x

Алс Дорнодын маршрут Монголын маршрутаас түрүүлж хэрэгжих магадлалтай

Хөрш гурван улс Орос, Монгол, Хятадын өндөр албан тушаалтнууд энд ч, тэнд ч уулзалдаж, харилцаа хамтын ажиллагааны талаар сайхан мэдээ хэлэлцсэн өдрүүд болж өнгөрч байна. Эдгээр уулзалтын оргил хэсэг нь есдүгээр сарын 15-нд гурван улсын төрийн тэргүүн зургаа дахь удаагаа Узбекийн Самарканд хотод уулзсан явдал юм. Хөрш гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийдэг формат 2014 оноос тогтсон нь хэн хэндээ чухал ач холбогдолтойг хэлэхэд илүүц биз. Гурав дахь удаагийн буюу 2016 онд Тажикистаны Душанбед гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах түүхэн баримт бичгийг баталж, энэхүү баримт бичгийн хүрээнд 30 гаруй төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Түүнээс хойш зургаан жил өнгөрөхөд харамсалтай нь эдгээр төслөөс бүрэн хэрэгжсэн нь хараахан үгүй байна.

Харин энэ баримт бичигт багтаагүй өөр нэг төсөл хэрэгжих магадлал өндөр байгаа нь Оросоос Монголын нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх төсөл юм. Есдүгээр сарын эхээр Оросын Владивосток хотноо болсон Дорнын Эдийн засгийн форумын үеэр болон сая Самаркандад хийгдсэн уулзалт, ярианаас үзэхэд тэгж дүгнэж болохоор байгаа ч асуудал байсаар байна.

Үйл явцын өрнөлийг харахад Оросын тал Монголын талтай хоолой барих төслийг эхлүүлэх бэлтгэл ажлыг шат дараатай хийж байна. 2019 онд Оросын тал Монголын талтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан, 2020 онд энэхүү магистралийн ТЭЗҮ-ийг төслийг хэрэгжүүлэгч “Газпром” компани Монголын талд танилцуулж проток зурсан, төслийг хариуцан ажиллах тусгай зориулалтын “Газопровод Союз-Восток” ХХК-ийг 2021 оны нэгдүгээр сард Монголд байгуулсан.

Самаркандад гурван улсын төрийн тэргүүн байгалийн хий дамжуулах хийн хоолойн төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцолж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгджээ.

Гэвч төслийн талаар нарийн тодорхой мэдээлэл өнөөг болтол тодорхой болоогүй л байна. Ялангуяа Хятад улс байгалийн хий авах гэрээгээ Оростой хийгээгүй байгааг онцгой анхаарах шаардлагатай. Өмнөд хөрш авна гэдгээ хэлж байж, хойд хөрш манай газар нутаг дээгүүр хоолойгоо барих ажлыг эхлүүлэх учиртай. Энэхүү төсөл яригдаж байх хооронд нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж, хэдийгээр байгалийн хийн хэрэгцээ Хятадад байгаа ч, худалдан авагч тал хямд үнийг худалдагч талд тулгах боломжтой болоод байна. Орос улс байгалийн хийн экспортын орлогоо Европын зах зээлээс голчлон олж байсан бол энэ оны хоёрдугаар сард Украины нутагт халдсанаас үүдэн Европын орнууд Оросын хийнээс татгалзаж, баруун чиглэлийн экспортын зах зээл нь тал хувь хумигдаад байна.

Монголын нутгаар дамжуулан авах “Союз-Восток” магистраль хоолой, “Сибирийн хүч-2” ч гэж бас нэрлэж байгаа энэ төсөл нь Хятадын хувьд Оросоос хий авах гурван төслийн нэг юм. Эхний “Сибирийн хүч” хоолойг 2019 оны сүүлчээр ашиглалтад оруулсан. Энэ маршрут нь Монголын зүүн хилийн цаахнуур Оросын Алс Дорнодоос Хятадын зүүн хойд хилээр тавигдсан. Хоёр дахь маршрут нь одоо ид яригдаж байгаа Монголыг дайран өнгөрөх транзит шугам. Анх энэ маршрут нь Монголын баруун хилийн цаахнуур Оросын Алтайн хязгаараас Хятадын Шинжаан-Уйгур руу тавигдахаар яригдаж байсан ч олон хүчин зүйлийн улмаас цуцлагдан, чиглэл, нэрээ өөрчилсөн нь Монголыг дайран өнгөрөх магистраль шугам юм. Үүнээс гадна 2020 онд Хятадад зохиогдсон өвлийн олимпийн нээлтийн өмнөхөн хоёр хөрш гурав дахь маршрутын гэрээг үзэглэснийг мартаж болохгүй. Алс Дорнодын гэж нэрлэгдэж буй энэ маршрут нь “Сибирийн хүч-3” төсөл бөгөөд Оросын Сахалинаас Хятадын зүүн хойд чиглэлээр хий экспортлох хоолойн тавих юм. Энэ төсөл манай төслөөс шат илүү ахисан түвшинд байгаа төдийгүй богино хугацаанд хэрэгжин ажил хэрэг болох нөхцөл, магадлал өндөр юм. “Сибирийн хүч-3“ буюу Алс Дорнодын хоолойн ТЭЗҮ-г ерөнхийд дуусгасан тухай “Газпром” болон Хятадын төрийн мэдлийн CNPC компанийн 2022 оны есдүгээр сарын 6-нд болсон онлайн уулзалтаар ярьсан байна. Стратегийн бүтээгдэхүүнийг гуравдагч орноор дамжуулан авах ямар эрсдэлтэйг Европын орнуудын жишээ бэлхнээ харуулсан. Тиймээс “Сибирийн хүч-3” хэрэгжих магадлал монголчууд бидний хүлээж байгаа төслөөс илүү юм.

