x

Д.Чойжамц: Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө

Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам Хамба номун хан, гавж Д.Чойжамцтай ярилцлаа.

-Бурхан багшийн Их Дүйчэн өдөр маргааш тохиож байна. Жил ирэх бүр энэ өдрийн ач холбогдол, хүрээ улам тэлж байгаа нь харагдаж байна шүү?

-Монголчууд эрт дээр үеэсээ Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Ер нь Бурханы шашин шүтдэг дэлхийн улс орнууд бүгд маргааш болох Дүйчэнг маш өргөн дэлгэр тэмдэглэдэг ёс заншилтай юм. Сүүлийн үед их өөрчлөлт гарч байгаа. НҮБ-аас Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг дэлхий даяараа тэмдэглэх ийм сайхан уриалга гарч, бичиг сачиг нь сайхан батлагдаж, анхны чуулганд нь оролцож үг хэлсэндээ би баяртай байдаг. НҮБ-ын хаш ногоон индрээс Бурхан багшийн Их Дүйчэнг дахин тэмдэглэх тэр сайхан хуралд оролцож байлаа. Их сайхан тод санагдаж байна. Монгол бол 1990 оноос хойш их дэлгэр болсоор, улам л дэлгэрсээр байна. Маргааш болох Дүйчэн урьд урьдынхаасаа улам өргөн дэлгэр болж байна.

Хоёр, гурван сарын өмнөөс Дүйчэн өдөрт зориулсан олон янзын үйл ажиллагаа явууллаа. Эрдэм шинжилгээний хурлууд, хүүхэд багачууд, залуусын дунд спорт, соёл бичгийн чигийн олон уралдаан тэмцээн, өдөрлөг хийсэн. Нийгэм рүү хандсан нэлээд ажил хийцгээж байна. Эмзэг бүлгийн иргэдэд тусламж тэргүүтэй сайн үйлсийн аянууд, тэрбум мод тарих ажлыг лам нар дэмжиж мод сайхан тарилаа. Өмнө нь Бурхан багшийн Их Дүйчэнг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол одоо хоёр, гурван сарын өмнөөс бэлтгэж, угтуулж ажил зохиож, хорих ангиудаар лам нар яриа таниулга хийж, нигүүлсэл энэрэл ярих тэргүүтэйгээр энэ өдрийн цар хүрээ өргөжиж, тэлж байна. Үүнд ганцхан Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээр зогсохгүй Монголын Сүсэгтний холбоо, шашны олон нийтийн байгууллагууд, лам хуварга, сүм хийдүүдтэйгээ нийлээд энэ бүх ажлыг амжуулж байна. Сүүлийн үед аймгууд болоод дүүргүүдийн төв хийдүүд Бурхан багшийн Дүйчэнг сарын турш тэмдэглэдэг, бэлтгэл ажил явуулдаг ийм сайхан болсон.

-Өнөө жилийн Дүйчэн өдрийн гол онцлог нь гэвэл?

-Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл залагдан ирж байгаа нь энэ жилийн их дүйчэн өдрийн онцлог юм. Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл дэлхий дээр цөөхөн байдаг. Энэ нь Замбуутивийн бурхан шашинтнуудын нандин өв шүтээн юм. Энэтхэг улсын Засгийн газрын бүрэн хамгаалалтад байдаг, өөр орон руу залдаггүй, ийм нандин шүтээн залагдан ирж байгаад бид маш баяртай байна. Түүнчлэн Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг дагалдан БНЭУ-ын өндөр дээд албаны зочид хүрэлцэн ирж байгаа.

-Бурхан багшийн гурван зохионгуй давхацсан учир Их Дүйчэн хэмээн сүсэгтнүүд ихэд бэлгэшээж, Их Дүйчэнгийн сар хэмээн буянд шамддаг?

