x

Майкл С.Клечески: Монголд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөөц, боломж асар их бий

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Стэнли Клеческитэй хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа нэн ялангуяа хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.

-Элчин сайд та ярилцлагын эхэнд хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаа ямар түвшинд байгаа талаар санал, сэтгэгдлээ хуваалцана уу.

-Ярилцах боломж олгосонд баярлалаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хоёр улсын стратегийн түншлэлийн гол тулгуур юм. Бидний хэрэгжүүлж буй олон ажил хувийн хэвшлийг дэмжих суурийг бүрэлдүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгоход чиглэдэг.

Тухайлбал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн 2019 оноос хойш таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг онцолъё. Зорилго нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулах, үйл ажиллагаа, менежментийг нь сайжруулахад чиглэдэг. Одоогоор Монголын 1000 гаруй бизнес эрхлэгч нийт 21 сая ам.долларын санхүүжилтийг уг хөтөлбөрийн хүрээнд зуучлуулж аваад байна.

Хувийн хэвшил чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг эрчимжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг. Миний бие Монголд ирэхийн өмнө АНУ-ын Сенатад энэ асуудлыг танилцуулж байсан. Монгол-Америкийн худалдааны эргэлт 2019 онд сүүлийн таван жилийн дээд хэмжээндээ хүрч тэлээд 2020 онд буурсан ч өнгөрсөн оноос хоёр талын худалдаа эргэн сэргэж эхэлсэнд бид туйлаас баяртай байна. Ялангуяа дэлхийн худалдааны эргэлтэд ихээхэн сорилт тулгарч буй энэ үед Монгол Улсаас АНУ руу чиглэсэн экспорт 30 гаруй хувиар өссөн нь сайны дохио.

Хоёр улсын худалдааны харилцаа эрч хүчээр дүүрэн байгаа учраас ирэх жилүүдэд ч ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

-2012 онд АНУ-аас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 350 сая ам.долларт хүрсэн ч үүнээс хойш жил дараалан буурсан. Шалтгааныг нь та юу гэж үздэг вэ?

-2011-2012 онд уул уурхайн салбарт огцом тэлэлт бий болсон. Ингэснээр Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт дээд цэгтээ хүрсэн. Үүнээс хойш АНУ-ын шууд хөрөнгө оруулалт тэрхүү оргил түвшинд хүрч чадалгүй жил дараалан буурсан. Гэхдээ АНУ-ын Монгол дахь шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл дүн 2020 онд 779 сая ам.доллар болж, түүхэн дээд хэмжээндээ хүрлээ. Үүгээр би маш их бахархаж байна.

Цар тахал Монголын төдийгүй дэлхийн хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөллөө. Харин дотоодын эдийн засгийн сэргэлт, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт, Оюу толгой төслийн үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил нь нөхцөл байдлыг өөдрөгөөр харах шалтгаан өглөө. Оюу толгой төсөл та бидний хүсэн хүлээсэн замаар урагшлахаар болсонд маш их баяртай байна.

-Канад, Австрали, Хятад зэрэг Монголын томоохон хөрөнгө оруулагчид уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулдаг. Харин АНУ Монголын аль салбарыг түлхүү сонирхож байна вэ?

-Уул уурхай бол Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгөгч хүч. Энэ утгаараа АНУ-ын ч сонирхлыг татдаг. Харин манай хөрөнгө оруулагчид, компаниуд санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа үйлчилгээ, хүнсний салбарт амжилт олсон байдаг. Мөн бидний онцгойлон анхаарч буй нэг салбар бол сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи юм. Энэ бол бидний хувьд эдийн засгийн төдийгүй улс төрийн чухал ач холбогдолтой. Монгол Улс нар, салхины эрчим хүчний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Бидний удахгүй хэрэгжүүлэх төсөл эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, сэргээгдэх эрчим хүч болоод дэвшилтэт технологийг ашиглах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад өмнө нь нөлөөлж байсан зохицуулалтын зарим хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр Засгийн газар болон хөрөнгө оруулагчид өнгөрсөн оноос тодорхой алхам хийж, хамтран ажиллаж эхэлсэн нь таатай хэрэг.

