x

Д.Бат-Эрдэнэ: Бид оюун ухаанаа намчлаад, эдийн засгаа төрчлөөд байгаа нь хамгийн том алдаа

Монгол бахархлын өдрөөр онцгой нэгэн зочныг редакцдаа урилаа. Тэрбээр телевиз, сонин хэвлэлд тэр болгон яриа, ярилцлага өгөөд байдаггүй хүн. УИХ-ын чуулган дээр ч ялгаагүй, амаа авч давхидаг морь шиг хаа хамаагүй юм болгонд оролцож яргаад, ялангуяа дуран авай өөр лүү нь чигэлмэгц асар идэвхтэй дүр эсгэдэг гишүүдээс бүр тэс өөр, барагтайд үл дуугарах ч, нэг дуугарахаараа харин ч нэг жинтэйхэн дуугардаг нэгэн буй за.

Өөрийнх нь хэлсэнчлэн бүхий л зүйлд нүд, сэтгэлийн хор нь гарчихсан энэ эрхмийг “АЖНАЙ” хэмээх бараг овог нь шахуу болчихсон нэрээр нь монгол даяар андахгүй мэднэ дээ. Тиймээ, Н.Алтанхуягийн буюу Шинэчлэлийн Засгийн газрын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй ийнхүү ярилцлаа.

-Танд Их эзэн Богд Чингис хаан мэндэлсний ойн баярын мэндийг хүргэе! Сайхан баярлаж байна уу?

-Сайхан баярлаж байна аа. Өөрт тань мөн баярын мэнд хүргэе. Монголчуудын хувьд энэ өдөр хамгийн эрхэм, бахархалт өдөр шүү дээ. Эдүгээгээс найман зууны тэртээд хаадын хаан, Их Богд, эзэн Чингис төр улсаа төвхнүүлэн засаж, улмаар дэлхийг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулан, тив дамнасан асар уудам газар нутагт Pax Mongolica буюу Монголын энхтайванг тогтоож, төрт ёсны дэг журмыг дэлхий дахинаа анхлан таниулж мэдрүүлсэн байдаг юм. Зүүн өмнөд Азиас Зүүн Европ, Адриатын тэнгис хүртэлх ийм өргөн газар нутгийг Монголын их хаад удирдан залж ахуйдаа дэлхийд ямар гээчийн агуу амар амгаланг тогтоосныг судар номонд “…толгой дээрээ алтан гулдмай тавьсан эмэгтэй хүн хаант улс даяар аюулгүйгээр хэсч, зорчиж чаддаг байв…” хэмээн бичиж үлдээсэн нь бий. Бидний өвөг дээдэс үр хойчдоо ийм л бахархалт түүхийг өвлүүлэн үлдээж.

Хамгийн гол нь тооны хувьд цөөн монголчууд атгасан гар шиг нэгэн цул нягт, эв нэгдэлтэй байсан учраас дэлхийн талыг эзэгнэсэн, урьд хождын түүхэнд огт байгаагүй агуу эзэнт гүрнийг байгуулж чаджээ. Тиймээс өнөөдөр та бидний цөөхөн монголчууд ч гэсэн өвөг дээдэс шигээ бие биесээ хайрлан, нэгдэн нягтарч, сайн сайхнаа улам өнгөлөн тордож, үр хойчдоо үлгэр жишээ болохуйц амьдарч чадваас улс орон маань дорхноо өндийн босож, хөгжиж цэцэглээд л ирнэ. Энэ бахархалт өдрөөр монгол хүн бүр эв нэгдлийн чухлыг санан сэрж байгаасай гэж би боддог, хүсдэг. Дэлхийн түүх бол Монголын л түүх байдаг юм. Нэрт гүн ухаанч Фридрих Гегель “…Дэлхийн түүх бол Монголын түүх, Монголын түүх бол цэргийн түүх…” гэж хэлсэн байдгийг энэ өдөр тодотгон онцолж хэлмээр байна.

-Гегель гэснээс Та нээрээ философич мэргэжилтэй байх аа? Цэргийн нэгдсэн дээд сургуульд философи, гоо зүйн багшаар ажиллаж байсныг намтраас тань уншсан юм.

-Тиймээ, хуучнаар ЗХУ-ын Свердловск, одоогийн Екатеринбург хотноо Уралийн их сургуулийг философич мэргэжлээр дүүргээд Монголдоо ирж ЦНДС-д философи, гоозүйн багшаар ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжингүүт хувийн салбарт гарч, Монголд анхны хувийн компаниудын нэгийг байгуулж “Ажнай” хэмээн нэрлэж байлаа. Цаг хугацаа гэдэг хурдан юм. Түүнээс хойш 36 жил өнгөрчээ.

-Ирээдүйн офицеруудад гоозүй заадаг байсан гэхээр их сонирхолтой санагдаад байна л даа. Жишээлбэл, яг юу гэж заах уу?

-Гоозүй буюу эстетика гэдэг бол маш өргөн ухагдахуун шаардсан ойлголт л доо. Тухайлбал, энэ орчлонгийн бүхий л хүн, юмс үзэгдэл, урлаг уран сайхан, дуу хөгжим, уран барилга, уран зураг, баримал гээд бүгдэд дотоод, гадаад гоо сайхан бий. Энэхүү ертөнцийн дотоод, гадаад гоо сайхныг олж харна гэдэг хүмүүний өөрийнх нь билгийн чадвартай шууд холбоотой ухагдахуун байдаг. Олж харж чаддаг хүн байна, чаддаггүй хүн ч бас байна. Тэгэхээр гоозүй гэдэг бол аливаа зүйл, хүний дотоодод оршиж буй тэр сайхан бүхнийг олж харах гэсэн хүсэл тэмүүлэл, эрмэлзлэлийг судладаг ухаан юм. Тодруулбал, урлаг, байгаль, хүний амьдралын гоо сайхан, түүний хөгжил, үүсэл, мөн чанар, зарчим, ерөнхий зүй тогтол тэргүүтнийг судладаг гүн ухааны сургаал юм.

Энгийнээр тайлбарлавал хүмүүн бид бие, биенийхээ муу талыг биш, харин дотоодод буй хамгийн сайн сайхан чанараа хамгаас түрүүнд олж хардаг байх ёстой гэсэн үг. Энд би хүний хандлагын тухай ярьж байна л даа. Өнөөдөр бид эсрэгээрээ болж л өгвөл нэгнийгээ өөчилж, өөнтөглөх гээд байдаг нэг тийм харалган хандлагатай болчихсон санагддаг. Хүний хандлага зөв байх хамгаас чухал. Яагаад чухал юм вэ гэвэл аливаа ололт амжилт, хөгжил дэвшил, сайн сайхан бүхэн эерэг сэтгэлгээ, зөв хандлагаас шууд шалтгаалдаг юм. Дүгнээд хэлэхэд эерэг бодол, сэтгэлгээ, зөв хандлага буюу гадаад хэлбэр дотоод агуулгын нэгдлийг судладаг ухааныг гоозүй гэж ойлгож болно.

-Гоозүй, гоо сайхан ертөнцийг аварна гэдэг хэлцийг зөвхөн эмэгтэй хүнтэй холбож ойлгодог ойлголт түгээмэл байдаг. Энэ ойлголт тэгэхээр буруу байх нь тийм үү?

