x

С.Мөнхбат: Миний хийж байгаа ажил монгол сэтгэлгээтэй хүүхдийг бий болгоход л чиглэсэн

"Спортоос холдсоноор бие бялдар нь асуудалтай, үг сонсож чаддаггүй, тайлбар тавьдаг, сул дорой эрчүүд олон болжээ"

Монгол Улсын 20 дахь аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.

-Таны хувьд наадам, цагаан сарын барилдаандаа л зодоглолоо. Заалны барилдаанд тэр бүр гарч харагдахгүй юм. Бөхийн спортоос бага зэрэг хөндийрч байна уу. Одоогоор та юу хийж байна вэ?

-Хувийн ажилдаа л анхаарч байна даа. Завсар зайгаараа нийгэм рүү чиглэсэн ажил хийж байна. Яг одоогоор бол сэргээн засалтын эмнэлэг байгуулах ажилтай явна. Ирэх тавдугаар сард үйл ажиллагаа нь жигдэрнэ. Манайд сэргээн засахын салбар хөгжиж байгаа. Гэхдээ бодлогын хэмжээнд хөгжиж байна уу гэвэл асуудалтай. Үүнд нэмэр болохоор орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг байгууллаа. Тамирчин байсан хүний хувьд сэргээн засахын салбарыг хөгжүүлснээр олон талын ач холбогдолтой гэж харж байна. Бэртсэн тамирчид сэргээн засах үйлчилгээ авснаар богино хугацаанд дэвжээнд гарах боломж нээгдэнэ. Ингэснээр амжилтад нь ч тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ. Гэмтсэн иргэд ч үйлчилгээ авснаар богино хугацаанд эдгэрэх боломжтой. Цаашлаад хөдөлмөрийн бүтээмжид ч сайнаар нөлөөлөх болов уу.

Хажуугаар нь “Бор аварга сан”-г санаачилж байгууллаа. Сангийн үйл ажиллагаа Монголын өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн соён гэгээрүүлэх ажиллагаа хийхэд чиглэж байна. Үүний хүрээнд “Өв түгээ” төслийн барилдааныг Үндэсний олон нийтийн телевизтэй хамтарч явууллаа.

Гол ач холбогдол нь залуустаа үндэсний бөхийн мөн чанарыг таниулахад оршиж байна. Өөрөөр хэлбэл монгол эр хүн байх, бөх байх гэдэг гол утга учрыг залуустаа гүйцэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа явууллаа. Бөхчүүд маань хэн байв, өнөөдөр хэн болоод байна, цаашид хэн байх талаар ойлголт нийгэмд бараг алга болсон байна. Хоорондоо барилдаад л нэг нь давдаг хүмүүс мэтээр хардаг болж.

Угтаа бол оюун санаа, бие бялдрын олон зүйл нийлж бөх болдог. Тэр утгаараа ард түмэн бөхөө дээдэлж ирсэн. Орчин үед энэ жишиг алдагджээ. Бөхөөр хичээллэж байгаа залуус маань ч энэ сайхан зүйлсээ гээсэн байна. Энэ бүхнийг дагаад үнэлэмж нийгэмд унажээ. Монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа залуус бөх гэдэг зүйлийн мөн чанар, утга санааг ойлгочихвол алдаа гаргахгүй явж болно. Тэр их хүндлэл эргээд сэргээд л ирнэ. Өөрсдийгөө ч зөвөөр үнэлдэг болно.

-Өнгөрсөн жилийн наадмын сонин сайхан өнөөдөр ч хуучраагүй байна. Та наймын даваанд О.Хангайг амлаж барилдсан нь бөхийн хүрээнд олон асуултыг үлдээсэн. Мөнхбат мөнгө аваад буугаад өгчихлөө гэх “бор шувуу” бөхийн ертөнцөд нисч байсан. Нөгөө талд аварга хүн ирээдүйтэй бөхийг тунаанаас гаргаж сайхан барилдлаа гэх улс бас байсан?

-Ардын хувьсгалын тэгш ойдоо зодоглохдоо бэлтгэлээ маш сайн базаасан.

