x

Ш.Пүрэвбаатар: Украин, Оросын мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн хямрал манай улсад нэгээс хоёр сарын дараа мэдрэгдэж эхэлнэ

Олон улс судлалын доктор, эдийн засагч Ш.Пүрэвбаатартай Украин, Оросын хоорондох зөрчилдөөн болон ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ манай улсад хэрхэн нөлөөлөх талаар ярилцлаа.

-Шууд асуугаад явъя. ОХУ, Украины хоорондох нөхцөл байдал ширүүхэн байна. Сүүлийн үеийн мэдээллийг бидэнд өгөхгүй юү?

-Нөхцөл байдал үнэхээр хүндхэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл арилаагүй, вирусийн шинэ шинэ хувилбарууд гарч ирэхтэй зэрэгцэн олон улсын эдийн засгийн байдал ахицтай дээшлэхгүй байна. Яг энэ хүндхэн үед Украин, Оросын дайн дэгдэж байгаа нь улам л байдлыг дордуулж байгаа нь улс болгонд ямар нэгэн байдлаар нөлөөлж байгаа нь тодорхой. Киевт уржигдар пуужингийн дайралт хийлээ. Үүнээс үүдэн агаарын довтолгооноос анхааруулах дуут дохиог дуугаргасан байна лээ. Украинд өчигдрөөс эхлэн шөнийн цагаар хөл хорио тогтоосон байдалтай байна. АНУ, Европын холбоо, Их Британи улсын зүгээс Оросын зарим банкийг олон улсын санхүүгийн гүйлгээний "Swift" системээс хасахаар тохиролцсон.

Түүнчлэн дээрх орнууд Оросын баячуудад олгодог "алтан паспорт"-ын худалдааг хязгаарлахаар болсон. Молдав улсын хил дээр сүүлийн 72 цагийн хугацаанд үргэлжилсэн Украины дүрвэгсдийн урсгалын улмаас хүүхэд, эмэгтэйчүүдийн урт цуваа үүссэн байна. Герман улсаас Украин руу танк эсэргүүцэгч пуужин болон бусад зэвсгүүдийг илгээж буйгаа мэдэгдэж. Өчигдөрхөн Турк улсын гадаад хэргийн яам Украины нөхцөл байдлыг “дайн” гэж дүгнээд Оросын байлдааны хөлгүүдийг Хар тэнгист нэвтрүүлэхгүй болсноо мэдэгдлээ. Ингэснээр дэлхийн өөр бүс нутагт байрлаж буй Оросын байлдааны хөлгүүд Хар тэнгисийн усанд нэвтрэх боломжгүй болж байна. NATO-гийн гишүүн боловч ОХУ-тай ойр харилцаатай байдаг Турк улсын хувьд энэ шийдвэр томоохон сорилт болж байгаа байх. Оросын рублийн ам.доллартай харьцах ханш хамгийн доод түвшиндээ хүрч 117 боллоо.

Ерөнхийлөгч Путин зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулснаас эхлээд хөрөнгө оруулагчид доллар, йен зэрэг илүү найдвартай валют руу хошуурах боллоо. “Google” компани Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зар сурталчилгааг явуулахгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ мэт яриад байвал хүндхэн нөхцөл байдлыг тоочихоор байна шүү.

-"Swift" системээс хасахаар тохиролцсон гэлээ. Энэ ямар учиртай юм бэ. Манай улсад бас нөлөөлөх үү?

-SWIFT сүлжээ гэдэг бол олон улсын банк хоорондын гадаад төлбөр тооцоо хийдэг томоохон сүлжээ. Манайд ч энэ нь нөлөөлнө. Монгол Улс ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг бараг 100 хувь импортолдог. Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ аваад бүх төлбөр тооцоогоо олон улсын төлбөр тооцооны SWIFT системээр дамжуулан хийдэг.