-Буруу ч бас биш л дээ. Ертөнцийн гоо сайхныг эмэгтэйчүүдгүйгээр төсөөлшгүй. Эр хүн эмэгтэй хүнтэй хамт байхдаа хайрлах гэж юу болохыг, халамж хайрын дулааныг, энэрэнгүй сэтгэл, хүнлэг байхын учрыг ойлгодог. Эмэгтэй хүнгүйгээр энэ орчлонг төсөөлөөд үз. Ямархуу байх бол! Их л хүйтэн, хатуу байх бий вий. “Хэрэгтэй зүйлийг эрчүүд, сайхан зүйлийг эмэгтэйчүүд бүтээдэг” гэдэг үг байдаг шүү дээ. Гэхдээ гоо сайхан нь зөвхөн эмэгтэй хүний гадаад өнгө үзэмж, төрхийн тухай ойлголт биш юм. Эрэгтэй хүний ч гадаад, дотоод төрх, цаашлаад энэ ертөнцийн бүхий л зүйлтэй холбогдоно. Гоозүй, гоо сайхны хооронд ялгаа бий. Гоозүйн өндөр мэдлэг, боловсрол, мэдрэмжтэй хүнээс хүйтэн зан авир гардаггүй юм. Харин ч аливаа юмны сайн сайхныг дандаа олж харж, хөгжлийг бий болгож явдаг. Гоозүйн өндөр мэдлэг, боловсрол, мэдрэмжийг дагаад гоо сайхан, зөв төлөвшил, хандлага аяндаа бий болдог.

-Тэгвэл хүнд зөв хандлага, эерэг бодол, сэтгэлгээг яаж, хэрхэн төлөвшүүлэх ёстой вэ. Ялангуяа өнөөгийн энэ бухимдалтай нийгэмд…?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Бид их буруу хандлагатай болжээ гэж. Үнэхээр нийгэм асар бухимдалтай байна. Бүх зүйл түгжирч бөглөрчихөөд байна. Зам харгуй төдийгүй бодол санаа маань хүртэл түгжирч бөөн бухимдал. Энэ бүгдээс шалтгаалаад бүхнийг үгүйсгэсэн, харлуулсан, хорссон, хардсан буруу хандлага бидэнд суучихлаа. Хандлага буруу байгаа учраас нийгэм урагшлахгүй байна. Нийгмийг зөв хандлага буюу бидний сайн сайхны давуу талын нэгдлүүд л авч явдаг. Зөв хандлага эерэг өөрчлөлтийг авчирдаг юм. Гэхдээ нэгэнт тогтсон буруу хандлагыг өөрчилж бас болно. Яаж өөрчлөх вэ гэвэл юуны өмнө өмнөө зорилго тавь.

Зорилгодоо хүрч буй хүмүүстэй холбогд. Бусдаас дандаа сайн сайхныг нь олж харахыг хичээ. Хардсан, хордсон сэтгэлээр бие биендээ бүү ханд. Өөртөө болон бусдад сайн сайханд тэмүүлэх итгэл үнэмшлийг бий болго. Хүсэл тэмүүлэлтэй бол. Ингэж чадвал зөв хандлага, эерэг сэтгэлгээ аяндаа бий болно. Үүнээс гадна хамгийн чухал асуудал бол бид үр хүүхдүүддээ бүр багаас нь, бараг хэл, хөлд орсон цагаас нь эхлээд зөв хандлагыг суулгаж төлөвшүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл цэцэрлэг, яслийн наснаас нь эхлэх хэрэгтэй гэж хэлье! Өнөөдөр хамгийн чухал мэргэжил бол цэцэрлэгийн багш. Яагаад гэвэл хувь хүн бие хүн болох төлөвшил цэцэрлэгийн наснаас эхэлж байна шүү дээ. Яг энэ үед тэдэнд ертөнцийг үзэх үзлийнх нь суурь тавигддаг юм. Гэтэл өнөөгийн боловсролын тогтолцоо цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг төдийлэн хайхрахгүй байгаа нь үгүйсгэшгүй үнэн. Уг нь боловсролын бодлого ийшээ чиглэсэн байх учиртай юм. Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд онцгой анхаарах ёстой гэдгийг хэлээд байна аа даа. Төрийн бодлого төдийгүй хүн бүрийн хувьд бидний ирээдүй болсон хүүхдийн зөв төлөвшлийн асуудал нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой.

-Та тэгвэл энэ чиглэлээр бодитой ямар ажил хийдэг вэ?

-Ямар ч байсан Өмнөговийнхоо цэцэрлэгийн багш, хүүхдүүдэд, тэднийхээ боловсрол, ахуй амьдралд томоохон өөрчлөлт гаргая хэмээн зорьж байна. Аймаг, сумын бүх цэцэрлэгт “Би-Би-Би” гэдэг номын санг байгуулж өгөөд, жил бүр шинэ номоор сэлбэдэг болоод 8 жил болжээ. Энэ оноос цэцэрлэгийн насныхны дунд “ science – math – art” буюу “ шинжлэх ухаан-математик-урлаг” гэсэн 500 сая төгрөгийн өртөгтэй олон улсын сургалтын хөтөлбөрийг төсвийн биш өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол дэлхийн өнөө цагийн хамгийн шилдэг сургалтын хөтөлбөр. “ШИМТ” буюу шинжлэх ухаан, инженерчлэл, математик, технологи гэж монголчилсон нэрээр Өмнөговь аймагт энэ хөтөлбөр хэрэгжээд эхэллээ. “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг бидний уламжлалт философи- гүн ухаан байдаг шүү дээ. Өөрийн төрсөн нутаг Цогтцэций болон Даланзадгадад тус тус Оюун ухааны академийн сургуулийг байгуулж өгснөөс хойш нэлээд олон жил өнгөрлөө. Эндээс дэлхийн шатар, даамны аваргууд, медальтнууд төрлөө. Даланзадгадад ШУТИС-ийн салбарыг нээхэд боломжоороо зүтгэлээ.

Дашрамд, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд өмнөговьчуудынхаа өмнөөс талархал дэвшүүлье. Өмнөговийн хүүхэд, залуус дэлхийн хэмжээний хүн болох эрдэм, боловсролын сууриа төрлөх унаган нутгаасаа авч яагаад болохгүй гэж, тийм үү! 1997 онд Улаанбаатар хотод гоц авьяастай хүүхдүүдийн “Вундеркинд” сургуулийг байгуулж, хүүхдүүдийг ивээн тэтгэж суралцуулж байсан минь Монголд бараг анхны хувийн сургуулийн нэг байсан байх. Математикийн улсын хэд хэдэн олимпиадыг ивээн тэтгэж байлаа. Энэ бүхний эцэст орших гол зорилго минь дэлхийн хэмжээний монгол хүн бэлтгэхийн тулд билээ. Би ер нь хэвлэл сонин, телевиз, мэдээллийн хэрэгслүүдэд яриа, ярилцлага бараг өгдөггүй хүн. Энэ маань нэг талаасаа буруу байсан байж. Хүн хийсэн, бүтээснээ бас ярьж хэлж байх ёстой юм байна.

