x

О.Батнайрамдал: Монгол Улс ирэх оноос уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаална

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай ярилцлаа.

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Олон жил дуншсан уг хууль нүүрсний хулгай өндрөө авсан энэ үед гарч байна. Хуулийн ач холбогдлыг том зургаар нь та хэрхэн харж байгаа вэ?

-Нүүрсний хулгай өнөөдөр гэнэт бий болсон асуудал биш юм. Олон жил бугшиж байгаад дэлбэрч байгаа хэрэг. Энэ үйл явдал уул уурхайн салбарын тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатайг хэлээд байна шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Монголын уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчдын холбоо 2014 онд боловсруулж байсан юм билээ. Тухайн үеийн Засгийн газрын захиалгаар хийсэн боловч төслийг авч хэлэлцээгүй, унтаа байдалтай явж ирсэн нь үнэн. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Олборлолтоос боловсруулалт руу” уриан дор Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах асуудал багтсан байв. Энэ оны нэгдүгээр сард хуулийн төслийг засгаар хэлэлцэж, УИХ дэмжиж, ажлын хэсэг байгуулагдсан. Сая нүүрсний хулгайн дуулианаар УИХ-ын даргын зүгээс хуулийн төслийг яаралтай оруулж ир гэсний дагуу хоёр долоо хоногийн дотор нэгдсэн хэлэлцүүлэг явуулж баталсан нь сайн хэрэг.

Энэ оны эхний 11 сарын байдлаар 10.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гадагшаа экспортлогдож доллар болж орж ирсэн байгаа. Дийлэнх нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниар дамжиж гардаг хуультай. Гэтэл нүүрсний хулгайтай холбоотойгоор төрийн өмчит компаниуд хаалттай, борлуулалтын гэрээнүүд хэн хийгээд байгаа нь ойлгомжгүй явж ирсэн байна. Тэгэхээр ганцхан компанийн гүйцэтгэх захирал солих гэдэг утгаараа биш, тогтолцооны шинэчлэлээр зайлшгүй хүнээс хамааралгүй л болгох ёстой. Гаргалгаа нь тэр бүх гэрээ, борлуулалтууд нь ил тод арилжаалагддаг байх хэрэгтэй. Одоо явж байгаа зарчмаар тухайн төрийн өмчит компани дотроо үнэлгээний комисс гэж зарладаг. Тэр комиссын дөрвөн хүн нь ирсэн материалуудыг хоорондоо ярилцаж байгаад л шийдчихдэг. Хаалттай хаалганы цаана дөрөвхөн хүн л шийдвэр гаргаад байна гэсэн үг. Тэр хаалттай хаалганы цаана юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Зүй нь төрийн өмчит компанийн удирдлагыг өөр хүнээр солих биш, борлуулж байгаа компаниуд бүгдээрээ цахимаар арилжаа хийдэг болъё гэж байгаа юм. Тэр нь уул уурхай бүтээгдэхүүний бирж. 

-Бидэнд уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалж байсан туршлага байхгүй. Бирж ямар бүтцээр яаж ажиллах вэ?

-Ер нь хөрөнгийн биржтэй ижил гэж ойлгож болно. Комппаниуд хувьцаа бондоо хөрөнгийн бирж дээр гаргадаг. Худалдан авагчид брокероор дамжиж ороод арилжаагаа хийдэг. Үүн дээр хаалттай ч юм уу, хэн нэгэн хуйвалдах явдал гардаггүй. Монгол Улс анх удаа уул уурхайн биржтэй болж байгаа ч олон улсад 150+ жилийн түүхтэй. Анх хөрөнгийн бирж бий болоход бараа бүтээгдэхүүн арилжаалсан бирж үүсч байсан. Өнөөдөр хамгийн том нь Лондонгийн Металлын бирж байна. Мөн Шанхайн фьючрес, Далианы таваарын зэрэг олон том биржүүд байдаг. Сонирхолтой нь 2000 оноос хойш хөгжиж буй орнууд гадагшаа экспорлтох бүтэгдэхүүн тэлэхийн хэрээр дотоодын биржүүдийг олноор байгуулж эхэлсэн байдаг. Олон орон Монгол Улстай ижил Хятадын сүүлийн 30 жилийн эдийн засгийн огцом өсөлтөд зориулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа. Тэдгээр орнууд экспортолж буй бүтээгдэхүүнээ илүү шударга, өрсөлдөөнтэй, ил тод байлгахын тулд таваарын биржүүдийг бий болгосон. Өнөөдөр дэлхийн таван том таваарын биржийн гурав нь Хятадад байна шүү дээ. Бас Польшийн жишээг харж болно. Тус улс социализмын дараа эрчим хүчний салбараа лебиралчилсан. Эрчим хүчний бирж байгуулж, жижиглэн худалдаа явуулдаг болсон нь амжилттай болсон байдаг. Улмаар Варшавын хөрөнгийн биржийнхээ дор охин компани хэлбэрээр байгуулсан. Тэр нь амжилттай явсаар гурван жилийн өмнөөс биржээр арилжаалдаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Энэ мэтчилэн олон орны амжилтуудыг харж болно.

Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хувьд төрийн өмчийн оролцоотой компани байна. Зуун хувь төрийн өмчит биш, олон нийтэд нээлттэй компанийн хэлбэртэй байх ёстой. Ингэхдээ цоо шинэ компани байгуулахгүй. Бидэнд 30 жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж гээд төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байна шүү дээ. Энэ байгууллагын туршлага, хүний нөөц, мэдлэгт тулгуурлан уул уурхайн бүтээгдэхүүний биржийнхээ үйл ажиллагааг шууд эхлүүлнэ. Хөрөнгийн биржийн 34 хувийг арилжаалаад олон нийтийн оролцоотой компани болж байгаа нь сайшаалтай.

-Ер нь төрийн өмчит компани муу менежер байдгийг олон жишээнээс харж болно. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний биржээ хувийн хэвшилд даатгаж болохгүй юу?

-Мэдээж сайн дурын үндсэн дээр оролцох эрх нь нээлттэй. Гэхдээ хуулиар хувийн өмчит компаниудыг биржээс гаргаж болохгүй. Эхний ээлжинд төрийн өмчийн компаниудын оролцоотой байна. Хэрэв хувийн компаниуд өөрсдийн сайн дурын үндсэн дээр оролцох бүрэн боломжтой.

Биржийн арилжаа оролцогч талуудын итгэлцэл дээр явагддаг. Худалдагч, худалдан авч байгаа хүн ч гэсэн биржээр авч байна гэдэгтээ найдвартай, стандарттай. Төлбөр тооцоо нь ч цагтаа хийнэ гэдэг итгэл үнэмшилтэй байх ёстой. Худалдагч, худалдан авагч, тэдний дунд зуучилж байгаа брокерууд бол тэр итгэлцлийг үүсгэдэг механизм. Энэ механизм цаашдаа сайн ажиллахын тулд өөр итгэлцүүр байх ёстой. Тийм ч учраас одоохондоо төрийн өмчийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай. Одоо шууд хувийн компани гараад хийе гэхээр гадаадын худалдан авагчид итгэх үү, үгүй юү гэх мэтчилэн асуудал үүсдэг. Хөгжиж байгаа орнуудын биржийн тогтолцоог аваад үзэхээр эхлээд төрийн дэмжлэг заавал байдаг. Итгэлцэл дээр өөрийн брэнд болж гарч ирсэн компани хувьцаат, олон нийтийн болоод явдаг жишгүүд байдаг. Итгэлцүүр гэдэг нь өөрөө стандарт. Бид энэ цаг үед нүүрсний стандартаа шинэчилсэн нь том давуу тал болж байна. Монголын нүүрс одоог хүртэл 11 стандартад хуваагддаг байсан. Баяжуулсан, баяжуулаагүй бүгд ороод коксжих нүүрсний ганцхан стандарттай байсан Гэтэл чанарын үзүүлэлтээрээ гадагшаа зарагдаж байгаа нь олон төрөл. Дөрөв, таван төрөл нь өөр өөр үнэтэй байдаг. Гэтэл коксжих нүүрсний ганцхан төрөл байдаг. АМНАТ нь ганцхан үнээс бодогдоод маргаан гардаг байв. Хятадын талд очингуутаа дөрөв, таван стандарт болоод явчихдаг. Манай яам нүүрсний стандартынхаа 11 төрлийг 30 болгосон. Өөрөөр хэлбэл, MNS 6457:2022 нүүрс, нүүрсэн бүтээгэхүүний ангилал гээд шинэ стандарттай болсон. Хятадын нүүрсний стандартыг бараг л мөргөнө. Хятадын нүүрсний стандарт өөрөө олон улсын нүүрсний стандартад суурилсан байдаг. Манай бирж дээр ийм стандартын нүүрс гээд гараад ирэхээр хятадын худалдан авагчдад маш ойлгомжтой болно л доо.

