x

Д.Сумъяабазар: Нийслэлийн өмчит уул уурхайн компани эдийн засгийн гол хөшүүрэг болно

"ЭРГЭЖ ХУРГААД БАЙВАЛ УРАГШ НЭГ Ч АЛХАХГҮЙ"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай оны босгон дээр уулзаж хот дахь асуудлууд, түүнээс гарах шийдэл, санхүүгийн нөөц, боломжийн талаар ярилцлаа.

Хотын даргын албыг энэ цаг үед хашиж байгаа хүн бол Д.Сумъяабазар хэмээх эрхэм. Удам залгасан барилдаанч, үндэсний бөхийн аварга. Хамгийн олон фентэй бөх байсан тэрбээр харин улстөрд хөл тавьснаас хойш ард түмнээсээ дандаа хайр, бахархлын үг сонсохоо больсон. Хараал зүхэл ч бишгүй сонсдоно. Учир нь түүний толгойлж буй Улаанбаатар хот дэндүү их асуудал бугшсан газар. Хүн бүр түүнийг “Нэг далайлтаар түгжрэлийг шийд!” гэж шаардана. 30 орчим жилийн асуудлыг гуравхан жилд шийдэхийг хүснэ. Харин амьдрал арай өөр. Түүний юу хийж, юу бодож, юу сэдэж байгааг хамтдаа харцгаая.

-Улаанбаатар хотын иргэд олон асуудал шийдэхийг өдөр шөнөгүй хүсэж, басшаардаж байна. Та бүгдийн зүгээс шийдэхийн төлөө зүтгэж байна. Хотын хөгжил хөшүүн, удаан байгаагийн гол хүчин зүйл яг юунд байна вэ, товч тодорхой хэлээд өгөөч?

-Ерөөсөө л хөрөнгө мөнгөний эх үүсвэрийн дутагдал. Хөрөнгийн болон санхүүгийн эх үүсвэр үнэхээр алга. Маш товчхондоо энэ.

-Бусад нь байгаа хэрэг үү?

-Байна. Өнөөдөр хотод ажиллах боловсон хүчин, мэргэжлийн хүмүүс хангалттай байна. Сэтгэл зүтгэл ч хангалттай байна. Хотдоо ажил хийсэн шиг хийгээд, түүхэн үүрэг гүйцэтгэчих юмсан гэх амбицтай залуус хангалттай олон. Мэдээж бүх зүйл тэгш дүүрэн биш нь тодорхой. Ажил урагшлуулдаггүй хүмүүс бий, солиод л явж байгаа. Ард түмэн ажил хийгээч гэж шахаад байдаг, бид хийх гээд л зүтгээд байдаг. Энэ хоёрын дунд хотын удирдлага хуулийн хайчинд орчихож байгаа юм. 

-Хуулийн хайч гэдэг нь юу билээ?

-Хуулийн хайч, ард түмний хайч хоёрын дунд бид орчихоод байна. Нийслэлчүүд төсвөө өөрөө мэдээд захиран зарцуулах эрхийг шийдчихсэн юм шиг харагдах хэрнээ үнэн хэрэгтээ тийм биш байна. 

-Өнгөрсөн жилийн 420 тэрбумыг та бүгд хуулиараа захиран зарцуулах эрхтэй байсан шүү дээ?

-Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх 420 тэрбум төгрөгийг хот өөрөө мэдэх оновчтой шийдвэр өнгөрсөн жил гарсан. Ганцхан жил шүү. Энэ жилийн хувьд бол эдийн засаг хүндэрч, улсын төсөв амаргүй болсон учраас буцаагаад татаад авчихсан. 

-Өмнөх жил 420 тэрбумтай Хотын даргаас юу хийх гэж байгааг асууж болдог байж, одоо болохгүй болж. Тэгэхээр одоо нийгэмд ярьж байгаа зүйлүүдийг танаас асууя. Хотын иргэд түгжрэлээс болж өнөөдөр дэлбэрэх нь ээ...?