Дандаа бие, биесээ харлуулсан өнөөгийн цаг үед ялангуяа сайн сайхан зүйлсээ харилцан ярилцаж, санал бодлоо солилцож, эерэг хандлага, энерги, эрч хүч, сайхан бодол сэтгэлийг харамгүй түгээж, эв нэгдлийг эрхэмлэж явахын чухлыг хүүхэд, залуус, дүү нартаа чин сэтгэлээсээ захиж хэлмээр байна. Нэрийг чинь сонсоход л итгэл төрдөг тийм нэгэн байгаарай. Чамайг хараад баярладаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Амнаас нь сайн үг гардаггүй хүнд амьдралын сайхан ирдэггүй юм шүү.

-Өө, ямар гоё юм вэ? Уг нь Боловсролын яам л ингэж ажиллаж баймаар шүү дээ. Таны хэлсэн шиг дэлхийн хэмжээний хүн бэлтгэхийн тулд өнөөгийн сургалтын тогтолцооноос бид шууд татгалзах ёстой гэж надад бодогдлоо.

-Боловсролын өнөөгийн тогтолцоог өөрчлөх ёстой юу гэвэл “тийм” гэж хариулна. Боловсролын шинэчлэлийг гэхдээ нэг, хоёр жилийн дотор хийчихдэг амар зүйл биш байх л даа. Гэхдээ л бид өөрчлөлт хийх хэрэгтэй.

Миний бодлоор хүүхэд бүрийн чадварт нь суурилсан сургалтыг багш нар өгөх ёстой. Энэ нь багш нараас цоо шинэ арга барилыг шаардана гэсэн үг. Муу сурдаг хүүхэд, онц сурдаг хүүхэд гэж цаанаасаа заяагдмал байдаг юм биш шүү дээ. Хүүхэд бүрт өөрийн гэсэн онцлог бий. Түүнд нь тохирсон сургалт, заах аргыг л олох хэрэгтэй. Багш нараар зогсохгүй эцэг, эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Яг еврей эцэг, эхчүүд шиг хүүхэддээ ханддаг байгаасаа гэж хэлмээр байна. Еврей ээжүүд хүүгээсээ “ Өнөөдөр ямар хичээл шинээр үзэв, ямар даалгавар өгөв” гэж огт асууддаггүй, харин “ Чи багшаасаа өнөөдөр юуг асууж лавлаж, шинээр мэдэж авав” гэж асуудаг болохыг уншиж, сонссон л байх. Яг энэ чинь л миний нөгөө хэлээд байгаа зөв хандлага юм шүү дээ.

-Одоо Тантай улстөрчийн тань хувьд асуулт тавьж ярилцъя. Өмнөд Солонгос, Сингапур гээд Зүүн өмнөд Азийн олон улс орон 20 гаруйхан жилийн дотор л өндийн босч, хүчирхэг эдийн засагтай улсууд боллоо. Гэтэл бид нийгмийн шинэ тогтолцоонд шилжээд 30 жил болсон ч ахиж дэвшдэггүйн учир юунд байна вэ?

-Ерөөсөө бидэнд эв нэгдэл дутаад байна. Монгол хүн нэг нэгнээ хайрлахгүй байна. Улс төрийн намууд нь ч дотор, гаднаа байнгын зөрчилдөөнтэй, бие биенээ үгүйсгэсэн ийм нэг дүр зургаар л яваад байна шүү дээ.

Улстөрчид, улс төрийн намууд улс орон, ард түмнээ гэхээсээ илүү дараагийн сонгуулиар дахин яаж гарч ирэх вэ гэдгээ л боддог, чухалчилдаг болчихсон байна. Энэ бүхний эцэст Монгол асар улстөржсөн, дарга улс болоод хувирчихлаа. Эдийн засаг тэлэхгүй байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дөнгөж 4 мянган ам.доллар орчимд байгаа нь туйлын чамлалттай. Энэ тоо 10 мянган ам. долларт хүрч гэмээ нь бид сая арай гайгүй боллоо гэж хэлж болно. Социализмын үед бид хуучин ЗХУ-ын харьяа мал аж ахуйн бааз орон байсан бол одоо хоёр хөршийнхөө хийгээд гуравдагч орнуудын харьяа уул уурхайн бааз орон төдий л байна шүү дээ. Хамгийн аюултай нь ард түмний итгэл алдарч, асар хямарч байна, бухимдаж байна. Энэ болгон улстөрчид бидний буруу. Монголын уураг тархи гадагшаа гоожоод эхэллээ. Өндөр боловсролтой, мэдлэгтэй залуучууд гадагшаа гарч байна. Монголын нийгэмд өнөөдөр хоёр том очер (дараалал) үүсчихээд байна гэж би хардаг. Нэг нь Монголоосоо гадагшаа гарах гэсэн, нөгөө нь ямар нэгэн улс төрийн нам, эрх баригчдыг бараадаж яаж ийгээд нэг байгууллага, төрийн өмчит компани, газрын дарга болох гэсэн хүмүүсийн дараалал.

Төрийн хүнд суртал, авилгын асуудал асар их байна. Бизнес эрхлэдэг хүмүүсээс илүү хөрөнгөжсөн улстөрчид бий. Энэ нь нийгмийн бухимдлыг төрүүлэхээс яахав, тийм биз. Тэрчлэн эдийн засгаа өнөө байгаагаас нь богино хугацаанд, хурдтай тэлэхгүй бол бидний өөрчлөхийг хүсээд байгаа нийгэмд хуримтлагдсан, бухимдалтай олон асуудал тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл, хот хөдөөгийн ялгаа зэрэг тулгамдсан асуудлуудаа бид хэзээ ч шийдэж чадахгүйд хүрнэ.

-Таны бодлоор бид яавал энэ бүх ужиг асуудлуудыг шийдэж чадах юм бол оо?

-Хамгийн гол нь Монгол Улс, Монголын төр илүү зардал гаргадаггүй болох ёстой. Сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэж ажилладагаа больчих хэрэгтэй юм. Ингэхийн тулд одоогийн сонгуулийн тогтолцоог өөрчилж, зах хязгааргүй юм шиг хавтгайрсан халамжийн бодлогоосоо салж, хуримтлал үүсгэх хэрэгтэй.

Ашиг гэдэг бол орлого зарлагын хоорондын зөрүү шүү дээ. Өндөр ашигтай байхын тулд төр зоригтойгоор зарлагаа аль болох багасгах бодлого барих ёстой юм. Төсөв байнга алдагдалтай батлагдаж байна. Төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд гаднаас авдаг зээлээ багасгаад, дотоодын хувийн хэвшлээ дэмжиж, тэднээс төсвөө бүрдүүлдэг болох нь зөв гарц болно. Төрөөс хувийн хэвшлээ дэмжихгүй байгаа нь манай улсын хамгийн сул тал болж байна шүү дээ. Төр, хувийн хэвшлийн түншлэл маш муу байна. Төр орох ёсгүй орон зай руугаа халдаад байна. Өнөөдөр бидний оюун ухааныг намчлаад, эдийн засгийг төрчлөөд байгаа нь хамгийн том алдаа, эмгэнэл. Үүнийг яаралтай засч, залруулахгүй бол хөгжил, дэвшлийн тухай яриад ч хэрэггүй. Төр өөр дээрээ байгаа энэ олон аж ахуйгаа даруй хувьчилж, аж ахуй эрхлэхээсээ татгалзах ёстой юм. Хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг төрөөс бүхий л талаар аль болох дэмжих нь чухал. Өнөөдөр манай улсын эдийн засаг нүүрсний экспортод л түшиглэж байна шүү дээ. Иймд нүүрсний экспортоо улам нэмэгдүүлэх хэрэгтэй. Нүүрсний экспортыг 50 сая тн-д хүргэх бүрэн боломж байна шүү дээ. Эдийн засгийн том төслүүдээ одоо зоригтойгоор хөдөлгөх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн хамгийн том хоёр гүрний дунд оршиж байна. Газар зүйн энэ байршилд маань сайн тал ч бий, сул тал ч бий. Монгол Улс агаарын гарцаа зөв ашиглах шаардлага зайлшгүй гарч байна. Бидэнтэй адил цөөн хүн амтай хэдий ч, маш хүчирхэг агаарын авиа компанитай болсон Катар, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират шиг яагаад болж болохгүй гэж.

