x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ын сугалааг зогсоовол татварын орлого багасна

"УИХ-ын гишүүд төсвөө тануулчихаад цалингаараа ажиллана гэвэл хэн нэгнээс хамааралгүй байж чадахгүй"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг хоёр хувьд барина гэдгээ Сангийн сайд илэрхийлсэн. Үүнд та ямар дүгнэлттэй байна?

-НӨАТ бол бүртгэлийн татвар юм. Өөрөөр хэлбэл, компани, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт болон үйлчилгээний орлогыг бүртгэх зориулалттай татвар гэсэн үг. 2012 оноос өмнө татварын орлогод НӨАТ жинтэй хувь нэмэр оруулдаггүй байсан. НӨАТ-ын сугалааг бий болгож буцаан олголттой болж иргэдийн оролцоог идэвхжүүлж өгснөөр татварын орлогод НӨАТ-аас оруулах хувь хэмжээ байнга нэмэгдэж ирсэн. Өнгөрсөн оны гүйцэтгэлээс харахад нийт татварын 30 хувийг НӨАТ-ын орлого бүрдүүлж байгаа юм. Ингээд орлогын татвараасаа илүү гарч төсөвт хамгийн өндөр татвар бүрдүүлэгч татварын төрөл болж хувирсан. Энэ бол НӨАТ-ын буцаан олголттой холбоотой.

Иргэд бүрэн буцаан олголтоо авахын тулд НӨАТ-ын баримтаа аж ахуйн нэгж, иргэдээс нэхдэг болсон. НӨАТ-ын сугалаа бол иргэдийг идэвхжүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын сугалаанд оролцож азтан болох боломжийг бүрдүүлснээр иргэд их идэвхтэй оролцож эхэлсэн. Аль аль нь НӨАТ-ын татварыг иргэдээр өөрсдөөр нь хянуулах системийг сайн бүрдүүлсэнтэй холбоотой. Сангийн сайд НӨАТ-ын сугалааг зогсооно гэж байгаа нь иргэдийн идэвх оролцоог багасгах зорилготой байна. Өөрөөр хэлбэл, татварын байцаагч НӨАТ-ыг хянадаг байсан бол аль хэдийнэ НӨАТ-ын орлого өндөр хэмжээнд байх байсан. Харамсалтай нь ингэж чадахгүй. Тиймээс иргэдээрээ хянуулж хийсэн нь энэ татварыг тогтмол өсөлттэй болгох гол үндэс болсон.

Хэрвээ НӨАТ-ын буцаан олголт, сугалааг зогсоовол бүх худалдаа үйлчилгээ НӨАТ-гүй болох эрсдэл рүү орно. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын хоёр хуваа буцааж авахгүй бол аж ахуйн нэгжүүд иргэдэд НӨАТ-гүй бараа, үйлчилгээ үзүүлье гэдэг болно. Ингээд НӨАТ-гүй авчихъя гэсэн хандлага тогтвол борлуулалт, үйлчилгээг бүртгэдэг үндсэн үүргээсээ хазайж татварын орлого багасана.

-НӨАТ-ын сугалааг зогсоохгүйгээр авч хэрэгжүүлэх гарц, шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-НӨАТ-ыг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг миний бие хоёр жил гаруйн өмнө өргөн барьсан. НӨАТ-ыг нэмэгдүүлье гэж өнөөдөр яриад байгаа УИХ-ын гишүүдэд өргөн барьсан хууль байхгүй. Яг өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн хуулийн төслийг би ганцхан өргөн барьсан байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татвар, төсөв, эрүү, иргэн, зөрчлийн хуультай холбоотой анхдагч хууль болон нэмэлт өөрчлөлтийн төслийг зөвхөн Засгийн газар өргөн барихаар хуульчилсан. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө энэхүү хулиа өргөн барьсан учраас энэ шалгуурыг давж байгаа юм. Тухайн үед УИХ-ын гишүүн З.Нарантуяа, А.Оюундарь нар НӨАТ-ын 10 хувь хэвээр байлгаж, долоон хувийг нь буцаан олгодог байх хуулийн төслийг өргөн барьсан боловч хууль санаачлагч нь УИХ-д дахин сонгогдоогүй учраас тэрхүү хууль хэлэлцэх асуудлын дарааллаас хасагдсан. Тиймээс НӨАТ-ын чиглэлээр өргөн барьсан ганцхан хууль байгаа нь минийх.