-Их Дүйчэн гэдэг бол Бурхан багшийн гурван том үйл явдал давхацсаныг хэлдэг. Манай эриний өмнөх V-VI зуунд Чадагчийн эрхэт Бурхан багш Шагжмүни бээр хамаг амьтны тусыг бүтээхийн тухайтад их бодь сэтгэлээр хувилгаан лагшинг таалан өмнө зүгийн Замбуутивийн оронд эхийн хэвлийгээс лагшин мэндэлж, сансрын хүрдэнд эргэцэн энэлэгсдийг гэтэлгэх үнэн зам мөрийг үзүүлэхийн тухайтад төгс гэгээрлийн хутгийг олж, түүнчлэн хуран үйлдсэний хойно эвдэрдэг ертөнцийн мөнх бусыг сануулахын тухайтад их нирваанд орсон бөгөөд эл гурван их зохионгуй нь зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр давхардан цогцолсон байдаг. Энэхүү өдрийг монголчууд бид дэлхийн бусад Бурханы шашинтай улс орнуудын адил “Бурхан багшийн их дүйчэн өдөр” хэмээн эртнээс эрхэмлэн тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр бол нигүүсэл энэрэл, хайраар бие биетэйгээ хандаж, зохисгүй байсан бол бие биенээ хайрлаж, энэрч, эвлэж, нэгдэж, нэгэндээ эвтэй, зүйтэй үгээ хэлж, уучилж, өршөөдөг ийм сайхан өдөр байдаг. Сэтгэлийн алдаа гарсан бол уучлал хүсэх, “Өршөөгөөрэй, уучлаарай та” гэж хоорондоо цагааддаг. Цаад хүн нь ч “Бурхан багшийн Их Дүйчэн өдөр надаас уучлал гуйлаа шүү дээ, ямар сайхан юм“ гэж сэтгэлээ цэвэрлэж авдаг ийм олон сайхан зүйл болдог өдөр. Ард түмэн энэ өдөр аль болохоор уншиж урьж явдаг номоо унш, тарниа тоолоорой. Бие, хэл, сэтгэл гурвын үүднээс буяны зүгт чиглүүлээрэй. Хийд орон, сүм дуган, Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлд мөргөхөөр явж байгаа бол бие нь буяны зүгт, тарни болоод ном уншиж, эвтэй зүйтэй сайхан үг хэлцэж, эв найрамдал бэлгэдсэнээр хэл нь цэвэршиж, цаана нь сэтгэл цэвэршиж энэ зоргоор бие, хэл, сэтгэлийн ариусал болдог. Тийм учраас энэ өдрийг бүх л амьдралын турш хэвшүүлж авах ёстой ийм дурсамжийн өдөр байдаг учраас хойшид ч энэ ёсоор явбал монголчууд бид гэлтгүй дэлхийн хүн төрөлхтөн бие биетэйгээ найрсаг хандах, ёс зүйтэй, хүмүүжилтэй байх, эв түнжингээ илэрхийлсэн, уучлал гуйсан ийм сайхан өдөр байгаа юм.

Олон зууны турш Бурханы шашин шүтэж ирсэн Монгол оронд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр, буян хураах өдөр болгосон учир аль болох арван цагаан буяныг бүтээж, арван хар нүглийг тэвчсэн, буяны зүгт сэтгэлээ хандуулсан сайхан өдөр болгож өөрчлөөрэй, сайхан залбираарай.

-Уучлал гуйх зэргээр нэг нэгэндээ сайхан хандаж, эелдэг харьцах нь бие, хэл, сэтгэлээрээ үйлдэж буй бас нэг том буян байх нь ээ?

-Тийм ээ, тийм. Бие, хэл, сэтгэл гурваа сайн зүгт хандуулсан, өс хонзон, хорлолтой сэтгэлээ тэвчсэн, биенээсээ уучлал гуйж өршөөл эрээд, аав ээж дээрээ очоод мэндийг нь мэдэж сайхан баярлуулаад, ахан дүүстэйгээ зөв зохистой харьцахаас авахуулаад, сүүлийн үед Дүйчэн өдрөөр мод тарьдаг ч болж. Хичнээн олон мод тарих тусмаа л бидний амьсгалах агаарыг цэвэрлэдэг, хүн амьтан эрүүл саруул орших ийм сайхан буяны бэлгэдлүүд байна шүү дээ. Тэгээд ядарч яваа нэгэндээ тус хүргэх. Материаллаг болоод оюун санааны аль аль талаас нь бодож буяны зүгт хандах хэрэгтэй юм даа.