Өнөөдрийг хүртэл алдагдалтай ажиллаж байгаа МИАТ-ийг төрийн өмчөөс гаргаж, хувьчлах хэрэгтэй. Бид бүгдээрээ л хурдан хөгжихийг хүсэж байна. Хөгжих гээд үзээд л байна. Гэвч бодит үр дүн алга. Ард түмний амьдрал сайжрахгүй байна. Цөөхөн монголчуудыг намаар нь талцуулан хувааж байгаа нь жинхэнэ эмгэнэл.

Үүнийг сөрсөн эрүүл үзэл бодолтой нэгнээ гадуурхан хавчиж, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж шууд сүрдүүлдэг боллоо. Энэ чинь өөрөө хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнд халдаж, орон зайг нь хааж, боож байгаа хэрэг биш гэж үү! Олон ургальч үзлийг хааж байна.Хэн хүчтэй, оюунлаг байна, тэр хүн, хүчин л нийгмээ авч явдаг. Урьд өмнөхөө үгүйсгээд л байна. Яаж ийгээд дарга болж амьдралаа сайжруулья гэсэн үзэл бодолтой бүхэл бүтэн үе бий болчихлоо. Энэ бол маш муу үзэгдэл. Албан тушаалын төлөө амиа тавьдаг явдлаас л салах ёстой юм.

-Та эрх баригч хүчинд анхааруулга өгөөд байна аа даа?

-Тэгж ойлгож болно. Шууд үнэнийг хэлэхэд АН-ын эрх барьж үед тухайлбал, Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, Э.Бат-Үүл хотын дарга байх үед Монгол Улсын хэмжээнд хамгийн их бүтээн байгуулалтыг хийсэн байдаг юм ш дээ. Монгол Улсын бүх аймгийг Улааанбаатартай холбосон босоо болон хэвтээ тэнхлэгийн хар замтай болсон. Нийслэлийн бүх гарц, замын уулзваруудыг чухам тэр үед л шинэчилж тавьсан биз дээ. Тэр үед бид өмнөхөө шүүж, буруу болгоныг өнгөрсөнд тохдоггүй байлаа. Алдсан алдаа, оноог нь ярилцаад, засаж залруулаад, урагшаа зүтгэе л гэж ажиллацгаасан. Гэтэл одоо энэ бүхнийг үгүйсгээд байгаа нь харамсалтай. Үүнээс шалтгаалаад нийгэмд бухимдал үүсч байна. Нийгмийн бухимдал дээр дөрөөлөн улс төр хийж болохгүй ш дээ. Дэлхийн эдийн засаг, санхүүг бүхэлд нь барьж байгаа еврейчүүдийн хүч чадал нь гурван цагийн хэлхээс холбоогоо хэзээ ч мартдаггүйд байгаа юм. Оюутан байхдаа маш мундаг еврей багш нараар хичээл заалгуулдаг байлаа. Одоо ч гэсэн дэлхийн тэрбумтан олон еврей найзууд минь бий. Тэд нэг л зүйлийг хэлдэг, эрхэмлэдэг. Ахмад үе, одоо үе, ирээдүй үеийн холбоосыг хэзээ ч мартаж болохгүй гэж. Бодит үр дүнг тэд нэхдэг. Тэд “бүгдийг биш голыг нь хий” гэсэн зарчимтай. Надад ч тийм байхыг найз нар минь зөвлөдөг. Еврей найзуудаасаа нэг зүйлийг тод анзаарсан. Дэлхийн том тэрбумтан еврей нар хоорондоо өрсөлддөгч хэзээ ч хэн нэгнээ муулдаггүй, хуурдаггүй, бие биедээ худлаа ярьдаггүй юм.

Энэ зарчмаа зөрчсөн нэгнийг хүрээллээсээ шууд шахаж гаргаад, дахин бизнесийн ертөнцдөө оруулдаггүй юм билээ.

-УИХ дахь АН-ын бүлэг их хүчгүйдэж байгаа санагддаг. Танай намын бүлэг шийдвэр гаргахад нөлөөлж, дуу хоолойгоо хүргэж ер нь чаддаг уу?

-Шуудхан хэлэхэд бүлэг дотроо дарга болох гэсэн өрсөлдөөн ширүүсээд байгаа нь харамсалтай санагддаг. Эв нэгдэл алга. Дотроо хагаралтай байгаад байна. Одоо нэгдэх ёстой цаг. Миний хувьд нас 60 дөхлөө. Бүхий л зүйлд нүд, сэтгэлийн хор гарч дууслаа. Аль болох бусдаас давуу, сайн талуудыг нь олж харахыг хичээдэг болжээ. Хэн нэгний сайн талыг олж харна гэдэг төсөөлшгүй кайфтай байдаг юм. Надад бол дарга болох гэсэн ямар ч хүсэл алга, гэхдээ парламентэд хамгийн олон сонгогдсон болохоор залуучууддаа хэлж ярих юм байлгүй яахав. Хүссэн хүсээгүй надад ийм хариуцлага ирнэ шүү дээ. Яагаад залууст юм хэлсэнгүй вэ, гээд. Манай бүлэгт олон сайхан залуучууд бий. Хамгийн гол нь эв нэгдлийг эрхэмлэж чадах хүн нь намаа, бүлгээ цааш аваад яваасай гэж боддог. Элдэв хуйвалдаанаас хол, эв нэгдлийг эрхэмлэдэг хэнийг ч би дэмжихэд бэлэн байна. Эцсийн эцэст АН маань Монголд эв нэгдлийг авчрах ёстой гэж үздэг.

Уг нь улс төрийн хүчнүүд бие, биесээ маш сайн ойлгож бас хүндэлж, хүндэтгэдэг байх учиртай юм. Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчин шүү дээ. Нэг, нэгэнгүйгээрээ улс орныг авч явна гэж байхгүй л дээ. Хоёр Мөнх байж, өрсөлдөж байж монгол бөх цоо шинэ хөгжлийн шатанд гарсан шүү дээ. Би Энэтхэг улсын парламентийн хуралд сууж үзлээ. Дээд, доод хоёр танхимын голд нь сөрөг хүчин зогсоод юм нүдээд хашгирч, орилоод л байна. Олонхи болохоор тэднийгээ ад үзэж байгаа юм алга. Чихэвч зүүгээд хуралдаандаа оролцоод л сууж байх жишээтэй. Энэ чинь улс төрийн соёл мөн байхгүй юу даа. Энэтхэг тун удахгүй дэлхийн хүчирхэг улс болох нь дамжиггүй. Яагаад гэвэл энэ улс ардчилалыг, эрх чөлөөг, олон ургальч үзлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, эрхэмлэн дээдэлж чадаж байна шүү дээ. Манай улстөрийн намууд хөгжлийн төлөө бодлогоороо л өрсөлддөг байх хэрэгтэй. Түүнээс сонин, хэвлэлээр бие бие рүүгээ дайрч, доромжилж, гүтгэдэг байж таарамгүй санагддаг юм. Эрх баригч нам нөгөө намуудынхаа эв нэгдлийг бусниулдаг биш бэхжүүлэхэд нь анхаардаг байх ёстой. Улс төрийг ёс суртахуунд тулгуурлаж хийх болохоос хувийн эрх ашиг, хэн нэгний сонирхолд тохируулж улс төрийн шийдвэр гаргавал том алдаа болдог. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ тал дээр их зөв бодолтой байдагт нь талархдаг.

