x

О.Баасанхүү: Авлигын асар их хөрөнгө, төрийн мөнгө хоёроор Ардын нам үнэхээр аархаж байна

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Нийслэлд болсон үер усны гамшгийн улмаас эрдэнэт хүмүүсийн амь нас эндлээ. Иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Уг хэрэгт холбогдох төр засгийн удирдлагуудаас хариуцлага нэхсэн тэмцлийг АН-аас өрнүүлж байгаа. Гэвч хариуцлага ярьж байгаа хүн алга байна л даа. Үүнд та хуульч, улстөрч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Үер усны асуудлаар УИХ-ын гишүүн байхдаа миний хувьд хангалттай л дуугарсан. Өнгөрсөн хугацаанд нэг нам дангаараа төрийн эрхийг барьж явна. Цаашид ч яах юм мэдэхгүй. Юутай ч энэ намын дарга, удирдлагууд нь “Манай намд хулгайч, луйварчид бүгд бий. Нам доторх энэ хүмүүстэйгээ бид тэмцэнэ” гэж хэлж байсан. Ард түмний хувьд үүнийг нь дэмжсэн. Эсрэгээрээ Ардчилсан нам чимээгүй бай, та нарыг ажил хийлгэхгүй, зөвхөн Ардын нам ажил хийнэ гэж хэлсэн. Ингээд Ардын нам ажил хийсэн үү. 2021 онд ард түмэн Ардын намыг ажлаа хийгээч ээ гэж жагсаж, шаардсан.

Тухайн үед Ардчилсан нам иргэдтэйгээ нэгдээд Ардын намыг ажлаа хийхийг шаардах гэж очсон боловч ард түмэн “Та нар чимээгүй байж бай” л гэсэн шүү дээ. Гэтэл эрх баригчид ажлаа яаж хийсэн бэ. Бүх сан, бүх банк, бүх боломжийг хулгай хийхдээ сайн гэдгээ харуулсан. Хорооны дарга нар нь эмзэг бүлгийнхээ дэмжлэг дээр ажилладаг, дүүргийн дарга нар нь дүүргийнхээ төсвөөсөө хулгайлдаг. Сайд нар нь улсын төсвөөс хулгайлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах томоохон төсөв, хөтөлбөрөөс луйвардаж авдаг болсон. Тухайлбал, ковидын үед эрх баригчид нэг иргэнд 114 сая төгрөг зарцуулах төсвийг хулгайлсан шүү дээ. Залгаад алдарт нүүрсний хулгай, Хөгжлийн банкны луйврууд гарсан. Ийм олон хулгай байна, үүнийг Ардчилсан нам илрүүлж, олон нийттэй хамт хариуцлага тооцох асуудлыг хатуу ярья гэсэн. Гэвч ард түмэн дахиад л биднийг чимээгүй бай гэсэн шүү. Хариуцлага үүрч байгаа нэг ч хүн байхгүй. Хариуцлага ярьж байгаа ард түмэн ч гэж алга. Одоо манай ард түмэн амарч байна. Намар хичээл орсны дараа энэ асуудлууд хэрхэн сөхөгдөх юм, бүү мэд.

-Ардчилсан намын хувьд хүчтэй сөрөг хүчин хийж чадахгүй байна гэх шүүмжлэлийг олон авсан. Одоо цэгцэндээ орсон бол сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

-Ардчилсан нам сөрөг хүчин байхаа болиод удаж байна. Ард түмэн сөрөг хүчин хийж байгаа шүү дээ. Манай намын зарим нөхөд эрх баригч намынхныгаа дэмжиж их явж байна. Саяны хэд хэдэн аймгуудын тэгш ойгоор манай намын гишүүн дөрвөн патрол бэлэглэсэн. Энд тэнд болж байгаа ой болгонд нь манай намын гишүүд дэмжлэг, хандив өргөж байна. Ардчилсан намын нэр дээр байдаг энэ мэтийн хүмүүс бол эрх баригчдаас сүнсээ зайлтал айж байгаа юм байна л гэж харж байгаа. Ардчилсан намын тухайд гэвэл Боловсролын сангийн зээлийн асуудал гарснаас хойш их дуу султай болсон шүү. Нөгөөтэйгүүр ард түмэн та нар битгий дуугар гэсэн учраас над мэтийн хүмүүс нь чимээгүй, тайван байх шиг байна даа.

-Ард түмэн чимээгүй бай гэдэг нь юу гэсэн үг вэ. Та нарын дууг яагаад ард түмэн хорино гэж...?

