x

Ж.Чойнхор: Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас түшиж буй тулгын гурван чулууны нэг нь АНУ

Элчин сайд Ж.Чойнхор гэр бүлийн хамт АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, тэргүүн хатагтай Хиллари Клинтон нартай

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиосон билээ. Энэ тэмдэглэлт ойтой холбогдуулан Монгол Улсаас АНУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж асан Жалбуугийн Чойнхортой ярилцлаа. Бидний ярилцлага Монгол Улс, АНУ-ын харилцааны түүх, харилцаа, хамтын ажиллагааны талаар өрнөсөн юм.

Эрх чөлөөт ардчилсан Монгол Улсад томоохон үүд хаалга нээгдсэн нь

-Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнгөрсөн жил тохиолоо. Энэ жил 36 дахь жил эхэлж байна. Та энэхүү хоёр улсын харилцаа тогтоох эхэн үеийн үйл явдалд хэрхэн оролцсон бэ?

-Миний хувьд онцгойлох үүрэгтэй оролцсон гэж хэлж чадахгүй. Дипломат харилцаа тогтоох гол үйл явдлууд өрнөсөн 1985-1987 онд би Москвад Дипломатын Академид эрдмийн зэрэг хамгаалах зорилгоор суралцаж байсан юм. Гэхдээ бас ямар ч үүрэггүй байсан гэж хэлэхгүй ээ. Учир нь Монгол Америкийн хооронд дипломат харилцаа тогтоох үйл хэрэгт Америкийн талаас анхнаас нь санаачилгатай оролцож байсан Дональд Жонсонтой тийнхүү суралцахаар одохын өмнөх жил 1984 онд уулзаж танилцсан юм. Тэрбээр Монгол Улсад 1944 онд хүрэлцэн ирсэн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес (Henry Wallace)-ийн айлчлалаас хойш бараг 40 жилийн дараа Монгол Улсын Гадаад явдлын яаманд анх удаа хөл тавьж дипломат харилцаа тогтоох боломжийг тандаж явсан Америкийн дипломат билээ. Д.Жонсоныг тийнхүү ирэхэд нь дээд газар, сайд нарын даалгавраар хүлээн авч, уулзаж ярилцах үүрэг надад оногдсон юм. Би тэр үед ГЯЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт нэгдүгээр нарийн даргын албыг хашиж байв. Д.Жонсон бол Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хэрэг.

Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэд суугаа БНМАУ-ын байнгын төлөөлөгч Г.Нямдоо,
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.П.Шульц нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зурав. 1987 оны 1 дүгээр сарын 27.

Хожмоо 10 жилийн дараа Жонсон Монгол Улсад суух гуравдахь Элчин сайдаар, миний бие АНУ-д суух мөн гуравдахь Элчин сайдаар томилогдон ажиллаж байлаа. Хоёр улсын харилцааны нэгэн зүйл түүх юм даа. Дональд Жонсон болон ардчиллын эхний жилүүдэд Улаанбаатарт Элчин сайдаар ажиллаж байсан Жозеф Лэйк нартай хэдэн арван жил найрсаг, байнгын харилцаатай байж, хоёр улсын харилцааны түүхийн зарим хэсгийг бичих асуудлаар одоо ч хамтран ажилласаар байгаа. Бидний хооронд тогтсон ажил хэрэгч найрсаг харилцаа сайхан өв болж үлдсэн гэж би боддог. Дараа дараагийн Элчин сайд нарын харилцаанд ч энэ нь уламжлал болсон юм.

-Бас л сонирхолтой түүхэн оролцоо байна шүү дээ. Тэгээд дараа нь Та дээр дурдсанчлан Монгол Улсаас АНУ-д томилогдсон гуравдахь Элчин сайдаар томилогдсон. Хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоогоод нэг их удаагүй байсан цаг үе. Таныг Элчин сайдаар томилогдон ажилдаа орох үед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ямар өв бий болсон байсан бэ?

-Намайг Элчин сайдаар томилогдон очиход хоёр улсын хооронд 1987 онд дипломат харилцаа тогтоосны дараа манай улс Вашингтонд Элчин сайдын яамаа (1989 онд) нээгээд 6 жил л болж байв. Нью-Йорк хотноо НҮБ-ын дэргэд сууж байсан Байнгын төлөөлөгч Гэндэнгийн Нямдоо Монгол Улсын анхны Элчин сайдаар томилогдсон. Тэрээр дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульцийн хамт гарын үсэг зурсан түүхэн хүн. Ер нь энд онцлон дурдахад, албан ёсны дипломат харилцаа тогтоох талаар 1980-аад онд хүчин чармайлт гаргаж, гадаад болон дотоодын шинж чанар бүхий саад бэрхшээл, болгоомжлолыг даван туулахад санаачилгатай оролцсон хүмүүс бол Дармын Ёндон, Гэндэнгийн Нямдоо, Лодонгийн Ринчин, Буянтын Дашцэрэн, Цэвэгжавын Пунцагноров, Бүрэнжаргалын Орсоо, Ишцогийн  Очирбал, Бадам-Очирын Должинцэрэн, Лувсандоржийн Даваагив нар юм.