-Эдийн засаг, нийгмийн гээд олон хүчин зүйл хотын замын түгжрэлд нөлөөлж байна. Түгжрэл нийтийн тээврээ сайжруулаад, зам засаад, хөнгөн галт тэрэг явуулаад даруйхан шийдчих ажил биш болчихоод байна. Улаанбаатар хотын иргэдийн нягтаршлаас, төлөвлөлтийн урт удаан хугацааны алдаанаас үүдсэн нөхцөл байдал гэдгийг олон удаа ярьж байна. 

НИТХ-ын 2022 оны 68-р тогтоолоор баталсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр хот төлөвлөлтийн хүрээнд, авто замын сүлжээний хүрээнд, нийтийн тээврийн үйлчилгээний хүрээнд, хөдөлгөөн зохион байгуулалтын хүрээнд дөрвөн бүлэг асуудлын 130 гаруй арга хэмжээнүүдээс ойрын болон дундхугацаанд хэрэгжүүлэх нийт 44 арга хэмжээнүүдийг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны төлөвлөгөөнд санал болгосон. Мэдээж ажлыг хийх, хэрэгжүүлэх үндсэн бааз нь нийслэл.

1992 онд нийслэлд 20 мянган автомашин бүртгэлтэй байсан бол өнөөдөр энэ тоо 650 мянга болж 32 дахин өссөн. Анх 300-500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн Улаанбаатарт өнөөдөр 1.6 сая хүн аж төрж байна. Түгжрээд байгаагийн шалтгаан энэ шүү дээ. Хотын нягтаршил өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүнийг дагаад газар зохион байгуулалтын, ерөнхий төлөвлөгөөний алдаанууд улам томорсоор байгаа. Өөр бусад асуудал ч байна. Тухайлбал, дулааны, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүд, бохир, холбоо мэдээллийн суваг сувагчлалын эх үүсвэрүүд... гээд тоочвол маш олон дэд бүтцийн асуудлыг энд нэрлэх болно. Энэ бүгд замбараагүй болж, ачааллаа даахаа больсон. 1990 оноос өмнө бол энэ бүх дэд бүтэц, техникийн нөхцөлүүд бүгд хотын захиргаан дээрээ төвлөрч байлаа...

-Тэгэхээр одоо төвлөрөхөө больчихсон гэсэн үг үү?

-Ингэж л хүмүүс ойлгодог. Хот бүгдийг хариуцдаг гэж боддог. Гэтэл үгүй. Энэ бүх техникийн нөхцөл, дэд бүтцүүд чинь бүгд салбарын яамд дээр төвлөрсөн. Хотын асуудлуудыг шийдэхэд нэгдсэн арга хэмжээ, уялдаа холбоо, санхүү, хөрөнгийн эх үүсвэр нэн чухал гэдгийг ахиад хэлье. Гэтэл хотын хариуцаж байх ажлыг яамдад тараачихсан, нэг шугамаар явахгүй, тэгэх боломжгүй байна. Хот төлөвлөлтийг 2040 он хүртэл баталж байна. Гэтэл техникийн нөхцөлүүд нь өөр өөр газарт яваад байдаг. Эмх цэгцгүй, тархай бутархай байдал олон жил үргэлжилснээр өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. 

-Ийм байдалд тэгээд хэн хүргэсэн юм бэ?

-Энэ бүгдийг үе үеийн УИХ хийсэн. 

-Хоёулаа зовлон яривал дуусахгүй. Тэгэхээр та Хотын дарга болсоор ямар ажлуудыг урагш ахиулсныг ярья?

-Хотын асуудлыг хууль, эрх зүйгээр нэгтгэх ёстой. Хууль гэдэг бол ардаа үргэлж тоон утга агуулгатай байдаг. Эдийн засгийн хөшүүрэг явж байдаг. Үүнийг дагаад нийгэмд, та бидний амьдралд шууд болон шууд бус утгаар үзүүлэх нөлөө гарч байдаг. 

