x

Л.Эрхэмбаяр: Хувийн малыг төрөөс ээмэгжүүлж, төсвийн мөнгө зарлагадах нь утгагүй зүйл

Монголын малзүйч үржүүлэгчдийн холбооны тэргүүн, хөдөө аж ахуйн ухааны доктор Ломбын Эрхэмбаяртай ярилцлаа.

-13 тэрбум төгрөгөөр 5.5 сая үхрийг ээмэгжүүлж, цахимжуулна гэх юм. Үүнийг та хэрхэн хүлээж авав. Ямар бодол төрөв?

-Үүний цаад утга учир нь малаа эрүүлжүүлж, экспортод махаа гаргах хүсэл эрмэлзэл байгаа юм шиг байна лээ. Аль ч үеийн Засгийн газарт тийм хүсэл эрмэлзэл, сонирхол байсан, байгаа, байсаар ч ирсэн. Аль ч Засгийн газрын үед сайдуудад зөвлөдөг юу ч мэдэхгүй мэргэжилтнүүд, эсвэл өөрийн ажлаа дэндүү сайн мэддэг мөртлөө мөр хувааж дугаарласан доор нь байгаа дунд тушаалын нөхдийн сайддаа зөвлөж байгаа царай нь тэр.

-Мөр хувааж дугаарлана гэж юу гэсэн үг вэ?

-Өөрсдийнхөө ажлыг мэддэг мөртлөө мэргэжлийн ямар ч мэдлэггүй. Тэгээд сайдад зөвлөөд сууж байгаа нөхдийг хэлээд байгаа юм. Харьцах хүмүүсээ ялгаж, дугаарладаг. Мэргэжлийнхэнтэй уулзуулдаггүй. Мэргэжлийн хүнээс үг сонсох вий дээ гэж яс нь хавталздаг нөхөд л байгаа юм. Бодоод үз дээ, бид байшин барья гэвэл эхлээд суурийг нь тавьдаг биз дээ. Түүнийхээ дараа ханаа өрнө гэх мэтээр явсаар хамгийн сүүлд дээврээ тавьдаг шүү дээ. Тэгэхээр байшингаар бодох юм бол сууриа тавиагүй байж дээврийнхээ банзыг хадаад унах юм. Ийм зүйл байж болохгүй л дээ.

-Тэгвэл малаа эрүүлжүүлж, цахимжуулахын тулд хамгийн эхэнд хийх ажил нь юу вэ?

-Юу ч мэдэхгүй хүмүүс түүнийг нь өлгөж аваад цахимаар шуугиад л байх юм. Тэд нараараа зөв гэж сэвүүлээд л, ийм зүйл байж боломгүй. Үе үеийн Засгийн газар мэргэжлийнхээ холбоодоос асуудаггүй. Яг юмаа мэддэг мэргэжлийн хүмүүстэйгээ зөвлөдөггүй. Тийм юмны л хор уршиг гарч байна. Зарим хүмүүс хэлж байна. Энэ нь малаа эрүүлжүүлж махаа гаргах гэж байгаа эхний алхам гэнэ. Тэр нь зөв л дөө. Түүнд хүрэхийн тулд жагсаагаад үзвэл наана нь 20-30 ажил хийнэ. Эрэмбэлээд, жагсаагаад үзэх юм бол наад ажил чинь 50 хувиас ард тал руу орох эрэмбийн ажил. Чухал нь чухал уу, чухал. Мал болгон бүртгэлтэй, гарал үүсэлтэй байх нь чухал уу, чухал. Гэхдээ түүнд хүрэхээс өмнө хийх ажил маш их байна.

Тухайлбал, ямар ажил хийх вэ?

-Хамгийн түрүүнд бүх малаа эмчлэх, бүх вакцин тариаг нь хангалттай хүрдэг болгох, түүнийг тарьдаг үйлчилгээнийх нь санхүүжилтийг сайжруулж, хүртээмжийг чанартай болгох гээд өч төчнөөн асуудал байна. Малын үүлдэр угсааг сайжруулах, малын тэжээлийн хангамжийг сайжруулах гээд ээмэгжүүлэхээс илүү чухал маш олон ажил бий.

-Гэтэл зарим хүмүүсийн үзэж байгаагаар хувьд гаргачихсан малыг эрүүл байлгаж, цахимжуулах нь малчдын өөрсдийнх нь хийх ажил гээд байгаа. Үүнийг төрөөс хийх шаардлагатай юу?

-Угаасаа малаа ээмэгжүүлнэ гэдэг нь хувийн хэвшлийн компани, малчдын өөрсдийнх нь асуудал. Хувийн малыг төрөөс ээмэгжүүлээд, төсвийн мөнгөнөөс гаргаад утгагүй зүйл хийж болохгүй. Сайд мэдэхгүй байж болно. Ийм зүйлийг сайдад зөвлөсөн тэр лоббичин нөхрийг, мэдлэггүй мөр хувааж дугаарласан нөхдийг хурдхан шиг төрөөс зайлуулах ёстой. Үүнийг ямар ч мэргэжлийн хүний нүдээр харсан нэгдүгээрт, малаа арвижуулах, махаа экспорлох тухай бодож байгаа бол бүх ажлаа эрэмбэлэх байсан. Ээмгийг одоо шууд хийх ажил биш. Хоёрдугаарт, хувийн хэвшил өөрөө хийх ажил.