-Эрх баригч нам жаахан дээрэлхүү хандах тал байна уу, үгүй юу?

-Тэгнэ ш дээ. Үеийн үед л ийм байж ирсэн. АН эрх барьж байхдаа ч бас ийм л байсан.Энэ бол алдаа. Сөрөг хүчнээ хүндэтгэнэ гэдэг улс төрийн том соёл. Бид ийм байж чадахгүй байна. Бид эв нэгдэлгүй болохоор ард түмэн, нийгэм ч дагаад эв нэгдэлгүй болж байгааг ухаарах цаг болжээ. Хүндэлж байж, хариу хүндлэлийг авдаг юм шүү дээ. Биднээс болж ард түмэн ядарч, зүдэрч байна. Социализмийн үед хөдөлмөрийн үр шим, хөдөлмөр бол нэр төр, алдар гавьяа гэж их ярьдаг байлаа. Тэр үр шим нь юу ч байсан юм! Гэтэл өнөө цагт ч ялгаагүй ард түмэн борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа ч, бодит үр шим алга. Ийм байж болохгүй ээ! Хөдөлмөр нь сайхан амьдралын найдвартай суурь нь болж байх ёстой шүү дээ.

-Ингэхэд монголчууд бид дангаараа нүүрсний экспортыг хийж чадна гэж Та бодож байна уу? Би энд хувийн хэвшлийг хэлж байна л даа?

-Яагаад чадахгүй гэж. Бүрэн чадна. 2004 онд намайг нүүрсний экспортыг анх эхлүүлж байхад итгэхгүй хүн олон байсан. Одоо гэтэл яаж байна. “Энержи ресурс”,” Эрдэнэс- Тавантолгой” гээд олон арван үндэсний компаниуд нүүрс экспортлодог боллоо шүү дээ. Бидэнд туршлага байна уу байна. Техник, технологи байна уу байна. Өөр юу хэрэгтэй юм. Дэлхий дээр эдүгээ эрчим хүчний нөөцийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсч байна. Нефть, байгалийн хий тус бүр 50 жилийн л нөөцтэй бол нүүрс 300 жилийн хэрэглээний нөөцтэй байна. Иймд бид нүүрсний экспортыг өөрсдөө менежмент хийж дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтой. Ингээд ярихаар, нөгөө “Ажнай” өөрөө бүгдийг нь авах гэж улайрч байна гээд хардаад, сэрдээд эхлэнэ л дээ.

-Хардаж, сэрдэнэ гэснээс “нүүрсний хулгайн хэрэг” гэсэн дуулиан дэгдлээ. Таныг энд хамаатай хэмээн хэд хэдэн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд бичсэн харагдсан. Та яг үнэнийг өчөөч!

-Буланд нуугдаж юм ярьдаг хүн би биш ээ! Би бүгдэд ил тод байхыг, бүгдээрээ хэлцвэл буруугүй гэдэг зарчмаар явахыг хүсдэг. Надад ямар нэгэн юмнаас айгаад, худлаа яриад, бултаад байх шаардлага алга. Би өөрийнхөө компаниас нүүрс хулгайлана гэж байх уу? Ийм галзуу, солиотой бодол ямар хүнд төрдөг байна аа! За, дүүрч. Хувь хүн миний нэр хүнд ч яахав гэхэд цаашид юм хийе бүтээе гэж зүтгэж байгаа хүмүүсийг энэ мэт хэвлэлээр дайрч гүтгэн, хардаж сэрдэж, айлган сүрдүүлж, мохоож байгааг зүгээр хараад сууж боломгүй байна. Ийм юм бичиж байгаа сэтгүүлчдийг би ойлгож байна. Сэтгүүлзүй зөв, эрүүл байхгүй бол нийгмийг улам бухимдуулдаг болохыг өнөөдөр бид бүгдээрээ харж байна. Нөгөө дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээлэл хаачив аа! Хүссэнээр нь байхгүй бол шантааж хийдэг, яаж ч гүтгэдэг, мөнгө нэхдэг, нэг ийм л салбар болчихсон нь анзаарагдах юм. Ийм жижиг байж болохгүй л дээ. Монголчууд цөөхөн. Ингэж хэн нэгнийхээ нэр хүндэд халдаад, гүтгээд, эсвэл нэгнээ ховлоод, хоорондоо дайсагналцаад байж таарамгүй байгаа юм. Уур, хорсол өс л зангидуулдаг. Тиймээс бие биеэ хайрлаж, дэмжиж, сайн сайхны тухай ярьж бичиж бай л даа. Гоё хөгжил дэвшлийн талаар ярьж бич л дээ. Хэвлэл, мэдээлэлд хардсан, хордсон юм л их гарах хандлагатай болчихлоо. Харамсалтай хэрэг шүү. Надад сэтгүүлчид өгөх илүү мөнгө байхгүй. Бас сэтгүүлчээс бултаад, нуугаад байх үйлдэл ч байхгүй ээ. Бодит байдал ийм л юм. Ийм гүтгэлэг бичүүлж байгаа эзнийг нь ч мэднэ. Харин тэр төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой нүүрсний хулгайн асуудал надад ямар ч хамаагүй, ёстой падлийгүй хэрэг. Монголчууд өөрсдөө нүүрсний экспортын менежментийг хийж чадна гэдгийг нотлож, анхны шанг татсан гавьяатай болохоос биш хууль бусаар нүүрс зөөдөг хүн би биш. Бас нүүрс тээвэрлэдэг, зардаг ч хүн биш. Ингэхэд хулгай энэ тэр чинь төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр л гардаг юм. Хувьцаат компани гэдэг чинь бүх юм нь шилэн, ил тод, маш олон шатны субьектийн хараа, хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдээд аваарай даа. Хувьцаат компани гэдэг төрийн өмчит компаниас огт өөр шүү. Нүүрсний хулгайг зогсооё гэвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 35 хувийг МХБирж дээр гаргах хэрэгтэй гэж зөвлөе. Жижиг буюу орон нутгийн өмчит “Тавантолгой” шиг ил тод, үйл ажиллагааг нь шударга болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч ийм хүндрэл гараад л байна. Төрөөс сайхан залуучуудыг даргаар нь томилчихоод, дараа нь орон шоронд явуулчихдаг байж таарахгүй шүү дээ. Тиймээс яаралтай хувьцаат компани болгох хэрэгтэй.

-Нэг нүүрсний мөргөцөгтэй холбоотой яриа бас дуулддаг шүү дээ?

-Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК, жижиг “Тавантолгой” ХК-ийн хооронд ийм асуудал гарсан гэж ярьдаг юм. Огтоос ийм юм байгаагүй гэдгийг хоёр тал нотлодог. Хяналт, шалгалт ч бишгүй хийсэн. Мөргөцөг алга болсон гэдэг худлаа гэдгийг эцэст нь тогтоосон. Яахав дээ,орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн тухайн үеийн удирдлагыг сольж оронд нь очих гэсэн нэр бүхий хүмүүсийн л гаргасан худал сенсаац болох нь шүүхээр нотлогдоод дууссан. Хувьцаат компанийн удирдлагыг яаж сонгодогийг ч мэдэхгүй нэгэн байсан юм. Тэгээд хувьцаат компанийг төрийн өмчит компанитай хольж хутгаад нийт масс, нийгмийн толгойг эргүүлж сенсаац дэгдээснээс болж хоёр компанийн аль аль нь их хохирол амссан.

-Та орон нутгийн өмчит “ТТ” компанийн хэдэн хувийг эзэмшдэг юм вэ?

-Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК бол Монголын хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр ногдол ашиг тараадаг байгууллага байгаа юм. Хэн ч хувьцааг нь авч болно. Нээлттэй. Би бол 2300 гаруй хувьцаа эзэмшигчдийн л нэг нь. Надаас том хувьцаа эзэмшигчид ч бий. Ингэхэд би улсаас өнөөг хүртэл нэг ч тендер, хувьчлал авч үзээгүй хүн. 1992 оны хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар ч авч үзээгүй. Цэвэр наймаа хийж олсон мөнгөөрөө бирж дээрх хувьцааг худалдаж авах замаар бизнесээ өргөжүүлсэн. 1995 наймдугаар сарын наймны өдөр анх МХБирж дээрх 470 компанийн 60-ынх нь хувьцааг 20 гаруй сая ам. доллараар худалдан авч гараагаа эхэлж байлаа. Дэлхийн баячууд хувьцааны бизнесээр л явдаг. Тухайн аж ахуйн нэгж, үйлдвэр, компанийн ашиг орлогыг манайх шиг дарга нар биш, хөрөнгө оруулагчид өөрсдөө хянадаг тогтолцоо дэлхийд байдаг. Хувьцаа гэдэг нийтийн хяналт л гэсэн үг шүү дээ.

-Монгол Улс баялагын хараал хүрсэн улс мөн үү?

-Мөн. Бидэнд баялагын хараал хүрчихээд байна. Төсөв асар алдагдалтай батлагдаж байна. Энэ их хавтгайрсан халамж монголчуудыг “алж” байна. Экспорт буурч байгаа энэ үед ч хүмүүс халамж авах гээд төр, засаг нь өгөх гээд ёстой утгаа алдаж байна. Орлого багасаад байхад зарлагаа хэвээр байлгахаар төсөв алдагдалтай байхгүй яахын. Эдийн засгийн энэ хямрал нь эргээд нийгмийн хямралыг үүсгээд байна шүү дээ.

Хувийн хэвшлээ хумих бодлого бариад л нэг л биш ээ! Энэ бүхнээс болоод сайн хүн, сайн үйл гэж Монголд байхаа болилоо. Төрд дандаа хулгайч нар байдаг гэсэн ойлголт нийгэмд нутагшчихлаа. Энэ бүхний буруутан нь улстөрчид бид өөрсдөө шүү дээ.

-УИХ дахь говийн бүсээс сонгогдсон гишүүд нийлээд говь руу ус татах “Хэрлэн”, “Онон” төслийг хэрэгжүүлэх бүлэг байгуулсан. Энэ ажил ямар шатанд яваа вэ?

-Ковид гараад энэ төслийн талаар бодох сэхээтэй хүнгүй болсон л доо. Олон жил яригдлаа. Энэ төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ч ярилцсан. Маш сайн ойлгож, дэмжиж байгаад нь баярласан. Энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол 10 жилийн дараа гэхэд говь улам хэцүүдэнэ. Усгүй бол одоо хэрэгжиж байгаа бүх төсөл зогсоно. Төслүүд зогсвол Монголын эдийн засаг бүхэлдээ зогсоно гэсэн үг. Өмнөговь аймаг Монголын эдийн засгийг бүрдүүлдэг. Өмнөговийн баялагын үр шимийг хүртээгүй айл өрх, хүн Монголд байхгүй. Тэгсэн атлаа хамгийн ихээр хохирч, хэлмэгдэж байгаа нь миний өмнөговьчууд, говь нутаг минь. Яагаад, ийм шударга биш байна вэ? Өмнөговьд усгүйдэж, мал аж ахуй үндсэндээ баларч байна шүү дээ. Бэлчээргүй боллоо. Уул, уурхай дагаж гаднаас ирэх хүн амын урсгал нэмэгдсээр нутгийн өөрөө удирдах зарчим алдагдлаа. Уугуул нутгийнхан нутагтаа цөөнх болчихлоо. Тэдний амьдрал хохирч байна. Тиймээс ядаж Өмнөговьд хамгийн их хөрөнгө оруулалтыг төрөөс хийх ёстой. Өмнөговь өнөөдөр туршилтын лаборатор байж таарахгүй. Ийм байхыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Дэлхийн хэмжээний уул, уурхай Өмнөговьд байгаа бол өмнөговьчуудад дэлхийн хэмжээний үйлчилгээ үзүүлдэг байх учиртай. Үүнийг төр, засаг яаралтай анхааралдаа авах ёстой. Төсвийн хөрөнгийг Өмнөговьд хамгийн ихээр тавих хэрэгтэй.

-Бид хоёр төсөв алдагдалтай батлагдаж байгаа талаар хальт яриад өнгөрсөн. Та бол Монголын том бизнесменүүдийн нэг. Бизнесийн ухаанаар бодоход энэ алдааг яавал засаж болох вэ?

-Ерөөсөө л төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг дээд шатанд гаргах хэрэгтэй. Зөвхөн зорилтот бүлгийнхээс бусад халамжаас зоригтой татгалзаж, экспорт, тэр тусмаа нүүрснийхээ экспортыг нэн даруй нэмэгдүүлэх ёстой. Иргэдийн өрхийн орлого буурсан, инфляци, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин нэмэх тухай асуудал хурцаар хөндөгдөж буй энэ үед асуудлыг яаж шийдэх вэ гэвэл орлоготой байж л шийдэж чадна шүү дээ. Орлоготой байхын тулд экспортыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гол түүхий эдийнхээ менежментийг монголчууд өөрсдөө барьдаг байх хэрэгтэй, түүнээс тэнд хэн ажиллах нь хоёрдугаар асуудал. Сая 2.8 их наядын төсвийн хөрөнгө оруулалт тавьсан. Голцуу өмнө эхлүүлээд орхисон хуучин төслүүдийг гүйцээнэ гэж байгаас биш шинэ төсөл бараг байхгүй байна. Уг нь тэр эхлүүлээд орхисон төслүүдийн хувь заяа, хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулж, эзэмшүүлэх замаар ярилцаж шийдсэн бол зөв байх байсан төдийгүй төсвийн алдагдлыг багасгах боломжтой байлаа. Түүнээс гадна Монголын далд эдийн засгийг эргэлтэд оруулмаар байна.

-Далд эдийн засаг аа! Үүнийгээ жаахан тодруулаач?