Миний хувьд 1024 бөхийн барилдааны есийн даваанд гарч байж л цолоо ахиулах боломжтой байлаа. Үүнд зорьж л наадамдаа зодоглосон. Наймын даваанд Б.Орхонбаяр арсланг амлаад барилдчихъя гэж санаж байлаа. Гэтэл долоогийн даваанд барилдахдаа элэг бүсээ таслаад сойгоод уячихсан юм. Ингэхэд зодог дээшээ хөөрөөд сэнжиг суларчихсан. Хэний ч гар яваад л сэнжиг авахаар болчихсон. Б.Орхонбаярын тухайд сэнжиг ухаад авчихвал эвгүй барилддаг бөх. Ингээд боломжтой амаа дахиад харахад Б.Бат-Өлзий, О.Хангай хоёр л байсан. Хэнтэй нь ч барилдсан би хаях боломжтой. Б.Бат-Өлзий бол огт хийгүй нягт барилддаг. Нэгнийгээ хаях гэж их удна. Бараг дуустлаа барилдаж таарна. О.Хангай бага зэрэг хийтэй байх боломжтой учраас л амлаж барилдсан хэрэг. Шийдвэрээ эргээд харахад түрүү бөхийг амласан байж л дээ. Залуу бөхтэй яс үзээд л тахим өгсөн. Тэгш ойн наадам шинэ аварга, арслантай сайхан болсон.

-Эргээд таны явуулж байгаа төсөлтэй уялдуулаад асууя. Өнөөдөр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан манайд алдагдсан юм шиг. Энэ арга ухааныг та яаж хардаг вэ?

-Санал нийлж байна. Тулгамдсан асуудал мөн. Даяаршиж олон талын мэдээлэл авч байгаа нийгэмд хүүхдээ хэн болгох, ямар зорилготой болгож төлөвшүүлэхэд эцэг эхчүүд санаа тавих хэрэгтэй. Англи хэл сураад л гадаад гарч ажиллана гэх түгээмэл ойлголттой болж. Мэдээж дэлхийн боловсрол эзэмшихэд англи хэл хүүхэд болгонд хэрэгтэй. Гэхдээ монгол мөрөөдөлтэй, монгол сэтгэлгээтэй болгож өсгөх ажил энд хоцроод байна. Хүн байх, хүн болж төлөвших гэдэг зүйл гээгдээд үлдчихэж. Нийгэмд гарч байгаа янз бүрийн үзэгдэл, гажуудал үүнтэй шууд холбоотой гэж би хувьдаа хардаг юм.

Миний хийж байгаа ажил монгол сэтгэлгээтэй хүүхдийг Монголд бий болгоход л чиглэж байгаа. Энэ ажлын хүрээнд найман сургуульд орж ажиллалаа. Хүүхдүүд өв уламжлалаа таньж мэдэх сонирхолтой нь сайшаалтай. Ажил маань нүдээ олсон оновчтой ажил болсон гэж харж байгаа шүү. “Бор аварга сан”-гийн ажил ирээдүйн Монголын залуучуудыг монгол сэтгэлтэй болгож төлөвшүүлэхэд л чиглэж байна.

-Таны “Бор аварга сан”-гийн үйл ажиллагаа эхний ээлжинд залууст, тэр дундаа сумын заануудад чиглэж байгаа нь анхаарал татаж байна?

-Улаанбаатарт л гэхэд 1000 гаруй сумын заан бэлтгэл сургуулилалт хийж барилдаж байна. Нийгэмд бие бялдар, сэтгэл зүйгээр өрсөлдөх чадамжтай ийм том бүлгийг эр хүн болгож хүмүүжүүлэх, үүгээр дамжуулж найз нөхдөдөө нөлөөлж чадах хүмүүсийг бий болгох боломжийг олж харсан юм.

-Өнөөдөр үндэсний бөхийг залуус сонирхохоо больсныг та харж байгаа байх. Үндэсний бөхөөр дамжуулж залуусыг төлөвшүүлэх боломжийг та яаж харж байна вэ?

-Орчин цагийн хүүхдүүд дэлхийн мэдээлэл дунд амьдарч байна. Спортод дуртай хүүхэд зурагтаа асаагаад л сагсан бөмбөг, хөлбөмбөгийн мэдээллийг нэгэн зэрэг хүлээж авч байна. Энэ дунд өв уламжлалыг хүүхдүүддээ таниулах ажлыг бид оройлон хийж оролцох ёстой. Үндэсний бөх гэдэг зүйлийг орчин цагийн хүүхдүүдэд сонирхолтой байлгах талын арга хэмжээг бид хийх хэрэгтэй.

-“Өв түгээ” төслийн барилдаан сумын заануудад чиглэж байгаа талаар та жаахан тодруулахгүй юу. Барилдааны бай шагналын тухайд 50 сая төгрөг байсан шүү дээ?