Манай Засгийн газрын зүгээс Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац (ХСК)-ын оролцоог өргөжүүлэхээр зорьж байгаа. ХСК нь хувийн хэвшил дэх ил тод, тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нийгмийн хөгжилд нөлөөлж, тогтвортой өсөлт бий болгохыг зорьдог АНУ-ын Засгийн газрын байгууллага юм. Тус байгууллага Монгол Улс дахь 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын багцаа дорвитой өсгөхийг зорьж байна.

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, хуулиа шинэчлэхэд ихээхэн анхаарч байна. Манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй орон болохын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна?

-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас бизнест ээлтэй шинэчлэлээр дамжуулан хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, авлигатай тэмцэх, хувийн хэвшлийг идэвхжүүлэх тал дээр анхаарахаа нийтэд зарласанд бид баяртай байна. Гол нь эдгээр шинэчлэлийг хийхдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон бусад сонирхогч талуудаас санал авч, тэдний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Шинэчлэлийг ийм ил тод, нээлттэй явуулснаар хууль тогтоомжийг тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлж чадна. Өөрөөр хэлбэл, энэ нь хангалттай хэмжээнд харилцан ажилласан, нээлттэй үйл ажиллагаа байх ёстой.

Хоёр улсын хооронд энэ чиглэлээр удаан хугацаанд ярьж хэлэлцэж байсан зүйлсийг бүрэн ажил хэрэг болгохоор бид чармайн ажиллаж байна. Үүний нэг нь АНУ, Монгол Улс хоорондын Ил тод байдлын хэлэлцээр юм. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтад чухал нөлөө үзүүлэх хууль журмын төсөлд олон нийтээс санал авах, тэдний саналыг харгалзан хариу мэдэгдэх зэрэг үүрэг хүлээсэн байдаг. Шинэчлэлийг хэрэгжүүлэх арга замыг заан чиглүүлж буй Ил тод байдлын хэлэлцээр бол худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг илүү дээд түвшинд явуулж буй гол багана гэж үзэж болно. Хэлэлцээр бүрэн хэрэгжвэл АНУ-ын Засгийн газар болон бизнесийн хүрээнийхэн маш талархалтай хүлээж авна. Мөн хамтын ажиллагааны бодит үр дүн, амжилт нь Монголд хөрөнгө оруулах АНУ-ын хүсэл сонирхлыг улам нэмэгдүүлнэ.

-Монголд хөрөнгө оруулахад Америкийн хөрөнгө оруулагчдад тулгарч буй гол саад бэрхшээл нь юу байна вэ?

-Монголд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах нөөц, боломж асар их бий. Монголын залуучууд, тэдний мэдлэг, чадвар надад гүн сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч хоёр орны залуус хамтарч, шинийг эрэлхийлэхэд бизнесийн орчин тунгалаг, тогтвортой, урьдчилан таамаглахуйц байх шаардлагатай. Мөн хууль эрх зүйн зохицуулалт илүү ил тод, тодорхой байх хэрэгтэй. Эдгээр нь Америк, Монголын бизнес эрхлэгчдээс аль алинаас нь сонсож буй хамгийн чухал мессежүүд юм.

Тиймээс Ил тод байдлын хэлэлцээрийн дагуу тэдний дуу хоолойг сонсож, хууль, эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай. Мөн үндэсний хэмжээний хууль тогтоомж болон орон нутгийн дүрэм журам, зохицуулалтууд өөр хоорондоо уялдах шаардлагатайг анхаарууштай. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахын тулд гомдол, маргааныг цаг тухайд нь үр дүнтэй шийдвэрлэх механизм бүрдүүлэх нь ч чухал. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа цахимжуулж, шүүхийн хараат бус байдлыг сайжруулах замаар хүнд суртлыг бууруулах тодорхой алхмууд хийсэнд ЭСЯ-ны хамт олон болон миний бие талархаж байна.