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйнбайдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж чадлаа. Улаанбаатар хот хууль, эрх зүйн орчинтой боллоо. Эрх зүйдээ суурилан хот өөрийн бие даасан эдийн засгийн бодлогыг хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

-Жишээ нь, ямар ажлуудыг хийж байна?

-Хот өөрийн бонд гаргах нөхцөл бүрдлээ. Энэ бол хотод том өөрчлөлт авчрах боломжтой зүйл. Үүн дээр нэмээд хотын хөгжлийг дэмжих, эдийн засгийн гол хөшүүрэг, эх үүсвэр, баталгаа болсон нүүрсний уурхай байна. 

-Нийслэлийн нүүрсний уурхай гэж ойлгож болох уу?

-Улаанбаатар хотын хөгжлийн корпораци гэж байгаа. Энэ корпорацийн дэргэд нийслэлийн өмчит “Эрдэнэс баян богд” компани байгуулаад, түүний 34 хувийг “Эрдэнэс монгол” эзэмшинэ. 66 хувийг нь хот эзэмшиж байгаа. Хотод бүртгэлтэй уул уурхайн компани гэсэн үг л дээ. 

-Тэр уурхай хаана байгаа юм бэ?

-Дорноговь аймгийн нутагт байгаа. Чулуун нүүрсний орд юм. Технологийн гурван ч өрөмдлөг тавьчихаад байна. Энэ уурхайгаас олсон ашиг орлогоор хотод тулгамдаж байгаа асуудлын хөрөнгийг шийдээд явна. Хурдны зам, хөнгөн галт тэрэг, тусгай замын автобус, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж, бусад гүүрэн байгууламж, холбоос замууд, олон огтлолцлын замууд... гэхчлэн том бүтээн байгуулалтаа нүүрсний төсөлтэйгөө уяна. Бусдаар бид дан ганц улс, нийслэлийн төсөвт найдаад суувал бүтэхгүй. 

-Уурхайтай болно гэдэг нь та өмнө нь Уул уурхайн сайд байсан хүний хувьд хийж, хэрэгжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэрийн концепц уу?

-Урьд хожид хотод ийм ажил хийгдээгүй, нөгөө талаас ингэх нөхцөл ч байгаагүй. Миний яриад, чухалчлаад байгаа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь ийм ач холбогдолтой. Хууль нь эдийн засгийн том агуулга бүтээдэг, хэрэгжүүлдэг гэж энэ. Миний Хотын дарга болоод хийж чадсан хоёр том ажил энэ. Нийслэл хуультай, хот өөрөө захиран зарцуулах эрхтэй ашигт малтмалын томоохон ордтой болсон. Гэхдээ үүний үр шимийг дараа дараагийн Хотын дарга нар хүртэнэ. Би суурийг нь зөв, сайн тавьж өгөхийг зорьж байна.

-Газрын тухай багц хууль батлагдвал нийслэлийн эдийн засагт их нэмэр болно гэж хардаг, зөв үү?

-Тэгэлгүй яах вэ. Газрын тухай багц хууль бол нийслэлийн эдийн засгийн гурав дахь том эх үүсвэр. Энэ хууль Улаанбаатар хотын орлогыг дэмжинэ. Нэгдүгээрт, НИТХ өөрөө бүсчлэлээ тогтооно. Хоёрдугаарт, хот өөрөө үнэлгээ буюу татвараа тогтооно. Гуравдугаарт, хот өөрөө газрын биржтэй байна. Газрын бирж бий болсноор хэн нэгэн Засаг даргын үзэмжээр газар олгодог, шийддэг байдал алга болно. Шууд биржээр зарна, хувь хүний сахилга хариуцлагын асуудал чангарна. Хувь хүн өөрөө хуулийн хугацаанд газраа ашиглаж чадахгүй бол автоматаар цуцлаад дараагийн хүнд боломж нээгдэнэ. Бирж гэдэг энэ. Бүсчлэлээр газраа тогтоож, үнэлгээг шударга тогтооно. Төвийн газар нь ямар үнэтэй,алслагдсан нь ямар үнэтэй байх вэ гэдгийг тогтоогоод явчихна. Хотын захиргаа газраа өөр дээрээ авсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн эрүүл эдийн засаг бий болно. Газар, үл хөдлөхийн бүртгэл сайжрахаар татвар эрүүл болно. Бүртгэл, татвар хоёр нэг зүйл биз. Энэ систем нь хотыг үеийн үед авч явах санхүүгийн ундарга юм. 

