x

Жагсаалаас баривчлагдсан залуу: Цагдаа нар гэнэт араас угзчиж, дагз руу хүчтэй цохиод чирээд явсан

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн томоохон жагсаал өнгөрсөн хэдэн өдөр төв талбайд үргэлжилсэн. Жагсаалд залуус голдуу оролцож, Засгийн газар, Ерөнхий сайдад олон шаардлагыг тавьж байсан юм. Жагсаалын эхний өдрийн орой цагдаа нар жагсагч залуусыг баривчилж байгаа үйл явц олны бухимдлыг төрүүлсэн. Цагдаа нар залуусыг угзчиж татан, цементэн дээгүүр чирж, дээрээс нь дэвсэлж байгаад авч явж буй дүрс бичлэг цацагдсан билээ.

Жагсаалын хоёр дахь өдрийн өглөө цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс жагсаалыг өөр бүтэцтэй болгож, өдөөн турхирч байсан. 20 гаруй хүнийг сааатуулснаас 18 нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж байв. Харин бодит байдал дээр 70 гаруй хүн баривчлагдсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм. Баривчлагдсан залуусын нэгтэй ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Өөрийнхөө тухай товчхон танилцуулж болох уу?

-Би 19 настай.

-Жагсаалд яагаад очсон тухайгаа?

-Өглөө фэйсбүүк дээрээс жагсаалын бичлэгийг үзээд л найзтайгаа яваад очсон. Жагсаал дуустал талбай дээр байлаа. Анх явж очоод нэлээд гайхаж зогссон шүү.

-Яагаад?

-Бүгд бидний үеийн залуус, маш олуулаа байсан. Жагсана гэхээр өмнө нь нэг их санаанд буудаггүй байсан. Томчууд, эмээ, өвөө нар л жагсдаг тухай ойлгодог. Гэтэл тэр өглөө эмээ өвөө нар биш, бидний үеийнхэн самбар барьчихсан зогсож байгааг хараад нэг хэсэг гайхаж зогссон. Манай үеийнхэн ийм болчихсон юм уу гэж өөрөөсөө асуусан. Тэгээд л дунд нь яваад орсон.

-Чи лоозон барьсан уу?

-Үгүй. Заавал барих шаардлагагүй биз дээ. Гол нь үзэл бодлоороо нэгдэж байгаа нь чухал.

-Тийм л дээ. Ямар зүйлийг шаардаж байсан бэ?

-Барааны үнийг бууруулахыг л хүссэн. Дэлгүүрээс нэг талх, таван өндөг, нэг кг боорцог авахад 10 мянга гарчихаж байгаа. Энэ бол байж болохгүй зүйл.

-Залуусын үзэл бодлоо илэрхийлсэн лоозонгууд их содон байсан. Чамд таалагдсан уриа юу байв?

-“Улсаа биш доодохоо саа дарга нар аа” гэсэн нь таалагдсан (инээв). Бас маргааш өдрийнх нь жагсаал дээр “Ах нар нь ирлээ” гэсэн самбартай ах нар байсан даа. Тэр бас их содон байсан.

-Жагсаалын уур амьсгал ямар байв. Ус ундаа, хоол гээд?

-Зарим ах эгч нар ус, ундаа үнэгүй тарааж байснаас авч уусан. Бас “Шар доктор”-ын халуун чацарганаар биднийг дайлж байсан.

-Цагдаа нар хамгаалалтад гараад л. Орой нь ширүүсэх шиг болсон?

-Өдөр нь бол цөөхөн цагдаа л байсан. Үдээс хойш, оройдоо цагдаа нар автобус, автобусаар нэмэгдээд, П үсэг хэлбэртэй биднийг бүсэлсэн. Хүн гаргахгүй, оруулахгүй. Би бараг цагдаагийн машинд шүргүүлэхээ дөхсөн.

-Хэзээ нь?

-Төрийн ордноос согтуу хүн гарч ирэх үеэр. Цагдаа нар тэр хүнийг хамгаалалтад аваад машиндаа суулгаад маш ширүүн явсан шүү дээ. Тэр үед машинд нь шүргүүлэх дөхсөн шүү.

Тэгээд л дараа нь цагдаа нар талбай дээр нэмэгдсээр байсан. Биднийг бүсэлчихээд нэг хоёроороо явж байгаа залуусыг араас нь татаж унагаад өшиглөж зодоод эхэлсэн.

-Чи тэр үеэр баривчлагдсан уу?

-Үгүй. 03:00 цагийн үед цагдаа нар залуусыг тарцгаа гэж шаардсан. Залуус эхнээсээ явж эхэлсэн. Би ч явъя гэж бодоод найзтайгаа талбайн урд талын автобусны буудал руу явж байсан. Гэтэл замын гарцан дээр энгийн хувцастай хүн цамцны малгайнаас татаад, хажуунаас дүрэмт хувцастай цагдаа ирээд хамжаад боосон. Тэгээд шууд алгадаж, дагздаад л машин руугаа чирсэн.

-Эсэргүүцэж чадав уу?

-Яаж байна аа, ах аа. Би зүгээр л жагсаалд оролцсон ш дээ гэхэд өөдөөс “Цагдаа нарыг юу юу гэдэг гэнэ ээ” гээд л нүүр рүү алгадаж, дагз руу хэд хэд хүчтэй цохисон. Манараад л явчихсан. Дагз руу цохисноос болсон уу, толгой өвдөөд байгаа.

-Найзыг чинь бас аваад явсан уу?