-Таны өргөн барьсан хууль хэрэгжсэнээр гарах үр дүн юу байх вэ?

-Үндсэндээ иргэн, аж ахуйн нэгж гурван хувийн л НӨАТ-ыг төлдөг байя гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ыг таван хувь, буцаан олголтыг 40 хувь буюу хоёр хувь болгоё гэж байгаа юм. Гэхдээ НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгож бууруулахыг Засгийн газар эсэргүүцэж байгаа. Учир нь төсвийн орлого багасна гэж үзээд байгаа юм. Би энэ хуулийг боловсруулахдаа судалгаа хийсэн. 130 мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 мянга нь НӨАТ төлөгч байгаа юм. Хэрвээ таван хувь болчихвол үлдсэн 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Үүнээс гадна гуравхан хувийн татвар төлөх учраас зах, худалдааны төвийн худалдагчид янз бүрийн байдлаар худалдаа үйлчилгээгээ нууж байхаар хэл амгүйгээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж байна. Ер нь ямар нэгэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхдээ хамтарч ажилладаг аж ахуйн нэгжээ заавал НӨАТ төлөгч болох нөхцөл рүү оруулдаг. Жишээ нь, би НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр хамтарч ажилладаг байгууллага НӨАТ төлөгч биш бол НӨАТ-аа авахын тулд НӨАТ төлөгчөөр заавал бүртгүүл гэдэг шаардлагыг тавьж эхэлнэ. Хоёрдугаарт, шинээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байгууллага НӨАТ төлөгчийн статустай ч худалдаа, үйлчилгээгээ нууж байгаа өөр нэг аж ахуйн нэгжийн орлогыг ил болгодог. Тиймээс татварын бааз суурь их хэмжээгээр нэмэгдэнэ.

-НӨАТ-ын 10 хувь бол өндөр тоо биш. Дэлхийн сонгодог тогтолцоо нь ийм байдаг гэж Сангийн сайд ярьж байна лээ. Та хууль боловсруулахдаа бусад улс орнуудын жишээг судалсан болов уу. Сангийн сайд Монгол Улсыг өндөр хөгжилтэй улсуудын түвшинд авч жишээд байна уу, эсвэл үнэхээр манайх шиг потенциалтай орнууд ийм өндөр татвар төлж байна уу?

-Хүн амын орлого нь өндөр байдаг орнуудын НӨАТ-ын хувь хэмжээ өндөр байгаа юм. Учир нь цалингаа хангалттай хэмжээнд авдаг учраас тэдэнд НӨАТ амьдралд нь тийм ч их нөлөөлдөггүй. Гэтэл цалин, тэтгэвэр бага мөртлөө 10 хувийн НӨАТ төлөх нь иргэдийн амьдралд маш их дарамт болохоос гадна бараа бүтээгдэхүүний үнэ өсөх үндсэн шалтгаан болж байгаа юм. Жишээ нь, үйлдвэрээс мянган төгрөгийн үнэтэй гарч байгаа ундаа Улаанбаатар хотод борлуулагдахад багахан тээврийн зардал нэмэгдэж 1100 төгрөгөөр хэрэглэгчдэд хүрч байна. Гэтэл Ховд аймагт борлуулбал 200 төгрөгийн зардал нэмэгдэнэ. Үүн дээр НӨАТ-ын 10 хувь нэмэгдэж 1220 төгрөг болж Ховдын зах зээлд борлуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын иргэнээс 110 төгрөгөөр илүү үнээр Ховд аймгийн иргэд бараа бүтээгдэхүүн хэрэглэх болж байгаа юм. Тиймээс борлуулалтын нэмэгдэл бүрээс авдаг НӨАТ алслагдмал бүсэд амьдарч байгаа иргэдэд дарамт болж байна гэж ойлгож болно.