-Сүүлийн үед Монголд ирж эргэл мөргөл хийдэг гадаад сүсэгтнүүд, буддистууд ч их болжээ?

-Монгол хүн гэдэг бол азтай, завшаантай, сайн үйлийн үрээр төрдөг юм болов уу гэж боддог. Багаасаа л ингэж боддог байлаа. Лам болоод бурханы шашны ном үзээд ирэхийн цагт тэр бодолдоо маш их итгэл сууж эхэлсэн. Гадаад орнуудад хамбын хувиар маш олон явж үзлээ. Залуучууд сайхан өндөр байшин, барилга, гоё хүмүүсийг харж “Хөгжчихжээ” гээд ирдэг бол хөгширсөн, над мэтийн хүмүүс муу санаа суучихсан. Чухам амьдрал нь юу байна вэ, энд жаргал гэдэг нь юу байна вэ. Зовлон гэдэг нь юу байна, яажшуу байгаа юм гэдгийг нь ажигладаг болчихдог юм байна. Англид явж байхад дөрвөн тал хашаатай, хашаандаа ногоо тарина. Нэг талд нь ногоо ургачихсан, нөгөө талынх нь ногоо ургаж эхэлж байгаа ч юм уу, тэнд хонь нь ч хүртэл эрх чөлөө муутай. Дөрвөлжин хашаан дотор л эргэлдэж байх шиг. Монголдоо ирээд харахад мал нь тал дүүрэн. Хонь нь тааваараа. “Манай мал нь хүртэл эрх чөлөөтэй юм байна шүү” гэж харагдаж байгаа юм. Гадаадад явж байхад Монгол шигээ л санаад хамгийн сайхан уул, модтой газарт чинь очвол яасан юм гэхээр “Болохгүй ээ, бүгдийг нь хувьчлаад авчихсан” гэдэг. Торон хашаа татаастай, чөлөөтэй явах газар үгүй. Харин замын хажууд ресторан мэтийн газруудад л орж, тэр хавиар нь харах юм байвал харчихаад явах жишээтэй.

Гэтэл монгол хүн чинь ямар их эрх чөлөөтэй юм бэ дээ гэж бодогдоод харагдсан уул, хаана ч очоод жаргаж чадах юм даа. Ганцхан гэм нь бид өвгөд шигээ байгаль дэлхийгээ хамгаалж, хог сагаа хаяхгүй, нүүгээд явахдаа бууриа цэвэрлээд явдаг ёс заншлуудаа мартжээ. Хаа байгаа газартаа наргиж цэнгэчихээд хог тарихгүй байх юмсан даа. Түүнээс биш монгол хүн чинь үгүй мөн чөлөөтэй юм аа даа гэж бодогдох ухаантай. Хараад байхад эрх чөлөөн дунд амьдардаг, хотод ч хөдөөд ч.

-Одоо ч монголчуудын хувьд амралт, зугаалгын цаг ирлээ дээ. Хөдөөгүүр давхицгаагаад намар л хотод орж ирдэг улс. Ингэж бодохоор дотоод болоод гадаад хүчин зүйлсээрээ ч эрх чөлөөтэй хүмүүс бололтой?