-Тэгсэн. Найз маань “Өмгөөлөгч авч болох уу” гэж хэлсэн болохоор нэг их ширүүн хандаагүй юм билээ. Нэг л удаа толгой руу нь цохисон гэсэн. Би харин өмгөөлөгчийн талаар мэдэхгүй учраас олон цохиулсан байх. Биднийг 300 орчим метр газар авч яваад энгийн хар машинд суулгасан. Тэндээсээ талбайн зүүн талаас “Старикс” машинд суулгаад Дэнжийн мянгын тийшээ саатуулах байр руу авч явсан. Гавлуулаад явах эвгүй муухай юм билээ. Кино ч юм шиг.

-Хэдүүлээ явсан бэ. Ямар насны хүмүүс байв?

-Машинд бол долуулаа байсан. Тэр дунд 13 настай хүүхэд хүртэл баривчлагдсан байсан.

-13 настай гэдгийг яаж мэдэв?

-Цагдаа нар тэр хүүхдээс “Хэдэн настай вэ” гэж асуухад “Би 13 настай, ах аа” гэж байсан. Бид саатуулах байран дээр очиход тэр хүүхдийг дотогшоо аваад орсон. Түүнээс цааш юу болсныг мэдэхгүй. Бусад нь бол бидний үеийн залуус байсан.

-Хүүхдийг гавлаагүй биз дээ?

-Гавлаагүй.

-Цагдаа нар мэдэгдэхдээ ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн. Архи уусан залуус байсан уу?

-Тэнд баригдсан хүмүүсийг үлээлгэсэн. Ганц, хоёр хүн л халамцуу гарсан. Тэднийг эрүүлжүүлэх байр руу аваад явж байна лээ.

-Их л олон хүн саатуулагдсан гэх юм билээ?

-Биднийг 04:00 өнгөрч байхад саатуулах байранд хүргэсэн. Тэр үед 62 хүн баривчлагдаж ирсэн гэж дуулсан. 05:00 цаг өнгөрөөд дахиад хүмүүс нэмэгдсэн. Нийлээд 70, 80 хүрсэн гарсан байх.

-Саатуулах байран дээр та нарт яаж хандах юм бэ?

-Ер нь их ширүүн, муухай ааштай хүмүүс байдаг юм билээ. Өрөөнд 10-уулаа орсон. Бидний зарим нь орон дээр хэвтсэн чинь “Гуталтайгаа орон дээр хэвтдэг хэн бэ, чи. Буу, Битгий орон дээр хэвт, сууцгаа” гэж байсан.

Миний хувьд ам цангаад, шээс хүрээд байсан учраас ус өгөөч, ариун цэврийн өрөө орж болох уу гэхэд их дургүйцэж байна лээ. Тэгээд хүйтэн ус өгөөд л суулгасан.

-Баривчлагдсан хүмүүст эрхийг нь танилцуулах ёстой. Тийм процесс өрнөх юм уу?

-Үгүй. Би маргааш нь гарч ирээд л өмгөөлүүлэх эрхтэй гэдгээ мэдсэн. Мэдүүлэг авахдаа ч хэлээгүй. Харин шууд л “Жагсаал дээр хэдүүлээ байсан, яах гэж очсон бэ” гэсэн зүйлийг л асууж байсан.

-Гэрийнхэн чинь санаа зовсон байх. Дуулгаж амжаагүй биз ээ?

-Би эмээтэйгээ тэр өдөр байсан. Өглөө нь гарахдаа эмээдээ хэлээд явсан л даа. Мэдээж орой нь хэлж чадаагүй. Маргааш 13:00 цагийн үед гарч ирээд утсаа асаагаад эмээ рүүгээ залгаад хэлсэн. Мэдээж санаа нь зовж хоносон байсан. Саатуулагдаад гарч байна гэхэд маш их гайхсан.

Мэдүүлэг авах үеэр биднийг зөрчил, танхай гэсэн хоёр зүйл ангиар буруутгасан байсан. Би гайхаад “Би ямар нэгэн зөрчил гаргаагүй. Танхайн үйлдэл ч хийгээгүй” гэхэд цагдаа юу ч дуугараагүй. Ямартаа ч үзэл бодлоо илэрхийлэхээр очсоныхоо төлөө баривчлагдаж, саатуулагдсан явдалдаа эрхээ хамгаалуулахаар явж байгаа. Өмгөөлөгчид нэгдээд бидний эрхийг хамгаалахаар ирсэнд баярласан. Гарч ирэхэд өмгөөлөгчид бидний эрхийн талаар тайлбарлаж, тайвшруулж байсан. Тэд “Саатуулагдсан хүмүүсийг сулла гээд хүмүүс жагсаж байгаа” гэж хэлэхийг сонсоод маш их баярласан.

Ер нь цагдаа нар энгийн иргэдийн эрхийг маш их зөрчдөг юм байна гэж харсан. Өөрөөсөө доор албан тушаалтай хүмүүсийг дээрэлхдэг юм байна гэж бодогдсон.

-Айсан уу. Дахиад ийм жагсаалд оролцоход эрсдэлтэй юм байна гэж бодов уу?

-Үгүй. Маргааш нь гарч ирээд гэртээ очиж хувцсаа солиод шууд талбай дээр очиж эсэргүүцлээ үргэлжлүүлсэн. Залуус нэгдэж байсан нь надад маш том итгэлийг бий болгосон. Шинэ үе энэ улсыг авч явах юм байна, өөрчлөлт хийж чадах юм байна гэж харсан. Ардчилсан улсад байгаа залуус үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яагаад айх ёстой гэж. Дахиад ачаад явбал яваг гэж бодсон.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 13 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 13 цаг 19 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 13 цаг 27 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 15 цаг 23 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top