-Монгол Улс 70 сая малтай гэдэг. Түүний зөвхөн 5.5 сая үхрийг л 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх юм бол бүх малаа ээмэгжүүлбэл хэдэн төгрөг гаргах бол. Та тооцоолж үзсэн үү?

-Мэргэжлийн бус та нар хүртэл логикийн хувьд эргэлзээтэй зүйл ярьж байна шүү дээ. Гэхдээ яг 70 сая мөн биш нь чухал биш. 70 саядаа хүрч байна уу, хүрэхгүй байна уу гэдэг нь энэ асуудалтай холбогдохгүй. Төрийн мөнгөөр хувийн хэвшлийн зөвхөн үхрүүдийг нь ээмэгжүүлнэ гэдэг бол шударга бус асуудал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдмөөр байгаа бол манайх өвчингүй гэдгээ 3, 5, 10 жил ямар ч өвчин гаргахгүй баталгаажуулаад харуулах хэрэгтэй. Тэр хооронд эхнээсээ ээмэгжүүлсэн наад хэдэн үхэр нь махандаа явчихна шүү дээ. Ямар ч утга учир алга. Утга учиртай гэж байгаа мэргэжлийн зөвлөгөө өгөх багтай нь бид мэтгэлцэхэд бэлэн байна. Бид тэднийг мэтгэлцээнд дуудаж байна. Олон нийтийн өмнө нээлттэй мэтгэлцье. Үүн дээр бид итгэл төгс байна.

-Зөвлөж байгаа багт танай холбоодоос, эрдэмтдийн зөвлөлөөс төлөөллөө оруулаач, хүн авъя гэдэг санал ирүүлж байсан уу?

-Үгүй. Үе үеийн Засгийн газар, сайдууд, яамд, Засгийн газрын гишүүд хэзээ ч мэргэжлийн байгууллагатай зөвлөдөггүй. Ганцхан энэ салбар ч биш. Монголын төр ер нь ийм болоод нэлээд удлаа. Сайн төр мэргэжлийн эрдэмтэд, практик дээр ажлыг бүтээдэг улсуудтайгаа ярьдаг байх ёстой. Ийм жишигт манай төр суралцах ёстой. Ингэж зөвлөлдөж чадахгүйгээс болоод төр ийм эмгэнэлт байдалд ороод байна. Ялангуяа энэ төрийн аппарат дотроо бугшсан хурган дарга болчихсон нөхөд нь тойроод л эрдэм мэдлэгтэй хүнтэй ч сайд нараа уулзуулдаггүй, вакумжуулдаг. Мэргэжлийн хүмүүстэй уулзаад өөр мэдээлэлтэй, өөр санаа бодолтой болчихно гээд түүнийгээ бараг шөнө унтахгүй шахам хариулж, үүрэгдэж байдаг иймэрхүү лоббичин нөхөд төрд байна шүү дээ. Төрийн дунд шатанд бараг сайд дарга нараа хариулаад явж байдаг. Өөр улсуудтай уулзчих вий дээ гэж голоо зурсан. Ийм л болчихоод байна шүү дээ.

-Мэргэжлийн холбоодоос зөвлөмж аваагүй дунд шатныхны зөвлөгөөгөөр шийдвэрээ гаргаж байгаа бол сайд нь өөрсдөө уншиж, судалж, танилцаад шийдвэрээ гаргадаггүй юм уу?

-Түүнийг нь би сайн мэдэхгүй юм. Ганцхан өнөөдрийн сайд гэхээсээ илүү үе үеийн Засгийн газар сайд дарга нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсдоггүй. Үе үеийн Засгийн газарт сайд даргын цүнхийг бариад явдаг нөхөд байдаг. Тэд нь буруу бодлогоор ажиллаад, мэргэжлийн санаа оноо нэмэхгүй, өөрсдийнхөөрөө хийж байна. Ер нь малаа ээмэгжүүлэх нь зөв. Мал ээмэгжүүлэхийг буруу гэж байгаа юм биш. Харин бүртгэлжүүлэхийн өмнө хийх ажлууд зөндөө байна. Малаа бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажил нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн хувьд малчин хүн өөрөө хариуцах ёстой. Малчин өөрөө түүнийгээ хариуцахад буруу байхгүй. Харин мал болгоныг ээмэгжүүлэх ёстой гэж хууль гаргасан ч болно. Хүнс үйлдвэрлэгчийнхээ хувьд хэрэглэгчдийн өмнө үүрэх үүрэг хариуцлага юм шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 3 цаг 25 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 3 цаг 30 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цаг 34 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 3 цаг 41 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 3 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 3 цаг 48 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 3 цаг 52 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 3 цаг 55 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 9 цаг 12 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 9 цаг 26 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 9 цаг 30 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 9 цаг 33 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 9 цаг 47 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 9 цаг 52 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 9 цаг 55 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цаг 59 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цаг 1 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 10 цаг 7 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 10 цаг 14 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top