-Тиймээ, татварын хяналтаас гадуур асар их мөнгө байна. За, хатуухан хэлэхэд монголчуудын дийлэнхээс нь, тэр тусмаа УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдаас цалингаараа амьдардаг уу, гэж асуумаар санагддаг. Чин үнэнээрээ хариулах юм бол бүгд л үгүй гэх нь тодорхой. Цалингаасаа гадуур заавал ямар нэгэн орлоготой л байдаг байхгүй юу даа. Үүнийг батлах нэг тоо хэлье. Сая зөвхөн койнд гэхэд л монголчууд 3 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ бол татварт бүртгэлтэй мөнгө биш шүү дээ. Тэгэхээр үүнээс ч их мөнгө байх боломжтой. Энэ их мөнгийг ил болгож эргэлтэд оруулж чадвал эдийн засаг тэлнэ,тийм биз. Тэрчлэн төрийн өмчит том компаниудыг даруй хувьчлах хэрэгтэйг дахин хэлье. Дарга нарт бол тийм хүсэл алга. Тэд төрийн өмчит компаниудыг аль болох хувьчлахгүй байлгаж, мөнгөний менежментийг нь хийхийг хүсдэг юм.

-Мартсанаас Таныг дэлхийд цууд гарсан Буриад- Монголын уран барималч, зураач Даш Намдаковтой их дотно найз гэдгийг мэднэ. Лондон-2012 олипмын наадмыг чимсэн түүний Чингис хаан баримлыг Та асар өндөр үнээр худалдан авч, Монголдоо авч ирсэн. Тэр баримлын хувь заяа юу болсон вэ?

-Харамсалтай нь 5 метр өндөр, суурьтайгаа нийлээд 10 гаруй метр өндөр, Их Эзэн Хааны тэр хөшөө, баримлыг байршуулах газар олдохгүй байсаар 10 жил боллоо. Зүгээр ч нэг дурын газар байршуулах хөшөө биш учраас тэр. Монголын эзэнт гүрний агуу цэрэг дайчид Баруун Европын хязгаарт хүрэлгүй гэдрэг эргэсэн учраас Даш Намдаков Их Эзэн Хааны хөшөөг Лондоны HYDE PARK-д байршуулсан нь Их Хааны хүслийг гүйцээж буй давхар учир,бэлгэдэлтэй байсан юм. Хөшөөний зохиомж нь маш гүн утга илэрхийлдэг юм.

Монголчууд Их Хаанаа 800 жилийн дараа эргэж морилно гэж ярьж, итгэсээр ирсэн ард түмэн. Яг тэр бэлгэдлээр Их Хаан маань эргэж энэ дэлхий, эх нутаг Монголдоо тэнгэрээс морилохдоо гартаа ямар ч зэр зэвсэггүй, мориныхоо жолоог сул тавин бууж ирж байгааг та бүхэн зураг, видео баримтат киног нь үзсэн бол мэдэх байх. Энэ баримлыг Их Британийн Хатан хааны захиалгаар бүтээсэн юм. Намдаков өөрөө жир нэгэн биш. Ер бусын хүн. Түүний бүтээлүүд дэлхийн бүх хүчирхэг орнуудын Эзэн хаан, Хатан хаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын өрөөг чимэж буй. Намдаков тэдний хувьд хамгийн хүндтэй зочин нь шүү дээ. Дэлхийн урлаг судлаачид Сэргэн мандалтын үеийн агуу уран барималч, зураач Микленжелогоос хойш төрсөн, түүнтэй эн тэнцэх агуу уран барималч бол Даш Намдаков гэцгээдэг. Тэр Чингисийн энэ хөшөө, баримлаа шүншиглэж, амилуулж бүтээсэн учраас үзсэн хүн бүрт өөрийн эрхгүй бахардах, бахархах сэтгэл төрдөг юм. Энэ тухайгаа гаднын олон судлаачид, хөшөө баримлыг үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс харж болно. Ер бусын баримал байгаа юм.

-Би ч энэ тухай уншиж, сонссон. Даш Намдаковтой ярилцлага хийж байхад өөрөө бас хэлж байсан. Энэ хөшөөг хайрцагнаас нь гаргаж байршуултал миний сэтгэл амрахгүй, бас бие өвддөг, энэ хөшөө амьтай гэж ярьж байсан юм. Одоо тэгээд ингээд байгаад байх гэж үү?

-Ямар ч байсан энэ хөшөөг Лондоны олимпын дараа Нью-Йорк, Хятадын Ордос зэрэг газруудаас өндөр үнийн санал тавьж, худалдаж авах гэж байгааг сонсоод, Их Эзэн Хааныхаа энэ ер бусын хөшөөг заавал Монголдоо авч ирье гэж шийдээд зүтгэсэн юм. Санасандаа хүрч, эх орондоо авч ирж чадсан. Энэ бол би хувьдаа биш бүх монголчууддаа авч ирсэн хэрэг. Худалдаж авсан үнийн дүнг хэлээд дэмий биз. Ямар ч байсан задлаад хоёр вагоноор авч ирэхэд асар өндөр татвар нэхсэн юмдаг. УИХ-ын чуулган дээр энэ хөшөөний талаар хэлэлцсэн юм. Тэр үед С.Баярцогт “ Ийм гайхамшигтай урлагын бүтээлийг энэ хүн хувийн хөрөнгөөрөө худалдан авч Монголдоо аваад ирж байхад та бид татвар нэхээд болж байгаа юм уу, харин ч бид баяр хүргэх ёстой шүү” гэж хэлэхэд чуулганы танхим тэр чигээрээ нижигнэтэл алга ташиж байж билээ. Манай С.Баярцогт их ухаалаг, мундаг залуу. Саяхан” Рио Тинто” компани манай улсын паркыг өөрийн хөрөнгөөр тохижуулж өгөхөөр болсон нь сайхан мэдээ. Чингисийнхээ хөшөөг тэр паркын төвд байрлуулья гэдэг саналаа “Рио Тинто”-гийнхонд хүргүүлсэн. Татгалзахгүй байх гэдэгт итгэж байгаа..

-Ярилцлагын төгсгөлд нэг зүйлийг асууя! Та ер нь уурладаг уу? Яагаад ингэж асуув гэхээр чуулган дээр ч тэр, бусад үед ч тэр өндөр дуу гаргаад бусадтай ам мурийж байхыг тань огт хараагүй болоод тэр. Сайн, саарын алинд нь ч барагтай хариу өгдөггүй хүн шүү дээ Та?

-Би бол өвөө, эмээгийн хүү. Өмнөговийн Цогтцэций суманд төрөөд, Даланзадгадад өвөөгийнхөө 4 ханатай жижигхэн гэрт нь өвөө, эмээгийнхээ өвөрт ээлжлэн унтаж, эрхлэж өссөн л дөө. Өвөө минь мундаг ухаантай хүн байсан юм. “Хүнийг хэзээ ч бүү ялгаварла, хов битгий ярь, хэн нэгнийг бүү муул, хэрэлдэж уралцахыг цээрлэ, өөрөө өөртөө эзэн байж сур” хэмээн байнга захиж хэлдэг байсныг нь өдий болтлоо санаж, хэрэгжүүлэхийг хичээж ирлээ. Өвөөгийн минь захиас миний амьдралын зарчим болжээ. Би чинь ах, эгч, дүүгүй, айлын ганц. Тийм болохоор заримдаа өвөө, эмээгээ их санадаг юм. “Хүн чамайг муулж, сайлж л байг, чи алинд нь ч авталгүй тэнгэр шиг бай” гэдэг шүү дээ. Энэ бол миний зарчим. Сонин болгоход одоо энэ нүүрсний гол бассейн буй Зүүн Цанх, Хонгорын овоо хавь чинь миний өвөөгийн нутагладаг нутаг байлаа.