-Уул нь эдийн засаг нягт болчихсон, эдийн засгаа бодож сэхээрдэг улсад бол зуны гурван сар болон намар, хавартаа зүтгэж байж бүтээн байгуулалтаа хийж явдаг газар шороо, хөрсний ажил байна. Уул уурхай, барилгын гэсэн ажлууд чинь улиралтайгаа хамаатай. Зуны дэлгэр цагт л амралгүй зүтгэж байж хэдэн цаасаа цуглуулж, цалин мөнгөө нэмүүхэн шиг аваад өвлийн бэлтгэлдээ ормоор байтал монгол хүн гэдэг ямар эрх дураараа юм бэ, ажил байхгүй, хөдөө, Хөвсгөл ч явна, Увс ч явна гээд хотын шавааралдаанаас илүү шавааралдаан хөдөө байдаг. Үүнийг хараад монголчууд бид мундаг чөлөөтэй амьдралд дуртай хүмүүс юм байна даа гэж харагддаг. Уг нь энэ цагтаа л ажлаа хийж, хөгжил дэвшлээ авчирч баймаар үе дээ. Эрх чөлөө нь хэтэрчихсэн юм уу даа гэмээр санагдаад гайхдаг.

Корона гарах үед Азийн улс орнуудаас очсон хүмүүсийг гадуурхах байдал харагдсан. Бусдын нутагт амьдрахаар явж байгаа улсуудыг бодоод сууж байхад “Тэд маань хэрхэн жаргалтай байдаг юм бол доо” гэсэн асуулт гарч ирдэг. Эгзэгтэй цаг ирэхэд хүний хүн бол хүний л хүн байдаг юм байна даа. Гудамжинд явж байхад барьж авч зодчихоод гээд, хамгийн эрх чөлөөтэй гэдэг оронд тийм байдал гарч байхыг харчихаад бид энэ Монгол гэдэг оронтой чинь ёстой нэг цус, мах бүгдээрээ холбогдчихсон байдаг юм байна. Энэ монгол нутаг дээр амьдарч байхад хэн ч намайг хөөхгүй, хэн ч намайг ад үзэхгүй, эднийхээ дунд амьдарч байх нь хамаагүй их жаргал юм байна шүү гэсэн сэтгэгдэл төрсөн.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж хэлсэн. Монгол орны аврал бол монголчууд бид өөрсдөө юм. Гадаадад жаргалтай амьдрал руу явахаас илүү Монголдоо тэр жаргалыг бий болгохын төлөө монгол хүн бүрийн хүчин зүтгэл орж байж, сая Монгол орон дэгжиж дээшлэх юм байна даа. Бидэнд тулсан ажил байна даа, Монгол орны хөгжил, гэр бүл, ажил хөдөлмөр хамаг юм тэгж байж сайжирна уу гэхээс биш сайхан жаргалтай газар руу яваад тэнд жаргая даа гэдэг бодол бидэнд байж болмооргүй юм байна. Гадаадад байгаа нь ч гэсэн нэг эрдэм сурчихаад Монголдоо ирж хөгжүүлье гэдэг, ажилд явчихаад ажлыг нь сурчихаад Монголоо ингэж хөгжүүлье гэдэг ийм оюун ухаантай байж байж гуравхан сая хүн хөдөлж, сайхан жаргалтай амьдралыг бүтээж чадах юм байна даа гэж бодогддог. Хөгжил дэвшлийг бид бий болгож чадна. Бид зоригтой, хүчтэй, ухаантай байх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бид хоёр юмыг маш сайн анхаармаар юм байна.

-Ямар хоёр зүйл вэ?