Намайг очих хүртэлх 6 жилийн хугацаанд Элчин сайд Г.Нямдоо, Л.Даваагив нар маань хоёр улсын албан ёсны харилцааг эхлүүлэх талаар их ажлыг амжуулсан байсан. Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн, мөн Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкерийг айлчлуулж, манай улсад нэн чухал ач холбогдолтой байсан хандивлагч орнуудын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Монгол Улсын төрийн тэргүүний анхны  айлчлалын үеэр 1991 оны нэгдүгээр сард хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндэс болсон Монгол, Америкийн худалдааны харилцааны тухай анхны Хэлэлцээрийг  байгуулсан билээ. Ингээд үзвэл тодорхой хэмжээний харилцааны, хамтын ажиллагааны өв бий болж эхэлж байсан үе гэж болно шүү.

-Нөгөө талаар Та Монгол Улсаас АНУ-д хамгийн олон жил суусан Элчин сайд. Таны Элчин сайдаар ажилласан 1995-2003 он бол Монгол оронд ардчилал бэхжих үйл явц өрнөж, олон салбарт хамтын ажиллагаа урд өмнөхөөс шат ахиж хөгжсөн үе. Элчин сайд Та энэ үед манай улсын гуравдагч хөрш орнуудыг тэргүүлэгч төдийгүй дэлхийн тэргүүлэгч гүрэнд ажиллаж байлаа. Тэр үеийнхээ ажлын онцлог, харилцаа, хамтын ажиллагаанд гарч байсан ололт амжилт, зовлон бэрхшээлийн талаар одоо дурсахад сонирхолтой байх болов уу?

-Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны сайд, Парламентын гишүүдийн албан болон албан бус айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ харилцан ойлголцох, итгэлцлийг бэхжүүлэх, бие биенээ таньж мэдэх, харилцааг өргөжүүлэх зорилгоо бие биендээ ойлгуулах хэрэгт маш чухал үүрэгтэй байдаг. Харилцаа маань  ихэнх салбарт ердөө л эхлэлтийн байдалтай байсан үе л дээ. Тиймээс хийх ажил маш их байсан.

Тэр үед зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, ЗХУ-аас өгч байсан зээл тусламж зогссон тул манай улс эдийн засгийн хүнд бэрх үеийг туулж байлаа. Ийм үед АНУ, Япон зэрэг хандивлагч орнуудын найрсаг тусламж дэмжлэг онцгой ач холбогдолтой байсан. Тийм болохоор энэ ажилд манай хамт олны гол ажил үйлс чиглэж, ажлыг урагшлуулах, үр дүнд хүргэх бүхий л арга замыг сүвэгчилж байлаа. Вашингтонд төвтэй Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банктай харилцах, хэлэлцээ хийх, зээл тусламжийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил чухлаас чухал байсан. ОУВС, Дэлхийн банктай хамтарч хэрэгжүүлсэн эхний төслүүд бол ардчиллыг нутагшуулах, зах зээлийн эдийн засагт шилжих эхлэлийг тавих, ялангуяа түлш эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, түүнчлэн нийслэл хотод учирч байсан бэрхшээлүүдийг даван туулахад чиглэж байсан юм.

Улмаар Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэхтэй холбогдсон яриа хэлэлцээ Женев, Вашингтон, Улаанбаатар хотноо олон сараар үргэлжилж 1997 онд амжилттай хэрэгжиж манай улс ДХБ-д гишүүнээр элссэн. Энэ бол эрх чөлөөт ардчилсан Монгол Улсад боломж бололцооны томоохон үүд хаалга нээгдсэн хэрэг байв.

Чингис хааны өв үзэсгэлэнг 1995-1997 онд Сан Франциско, Денвер, Вашингтон хотноо гурван он дамнуулан гаргаж ховор нандин үзмэрүүдээ Америкчуудад дэлгэн үзүүлж билээ. Америкийн урлаг соёлын байгууллагууд, тодорхой сан, нийгэмлэгүүдийн хүч чармайлт, эрдэмтэд судлаачдын идэвхтэй оролцооны үр дүнд энэ ажил амжилттай зохион байгуулагдаж, Өндөр гэгээн Занабазарын олон бүтээл, Улсын төв номын сангийн ховор нандин сан хөмрөгөөс багтаасан 108 үзмэрийг бүгдийг нь нарийвчлан танилцуулж толилуулсан “Чингис хааны өв" хэмээх эрдэм шинжилгээний дорвитой бүтээл нийтэлсэн нь дурсгалтай сайхан үр дүн болж үлдсэн дээ. Энэхүү гайхамшигт үзэсгэлэнг нээж Америкийн үзэгчдэд удаа дараа толилуулан тайлбарлаж үг хэлэхэд зөвхөн Элчин сайдын хувьд гэхээсээ илүүтэй монгол хүний хувьд омогшил бахархал өөрийн эрхгүй төрж байснаа эргэн санахад нэн таатай байна. Учир нь Өрнөдийн ихэнх оронд, АНУ-д ч гэсэн Монголчуудын тухай ойлголт нь ихээхэн учир дутагдалтай, сөрөг агуулгатай байдаг нь ажиглагддаг. Олон зууны өмнөх Монголчуудын дүр төрхийг морины нуруун дээр сэлэм эргүүлсэн дайчин баатарлаг гэхээсээ илүү харгис бурангуй, хөнөөн сүйтгэгчийн хэвшмэл байдлаар төсөөлдөг байсныг энэ үзэсгэлэн, түүний бодит биет, баримтат үзмэрүүд эрс өөрчлөн Монголчуудын оюун санаа, гоо сайхны дотоод ертөнц, хүсэл эрмэлзлэл, мэдлэг чадвар, үзэл бодол нь ямаршуухан зэрэг зиндаанд байсныг яруу тод харуулсан нь хамгийн олзуурхам зүйл байсан юм.