-Биржийн хууль ирэх оны зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Үйл ажиллагааны бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Хууль хэрэгжих хугацааг заавал хүлээхгүйгээр Засгийн газар шууд шийдлээ гаргасан. Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Таван толгой”-д онцгой дэглэм тогтоосон. Энэ тогтоолын дагуу Ерөнхий сайдаас Монголын нүүрсний экспортыг цахимаар арилжаал гэдэг чииглэл ирсэн. Үүнтэй холбоотой манай яамнаас түр журам гаргасан. Ирэх 2023 оны нэгдүгээр сарыхн 1-нээс “Эрдэнэс Таван толгой” нүүрсийг цахимаар арилжаалахын тулд түр журам гаргаж, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хурлаар батлуулчихлаа. Журам хууль хэрэгжтэл хүчинтэй. Түр журам онцгой дэглэмтэй гэдгээрээ “Эрдэнэс Таван толгой”-гоос гадна орон нутгийн Тавантолгойгоос, “Энержи ресурс” компани өөрсдийн хүсэлтээр түр журмаар оролцъё гэсэн. Таван толгойн бүлэг орд дээрх гурван компани түр журмаар цахимаар экспортын нүүрсээ арилжаална. Гашуунсухайт боомт дээрх чингэлэг тээврийн терминалаар энэ гурван компани квотоор гаргадаг. Терминалаар гарч байгаа нүүрсээ шууд цахим арилжаагаар явуулж эхэлнэ. Сард 500-700 мянган тн нүүрс шууд цахим арилжаагаар явуулна. Энэ бол нийт экспортолж байгаа нүүрсний 30 орчим хувь байх боломжтой.

-“Эрдэнэс Таван толгой” нүүрсийг ам үнээр зарж, бөөн асуудал үүссэн. Биржээр худалдаалахаар үнийг хэн тогтоох вэ?

-Энэ “ам”-аар зардаг байдал “Эрдэнэс Таван толгой” нүүрсийг үнэ хүргэж чаддаггүй. Нүүрсний тээвэрлэлт дээр нэг тэрбум ам.долларын далд эдийн засаг үүсчихсэн байна. Тэрийг шийдэх гарц нүүрсээ хил нөхцөлөөр зарах ёстой. Тээвэрлэлтээ өөрсдөө хариуцна гэсэн үг. Хил нөхцөлөөр зарах юм бол дундын тэр олон тээвэрлэлт, зуучлалаар дамжсан далд эдийн засаг үүсэх шаардлагагүй. Бид цахим арилжаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийг Гашуунсухайтын терминал дээр нүүрсээ аваачиж зар гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Тэгэхээр ирэх оны эхний өдрөөс Гашуунсухайт боомт дээр нүүрсээ зарж эхлэх нь байна. Эхний ээлжинд чингэлэгт терминалаар гарч байгаа нүүрсээ цахимаар арилжаална. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг дунджаар 110 ам.доллараар ам нөхцөлөөр зарж байна. Гэтэл Ганц мод буюу Хятадын хил гараад долоохон км зайтай байдаг овоолго дээр “Эрдэнэс Таван толгой”-н сайн чанарын коксжих нүүрс 210-230 ам.доллараар зарагдаад байгаа юм. Энэ хооронд хэдэн ам.долларын зөрүү байна вэ. Хил дээр нүүрсээ аваачаад цаашаа долоохон км явах орон зай үүсч байгаа биз. Тэнд илүү өндөр үнээр зарагдах ёстой. “Эрдэнэс Таван толгой”-н өнөөдрийг хүртэл явж ирсэн тендерийг аваад үзэхэд худалдан авагч нь 100 дотор багтана. Тэд өөрсдөө цахимаар орж ирээд хамгийн өндөр үнэ санал болгосон нь авдаг болно гэсэн үг. Түр журмынхаа хүрээнд цахим арилжааг явуулахад Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина.

-Хөрөнгийн бирж, таваарын бирж хоёр тусдаа. Хөрөнгийн бирж бол нүдэнд харагддаггүй үүсмэл хувьцааг арилжаалдаг. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүний бирж гэдэг чинь биет бүтээгдэхүүнийг арилжаалж байгаа. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний бирж тусдаа бие даах юм уу?

