x

С.Одхүү: Дугуй цагаанд задгай театр байгуулбал зэрлэг амьтад үргэж, экологийн тэнцвэрт байдал алдагдана

Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг өнгөрсөн сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар буулгаж, чөлөөлсөн талбайг тохижуулах болсныг зарласан.

Ингэхдээ Дугуй цагаанд задшай театр, тоглоомын талбай бүхий тохижилт хийж, наймдугаар сард дуусгахаар төлөвлөөд байгаа юм.

Гэвч тухайн тохижилтын ажил нь Богдхан уулын зэрлэг амьтдаас эхлээд экологийн тэнцвэрт байдалд асар сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдгийг Архитектор С.Одхүү хэлсэн байна.

Байгальд ээлтэй ногоон барилга, архитектурын шийдлийг түлхүү эрэлхийлдэг түүнтэй Богдхан уулын Зайсангийн амд байрлах Дугуй цагаан орчмын тохижилтын талаар ярилцжээ.

"Сайд, дарга нар Богдхан уулын ядаж тэр амыг иргэддээ бүтнээр нь, байгалиар нь үлдээх ёстой"

- Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг яагаад эсэргүүцэж байгаа тухайгаа ярихгүй юу?

- Зайсангийн амын барилгажилт, тохижилттой холбоотой асуудлыг хэдэн жилийн өмнөөс иргэд ярьсаар ирсэн.

Нийслэлийн зүгээс Богдхан уулын Дугуй цагаан руу явах замд байсан шавар гэрүүдийг буулгасан талбайг тохижуулахад 1.9 тэрбум төгрөг зарцуулахаар болсон юм билээ. Гэвч тэнд хийгдэх бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь байгальд ээлгүй байгааг хараад бухимдал төрж байна. Тэр газрыг заавал байгаль экологид ээлтэй байдлаар тохижуулах шаардлагатай.

Учир нь Богдхан уул бол ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдсэн бөгөөд 13 дугаар зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын анхны Дархан Цаазат газар. Гэвч өнөөдөр тус уулын нийслэл хоттой холбогддог 40-н ам бүгд зарагдсан. Одоо жоохон зайтай, сул үлдсэн газар нь Зайсангийн ам болчхоод байгаа. 

Энэ ам төвийн замтайгаа хамгийн ойрхон нь төдийгүй дэд бүтэц, автобус хүртэл явдаг учраас нийслэлийн иргэд хаанаас ч чөлөөтэй очиж, алхах боломжтой ганц үлдсэн газар. Тиймээс яг уулын бүсэд ойрхон буюу Дугуй цагаан орчмын 56 га газрыг нийслэлчүүд байгалиар нь авч үлдэх хэрэгтэй.

Үе үеийн сайд, дарга нар Богдхан уулын амуудыг зарж орон сууц, хаус хороолол хүртэл барьчхаад одоо ядаж ганцхан тэр амыг иргэддээ бүтнээр нь үлдээх ёстой.

Олон сайд дарга албан тушаалаа урвуулан ашиглаж, уул зарж арилжиж байхад нь дархан цаазат газраа хамгаалахаар хэн нь ч тэмцээгүйн учир өнөөдөр Богдхан уул маань ийм байдалд хүрч, барилгажсан. Энэ бол иргэд бидний буруу.

- Тус газрын тохижилтын төлөвлөгөө үр ашиггүй байна гэлээ. Энэ нь байгальд ямар сөрөг нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ?

- Тухайлбал, байгалийн модон хийцтэй задгай театр, хоёр хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөжээ.

Тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь ямар ч зохимжгүй бөгөөд ямар ч үр ашиггүй бүтээн байгуулалт болно. Өнөөдөр замын түгжрэл ийм хэмжээнд байхад нийслэлчүүд өдөр бүр тэр хол хүүхдээ тоглуулахаар очоод байхгүй нь мэдээж. Иргэд өөрсдөө ч долоо хоног тутам амралтаараа ууланд алхаад байж чаддаггүй шүү дээ.