Өргөмжит консулын газруудыг өргөнөөр нээхийг зорьсон минь

-Та нэгэн ярилцлагадаа “Намайг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд АНУ-д  Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, УИХ-ын дарга хоёр удаа,  Ерөнхий сайд гурван удаа айлчилсан” гэж дурдсан байна билээ. АНУ-аас ч өндөр түвшний зочид Монгол Улсад олноороо айлчилсан нь тодорхой. Энэ утгаараа улс төрийн харилцаа хамгийн их хөгжсөн үе байх. Тэр үеийн өндөр дээд хэмжээний айлчлалын гол яриа хэлэлцээ юунд чиглэж байв. Мэдээж олон том ажлын эхлэлийг тавьсан байх. Түүнээс өнөөдрийг хүртэл уламжилж үлдсэн амжилттай яваа ажлуудаас нэрлээч...?

-Өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалт, яриа хэлэлцээний үр дүнд улс төрийн харилцаа улам бүр батжин хөгжиж, улмаар цэрэг, батлан хамгаалах чиглэлээр гүнзгийрсэн түүхтэй. Манай улс Ирак, Афганистанд болсон олон улсын цэргийн үйл ажиллагаанд оролцсон нь Монгол, Америкийн харилцаа энэ чиглэлээр улам гүнгийрч, хамтын ажиллагаа өргөжин тэлж стратегийн түншлэлийн хэмжээнд хүрэх нэгэн зүйл хөшүүрэг болсон юм.

Хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих асуудлыг аль болохоор хөнгөвчлөхийг хичээж, олон шугамаар яриа хэлэлцээ явуулсны үр дүнд АНУ-ын иргэд Монголд тодорхой хугацаанд визгүй зорчиж байхаар, Монгол Улсын иргэдэд 10 жилийн хугацаатай олон удаа зорчиж байх виз олгодог журмыг 2001 онд тохиролцсон нь одоо ч хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа.

Миний бие Гадаад харилцааны яаманд 1990-ээд оны эхний хагаст Консулын газрыг хариуцан ажилладаг байсан, Монгол Улсын анхны Өргөмжит консулын газрыг Хонконг хотноо нээж байсан зарим туршлагатайн хувьд Монголчууд олноор аж төрж байгаа эсвэл Монголтой ажил хэрэг бизнесийн харилцаа холбоотой Америкийн компаниуд, америкчүүд нэлээд байдаг Техас, Колорадо, Калифорни муж улсуудад Өргөмжит Консулын газрууд нээхийг зорьсон. Ингээд Аустин хотноо Америкийн иргэн Эд Стори, Денвер хотноо Жеймс Вагенландер, Сан Франциско хотноо Ричард Бламыг тохоон томилуулж ӨКГ-уудыг нээсэн юм. Хавсран сууж байсан Канад улсад ч ийм Консулын газрууд нээсэн. Улс хоорондын харилцааны уламжлалт энэ хэлбэр бол санхүүгийн боломж хомс улсад бүр ч тохиромжтой байдаг. Учир нь Өргөмжит консулаар томилогдсон эрхмүүд бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг журамтай. Үндсэндээ нэгэн төрлийн лобби гэсэн үг. Ийм үйл ажиллагаа уламжлал болсон юмаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мадлен Олбрайт Монгол Улсад. 1998 он.​​​​

Хатагтай М.Олбрайтын айлчлал ба туршлага, сургамж

-Олон айлчлал дотроос АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга агсан хатагтай Мадлен Олбрайтын айлчлал их сонирхолтой, өгөөжтэй, бас сургамжтай болсон гэдэг. Энэ талаар эргэн дурсахад...?