Өөрөөр хэлбэл, бүх банк SWIFT сүлжээнд холбогдож, харилцаж буй банк руугаа тус сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоогоо хийдэг гэсэн үг. АНУ дахь төвтэй тус сүлжээнээс мэдээлснээр ОХУ-ын төв банк болон томоохон таван банкийг SWIFT-ийн төлбөр тооцоо явуулахгүйгээр зогсоосон байна лээ. Хэрэв манай улсын банкуудаар дамждаг гадаад төлбөр тооцоо эдгээр банкаар дамждаг бол зогсох эрсдэлд орно гэсэн үг. Гэхдээ АНУ-ын талаас эрчим хүч, нефтьтэй холбоотой төлбөр тооцоог хаахгүй гэсэн мэдэгдэл явж байгаа учраас манай улсын хувьд гарц гаргалгаа байх боломжтой гэж харж байна.

-Манай улс хойд хөрш болох ОХУ-аас голлож бензин, шатахуун болон эрчим хүчээ импортоор авдаг шүү дээ. Тэр утгаараа энэ асуудалд хүн бүр л санаа зовниж сууна. Цаашид тус хоёр улсын дайны байдлаас үүдэж бензин, шатахууны хомсдол манай улсад бий болох уу?

-Дайны нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилж хэлэх боломжгүй. Юутай ч хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзаж, энхийн хэлэлцээ хийе ээ гэж байх шиг байна. Гэхдээ уулзалтын үр дүн амжилттай болох уу, үгүй юү гэдэг нь бас эргэлзээтэй. Учир нь энэ асуудал өчигдөр, өнөөдөр болоод байгаа зүйл биш. Тэртээ ЗХУ-ын үед буюу дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхэлсэн үйл явдал шүү дээ. Гэнэт өнөөдөр уулзаад учир байдлаа яриад эвлэрчих зүйл биш болов уу гэж үзэж байна.

Хэрэв нөхцөл байдал бидний таамагласнаас эсрэг зүгт эргэвэл энэ нь Монгол Улсад асар их сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Таны хэлдгээр бензин, шатахууны хомсдол үүсч магадгүй. Үүсэхгүй байсан дайны нөлөөлөл болон ОХУ-д тавьж байгаа эдийн засгийн шахалтаас үүдэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь тодорхой болов уу. Саяхан цар тахал, өвлийн олимпоос улбаалан Хятад хилээ хаасан. Хятад хилээ хааснаар Монголын зах зээлд тодорхой хэмжээний нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч эхэлсэн шүү дээ.

Тиймээс энэхүү хомсдолыг нөхөхийн тулд ОХУ, Турк болон цаашлаад Европоос бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг болсон. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг транзитаар ОХУ-аас оруулж ирж байгаа. Тэгэхээр хориг арга хэмжээ тавигдсанаар Монгол Улсад нэг талаасаа шатахууны үнэ өсөх нь тодорхой болчихлоо. Үүнийгээ дагаад инфляцид нөлөөлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай юм. Нөгөөтэйгүүр ОХУ-д тавьж байгаа хоригтой холбоотойгоор бидний экспортлох гарцууд улам хумигдсаар байна. Олон улсын харилцаа талаасаа том гүрнүүд өөрийн бодлогоо номлож явдаг. Жижиг улсууд хүссэн хүсээгүй доор нь хохирдог. Тийм учраас аль нэг улс орны эвсэлд нэгдэх, төвийг сахих, эсвэл хоорондоо нэгдэж холбоо байгуулах зэрэг янз бүрийн аргууд бий. Орос дайнтай холбогдуулан түлш, шатахууны бодлогоо яаж авч явуулах нь нэгдүгээрт нөлөөлнө.