Бид саад бэрхшээлийн тухай ярихаас гадна сайн туршлагыг ч түгээх хэрэгтэй. Дэлхийн өнцөг булан бүрт байрлах АНУ-ын Элчин сайдын яамд жил бүр хөрөнгө оруулалтын орчны тайлан гаргадаг. Тайланг Америкийн болон тухайн бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулдаг. Мөн боломж, саад бэрхшээлийн аль алиныг нарийн тодорхойлж өгдөг. Тиймээс танай уншигчдад ч энэ тайлантай уншиж танилцахыг зөвлөе. Олон нийтэд нээлттэй мэдээлэл учраас манай ЭСЯ-ны цахим хуудсанд бий.

-Асуултаа гадаад худалдаа руу чиглүүлье. Монголоос АНУ руу экспорт хийхэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ. Үүнийг хөнгөвчлөх, дэмжих боломж бий юу?

-Сонирхолтой асуулт байна. Монгол Улс уул уурхайн тоног төхөөрөмжийн томоохон худалдан авагч улс. АНУ-аас Монголд нийлүүлдэг техник технологи, тоног төхөөрөмж нь уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар Монгол Улс дэлхий дахинд экспорт хийх үндэс суурийг бэхжүүлж байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар, тэр дундаа Монгол Улсад тээвэр логистикийн сүлжээ тасалдаж, экспорт хийхэд хүнд сорилт тулгарч байна. Иймд Монгол Улс тээвэр, логистикийн дэд бүтцээ сайжруулснаар экспортын урсгалаа илүү уян хатан болгох боломжтой.

Өөр нэг сорилт нь Монголын экспорт голчлон эрдэс баялаг байна. Тиймээс хоёр орны худалдааг төрөлжүүлж, уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд бид ихээхэн анхаардаг. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Үүний нэг жишээ нь ноолуур. Монгол ноолуурын өндөр чанар, өвөрмөц онцлогийг дэлхийн хэрэглэгчдэд ойлгуулах нь олон улсын зах зээлд нэвтрэх гол хаалга юм. Тийм ч учраас Олон улсын хөгжлийн агентлагаас брэндинг болон маркетингийн чиглэлээр төсөл хэрэгжүүллээ.

Өөр нэг чухал зүйл бол англи хэл. Монголд англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй залуус асар их байна. Хэл бол харилцааны чухал хэрэглүүрээс гадна эдийн засгийн асар их ач холбогдолтой гэж би боддог. Англи хэл Монголын эдийн засагт, тэр дундаа технологи, аялал жуулчлалын салбарт эерэг өөрчлөлт гаргах нь дамжиггүй.

-АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийн төслийг санаачлан Конгресст өргөн барьсан. Энэ хуулийн төсөл хэдийгээр батлагдах төлөвтэй байна вэ?

-Хуулийн төсөл АНУ-ын Конгрессын мэдэлд байгаа. Миний хувьд, АНУ-ын гүйцэтгэх засаглалд хүчин зүтгэж буй учраас хууль тогтоох засаглал болох Конгрессын үйл ажиллагааны талаар албан ёсны тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Гэхдээ эл хуулийн төсөл нь Монголын ноос ноолуурын салбарт асар их нөөц бололцоо бий гэсэн санаанд тулгуурлаж бий болсон учраас олон хүн биднээс энэ талаар асуудаг. Конгресс төслийг авч үзэж байх зуурт Төрийн департамент, Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс ижил зорилготой буюу Монголын ноолуурын салбарыг бэхжүүлэх бодит ажлууд хийж байгаа. Монголын эдийн засаг хүчирхэг байх нь АНУ-ын сонирхолд нийцнэ. Тиймээс л бид маркетинг, тогтвортой байдалд чиглэсэн төсөл хэрэгжүүлж, судалгаа хийсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top