-Тийм шүү. Төрийн нарийн бичгийн дарга Олбрайт гуайн 1998 оны айлчлал товчхон ч гэлээ, их үр дүнтэй, туйлын ажил хэрэгч болсон юм. Тэрээр манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхан яриа хэлэлцээ хийсэн. Мөн Монгол, АНУ-ын харилцааны үндсэн зарчмууд, зорилгыг тодорхойлсон Хамтарсан Мэдэгдлийг тохиролцож зарласан юм. Энэ бол өнөөгийн хүрээд байгаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны эхлэл нь болж өгсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг. Төрийн нарийн бичгийн дарга Олбрайт гуай ганцхан өдрийн айлчлалынхаа хүрээнд олон чухал ажлыг амжуулж, нэн сургамжтай үлгэр жишээг бодит тодорхой зарчимч ажил үйлсээрээ бидэнд харуулж чадсан гэж боддог. Тэрээр Монгол Улсын Ерөхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж яриа хэлэлцээ хийсний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. Хэлсэн үгэндээ хоёр орны харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын зорилтыг тодорхойлон дурдсан. Дараа нь өөрт нь санал болгосон хөтөлбөрийн дагуу Богд уулын аман дахь Чингисийн өргөө хэмээх жуулчны цогцолборт урин залж, урлаг спортын тоглолт сонирхуулах ёстой байв. Гэтэл хатагтай татгалзаж “Та нөхдөд их баярлалаа. Намайг уучлаарай. Татвар төлөгчдийн мөнгөөр жуулчны газар зугаалж явж болохгүй ээ. Хэрвээ та бүхэнд нэг их ажил удахгүй бол хотын ойролцоохон байгаа ямар нэг малчин айлаар орж ажил амьдралыг нь сонирхмоор байна” гэдэг юм. Бид жаахан сандарч,  Гадаад харилцааны сайд Р.Амаржаргалтай зөвлөлдөн нисэх буудлын ойролцоо байгаа айлуудаас нэгийг сонгон тохиролцох үүргийг ёслолын нөхдөд өгч маш хурдан шийдвэрлэсэн. Олбрайт гуай малчин залуу, түүний гэргий нартай энгийн сайхан ярилцангаа олон зүйл сонирхож байсан нь ард олны санал сэтгэгдлийг нухацтай тандаж байгаа нь ажиглагдаж байв. Ингээд дараа нь Их Тэнгэр цогцолборт болох дайллагад очих байсан. Гэтэл хатагтай маань дахиад л татгалздаг юм. Монголчууд хүндэт зочноо дайлж цайлах дуртай, бид танд зориулж бэлтгэсэн гэж манай ёслолынхон тэдний талын ёслолын хүмүүсээр дамжуулж ятгаад ч нэмэр болсонгүй. “Өө яасан зөрүүд хатагтай вэ. Бид гараа гаргаж бэлтгэсэн юмсан” гэж ёслолын нэгэн түшмэл маань бувтнаж байгаа нь миний чихийг дэлсэж байв. Олбрайт гуай “Монгол нөхөддөө талархаж байна. Ойлгож байна. Хэрэв хүндрэлтэй биш бол зоогийн оронд Монголын парламентын эмэгтэй гишүүдтэй уулзалт зохион байгуулж өгөөч. Уулзалтыг зарлан зохион байгуулах хооронд би Р.Амаржаргал сайдтай санал солилцох ажлаа үргэжлүүлье. Тэр зуураа монгол хоолыг сонирхож болох уу?" гэлээ. Зарчимтай ажиллах дараагийн хичээлээ заалгасан бид гэрийн даалгавраа л сайтар хийхээс өөр замгүй болсон доо. Бид бүгд л зарчимч, ажил хэрэгч хатагтайн үйлдлүүдийг бахархан шогширсоор үдэж билээ.

АНУ дахь монголчуудтайгаа​​

Монголчуудын холбоо, нийгэмлэг байгуулахыг зөвлөж, хүрэлцэн очиж дэмждэг байлаа 

-Монголчууд 1990-ээд оноос барууны өндөр хөгжилтэй орнууд руу, тэр тусмаа АНУ руу гарч амьдрах, суралцах нь ихэссэн. Өнөөдрийн АНУ-д суурьшин амьдарч буй иргэд болон АНУ-д боловсрол эзэмшсэн хүмүүсийн анхдагчид нь Таны Элчин сайдаар ажиллаж байсан тэр он жилүүдэд очсон байх. Монголчууддаа боломж олгох, дэмжих тал дээр тэр үеийн Элчин сайд, Элчин сайдын яам хэрхэн ажиллаж байсан бэ?

-Бид боломж болгоныг ашиглахыг л  эрмэлзэж байсан. Ер нь томилогдон суугаа оронд сурах, ажиллах, амьдрах зорилгоор ирэх өөрийн улсын иргэдэд бүхий л талаар тус дэмжлэг үзүүлж байх нь Элчин сайд, ЭСЯ-ны хамт олны нэн тэргүүний үүрэг байдаг. Үүнийг ямагт анхаарч ажиллахыг эрмэлздэг, хэвшил болгохыг зорьдог байсан. Энэ нь дараа дараагийн он жилүүдэд уламжлалт өв болсон юм.