-Олон улсад энэ хоёр тусдаа явдаг зүйл л дээ. Гэхдээ нэгтгээд нэг дээвэр дор явуулсан жишээ олон бий. Польш, Туркийн биржүүд засаглалын хувьд улсынхаа том хөрөнгийн биржийн дор үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй. 1990-ээд оны үед Турк улс алтныхаа салбарыг либералчлахын тулд алтны бирж байгуулсан. Алтаа биржээр арилжаалдаг болсон нь чөлөөт өрсөлдөөнийг бий болгосон юм билээ. Тэр нь явсаар өнгөт металл, алмааз арилжаалдаг томоохон бирж болж хувирсан байдаг.

Уул уурхай бол бидний доллар олдог гол салбар. Борлуулалтын гэрээ нь хамгийн их дуулиантай байдаг нь үнэн. Тэгэхээр хүнээс хамааралгүй ил тод байх ёстой. Нүүрсний хуүлгайтай холбоотой ард түмний шахалт шаардлагын дагуу зайлшгүй явуулах ёстой ажил мөн. Цаашид төмрийн хүдэр, зэс, гянт болд, хайлуур жонш зэрэг биет бүтээгдэхүүнийг арилжаалдаг болно. Үүний тулд зөөх, агуулах, итгэмжлэгдсэн лаборатори, тээвэр логистикийн төв зэрэг дэд бүтэц шаардлагатай. Эхний ээлжинд Гашуунсухайт, Шивээхүрэн дээрх чингэлэг тээврийн терминал том давуу тал.

Яваандаа ийм терминалуудыг боомтууд дээрээ барих хэрэгтэй. Одоо байгаа дэд бүтцээ ашиглаад цаашид өргөжүүлээд явах бололцоо байгаа. Элдэв шалтаг дурдаад эхлүүлэхгүй байх нөхцөл байхгүй. Ард түмэн шаардаж байна. Салбар нь ч цаашаа ил тод, нээлттэй явах ёстой гэдгээ ойлгож байна. Дээрээс нь улс төрийн дэмжлэг нь байна. Энэ нь манай салбарын маш том тогтолцооны шинэчлэл.

-АМНАТ-ын хэл ам их гардаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Биржийн дэлхийн жишгээр аливаа бүтээгдэхүүн хил нөхцөлөөр зарагдаж байх ёстой. Бид уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болсноор үнийн маргаан яваандаа байхгүй болно. АМНАТ-аа тооцохдоо ч хил нөхцөлийн ил тод арилжаалагддаг бодит үнэ гараад ирэхээр маргаан нь арилна. Заавал Австрали, Хятадын үнийг авах шаардлагагүй. Монголын бүтээгдэхүүн өөрсдөө хил үнээр олон нийтэд ил тод зарлагдаад, хүлээн зөвшөөрөгддөг үнэ гараад ирвэл заавал гадаадын үнэ хайгаад байх шаардлагагүй. Үүнийг бас цэгцлэх ёстой.

-Манайх олон улсын бирж дээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалж болдоггүй юм уу?

-Том биржүүд илүү боловсруулсан бүтээгдэхүүн худалдаалдаг. Катодын цэвэр зэс, цэвэршүүлсэн 999-ийн сорьцтой алт арилжаалдаг байх жишээтэй. Харин өнөөдөр бид зэсийн баяжмал зардаг. Нүүрсээ угааж чаддаггүй. Дийлэнх нь түүхий нүүрс экспортолдог. Одоохондоо манай уул уурхайн бүтээгдэхүүн олон улсын стандартад хүрч амжаагүй. Гэхдээ тэдний стандартад хүрэхэд цаг хугацаа шаардана. Тэрний оронд өөрсдөө биржтэй болоод тогтоосон стандартаа барих ёстой. Цаашдаа зэсээ боловсруулдаг, алтаа цэвэршүүлдэг, нүүрсээ угаадаг үйлдвэрүүдтэй болоод ирэхэд олон улсын биржийн стандартад дүйцнэ.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэдэг бол томоохон логистикийг шаарддаг. Үүнийг дагасан томоохон логистикийн сүлжээ бий болно гэдэг бол Монгол Улсын хөгжилд том хувь нэмэр оруулна. Өрсөлдөх чадварт том давуу тал үүснэ. Хэрэв уул уурхайн бүээгдэхүүний бирж сайн ажиллавал хөдөө аж ахуйн биржээ дараагийн түвшинд гаргах модель нь болж чадна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 13 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 1 цаг 10 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 4 цаг 2 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 4 цаг 20 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 6 цаг 31 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 6 цаг 43 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 6 цаг 52 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 7 цаг 6 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 7 цаг 11 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 7 цаг 30 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 7 цаг 49 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт...
Top