-Энэ жил төсвөө хоёр ч удаа тодотгох гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-2021 онд 2022 оны төсвийг хэлэлцэж байх үед би УИХ-ын индэр дээрээс "290 төсөл, арга хэмжээг царцаавал 575 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой" гэж хэлж байсан. Төсвийн зарлагын дэд хорооны дүгнэлтээ олон нийтийн анхаарлын төвд хүргэхийн тулд УИХ-ын индэр дээрээс зургаан минутын илтгэлээ цээжээр тавьж байсан. Харамсалтай нь иргэд ч үүнд анхаарлаа хандуулаагүй. Засгийн газар, УИХ ч миний шаардлагыг хүлээж аваагүй. Өнөөдөр үнэнд гүйцэгдэж төсвийн тодотголыг оруулж ирж байна. 312 төсөл, арга хэмжээний заримыг нь зогсоож, заримыг нь хойшлуулах замаар нийт 520 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх гэж байна гэдэг нь Засгийн газар иргэдийн хүсээд байгаа хэмнэлтийн горим руу шилжиж байна. Тиймээс энэ удаагийн тодотголыг дэмжинэ.

-Зарим яам, гишүүд том оврын автомашинаасаа татгалзах ч гэдэг юмуу ямар нэгэн байдлаар хэмнэлтийг дор бүрнээ өөрсдийнхөө хэмжээнд хийж байна. Таны хувьд хэмнэлтийг хэрхэн хийж байна?

-Гишүүд УИХ-аас тойрогт ажиллах тодорхой хэмжээний төсөв авдаг. Цагаан сарын өмнөх төсвийн тодотголоор үүнийг 18 хувиар танасан. Дахиад энэ удаагийн тодотголоор тодорхой хувиар танана гэж ойлгосон. Би дахиж нэмж тануулахгүй. Учир нь УИХ-ын гишүүн орон нутагт ажиллах төсвөө бүгдийг нь тануулчихаад зөвхөн өөрийнхөө цалингаар ажиллана гэж ярьж байгаа бол тухайн УИХ-ын гишүүн нэг бол ардаа том бизнестэй. Тэр бизнесээ хамгаалах гэж УИХ-д орж ирсэн байна. Үгүй бол төрөөс хулгай хийдэг нөхөр байна.

Хэрвээ би төсвөө тануулчихаад үйл ажиллагааныхаа зардлыг ямар компани, аж ахуйн нэгжээс нэхвэл тухайн компани, аж ахуйн нэгжийн халаасанд орчихно шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн хэнээс ч хамааралгүй үйл ажиллагаа явуулах төсөвтэй байх ёстой. Тэр төсвөөрөө чанартай үйл ажиллагаа явуулах ёстой. Хэн нэгэн хүний санхүүгийн дарамтад орохгүйгээр үйл ажиллагаа явуулбал тухайн УИХ-ын гишүүн төр түмнийхээ төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргана гэж би үздэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 2 цаг 16 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 2 цаг 24 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 2 цаг 26 мин Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ 2 цаг 27 мин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо 2 цаг 27 мин Дэлхийн хамгийн том А23а мөсөн уул бүрэн задарчээ 2 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 4 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 4 цаг 54 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 4 цаг 55 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 4 цаг 57 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 4 цаг 58 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 5 цаг 4 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 5 цаг 4 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 5 цаг 6 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 5 цаг 7 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 6 цаг 16 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 7 цаг 19 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 7 цаг 21 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 7 цаг 21 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 7 цаг 23 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top