-Тэгэхээр эдийн засгийн энэ эх үүсвэрүүдийн хүчээр л Улаанбаатар хотын бүтээн байгуулалтууд өрнөж, тулгамдсан асуудлуудыг шийдэх юм байна?

-Тэгж ойлгох ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийг сэргээнэ. Тулгамдсан бүх асуудлуудаа шийднэ. 

-Утаа, түгжрэл, стресст дарагдаад нийслэлд юу ч хийгдээгүй, ямар ч ажил яваагүй мэт сэтгэгдэл хотын зарим иргэнд бий?

-Улаанбаатар хотод эмхлэх, цэгцлэх асуудал маш олон бий. Олон жилийн ужгирсан асуудлыг үе шаттайгаар богино хугацаанд шийднэ гэдэг амаргүй. 30 орчим жилийн ужгирсан асуудлыг гурван жилийн дотор нэг амьсгаагаар шийднэ гэж байхгүй ч бид эрэмбэ дараатай, үе шаттайгаар шийдэх гээд ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль нь 19 дагалдах хуультай том хууль. Энэ хуулийн хүрээнд хотын бүх стандартыг тогтоох ажлыг хийгээд явж байна. Тухайлбал, хотын иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа 6000 орчим гараашийг буулгасан,үлдсэн гараашийг удахгүй буулгана. Энэ ажил 90 хувьтай, ард нь гарч байна. Урьд нь жилд 100 гарааш л буулгадаг байсныг хоёр жилийн дотор эмхэллээ. Гэмт хэргийн гаралт, орчны бохирдол эрс буурсан. Одоо ногоон байгууламжууд байгуулаад явж байгааг иргэд харж байгаа. 

Бүгд л үүнээс зугтаадаг, айдаг байсан. Хүний гараашийг буулгачихаад өөрсдөө суурин дээр нь юм барьчихдаг завхрал ч байсан. Энэ бүгд эрүүл болсон. Дараагийнх нь хашаа, хайс буулгах арга хэмжээ. Дэлхийн хотууд шиг бутлаг ургамлаар хайс, хашлага хийх нээлттэй. Стандарт бус хашаа, хайс буулгах ажил үргэлжилж байна. Дараагийнх нь явган хүний замын стандарт. Одоо байгаа хэмжээг өргөсгөж доод тал нь 2.5 метрээс дээш өргөнтэй явган хүний замын стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Дугуйн замын стандартыг шинэчлэн тогтоож буй. 

Түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй Зайсангийн гүүр, Яармагийн гүүрний ажил эхлээд 30-40 хувьтай явж байна. Цаашлаад хувийн хэвшлийнхний маань эхлүүлчихсэн 45 ажил хотод байна. Тэдний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр, дэм тус болохыг хотын зүгээс хичээж байна. Нийслэлийн зүгээс байгалийнхаа баялгийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ. Өнөө уурхайгаа л хэлж байна л даа, би. 

-Та урьд нь нэг их дуулдаж байгаагүй, шинэ сэдэв ярьж байна. Нийслэл өөрөө уул уурхайн ордтой болж, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулна гэж. Үүнийг нийслэлийн иргэд төдийлөн мэдэхгүй байгаа?