Ажил их байсан. Америкийн их дээд сургуулиудад суралцахыг хүссэн залуучуудад зөвлөлгөө өгөх, хэрхэн элсэн орох арга зам, дүрэм журмыг танилцуулж байх нь бидний хувьд өдөр дутмын ажил болж хувирсан. Америкийг зорин ирэх сурагч, оюутан залуусын цуваа жилээс жилд өсөж, тэр үед л гэхэд олон арваараа ирэх болсон. Одоо бол мянга мянгаар тоологдох болсон байна. Тэр үеийн нэгэн жишээг л энд дурдья. Манай улс агаарын тээврийн салбарт АНУ-тай хамтран ажиллахыг тэр цагаас л мөрөөдөж байсан. Домогт Боинг хүлгийг жолоодох Монгол нисэгчдийг бэлтгэх, сургах ажлаас л эхэлсэн. Элчин сайдын хувьд Вашингтон хотын ойролцоо байдаг нисэгчдийг бэлтгэх төвд удаа дараа зочилж залуу нисэгч нараа дэмжиж зоригжуулж байсан. Яг энэ үеэс л Боинг онгоцтой болох МИАТ-ынханы хүсэлтийг дэмжиж, эхлээд хөлслөх хэлбэрээр ашиглан алсдаа өөрийн болгох зорилгоор яриа хэлэлцээ явуулсан. Баруун эргийн Сиэттл хотод байдаг Боингийн аварга том үйлдвэрт манай талд лизингээр өгч ашиглуулахаар угсарч байгаа онгоцонд Монгол Улсын төрийн далбаа, МИАТ-ын ялгах тэмдгийг зурж будах ёслолд оролцож байхад дотроо бол сэтгэл их л огшиж байсан даа.  Гурав дөрвөн жилийн дараа Боингийн нисэгч нар маань ч бэлэн болсон. Удалгүй Боинг онгоцоо хүлээн авч Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд шинэ хуудас нээгдсэн юм.

Тэр үед Сиэттл хотноо болсон ёслолын үеэр Боинг онгоцны компанийн захирал Америкийн нэгэн нэртэй уран барималчийн бүтээл давхиж яваа морины хүрэл цутгамлыг надад дурсгаад “Монголчууд та нар морио унаад дэлхийг тойрсон түүхтэй. Одоо Боингоор хүлэглээд бөмбөрцгийг тойрон нисээрэй" гэсэн ерөөлтэй үг хэлж байсан юм. Тэр ерөөл бат сайхан оршиж манай агаарын тээвэр улам бүр өргөжин хөгжиж, одоо хэд хэдэн Боинг хүлэгтэй болсон шүү. 

-Тэр үеийн АНУ дахь монголчууд эв нэгдэлтэй, холбоо, нийгэмлэг байгуулж, түүгээрээ дамжуулан бие биенээ дэмжиж ажилладаг байсан харагддаг. Элчин сайд, Элчин сайдын яамны зохих оролцоо их байсан биз? 

-Хүний нутагт яваа Монголчууд бие биендээ найрсаг сайхан хандаж, туслаж, дэмжиж, эвлэлдэн нэгдэж явахын чухлыг, эх орныхоо, эцэг эхийнхээ, нөхдийнхөө, өөрийнхөө нэр төрийг хайрлан хамгаалж явахын учрыг Монголчууддаа ямагт захиж хэлдэг байсан. Тэр үед цөөхүүлээ байсан ч гэсэн Монголчуудын холбоо, нийгэмлэгийг үүсгэн байгуулахыг зөвлөдөг, хүрэлцэн очиж дэмждэг байв. Ийм ажилд Вашингтон Ди Си хотноо Ганболд (одоо нэр хүндтэй бизнесмен, зохион байгуулагч болсон гэсэн), Сан Франциско хотноо Ширчингийн Баатар (одоо нэртэй зохиолч, уран бүтээлч болсон байна билээ) нарын залуус идэвхийлэн оролцож манлайлж байсныг санаж байна. Энэ уламжлал дараа дараагийн жилүүдэд дэлгэрч хөгжсөн гэсэн.

Одоо олон мянган Монголчууд Америкт нүүдэллэн очсон байна. Тэр оронд төрсөн үр хүүхэд нь хэдийнэ эрийн цээнд хүрчээ. Энэ бол угтаа Монголоо гэх сэтгэлтэй нутаг нэгтнүүд, тэдний үр сад (diaspora) юм. Энэ бол жинхэнэ Монголын лобби үүсч байна гэсэн үг. Хэдхэн жилийн дараа нэг л мэдэхэд монгол эцэг эхтэй, монгол гаралтай, монголоор ярьдаг АНУ-ын Конгрессийн гишүүн, сенатор төрж гарах болно.

Тэд нар одоохондоо цэцэрлэгт явж, сургуульд сурч байна. Нэлээд олон нь Ням гарагийн Монгол сургуульд явж Монгол хэл соёлоо идэвхийлэн суралцаж байна. Тэр цаг үеэс хойш Монгол сургууль Америкийн олон хотод бий болсон нь бахархалтай хэрэг. Анхны Монгол сургуулийг Вашингтон орчим үүсгэн байгуулах тухай мөрөөдөж байгаагаа ярьж тэр үед ЭСЯ дээр ирж уулзаж зөвлөлдөж байсан, боловсрол соёлын мэргэжилтэй хоёр бүсгүй (М.Мөнгөнцэцэг Д.Нямсүрэн нар одоо Монгол улсын Боловсролын тэргүүний ажилтнууд) мөрөөдөлдөө хүрч Америк дахь анхны Монгол сургуулийн үүд хаалгаа нээсэн нь одоо түүх болж байна.