-Нэг зүйлийг тодорхой ойлгочих хэрэгтэй. Ард түмэн улс төрийн хүчнээс хоёрхон зүйлийг л хүсдэг. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт, эдийн засгаа өсгөхийг. 2016 онд МАН УИХ-ын 65 суудлыг дангаараа авч олонх болсон. Ингэхдээ шударга ёстой тэмцэнэ, МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн. Улмаар цөөнгүй хүмүүсийг шоронд хийсэн. Гэтэл удалгүй ихэнх нь гарсан. Зарим нь бүр цагаадсан шүү дээ. Эдийн засгаа өсгөнө гэсэн. Эдийн засгийг өсгөнө гэдэг бол ядуурлыг бууруулна гэсэн үг. Гэтэл ядуурал буурах битгий хэл улных болтлоо доошоо орсон. Ажилгүйдлийг багасгана гэсэн. Гэтэл эсрэгээрээ цүнх баригчдынхаа тоог нэмсэн. Төрийн бүтцийг л данхайлгаснаас өөр ажлын байр бий болгоогүй. Угтаа үйлдвэр, бүтээн байгуулалтаар ажлын байр нэмэгдэх ёстой. Гэтэл төрийн бүтэц орон тоо л олон боллоо. Үүнээс болж үнийн өсөлт, эдийн засгийн хямрал улам гаарлаа. Одоо өдөр бүр л үнийн өсөлт явагдаж байна. Өнөөдөр нэг ширхэг талх 2500 төгрөгөөр авлаа гэхэд маргааш нь 2800 болчих жишээтэй. Энэ мэт өдөр болгон бүх юмны үнэ өсч байна. Энэ бол гамшиг шүү. Улс орон нь ийм байхад манай ард түмэн амар амгалан улсууд л даа. Яг одоо ард түмэн баярлаж байна, найрлаж байна, наадамлаж байна, амарч байна. Тиймээс үнийн өсөлт, улс орны хөгжил, эдийн засаг яриад ямар ч утгагүй. Ард түмэн ийм жаргалтай байгаа үеийг улстөрчид чадамгай ашиглаж байна. Тэд наадам, найр дээр нь очоод л ард түмний тархийг ёстой сайхан угааж өгч байна л даа. Мэдээж ирэх жил сонгуультай учир одоо л ард түмний толгойг угаах ёстой байх. Энэ мэт ажлуудаа эрх баригчид сурцтай, хурдтай хийж байна аа.

-УИХ дахь бүлгийн гишүүд тань сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэхгүй байна уу?

-Ардчилсан намаас гарч ирсэн УИХ-ын 11 гишүүн бий. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эдгээр гишүүд маань хангалттай сөрөг хүчин хийж чадаагүй гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам маань тамга, гэрчилгээ, дарга суудлын маргаан хийсээр байгаад сөрөг хүчний үүргээ мартсан. Гэтэл одоо ч гэсэн бүрэн бүтэн цэгцэрч өгөхгүй байгаагаас болоод сөрөг хүчний дуу хоолой дутсаар л байна даа.

-АН-ын хувьд нийслэлийн удирдлагуудыг огцруулъя гэдэг тэмцлийг өрнүүлж байна. Огцрохгүй гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа. Таны хувьд нийслэлийн удирдлагууд огцрох ёстой гэж харж байгаа юу?

-Улаанбаатар хотыг хариуцсан олон дарга бий. Үнэхээр харицлага тооцуулж, хэн нэгэн нь огцрох ёстой л бол хамгийн томыг нь л зайлуулах хэрэгтэй. Тэр утгаараа хамгийн том нь Ерөнхий сайд, тийм үү. Дараагийн том дарга нь Шадар сайд. Үнэндээ энэ ус, үерийн асуудлыг Онцгой байдлын газар анхаарч, хариуцах ёстой. Шадар сайдын хувьд эрсдэлтэй нөхцөл байна, тиймээс далан, хамгаалалт юмнуудыг нь барьж байгуулъя гэдэг ажлаа хийх ёстой байсан. Харамсалтай нь ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг араас нь матрын нулимс унагаж байна. Нэмээд Хотыг хариуцсан сайд гэдэг хүн бий. Энэ хүн өөрийгөө Түгжрэлийн сайд гэдэг. Гэвч хуулийн нэршил нь тийм биш. Өөрөөр хэлбэл хуульд түгжрэл хариуцсан сайд гэж байхгүй. Харин хот хариусан сайд гэж бий. Энэ сайд юу хийх ёстой вэ. Улаанбаатар хотын төсвийг ярих ёстой. Мөн доошоо Нийслэлийн Засаг даргатай хариуцлага ярих ёстой. Энэ мэт олон хүн байна. Харин одоо хариуцлага ярихаар ганц харагдаж байгаа нь Д.Сумъяабазар юм байлгүй дээ. Угтаа дээрээс нь хамгийн том даргаас нь энэ бүх хариуцлагыг нэхэх, шаардах ёстой юм. Нөгөөтэйгүүр МАН-ын хувьд маш их аархаж байна. Асар их авлигалын мөнгөтэй, нэмээд төрийн мөнгөөр Ардын нам үнэхээр аархаж байна даа. Миний хувьд төрд найман жил болсон хүн. Арай ч ийм аархал харж байсангүй. Асар их мөнгөтэй, асар их хулгай байгаа учраас нийгэм өөрсдөө айгаад байгаа юм биш үү л гэж харж байна.

-Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сард зарлагдсан. Уг хурлаараа Лу.Гантөмөр дарга багаа бүрдүүлж авах гээд байна уу даа?

-Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга. Үндэсний бодлогын хорооноос хурал зарласан л гэсэн. Миний хувьд гишүүнийхээ хувиар оролцоод явах л байх. Нэг зүйл байгаа юм. Одоог хүртэл намын дотоод бүтэц, бүрэлдэхүүнээ яриад л байна. Ерөнхий нарийн бичгийн даргад байгаа зүйлийг солино ч гэх шиг. Иймэрхүү жижиг зүйл ярих хэрэггүй л байхгүй юу даа, жишээ нь. Хийж болдог хүн нь байгаа бол бушуухан хийгээд явах л хэрэгтэй. Яг үнэндээ аравхан сар л үлдэж байна даа. Өвөл болох нь тодорхой гэрээ барихгүй суугаад байж болохгүй гэж ярьдаг. Үүнтэй адилхан сонгууль болох нь тодорхой, намаа цэгцлэхгүй суугаад байж болохгүй л дээ. Бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд явбал хурдлаасай. Үгүй гэвэл энэ байдлаараа урагшаа хараад өмнөх ажлаа шийдвэрлээд явах ёстой. Миний хувьд энэ намын удирдлагууд хэн байх нь чухал биш.

-Өвөл гэснээс ирэх өвөл нийслэлчүүд бид нэгэн туршилтад орох гээд хүлээж сууна. Уг туршилт амжилттай болбол утаа 50 хувь буурна гэж байгаа. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Туршилтад ороход бэлэн байна уу?

-Туршилт хийхэд шаардлагатай 177 тэрбум төгрөг гэдэг бол асар их мөнгө шүү. Энэ хөрөнгөөр хажуудах нүүрсээ угаагаад коксжих болгочихож болно. Хагас коксжих нүүрсээр сайжруулсан түлш хийж утааг багасгаж байсан аргыг дэлхий дахинд л туршиж үзсэн юм билээ л дээ. Гэхдээ Монгол Улс өнөөдөр үүнийг өөрсдөө хийчих боломжтой байгаа. Заавал Хятадаас коксжих нүүрсээ авах шаардлага байна уу. Өөрөөр хэлбэл бид 97 ам.доллараар Хятад руу нүүрсээ гаргаж байгаа. Нөхөд тэндээ угаагаад хагас коксжих нүүрс болгочихоод манайх руу буцаагаад 150 ам.доллараар өгөх нь л дээ. Энэ чинь бидний том гутамшиг шүү дээ. Хоёрдугаарт, 2020 онд Улаанбаатар хотын утаа багассан. 20 жил ярьсан утаа гэнэт багассан. Энэ нь ямар учиртай гэхээр М СИ ЭС гэх компани бий дээ. Энэ компани өөрсдийнхөө хагас коксжих нүүрсээ төрд үнэгүй өгсөн байхгүй юу. Түүгээр нь түлш хийсэн. Тэгвэл одоо энэ компаниас тэр хагас коксжих нүүрсээ төлбөрийг нь төлөөд л авчих л даа. Заавал Хятадаас авах ямар шаардлага байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл гаднаас хагас коксжих нүүрсээ авч байхаар дотоодын компаниасаа аваач л гэсэн үг л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 7 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 8 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 9 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 10 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 12 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 24 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 32 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 46 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 14 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 14 цаг 38 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 14 цаг 40 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 14 цаг 41 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 14 цаг 43 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 14 цаг 45 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 17 цаг 32 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 17 цаг 37 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 17 цаг 38 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top