-Шинэ сэдэв, өмнө нь байгаагүй яриа л даа.

-Энэ яг хэзээнээс эхэлсэн ажил юм бэ?

-2021 оны тавдугаар сард шийдсэн ажил. Эдийн засгийн энэ хөшүүргийг эхнээс нь зөв эхлүүлж, зөв хийхгүй бол нийгэм буруу ойлгочих гээд байна. Нэгэнт зөв эхлүүлсэн хойноо нийтэд мэдээлэх нь зөв санагдсан. Уул уурхай өөрөө эмзэг сэдэв болчихсон учраас тэр шүү дээ. 

-Нөгөө BRT, LRT-ын төслүүд ямар шатандаа явна вэ?

-BRT-ийн ТЭЗҮ нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдчихсэн. LRT-ийн ТЭЗҮ хийгдээд дууссан. Хятадын технологийн компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн байгаа. 

БНХАУ-ын Чунчин хот Улаанбаатар хоттой сайн харилцаатай. Чунчинбол технологийн хот. Манай LRT тусгай замын галт тэрэгний төсөлд оролцох хүсэлтээ ирүүлчихсэн явж байна. Ирэх хавар ажлыг нь эхэлнэ. Энэ мэтчилэн хотын томоохон бүтээн байгуулалтууд бүгдээрээ нөгөө нүүрсний төсөлтэйгөө холбогдоно, тэндээс эх үүсвэрүүд нь шийдэгдээд явна. 

-Таны гаргасан нэгэн дуулиант шийдвэр бол нийслэлд 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон явдал. Энэ чинь л чөлөөт нийгэм, ардчилсан нийгэм шүү дээ хэмээн шуугьж байлаа. Яг үүн шиг дорвитой шийдвэрүүдийг иргэд танаас хүлээж байгаа байх?

-Төрийн зүгээс хэрэгжүүлдэг 500 гаруй том, жижиг чиг үүрэг байгаа. Үүнээс хувийн хэвшилд, мэргэжлийн холбоод, ТББ-уудад шилжүүлэх ажлыг ярьж байна. Энэ бол том ажил. Энэ нь хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэргийг арилгана гэсэн үг. Хувийн хэвшил, ТББ, мэргэжлийн холбоод хийж чадах олон ажлыг төр өөр дээрээ авчихсан, тэр нь эргээд төрд, иргэдэд дарамт болчихсон байдаг. Үүнийг дагасан тоо, мөнгөн дүн хэд гээч?450 тэрбум төгрөг. Үүнийг л хувийн хэвшилд шилжүүлье. Монголын эдийн засгийн 70 хувь нийслэлд эргэлддэг. Тэгэхээр хотод энэ их хамаатай, эерэг тусна. Энэ ажлыг нийслэл ЗГХЭГ-тай хамтран хийхээр бэлдэж байна. Тэр 74 зөвшөөрлийг цуцлах нь хуулийн дагуу Хотын даргын эрх мэдлийн асуудал байсан. Тийм учраас шууд цуцалсан. Одоо байгаа 200 орчим тусгай зөвшөөрөл бол заавал дээд шатны байгууллага, Засгийн газартай ярьж шийдэх хуулийн асуудал юм. Би өөрийнхөө эрх хэмжээнд шийдэхээ шийдсэн. Бизнес эрхлэгчдэд ч бодитой дэмжлэг болж чадсан.

-Хотын дарга байсаар байтал ахиад Хот хариуцсан сайдтай боллоо. Та хоёрын ажил үүргийн хуваарь ямар ялгаатай юм бэ?