Хоёрдугаарт, дайнаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд түлш шатахууны үнэ яаж өөрчлөгдөх нь манайд нөлөөлнө. Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ манайд шууд нөлөөлөхгүй. Харин тухайн улсаас бид ямар үнээр худалдаж авах вэ гэдэг нь шууд нөлөөлнө. Нүүрсний хувьд үнэ тодорхойлогч нь БНХАУ. Тус улс өөрөө том зах зээл учир хэрэгцээ нь хэр хэмжээнд байна тэрүүгээр нь хэлбэлзэнэ байх. Дайны үр дүнд гарсан дэлхийн зах зээлийн үнийн нөлөө манайд шууд мэдрэгдэхгүй болов уу.

-Яг та тодорхой хэлэхгүй юү. Энэ мөргөлдөөнөөс болж ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүд манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Оросоос манай улс жилдээ 1.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авдаг. Украин, Оросын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн зах зээл дээр нефть, газрын тосны үнэ өссөн. Энэхүү өсөлт манайд хоёр сарын дараа буюу ирэх тавдугаар сарын эхээр мэдрэгдэж эхлэх болов уу гэж бодож байна. Одоогийн байдлаар ОХУ-аас авдаг бүх төрлийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа гэсэн мэдээллийг авсан. Манай улс чинь хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч, нефть авахаас гадна улаанбуудай, ургамлын тос импортоор авдаг шүү дээ.

Гаднаас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний 30 гаруй хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Тиймээс манай улсын эдийн засагт өнөөдөр шууд нөлөөлөхгүй ч явцдаа асар хүндээр нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, Украин Оросын мөргөлдөөнөөс үүссэн эдийн засгийн хямрал манай улсад нэгээс хоёр сарын дараа мэдрэгдэж эхэлнэ гэсэн үг. Тиймээс нөхцөл байдлыг тал талаас нь анхааралтай ажиглаж, тухай бүрт нь тохирсон арга хэмжээнүүдийг Засгийн газраас авах нь чухал. Эдийн засагчид, судлаачдынхаа үгийг сонсож ирээдүйд үүсэх хүндрэлтэй нөхцөл байдлыг бага хохиролтой даван туулах нь чухал болов уу.

-Дайн гэдэг ямар нэгэн байдлаар араасаа дандаа сөрөг үр дагавруудыг дагуулдаг. Тэр дундаа эдийн засагт асар их нөлөөлөл үзүүлдэг. Цар тахал гэж дэлхий нийтээрээ хямарлаа. Залгаад дайн гэж хямрах шинжтэй. Эдгээрээс үүдсэн эдийн засаг дахь хямралыг хэрхэн хохирол багатай даван туулах вэ?

-Манай улсын Засгийн газраас холбогдох яамдаас гаргасан эдийн засгийн прогнозыг харахад энэ оны эдийн засгийн төлөвийг их өөдрөгөөр төсөөлсөн байна лээ. Эдийн засагчийн хувьд Засгийн газраас гаргасан энэ прогноз хэмжээнд хүрэхгүй. 2007, 2008 онд олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэх үед Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж хохирол багатай даван туулж чадсан. Тэгэхээр юуны өмнө эдийн засгаа төрөлжүүлэх асуудал хамгийн чухал. Ядаж л дотооддоо наад захын хэрэгцээгээ үйлдвэрлэдэг болчихмоор байна.

Төрөөс хувийн хэвшлээ дэмжиж бизнесийн томоохон реформ хийх хэрэгтэй. Урт хугацаанд эдийн засагт нөлөө үзүүлэхүйц томоохон асуудлаа шийдэх хэрэгтэй. Гэхдээ эдийн засгаа төрөлжүүлнэ гэж ярьсан ч үр дүнгүй энэ чиглэл рүү ямар ч алхам хийгээгүй нь харамсалтай. Монгол Улсын гадаад өрийн дарамт нэмэгдэж, Хөгжлийн банк дампуурлын ирмэг дээр ирсэн нь манай төр засгийн арчаагүйн шинж.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 13 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 13 цаг 18 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 13 цаг 27 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 15 цаг 22 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Н.Учрал Д.Батлутыг уу, АН Н.Учралыг уу...
Top