-Мэдээж бэрхшээлтэй асуудлууд бас олон байсан байх...

-Тийм, ер нь бол өнөөг бодоход тэр үед Америкт нүүдэллэн ирж ажиллаж амьдрах асуудал бол бэрхшээлтэй байсан. Гэхдээ нарийн мэргэжил эзэмшсэн эрдэмтэн нарт зарим боломж нээгдсэн. Жишээ нь генетик инженерийн мэргэжилтэн Б.Арьяа зэрэг залуу эрдэмтэд чухал судалгааны газарт ажиладаг байв. Эдийн засагч Ц.Адьяа нарын зэрэг ганц нэг эрдэмтэн АНУ-д докторын зэрэг горилон сурч байсан. Мөн олон арван эмч нар Польш улсаар дамжин, польш нөхдийн дэмжлэгтэй ирж голдуу Чикаго хотноо ажиллаж амьдрах болсон. Тэр үеийн нэг зовлон бол Монголын дээд сургууль төгссөн дипломыг Америкт хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Энэ асуудлыг хөөцөлдсөөр АНУ-ын Конгрессийн гишүүн нэгэн эрхэмтэй уулзаж дэмжлэг хүсэхэд "Танай улс 3 сая хүн амтай гэсэн биз дээ. Тэгсэн атлаа хэдэн зуун их дээд сургуультай юм байна. Хамгийн анхны их сургууль чинь 1940-өөд онд байгуулагдсан гэхээр ядаж 100 жил болж байгаа их сургууль байхгүй л болж таарлаа. Эрдэмтэн багш нарын сайн бүрэлдэхүүнтэй, оюутны хотхонтой, сургалтын хангалттай баазтай, чанартай сургалттай их сургууль болж хөгжихөд чинь хэдэн арав биш, хэдэн зуун жил хэрэгтэй шүү дээ" гэж билээ. Америкчууд ер нь л илэн далангүй, үнэнийг шуудхан хэлчихдэг зантай хүмүүс шүү дээ.

Есдүгээр сарын 11-ний өдрийг дурсахуй...

-Таныг Элчин сайдаар ажиллаж байхад 2001 оны 9 дүгээр сарын 11-ний хэрэг явдал болсон. Энэ эмгэнэлтэй, дэлхий нийтийг цочроосон үйл явдлыг ойроос мэдэрсэн хүмүүсийн нэг нь Та. Тэр үеийн тухай дурсамж Таны сэтгэл зүрхэнд ямар байдлаар үлдсэн байдаг вэ?

-Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд тохиолдсон нэгэн харамсалтай, аймшигтай, гэнэтийн үйл явдал бол 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхагийг, түүнчлэн Вашингтон хот дахь Пентагоны нэг талыг террорист бүлэглэл иргэний агаарын онгоцоор зориуд мөргөн сүйрүүлж хорьхон минутын дотор 2000 хүний амийг авч, хоёрхон цагийн дотор нийт 3000 хүний амийг зэрлэгээр егүүтгэсэн эмгэнэлт явдал байсан юм.

Тэр өглөө би ажилдаа явах замдаа машиныхаа радиог сонстол Нью-Йорк хот дахь ихэр цамхаг террорист халдлагад өртөн сүйрч байгаа тухай ярьж эхлэв. Америкчууд нэг тиймэрхүү аймшигийн кино хийгээд нэвтрүүлж л байдаг болохоор тэр л санаанд орж суваг солиод сонстол дуу хоолой нь танил болсон нэвтрүүлэгч нэлээд бачимдуухан дуугаар Дэлхийн худалдааны төвийн хоёр өндрийг онгоцоор зориуд мөргөж дэлбэлэсэн тухай бас л ярилаа. Ажил руугаа консул руу залгатал “Харин ийм аюултай юм болоод байна аа. Та хаана явна вэ?” гэж асуусан. Би одоохон очлоо. Гүүр дөхөж явна гэтэл “Хүүе та Пентагоноос түргэн холдоорой. Саяхан дайралтад өртлөө. Холуур тойрч гараарай” гэж сануулсан. Бид ердөө хэдхэн минутын өмнө л хажуугаар нь өнгөрсөн Пентагоныг эргэж хартал гал авалцан шатаж, бөөн утаа уугиж харагдсан юм. Элчин сайдын яам дээр ирмэгц ажилтан нараа түргэн цуглуулж иймэрхүү онцгой нөхцөл байдалд хэрхэх тухай бэлэн заавар, төлөвлөгөөгөө гарган танилцаад шуурхай зохион байгуулалтад орсон. 

Төрийн Департаментаас утасдаж ЭСЯ-ыг хамгаалах боломжгүй байгаагаа мэдэгдээд ЭСЯ-ны ажилтнуудаа хотоос гадагш гаргахыг зөвлөв. Ингээд бүх ажилтан ажилчдаа гэр бүл хүүхдүүдийн нь хамт нүүлгэн хотын гадна Элчин сайдын өргөөнд авчирсан юм. Сүүлийн таван жилийн турш л улс орны эдийн засаг хүнд хэцүү байхад том өргөөнд амьдарч байна, зар, багасга гэсэн утгатай шүүмжид өртөн өртөн элдэв тайлбар тавин цааргалсаар байсан минь ёстой нэг хэрэг болж билээ. Элчин сайдын яамаа, бүхий л нууцаа хамгаалах үүргийг консул, цэргийн атташе хоёртоо хүлээлгэн үлдээгээд бүгд Потомак дахь өргөөнд ирж байрлан байдал хэвийн болтол нэлээд хэд хоносон юм.