-Нэгдүгээрт, ёс зүйн хүмүүжлийг дээд зэргээр авч явах хэрэгтэй. Ёс зүйгүй бол худлаа хэлдэг, хулгай хийдэг, бусармаг үйл хийдэг бол дэлхийн олон түмэн биднийг үзэхгүй нь ээ. Би хамаагүй. Тэнд гурван сая монгол байгаа. Би гадаадад явж байгаа хүн гээд янз бүрийн бусармаг юм хийхэд тэрнийг сэргийлэх аваачаад байцаагаад монгол хүн гээд мэдээллийн хэрэгслээр зарлаж, хүмүүс мэдчихвэл монголчуудыг ад үзээд эхэлдэг. Гурван сая хүнийг хаана ч гишгэхийн аргагүй болгож, нүүр царайг нь баллаад хаячихаж байгаа юм. Ийм байдал үүсдэг. Тийм учраас ёс зүйн хүмүүжилтэй бол хаана ч очсон хууль, дүрмийг нь баримталж, хэм хэмжээгээ мэдэж, ёс зүй баримталбал бидэнд гадныхан итгэх юм байна. Монгол дотроо байгаа нь ч тэр гадаадын улсуудтай харьцахдаа ёс жудагтай байвал дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн хөрөнгө оруулагч, мөнгө санхүүжилт, гэрээ хэлцэл ямар ч зовлонгүй орж ирнэ. Монголчуудтай хамтраад юм хийчихвэл баталгаатай даа гэдэг ганц үг дэлхийд мэдэгдэхэд л бид бүгдээрээ буцаад сэргэх юм. Ёс жудагтай байна гэдэг бол хувь хүнээс авахуулаад албан байгууллага, гадаад дотоод хүнтэй харьцаж байгаа бүх хүнд хамаатай. Ингэж чадлаа л бол дэлхий монгол хүнийг хүндэлдэг болж, монгол хүн, монгол байгууллага гадаадад очоод зээл тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, үйлдвэр байгуулахад дэмжлэг хүсэхэд хэн нь ч гүйж ирээд л туслаад өгөх юм байна даа. Тиймээс ёс зүй бол Монголын нийгэмд гарцаагүй хэрэгтэй болчихсон юм байна.

Хоёрдугаарт, мэдлэг. Ер нь улс орон гэдэг бол малаа ч хариулдаг, гудамжаа ч цэвэрлэдэг, машин тэргээ ч барьдаг. Бүх л ажлаа хийж байж улс орон болдог. Цөмөөрөө дарга болдог улс гэж байхгүй. Тийм учраас боловсролын сонголт маш нарийн байх хэрэгтэй байна. Хийж чаддаг, дуртай дуртай ажилд нь хүмүүсээ сургаж тавих, мэдлэгтэй болгох. Тухайн ажилд мэдлэгтэй хүн очихтой зэрэг хөгжил дэвшил ирээд байна. Бүх ажил мэдлэг дээр суурилж байна. Малчин, фермерээс эхлүүдээд дээшээ дарга нь ч мэдлэгтэй байх хэрэгтэй. Боловсролыг дээд зэргээр хүртэх, мэдлэгтэй болох, боловсролтой болох энэ ажлыг ёс зүйтэй хавсарч хийх. Энэ хоёр хослоод ирэхээр Монгол орны иргэд нь гологдохгүй. Мэдлэг, ёс зүй, хүнлэг чанараараа ч гологдохгүй болоод ирэхээр дэлхийн бүх улс оронд хаана ч очоод ажиллалаа гэсэн ч, хаа ч амьдарлаа гэсэн ч, хаа ч очоод хамтран ажиллах гэрээ байгуулъя гэсэн тэр болгон нь хар аяндаа бүтэх боломжтой болох юм байна. Тэгж чадахгүйгээр ирсэн хүн болгоныг дээрэмдээд, ирсэн хүн болгоныг хожоод, ирсэн хүн болгоныг хуураад эхэлбэл монголчуудад итгэж болохгүй гээд л тэр хүн ганцаараа биш, дэлхий нийтээрээ тэгж зарлагдана. Дэлхийд зарлагдаад ирэхээр бидний ажил тэртэй тэргүй хумигдах л юм байна. Тиймээс бид бүгд хичээцгээе.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 3 цаг 19 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 4 цаг 53 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 5 цаг 18 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 5 цаг 36 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 5 цаг 53 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 6 цаг 12 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 18 цаг 36 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 18 цаг 46 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 19 цаг 48 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 20 цаг 6 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 20 цаг 6 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 20 цаг 14 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 20 цаг 26 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 20 цаг 40 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 20 цаг 43 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 20 цаг 56 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 21 цаг 0 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 21 цаг 13 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 21 цаг 49 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top