Урьдчилсан ТЭЗҮ-ээр “Союз-Восток” хоолой нь 962,9 км урт, хоолойн голч 1400 мм байх бөгөөд таван шахах станцтай байх юм. Хоолойн хүчин чадал нь жилдээ 50 тэрбум куб метр байх юм. 50 тэрбум куб метр гэдэг бол өндөр хүчин чадалтай байна гэсэн үг. 2021 онд хийн хоолой тавих зурвас газрыг тодорхойлох болон ТЭЗҮ-г боловсруулж дуусгах, “Газопровод Союз-Восток” компанид үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зөвшөөрлүүдийг авч, 2022 онд инженер геодези, инженер геологи, инженер археологийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөсөн талаар өмнө нь хэвлэлд мэдээлэл гарч байсан. Хоолойн маршрут ОХУ-ын Хиагтаас Сэлэнгийн Алтанбулаг, Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэл төмөр замын трассын дагуу тавигдана. Хий дамжуулсан төлбөр талаар тодорхой мэдээлэл гараагүй. “Манай улс уг хийн хоолойноос хий авч хэрэглэх, дотоодын хэрэглээгээ хангах талаар ОХУ-ын талтай яриа хэлэлцээр хийгээд эхэлсэн. Мөн байгалийн хийн эх үүсвэртэй болгох зорилгоор эхний ээлжинд 1-2 цахилгаан станц барих, магадгүй төмөр замын дагуу, хийн хоолойг дагасан суурьшлын шинэ бүстэй болох, тэдгээрийг цаашид өргөжиж хөгжихөд хийгээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлэх, аажмаар манай улс хийн хэрэглээнд шилжих зорилтыг тавьж байгаа” хэмээн Шадар сайд С.Амарсайхан 2021 оны сүүлээр мэдэгдэж байсан.

Оросын Хятадад одоо хий нийлүүлж байгаа “Сибирийн хүч-1” хоолойн дамжуулах хүчин чадал нь жилдээ 38 тэрбум куб метр. Гэвч төслийн бүрэн хүчин чадалдаа хараахан хүрээгүй байгаа ч хүчин чадлыг хоёр тал үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг “Газпром” албан ёсны сайтад мэдээлжээ. 2024 оноос төслийн хүчин чадалдаа хүрэхээр төлөвлөж байгаа юм.

Яригдаж буй гурван хоолойгоор дамжих хийг гурван өөр ордоос татна. 3000 гаруй км урт “Сибирийн хүч-1” хоолойгоор дамжуулж байгаа хийг Эрхүү, Якутын ордоос татаж байгаа. Монголоор дамжуулах “Союз Восток” хоолой нь Ямалын ордоос хийгээ авна, харин “Сибирийн хүч-3”-ын хийн эх үүсвэр нь Сахалин байх юм. Алс Дорнодын маршрут Оросын талд ч, Хятадын талд ч ашигтай тусахаар байна. Нэгдүгээрт, хий татах үндсэн дэд бүтцийн нэлээдгүй хэсэг бэлэн хийгдсэн байгаа, хоёрдугаарт, маршрутын хувьд дөт, гуравдугаарт, Сахалин арлын хавьд “Газпром”-ын эзэмшиж байгалийн хийн ордуудад хөрөнгө оруулах сэдлийг энэ гэрээ өдөөх учраас хөрөнгө санхүүгийн хувьд саад багатай гэж үзэж байна. "Газпром" нь Сахалин хавьд Киринский болон Южно-Киринский гэсэн хоёр ордыг эзэмшиж байгаа. Киринскийн ордыг 2014 оноос олборлож эхэлсэн бөгөөд төслийн хүчин чадал нь жилдээ 5,5 тэрбум куб метр. Өнгөрсөн 2021 онд уг ордоос 1,2 тэрбум куб метр олборлосон нь 2014 оноос хойших дээд үзүүлэлт байжээ. Харин Южно-Киринскийн олборлолтыг ирэх 2023 оноос эхлэхээр төлөвлөж байна. Южно-Киринскийн ордыг 2010 онд нээсэн бөгөөд урьдчилсан тооцоогоор 611,7 тэрбум куб метр хэмээн нөөцийг тогтоосон.

Монголын нутгаар тавих “Союз Восток” хоолойн хувьд уг хоолойн Оросын нутгаар дайран өнгөрөх маршрут нь дотооддоо маш их шүүмж дагуулсан. Энэ маршрут нь хийн хэрэглээнд холбогдоогүй Сибирийн оршин суугчдын эрчим хүчний хэрэгцээг хангах давхар зорилго агуулж байгаа ч Ямалаас Сибирь рүү татах газар нутаг нь байгалийн хүнд ширүүн нөхцөлд явагдах бөгөөд, тэр чинээгээр зардал, цаг хугацаа шаардана.

Д.Нарантуяа

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 4 цаг 57 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 7 цаг 45 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 7 цаг 55 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 8 цаг 0 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 21 цаг 35 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 21 цаг 48 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 22 цаг 23 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 22 цаг 47 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 23 цаг 41 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top