-Хотын даргын хувьд 150 гаруй чиг үүргийг хэрэгжүүлдэг, хуулиараа ганцхан Монгол Улсын Ерөнхий сайдад ажлаа тайлагнах үүрэгтэй. Нийслэлийн ажилд салбар хоорондын уялдаа хамгийн чухал. Нийслэлийн ажил яам тамгын газар, дунд шатанд их гацдаг. Зарим нь ойлгодоггүй, ойлгуулж чаддаггүй, үүнээс болоод төрд хүнд суртал үүрлэлээ гэдэг. Ер нь бол хоттой бүх салбар хамтарч ажилладаг. Эдгээр салбар дундын зохицуулалт алдагдсан, ингэснээр ажил урагшлахгүй болчихоод байгаа юм. Энэ их нарийн шүү. Энэ зохицуулалтыг хийх, салбар хоорондын зохицуулалтаар түгжрэлийг бууруулахаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд сайд гэсэн бүтцийг Засгийн газарт оруулж ирсэн. Ингээд дэмжигдэж, салбар хоорондын уялдааг зохицуулах үүрэгтэй, үндсэн чиглэлийн яамдынхаа дээр нь Монгол Улсын сайд бий болсон юм. Ж.Сүхбаатар сайд бид хоёрын ажил үүргийн хуваарь ийм тодорхой. Түгжрэлийн асуудал дээр гэхэд Боловсрол, шинжлэх ухааны яам нь сургууль, цэцэрлэгийн хамрах хүрээгээ яаж шийдэх юм, Барилга, хот байгуулалтын яам нь зураг төслөө яаж хийж байна вэ, Эрчим хүчний яам нь тэр их шугам сүлжээгээ хэрхэн зохицуулж байна вэ гээд салбар бүрийн хоорондын уялдааг түгжрэлийг бууруулахаар зохицуулах нь Ж.Сүхбаатар сайдын хувьд хамгийн гол ажил нь. Энэ бүгдтэй холбоотойгоор УИХ руу хууль оруулах, Засгийн газраар тогтоол батлуулах гэхчлэн Ж.Сүхбаатар сайдын ажил тодорхой юм билээ. 

-Тэгэхээр түгжрэлийн энэ том асуудлаар Ж.Сүхбаатар сайдын чихэнд хонх уях нь зөв юм байна?

-Ер нь бол зөв. Яагаад гэвэл Түгжрэлийг бууруулах үндэсний хороонд бүх салбарын сайд байгаа. Үндэсний хорооны дарга болох Ж.Сүхбаатар сайд зөвлөмжүүд гарна. Үндэсний хороон дээр бүх асуудал шийдэгдээд, зөвлөмж хэлбэрээр Засгийн газарт ороод, тогтоол болж гарна. Тэгээд үүний дагуу нийслэл рүү чиглэл өгөөд ажиллана. Өнөөдөр 140 мянга орчим тээврийн хэрэгсэл зөвхөн хүүхдийг сургуульд зөөхөөр хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн хүүхдүүдийн хамран сургах тойрогт анхаарах нь түгжрэлийг бууруулах том шалтгаан мөн байгаа биз дээ? Энэ мэтээр салбар хоорондын уялдаа чухал болчихоод байгаа юм. 

-Та ерөнхийдөө нийслэлийг цаашид авч явах санхүүгийн схемээ танилцуулж байх шиг байна. Ашигт малтмалын орд, хотын бонд, газрын татвар гэх мэтээр. Хотын мөнхийн сэдэв бол гэр хорооллыг орон сууцжуулах төсөл. Хотынөмнөх дарга нараас энэ ажил руу хамгийн зоригтой орсон нь Э.Бат-Үүл ч үүнээсээ болж олон муу нэр сонслоо. Хийх гэж зүтгэсэн хүнд хожмоо халтай тусах гээд байгаа гэр хорооллын асуудалд та ямар шийдэл хайж байна вэ?

-Э.Бат-Үүл даргын гэр хорооллын төслийг буруу гэж хэн ч хэлэхгүй. Маш зөв, том алхам. Гэр хороолол руу инженерийн шугам сүлжээг хэсэгчилсэн хэлбэрээр тавьж байж эхний үр дүнгүүд гарна. Гэр хороололд амьдралын чанар дээшилнэ. Хотын соёл илүү хүртээмжтэй болно.