Эхний өдрөөс л бүх гар утаснууд таслагдан холбогдохоо больсон. Харин Америкийн Телефон Телеграфийн АТТ гэсэн хоёр хуруу зузаан хуучирсан ганц утас л ажиллаж аминд орсон юм. Тэр утсыг ашигладаггүй боловч сар бүр хураамж төлөөд л Элчин сайдын өргөөнд байнга байж байдаг байсан. Миний бие тэр хэрэглэдэггүй утасны дугаарыг хаа гэж хүртэл үүрэгдэж байсныг яана. Аюулгүй байдлын ажилтан маань дүрэм заавар яриад л  байлгаад байсны ач тус гарсан шүү. Улаанбаатар руу тэр л утсаар байнга холбогдож мэдээ мэдээллээ өгч байлаа. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Н.Энхбаяр нартай шууд холбогдож  байсан. Тэд ч ойр ойрхон ярьдаг байв. Тийнхүү зөвлөлдөж манай төр засгийн тэргүүн нараас Ерөнхийлөгчийн нэр дээр эмгэнэлийн утас ЭСЯ-аараа дамжуулан шуурхай илгээж, терроризмын эсрэг тэмцэлд хамт байгаагаа илэрхийлсэн юм. Монголчууд эв нэгдлээ илэрхийлэн дэмжсэн хамгийн эхний улсуудын дотор байсан шүү гээд л Америк нөхөд өндөр дээд янз бүрийн түвшинд олон удаа талархан тэмдэглэж байсныг би сайн санаж байна. 

Хоёр талын харилцаанд бий болгож үлдээсэн өв

-Хоёр орны харилцааны түвшин богино хугацаанд найрсаг, элэгсэг болсон нь үе үеийн дипломатчдын маань хичээл зүтгэлийн үр дүн гэдэг нь тодорхой. Үүнтэй холбогдуулан асуухад Та ер нь Монгол Улсаа төлөөлөн АНУ-д 8 жил суухдаа хоёр талын харилцааны ямар өв бий болгож үлдээсэн гэж боддог вэ?

-Хоёр орны удирдагчдын хооронд шууд харилцаа тогтоож хөгжүүлэх явдал Элчин сайдын хамгийн чухал зорилт байдаг. Намайг АНУ-д суух Элчин сайдаар дөнгөж томилогдоод байсан 1995 оны намар АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монгол Улсад айлчилсан нь их л завшаантай явдал болсон юм. Сайхан танилцсаны учир Хиллари хатагтай бидний тавьсан хүсэлтэд ямагт найрсагаар ханддаг байсан. Тэргүүн хатагтайтай танил байна гэдэг бол тэр улсын төрийн тэргүүнд хүрэх хамгийн дөт зам байдаг. Олон арван Элчин сайд нарын дунд (Вашингтонд 180 орны Элчин сайд байдаг байсан) зогсож байхад Тэргүүн хатагтай, нэр хүндтэй Сенатын гишүүн дэргэдүүр өнгөрөхдөө зориуд ойртон мэндчилээд, гар барьж тав гурван үг ярилцана гэдэг бол тухайн Элчин сайдын нэр хүнд, нөлөөг нөхдийнх нь дунд өсгөдөг юм билээ. Монголыг дэмжигсэд буюу Монголын лобби гэдэг ийм зиндаанд үүсвэл их чухал юм байна гэдгийг тэндээс маш сайн ойлгосон шүү.

АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон Монгол Улсад. 1995 он.

Бас өөр нэгэн хамтын ажиллагааны чухал суваг бол Вашингтонд байдаг олон улсын хэд хэдэн Дипломат клуб байв. Тэдгээр клубын төрөл бүрийн үйл ажиллагаанд голдуу  гадаадын Элчин сайд нарын гэргий болон Сенат, Конгрессийн гишүүдийн гэргий нар оролцдог нь онцлог юм. Музей үзэсгэлэн үзэх, урлаг соёлын арга хэмжээг хамтдаа сонирхох, лекц ярилцлагад оролцохын зэрэгцээ гадаад орны элчин сайд нарын гэргий нар төлөөлөн байгаа улс орныхоо талаар ээлжлэн мэдээлэл хийдэг журамтай байв. Олон жил ойртож танилцахаараа бие биенийгээ урьж зална. Ер нь бол үнэнийг хэлэхэд  Америкийн Конгресс, Сенат, Цагаан ордныг тойрсон чулуун хана мэт, бас дээр нь тэнгэрт тулсан үнэ хөлстэй лоббийн сүлжээг нэвтлэн давж аль нэгэн Конгрессийн гишүүнтэй эсвэл сенатортой уулзаж асуудлаа танилцуулж, дэмжлэг хүсэх гэж аргаа баран суух өдөр олон л тохиолддог. Учир нь тэд нарт хүрч асуудлаа ойлгуулсан байхад бүх юмны учиг тайлагдаж, арга зам нь тодордог. Гэтэл нэг л өдөр нөгөө Дипломат клубийн гишүүн, Конгрессмений гэргий чинь Элчин сайдын гэргийг Элчин сайдтай нь хамт гэртээ уриад аваачих тохиолдол байдаг байсан. Хариуд нь өнөөх Конгрессменийг гэргийн нь хамт гэртээ урих завшаан гардаг юм.  Ингээд л хүссэн боломж нээгдэх тохиолдол дандаа биш чиг гэлээ, хааяа хааяа тохиолддог л байлаа.

