ялгаагүй; театр үхмэл орчин болж байгааг бид театрын кассаар бэлээхэн мэдэж байна. Үзэгчид театраас өмхий үхдэлийн үнэр мэдрээд эхэлжээ... Хүнд сэтгэлийн зугаа цэнгэл хайрлах театр өнөөдөр алга болж... Бид өнөөдөр чадалтай жүжигчид тоглосон, тавилт сайн гэж хэлж болохоор Шекспирийн олон жүжиг үзэх болж. Тоглолт, өнгө зүс, хувцас чимэглэл, хөгжим сайтай, бүх юм нь сонгодог гэж болохоор. Харин тэгтэл бид үзэж суухдаа уйдан байж ядаж, Шекспирийг ч юм уу, театрыг ч юм уу, эсвэл өөрсдийгөө ч юм уу зэмлэн цухалдах болж. Үүнийг сүүлийн үед буй болсон "амьгүй үзэгчид" бүр өөгшүүлж байна... Ямартай ч дундаж зохиолчид энэ бүхний хэмжээг барин "амьгүй театр"-ыг ажилтай, нэгэн хэвийн магтаал, уйтгартай, амжилтаар дүүрэн байлгаж чадаад байна... Хүмүүс соёлтой хүн болж харагдах гэхдээ гадаад өнгө үзэмжийн талаар хольж хутган домоглож, дотоод агуулгын хувьд санал бодлоо илэрхийлэхгүй байхыг илүүд үзээд байгаа учраас амьгүй театр амьдарч, дульхан жүжиг ч амжилт оллоо хэмээн өөрсдийгөө эмгэнэлтэйгээр хөөргөн хуурч, амь зогоох боломж нээгдээд байна."

Өрнийн театрын ертөнц чухам энэ онош тавигдсанаас хойш хөдөлгөөнд орж, сонгодог, хуучинсаг театрын арга барилаа ахин эвдэн өөрчилж эхэлсний хамгийн чухаг үр дүн нь 1970-аад оноос эхлэлтэй постдрамын чиг хандлага юм. Найруулагч М.Батболд энэ өөрчлөлтийг өнөөдөр Монголд оруулж ирэхийг хичээж байна. Өөрөөр хэлбэл бид театр үхэх, сэхэхдээ тулсан тэртээ далаад оны түвшинд л манарч сууна. Арга ч үгүй юм. Театр өнөөдрийг хүртэл үзэл суртлын дууч шувуу хэвээрээ л байна шүү дээ. Үүнийг үүсгэгч хүчин зүйлийн талаар тусдаа шүүмж, хэлэлцүүлгийн түвшинд ярих хэрэгтэй.

Найруулагч М.Батболдын хоёр жүжиг Монголын театрын урлагт онош тавьсан. Мэдээж энэ хоёр жүжиг төгс зүйл биш. Гэхдээ л түүний гүйцэтгэл театрын урлагт дутагдаж буй олон зүйлийн сануулсан. Зөвхөн театр гэлтгүй утга зохиол, кино урлаг ч арга зүйн мухардалд орчхоод байгаа. Сэтгэлгээний хувьд саажиж, үхжил нүүрлэчхээд буй цаг үеийнхээ эсрэг хамгийн зоримог эрэлхийлэл хийсэн учраас л М.Батболдын уран бүтээл олон нийтийн анхаарлыг татаад буй хэрэг. Гэтэл М.Батболдын барьсан ганц зарчим нь мэргэжлийн байх зарчим. Мэргэжлийн гэдэг нь аль нэгтээх их сургуулийн диплом биш, эсвэл хур туршлага ч биш ажиллагааны арга барил, эцсийн үр дүнгээр хэмжигдэнэ. Үр дүн өөрөө хэлнэ. Тэр театрыг амьд байлгахыг хүсэж байна. Гэхдээ тэр авралын од нь биш. Энэ салбарт хөл дээрээ тогтохыг эрмэлзэж буй ердийн л нэг залуу уран бүтээлч.

Я.Баяраа /Хөргийг UNREAD.TODAY сайтын "ӨРТӨӨЛӨГЧ" буланд 2022 онд нийтэлсэн/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 37 мин "Зая гэгээний өв" үзэсгэлэнг жилийн турш дэлгэж үзүүлнэ 44 мин Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэв 1 цаг 1 мин Х.Нямбаатар: Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна 1 цаг 53 мин Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо 3 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэргийг олжээ 3 цаг 25 мин Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгожээ 5 цаг 2 мин ЭМГЭНЭЛ 5 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан 5 цаг 41 мин Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн 5 цаг 48 мин Б.Хурцыг өмгөөлөх нь 6 цаг 17 мин О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй Өчигдөр 13 цаг 06 мин Номын баяр “Илүү их уншъя” уриа дор зохион байгуулагдаж байна Өчигдөр 13 цаг 01 мин СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 13 цаг 00 мин ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Өчигдөр 12 цаг 51 мин “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ Уржигдар 16 цаг 02 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Уржигдар 15 цаг 37 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой Уржигдар 14 цаг 56 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх 2024-05-17
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Б.Хурцыг өмгөөлөх нь Б.Дэлгэрмаа: “Шинэ хоршоо” чинь зүгээр л нэгдэлжих хөдөлгөөн... Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... ЭМГЭНЭЛ | РЭНЦЭНГИЙН БАТЦЭНГЭЛ Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... ЭМГЭНЭЛ Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
Top