Бат-Үүл даргын хувьд процессын алдаа гарчихсан юм билээ. Ажил хиймээр байдаг, санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүй, Сангийн яам нь шийдэж өгдөггүй. Үүл даргын үед хот чинь орлогоо нэг жил авсан шүү дээ. Тэгээд бусад жил нь аваагүй. Одоо би өөрөө яг л Э.Бат-Үүл даргын зовлонгоор явж байна. Процессын алдаа гэдэг нь санхүүгийн схемээ л хийж чадаагүй хэрэг. Хот дахь том төслүүд эхнээсээ зөв эхэлж, зөв явахгүй бол сүүлдээ ажил хийх гэсэн хүмүүс нь төр, хувийн хэвшилгүй шорон гяндандаа хүрэх аюултай. Миний хувьд гэр хорооллууд руу орно. Орохоос өөр замгүй. Эхний удаад дэд төвүүд дээрээ тулгуурлана. Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд бэлэн болсон. Шар хад, Толгойт дэд төвийн ажил одоо эхэлж байгаа. Азийн хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр явж байгаа ажлууд л даа. Үүн дээр хот өөрөө тодорхой эх үүсвэрийг гаргах үүрэг хүлээх, санхүүгийн хамтарсан схемээр явж байгаа юм. 

-Хотын өмнөх дарга нарыг харж байхад тэр даргын тийм ажлыг амжилттай урагшлуулсан бол хэрэгтэй байж дээ гэж бодогдох үе байдаг уу?

-Г.Мөнхбаяр даргын үед эхэлсэн Сүхбаатар дүүргийн ар талын 7-р хороог орон сууцжуулах ажлыг дуусгачихсан бол гэж боддог. Тэр үед би нийслэлд төлөөлөгч байсан юм, эхлээд маш зөв явж байгаад буцаагаад төлөвлөлтөө алдчихсан. Үүнийг л цааш нь явуулсан бол гэр хорооллыг орон сууцжуулах ажил өнөөдөр сайн явчих байсан санагддаг. 

-Хотын даргын ажил бол өдөр тутам нерв барсан, цонхны цаана чинь асуудал харагдаж байдаг аж ахуйн ажил. Аргаа барах үе байна уу?

-Гаргасан шийдвэр маргааш нь амьдралд хэрэгждэг, сайн, муу үр нөлөө нь хэдхэн цагийн дотор мэдрэгддэг ажил. Зарим шийдвэрийг нүдээ аниад, шүдээ зуугаад гаргах үе ирнэ. Хууль, ард түмэн хоёрын хайчин гал дунд миний ажил явдаг. Хэн нэгэн заавал л хийх ёстой учраас би хийж таарна гэсэн бодол толгойд үргэлж явдаг. Мөс зүсээд, шийдвэр гаргаад, сайн, муу хэлүүлээд явахаас өөр арга байхгүй. Мэдээж ухаалаг, хэрсүү, мэдрэмжтэй байх ёстой. Халгаж, эргэж хургаж, нялцаганаад байвал Хотын даргын ажил урагшаа алхам ч явахгүй. Ер нь бол төрийн ажилд хувийн ашиг сонирхлыг оруулахгүй, хуулийн хүрээнд явах хамгийн чухал шүү дээ.

-За таны ажилд амжилт хүсье. Ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе.

П.Хашчулуун /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 4 цаг 8 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 5 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 6 цаг 7 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 6 цаг 25 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 6 цаг 43 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цаг 1 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 19 цаг 25 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 19 цаг 35 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 20 цаг 38 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 20 цаг 55 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 20 цаг 55 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 21 цаг 3 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 21 цаг 15 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 21 цаг 29 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 21 цаг 32 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 21 цаг 45 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 21 цаг 49 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 22 цаг 2 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 22 цаг 38 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top