Өвөөгийнхөө дурсгалд зориулж 1999 оноос хойш 4 жил тутамд Говь Шанхын наадмыг өөрийн хөрөнгөөр тогтмол хийдэг болоод 20 жил болж байна. Маш том наадам болдог юм. Ирэх зун ээлжит наадмаа хийнэ ээ! Эцэст нь хэлэхэд монголчууд бид эв нэгдэлтэй л байвал зорьсондоо хүрнэ. Ирээд буцах хорвоод бие биеэ хэмлээд яах юм. Хайрлах хэрэгтэй шүү дээ! Бид бүгдээрээ туйлын үнэнд хүрэх гэж тэмүүлдэг. Үнэнд хүрэх нь харьцангуй ч, үнэний шалгуур болсон бодит үр дүнг чухалчилж ажиллаж, амьдармаар байна бүгдээрээ! “Нөхрөө сайн явахад атаархдаггүй, өөрөө муу явахдаа гэмшдэг,авахтайгаа адил өгөхдөө мэргэшдэг болоосой” хэмээх ноён хутагт Данзанравжаагийн сургаалыг хүн бүр санаж явууштай юм шүү.

-Илэн далангуй, чин сэтгэлээсээ ярилцсан Танд маш их баярлалаа. Амжилт, аз жаргалыг ерөөе!

-Энэ эрхэмтэй ярилцах сэдэв асар их байсан ч, сонины талбай, цаг хугацаанд эрхгүй хавчигдлаа. Хэдийд, хаана нь хүрэлцдэг юм бэ гэмээр төсөөлшгүй хүртээмжтэй ажиллаж, амьдарч яваа хүн бол “Ажнай” хэмээх эрхэм. Монгол, тэр дундаа Өмнөговь хэмээн онцолвол ёстой л гал, цог бадруулан босоод ирнэ гэж мэд. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөөд, ээжээрээ үдүүлэн эрдмийн мөр хөөсөн эмээ, өвөөгийн хүү өнөөдөр Монгол төрийн түшээ, дотоод, гадаадад алдаршсан том бизнесмен болжээ. Түүний нэг онцлог нь өөрийн хувийн хөрөнгөөрөө нийгмийн бүхий л салбарт асар их хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм. Одоо ч хийсээр л яваа. Өөрөө үүнийгээ ярих их дургүй. Тэгээд ч тийм яриа хүн биш. Монголын морь уяачдын холбоо, Монголын боксын холбоо, Байт сурын холбооны ерөнхийлөгч, Жүдо, сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн, Сагсан бөмбөгийн “Азарганууд”, хөл бөмбөгийн “Аргамаг” баг гээд удирдаж, зохион байгуулж, ивээн тэтгэж ирсэн салбаруудыг тоочиход багагүй цаг орно. Урлаг, уран сайхны тухайд бол бүр ч ярилтгүй. Түүнээс дэмжлэг аваагүйг нь тоолвол илүү хялбар байх бий вий. Өсөж төрсөн Өмнөговь нутагтаа юу хийж бүтээж, ямархуу хэмжээний хөрөнгө оруулалт хийснийг, хийдгийг нь сонсвол уншигч та бүр гайхширна. Магадгүй өмнөговьчуудад цагаахан атаархах байх. Бид хоёрын ярилцлага ч үүгээр дуусахгүй, цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

/baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьж, нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлалаа 1 мин 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг дөрөвдүгээр сард шийднэ 7 мин Казахстан улс руу зорчих иргэдийн АНХААРАЛД! 30 мин Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэл ба толинд харагдах тусгал та биш 1 цаг 1 мин Монголын IHC Esports баг Оросын багийг ялж, түүхэн амжилт байгууллаа 1 цаг 26 мин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгөдгөө болиод сонгуулийн тогтолцоогоо ярья 1 цаг 38 мин Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН 2 цаг 2 мин С.Одонтуяа: Шийдэгдээгүй олон асуудал сонгуулийн тогтолцооноос болсон нь үнэн 2 цаг 36 мин Ираны эрх баригчид гудамжинд бүжиглэсэн залуусд арван жилийн хорих ял оноожээ 2 цаг 58 мин Шри Ланкчуудын амьдралын чанар буурч, тэр чинээндээ дасчээ 3 цаг 32 мин Эхийн алдрын тэтгэмж болон насны хишгийг энэ сарын 14-нд олгоно 4 цаг 7 мин ФОТО: Ойн туруутан амьтдад зориулж 500 кг хужир, 25 боодол толгойтой солоом тавьжээ 4 цаг 35 мин Д.Содном: Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол уг хуулийн 3.1 дэх заалт 4 цаг 56 мин УИХ: Газрын багц хуулийн төслөөр өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийнэ 5 цаг 5 мин Зарим нутгаар бага зэргийн цас орно 5 цаг 31 мин Төв аймагт газар хөдөлж, Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдлээ 2023-02-03 О.Чинзориг: Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно 2023-02-03 Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ 2023-02-03 “Манай хороо-Миний гудамж” аян зохион байгуулна 2023-02-03 Диснейн баатруудын дүрийг хэн хэнээс авч бүтээж байсан бэ? 2023-02-03
iИх уншсан
АН-ын даргын сонгууль: Дээд шүүхэд бас асуудал байна АН-ыг эмхлэх Лу.Гантөмөрийн мөрийн хөтөлбөр юу байв? Т.Батцогт: Хотын иргэдэд даргаа сонгох эрхийг нь өгөх цаг бо... Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь "халж өгөөч" гэдэг албан ... Цэвдэг охид, зэгсэн хөвгүүд Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгий... Бидний мэдэхгүй АМЕРИКИЙН АРДЧИЛАЛ Ерөнхийлөгчийн хориг парламентын чадамж шалдаа буусныг харуу... Сүх гэдэг хүүхэд байжээ сүүлдээ тэгээд... “Зээл гаргана”, “Шуурхай зээл” нэрийдлээр иргэдийн хувийн мэ... "Давост биеэ үнэлэгчдийн ажил өөрийн гэсэн онцлоготой" М.Баяраа: Золбин нохой, муурыг унтуулах аргаар тоо толгойг н... Лангуун дээрх үнэ касс дээр зөрвөл хариуцлага хүлээлгэнэ МАН-ын цагаан ордон уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өн... Жингээ хасах хамгийн үр дүнтэй ДАСГАЛУУД ФОТО: Монгол бүсгүй дуучин Аделийн тоглолтын хувцасыг урлажэ... Хүчирхийллийн хэрэгт холбогдсон "Squid Game"-ийн жүжигчин О ... Рихард Йомсхоф: Шведүүд Туркийн хилэгнэлд нь дахин зуу Коран... С.Зулпхар: Халамжаас болоод хөдөлмөр эрхлэхгүй байна гэх таа... "Эрх баригчдын чин хүсэл иргэдээ ядуу амьдруулах"
Top