-Сумын заанууд амьдралаа авч явах, сурч боловсрохоос авахуулаад олон нөхцөлийг хойш нь тавиад үндэсний бөхөөр хичээллэдэг. Сумын заанууд ирээдүйн монгол бөхийг тодорхойлно. Эрчүүдийн дунд монгол бөхийг өргөж явна. Зөв хандлагатай эрчүүдийг бэлтгэхийн тулд барилдаанаа сумын заанууд руу чиглүүлсэн юм. Өөрөө сумын заан байсан хүний тухайд залууст ямар бэрхшээл тохиолддогийг сайн мэднэ. Тэдний зарим нь айлд сууна. Хоол унднаас эхлээд бэрхшээл бий. Энэ бүхнийг харгалзаж сумын заануудаа дэмжээд байг нь боломжийн тавьсан юм. Одоо сар бүр явагддаг сумын заануудын түрүү бөхийн бай нь 100 орчим мянган төгрөг байдаг юм билээ.Сая төслийн барилдаанд 20 гаруйхан сумын заан л 50 гаруй сая төгрөг хувааж авсан.

Үлдсэн хэдэн зуун сумын заанууд руу үйл ажиллагаагаа чиглүүлэх, бөхөөр дамжсан боловсролыг олгох тал дээр бид анхаарч ажиллана. Энэ их өв соёлоор дамжуулж ирээдүй рүү чиглэсэн олон ажиллагаа явуулж болно. Өнөөдөр спорт гэдэг зүйлээс ангид байснаар бие бялдрын хувьд асуудалтай, хатуу, шударга үг сонсож чадахгүй, тайлбар тавьдаг олон талаараа сул дорой эрчүүд бий болсон байна. Спортоор дамжуулж эрчүүдийг эр хүн шиг байлгахыг зорьж ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна даа.

-Та ярилцлагын эхэнд байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа хийж байгаа талаараа цухас дурдсан. Байгаль орчноо хамгаалах тухай ойлголт тааруу байгаа нь олон зүйл дээр харагддаг. Энэ талаар та ямар ажил хийж байна вэ?

-Хүн бүр л байгаль хамгаалагч байх, хүн бүр л зөв хүсэл мөрөөдөлтэй байхад уриалж тодорхой ажлууд хийж байна. Бид байгалиасаа бүх зүйлийг авч амьдардаг ч буцааж юу ч төлдөггүй. Уралдаад л газар сэндийчээд ухаад байдаг. Байгалиа сөнөөж нийгмийн бага хувь нь л хагартлаа баяжиж байна. Олсон зүйлийнхээ тодорхой хувийг байгалиа нөхөн сэргээхэд зарцуулах тухай ойлголт манайханд алга. Үүнтэй холбоотойгоор байгаль доройтож, цөлжилт хурдацтай явагдаж байна шүү дээ. Өнөөдөр хэд хэдэн сумд 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тухайн бүс нутгуудад төвлөрөл бий болсноос хойш их хэмжээний хог бий болж. Дээр дээрээс нь овоолж асгасаар сумын төвөөсөө өргөн хогийн цэгтэй болчихож. Энэ асуудалд судалгаа хийж хог шатаадаг зуух оруулан ирж туршилт хийж ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд цаашдаа ховордож буй ургамлуудыг хамгаалах, тарьж ургуулах зэрэг цөлжилтийн эсрэг ажлыг уриалаад ажиллах болно.

-Таны тухайд нийгэм рүү чиглэсэн ажил хийгээд эхэлсэн нь ямар учиртай юм бэ. Аварга улс төрд хүч үзэх нь гэх ойлголт нийгэмд байна?

-Нийгмийн хариуцлагын хүрээнд л хийж байгаа ажил минь энэ. Манайхан аливаа ажлыг эерэг талаас нь харж чадахаа больчихсон байна. Нийгмийн гажуудал юм уу даа. Улс төрд үзэх гэж байгаа хүн л ийм ажил хийдэг гэх ойлголттой болж. Тийм биш шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно саяхан Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 1 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 9 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 2 цаг 10 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 2 цаг 11 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 2 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 2 цаг 13 мин Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөжээ 2 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна 2 цаг 24 мин Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ? 2 цаг 33 мин Академич Роберт Нигматуллин: Орос улс Европын хамгийн ядуу орон болсон 2 цаг 47 мин "Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 16 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 16 цаг 39 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 16 цаг 41 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 16 цаг 42 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 16 цаг 44 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 16 цаг 46 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 19 цаг 33 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top