Тиймээс шулуулан хэлэхэд тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь Зайсангийн ам орчимд хулгайгаар газар аваад барьчихсан хаус хорооллуудад амьдардаг хэсэгхэн айлуудад зориулж, гадна тохижилтыг сайжруулж өгсөн ажил болж үлдэнэ гэсэн үг. Дугуй цагаанд задгай театр байгуулбал зэрлэг амьтад үргэж, Богдхан уулын экологийн тэнцвэрт байдал алдагдана

Зөвхөн тэр хавийн айлуудын хүүхдүүд Дугуй цагаан орчимд хийсэн тоглоомын талбайд очиж тоглохоос биш, хотын төвд болон захад амьдардаг иргэд өөрсдөө тэр бүр очиж чаддаггүй газартаа хүүхдээ тоглуулахаар очихгүй нь ойлгомжтой.

Үүнээс гадна яг Дугуй цагаан буюу уулын оройд гарсан хүмүүсийн амсхийдэг хэсэгхэн сул талбайд задгай театр байгуулна хэмээн ярьсан. Уул өөдөө өгсөөд, ядарсан хүмүүс тэр дээр урлагийн тоглолт, театрын үзүүлбэр үзэх тэнхэлтэй байх уу? Энэ бол наад захын асуудал.

Хамгийн гол нь тэнд задгай театр байгуулбал зэрлэг амьтад үргэж, Богдхан уулын экологийн тэнцвэрт байдал алдагдана.

Байнга арга хэмжээ болохгүй байсан ч тэнд театр хийчихвэл хүмүүс хөгжим хэрэглэж, чимээ гарах нь мэдээж. Зэрлэг амьтан амьдардаг, дархан цаазат газраа пиво уугаад, хөгжим тавиад суучихвал утгаа алдана шүү дээ. Ийм зүйл хийж болохгүй.

Дэлхийн аль ч улс байгаль орчин, зэрлэг амьтдынхаа эсрэг ийм солиотой бүтээн байгуулалт хийгээгүй. Харин эсрэгээрээ зэрлэг амьтад байдаг газраас дуу чимээ гаргах төрлийн бүтээн байгуулалтыг хэдэн метрийн цаана төлөвлөх ёстойг нь стандартчилсан байдаг.

Иймэрхүү бүтээн байгуулалтыг орон сууцны СӨХ л хийдэг юм. Бүхэл бүтэн улсын нийслэл нь жил бүр явган хүний замын хавтан, бродюр сольж, одоо бүр Дархан цаазат газрынхаа орчимд хүүхдийн тоглоомын талбай, театр байгуулна гэхчлэн томруулсан СӨХ шиг ажиллаж болохгүй.

Тэр газарт задгай театр, хүүхдийн тоглоомын талбай байгуулаад өг гэж хэн ч хүсээгүй.Орчны бохирдол үүсгэж байгаа шалтгаанаар хэдэн шавар гэр буулгаад оронд нь ямар ч ялгаагүй, зохимжгүй бүтээн байгуулалт хийх гээд байгааг ойлгохгүй байна.

Мөн одоо Богд уулын аманд зориулалтын жим байдаггүйгээс хүмүүс дуртай газраараа жим гаргаж, ой модонд сөрөг нөлөө үзүүлж байна.Эхнээсээ хүн явдаг газруудын хөрс нь суугаад моднуудын үндэс гараад ирчихсэн байгаа нь алсдаа мод үхэх аюулд хүргэнэ.

- Тухайн орчинд ямар бүтээн байгуулалт хийх шаардлагатай гэж бодож байна вэ?

- Нийслэл уг нь бодлогын түвшинд, судалгааны үндсэн дээр бүтээн байгуулалтаа хийх ёстой. Богдхан уулын энгэрт модоор хүүхдийн тоглоомын талбай барихад анхаарал хандуулснаас хүчтэй бороо орох бүрд зам дагаж урсдаг хог хаягдлын асуудлыг шийдэх нь чухал биш гэж үү.

Тэнд хүүхдийн тоглоомын талбай, задгай театр байхгүй гэж хэн ч гомдоллоогүй. Харин иргэд уулын ойролцоох тэр олон хаус, орон сууцны барилга, муухай шавар гэрүүд бариад байгааг зогсоож өгөхийг хүсэж байна.

Үүнийхээ оронд нийслэл хот Богдхан уулын ойн сан газрын ойролцоо нийт 56 га газрыг дархан цаазат бүс болгож, тэндээ байгаль экологийн танин мэдэхүйн парк, Ойн Хүрээлэн байгуулах хэрэгтэй гэж харж байна.