Өөрийн улс орныг нэгэн цаг үед бүрэн эрхтэйгээр төлөөлөн ажиллаж байгаа хоёр улсын Элчин сайд нар үр бүтээлтэйгээр хамтран, бие биеэ дэмжиж ажиллах нь тун чухал байдаг. Намайг Вашингтонд ажиллаж байхад Улаанбаатарт Элчин сайдаар Д.Жонсон, А.Ла Порта, Ж.Дингер, П.Слуц нар ажиллаж байлаа. Элчин сайд нар харилцан бие биенийхээ үүсгэл санаачилгыг дэмжиж тус дэм үзүүлэх нь нэн чухал. Энэ тухайд манай хоёр улсын харилцааны түүхэнд сайхан уламжлал тогтсон юм.

Энэ далимд, олон сайхан нөхөд, чадварлаг дипломат нартай хамтран ажиллаж байлаа. Тэдэнтэй хамтран ажилласан минь их завшаантай хэрэг байсан гэдгийг  дурдмаар байна. Манай Гадаад яамныхан намайг булган сүүлтэй ч гэж хошигнодог юм. Яг үнэндээ бол гол учир нь булган сүүлэнд биш л дээ. Харин нэг хэлтэс, ЭСЯ-нд хамт ажиллаж байсан, Элчин сайдын зэрэг зиндаанд хүрч ажилласан тэд нөхөд маань өөрсдөө ажилсаг хичээнгүй, эрдэм чадалтай, ёс суртахуунтай, зөв төлөвшсөн зан чанартай байсанд л гол учир нь оршиж байсан хэрэг. Намайг Азийн хэлтсийн даргаар (1987-1990 онд ) ажиллаж байхад ажилтан байсан Х.Аюурзана, Т.Батбаатар, О.Дамбийням, Д.Доржготов, Т.Жанабазар, Р.Жигжид, Ж.Ломбо, Ё.Отгонбаяр, Ж.Сүхээ, С.Хүрэлбаатар, дэд сайдаар (1990-1995 онд) ажиллаж байхад туслах маань байсан Ч.Баттөмөр, О.Оч, Вашингтонд (1995-2003 онд)  хамт ажиллаж байсан Ж.Гэндэндарам, Ц.Жамбалдорж, Х.Наранхүү, Ж.Од, Г.Рагчаа, Н.Тулга зэрэг нөхөд маань хожим нь бүгд л дэвшиж элчин сайд, генерал, ерөнхий сайдын зөвлөх, яамны сайд,  соёлын гавьяат зүтгэлтэн зэрэг өндөр зиндаанд хүрч ажилласан. Тухайн үед тэд нарынхаа урмыг хугалалгүй, бага ч гэсэн тус дэм болж явсаных юм болов уу даа гэж бодогддог доо.

Элчин сайдаас ярилцлагынхаа төгсгөлд дайсан үгс

Элчин сайд Ж.Чойнхор ярилцлагынхаа төгсгөлд монголчууддаа, хамтран ажиллаж байсан нөхөддөө зориулан дараах үгсийг дайж байна. Тэрбээр "Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш даруй 35 жил өнгөрлөө. Хоёр улсын найрсаг харилцаа иж бүрэн түншлэлийн үе шатыг дамжин хэдийнэ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнолыг гаднаас нь түшиж буй тулгын гурван чулууны нэг бол Америкийн Нэгдсэн Улс билээ. Тэрхүү гурван чулууг бат тэгш байлгаваас тогоо маань хэлтийхгүй, чанаж байгаа цай маань цалгихгүй. Дороо суурьтай, дотроо бодолтой, тайван тухтай байж давс хужрыг нь хичээнгүйлэн тааруулж, амтлан сүлж, аранжин шанагаар сайтар  самарваас цай маань  сайхан идээших нигууртай.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох үйл хэрэгт хичээл зүтгэл гаргаж байсан зарим нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэд нарынхаа үр хүүхэд, ач үрс, гэр бүлийнхэнд баяр хүргэж цахим өртөөгөөр мэнд дамжуулъя. Хоёр улсын харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх хэрэгт хувь нэмрээ оруулж явсан, оруулж яваа мянга мянган хүмүүст ойн баярын мэнд дэвшүүлье" гэлээ.

 

Эх сурвалж: MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 3 цаг 18 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 3 цаг 22 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ
Top