Тэр газрын орчимд хэний хаус байх нь хамаагүй, бүгдийг нь нүүлгэн шилжүүлж чөлөөлөн байгалийн унаган төрхийг нь сэргээж хадгалж авч үлдэн өвлүүлэх хэрэгтэй. Байгальд хэрэгтэй эко системийг дэмжсэн бүтээн байгуулалт шаардлагатай.

Ингэхийн тулд уулнаас бууж ирэх Туул голын усыг ашиглаж хиймэл нуур, цөөрмийн бүтээн байгуулалт л шаардлагатай. Тэгвэл усаа дагаад зэрлэг амьтад, нүүдлийн болон усны шувуу ирэх нөхцөл бүрдэхээс гадна нийслэлчүүдийн гэр бүлээрээ очих дуртай газрын нэг болох болно. Энэ бол энгийн зүйл. Богдхан уулын Зайсангийн ам орчимд ердөө нөхөн сэргээлтийн иймэрхүү ажил үгүйлэгдэж байна.

Хиймэл нуур, цөөрөм хийх ёстой гээд байгаагийн хамгийн гол зорилго нь тус ууланд ойн түймрийн эсрэг менежментийг бий болгох явдал. Өнөөдөр Богд ууланд түймэр гарахад ойн түймрийн эсрэг дорвитой хамгаалалт байхгүй. Тиймээс Зайсангийн ам гэлтгүй уулын устай амуудад нуур, цөөрөм байгуулах нь ойн санг хамгаалах нэг ажил юм.

- Энэ санал, санаачилгаа Та эрх бүхий албаныханд тавьсан уу?

- Хотын даргатай уулзаж, санал, төслөө танилцуулах хүсэлт тавьсан ч уулзаж чадаагүй. Тиймээс хэвлэл мэдээлэлд хандаж байгаа юм. Мөн БОАЖЯ, Богдхан уулын хамгаалалтын захиргаатай холбогдсон ч төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлаас үүдэн санал, хүсэлтээ өгч амжаагүй байна.

- Зураг төсөл нь бэлэн гэж ойлголоо. Зөв үү?

- Тэгж ойлгож болно.

Архитектур гэдэг зөвхөн байшингийн гоо үзэмж биш. Түүний цаана тухайн бүтээн байгуулалтын хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тооцсон судалгаа оршдог.

Хэрэв надад тэр газарт нөхөн сэргээлт хийх байдлаар тохижуулах боломж өгвөл үүнийг ирээдүйнхээ төлөө бүр үнэгүй хийнэ. Хэрэв энэ саналыг маань Хотын удирдлага, БОАЖЯ-наас дэмжвэл юу хийх ёстой нь ойлгомжтой.

зураг

-Хиймэл нуур, цөөрөм байгуулахад хэчнээн төгрөг шаардлагатай талаар тооцоо, судалгаа бий юу?

-Байгалийн нөхөн сэргээлт, хиймэл нуур, цөөрмийг хийхэд нэг тэрбум төгрөг хангалттай. Гэхдээ үүнийг улсаас нэг төгрөг ч гаргахгүйгээр хийх боломж бий.

Ер нь Зайсангийн амын тохижилтод заавал нийслэл оролцох гээд байх ямар ч шаардлагагүй. Хэрэв тэр газрыг байгалиар нь үлдээх, нөхөн сэргээх эрхийг нь хүсэл сонирхолтой хүмүүст өгчихвөл үндэснийхээ компаниудынхаа нийгмийн хариуцлага дээр нь тулгуурлаж, санхүүжилт хүсээд хамтдаа бүтээн байгуулж болох зүйл.

Хүрээлэн бус орчныхоо аюулгүй байдалд санаа тавьсан, үүн дээрээ нэгдсэн маш олон залуус бий. Тэдэнд сонгон шалгаруулалт хийгээд тохижилт хийх эрхийг нь өгчих хэрэгтэй.

Нийслэл 1.9 тэрбумаар Дархан цаазат газар хүүхдийн тоглоомын талбай, задгай театр байгуулна гэхийн оронд үерийн далан, хогийн менежмент, түгжрэл гээд нэн чухал асуудалдаа төвлөрөх хэрэгтэй.

-Ийм бүтээн байгуулалт хийсэн улс орнуудын жишээнээс ярихгүй юу?

-Тухайлбал, БНХАУ-ын Сычуань мужид хэдэн жилийн өмнө мөн Богдхан уул шиг нөхцөл байдал болж байсан. Тус газарт аялал жуулчлалын алдартай бүтээн байгуулалт хийхийн тулд эхлээд тэндхийн оршин суугчдын зах замбараагүй барьсан худалдаа арилжааны газруудыг татан буулгаж 100 мянга гаруй ам метр талбайг чөлөөлж байгалийн нөхөн сэргээлт хийсэн гэдэг юм билээ.

Мөн тус бүсээс амьтан агнах, ургамал түүхийг хориглож, амьтныг хамгаалах, байгалиас нь дайжуулахгүй хадгалж үлдээх ажлыг хийсэн бөгөөд тухайн газарт орших мөрний усаар гал түймрээс сэргийлэх ухаалаг цогц системийг суурилуулж, биологийн төрөл зүйлийг иж бүрэн хамгаалж хөгжүүлсэн байдаг. Япон улсад хүртэл байгалийн цогцолборт газраа бугатай нь авч үлдсэн жишээ бий.

Дэлхийн бусад улсууд нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг тодорхойлж "Хотын Ой" гэх шинэ ойлголтыг бий болгож, төслүүд хэрэгжүүлээд эхэлсэн.

-Танд нэмж хэлэх зүйл байна уу?

- Нийслэлчүүдийн хүчээр ч болов аварч үлдэх ёстой газар бол Зайсангийн ам. Тэр газрыг Ойн сангийн тухай хууль, Дархан цаазат газрын тухай хууль гээд бүх хууль дүрмийг зөрчиж орон сууц, хаус хороолол барьж байхад бид тэмцэх ёстой. 

Тэр хавийн айлуудаа нүүлгэж чадахгүй байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгөөс нь онцгой татвар авах ёстой. Өөрсдөө нүүгээд явтал өндөр байх бодлогоор тогтоох хэрэгтэй.

Богдхан уулын энгэрт нуур, цөөрөм, усны сангийн байгууламжууд бий болгох нь усыг нөөцөлж хаврын хуурайшилтай үед зэрлэг амьтдын усны хэрэгцээг хангах болон ойн түймрээс хамгаалах гал сөнөөх ажиллагааг дэмжихэд өндөр үр ашигтай ба агаарын чийгшлийн чанарыг нэмдэг мөн гадна орчны өнгө төрхийг сайжруулдаг үнэтэй бүтээн байгуулалт болдог.

Ийм нөхөн сэргээлтийг ганцхан би биш, Монголын Архитекторуудын эвлэлээс эхлээд иргэд нэгдэж шаардах хэрэгтэй гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ноолуурыг дотоод нь авна уу, гадаад нь авна уу малчинд хамаагүй 14 цаг 7 мин Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлнэ 16 цаг 11 мин Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байна 16 цаг 12 мин Болгарын бөхчүүд холбооны ерөнхийлөгч Станка Златеваг огцрохыг шаардан жагсжээ 16 цаг 18 мин АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс гарахыг хэлэлцэж байна 16 цаг 20 мин И.Маск: Tesla компани Ерөнхий хиймэл оюун хөгжүүлнэ 16 цаг 22 мин Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цаг 22 мин ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа 16 цаг 24 мин Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймагт ажиллаж байна 16 цаг 26 мин Нотариатын үйлчилгээг зайнаас авах хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 27 мин "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 30 мин Нийт нутгийн 65 хувь цастай байгаа тул шар усны үерээс сэрэмжлүүллээ 16 цаг 34 мин Нийслэлд "Хүүхдийн хоолны зөвлөл" байгуулж, анхдугаар хурлаа хийлээ 16 цаг 35 мин “Happy March” урамшуулал эхэллээ 19 цаг 29 мин Монгол эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна 21 цаг 39 мин Чөлөөт бөхийн "Шилдэг-8" тэмцээний эхний өдрийн аваргууд тодорлоо 21 цаг 41 мин Мөсний даац ба температурын өөрчлөлтийн нөлөө 21 цаг 42 мин Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо 21 цаг 43 мин "Хотула" аппликейшнээр автомашины торгууль төлөх боломжтой боллоо 21 цаг 46 мин Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүн шүүхийн шийдвэрийн талаар буруу мэдээлэл тараавал зөрчил гэж үзнэ 21 цаг 51 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Монгол сэрдэг Морин жил Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн ш... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ...
Top