x

Р.Даваадорж: Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөхийн оронд төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэж харах хэрэгтэй

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улсын эдийн засаг хямарсан талаар нэлээд ярилаа. Цар тахлыг боломж болгосон улс орон байна уу?

-Цар тахалтай холбоотой дэлхийн бүх улс хүнд байдалд байгаа гэдэг өгүүлбэрийг эх баригчид их ярьж байна. Бодит байдал эсрэгээрээ байгаа. Цар тахлын хүнд үед эдийн засгаа өсгөж буй улсууд зөндөө бий. Жишээ нь, Ирланд улс 2021 онд эдийн засгаа 13 хувиар өсгөж чадсан. Өмнөд хөрш маань найм орчим хувийн, Энэтхэг 9.4-9.6 хувийн өсөлттэй байх урьдчилсан дүн гарсан. Өмнөд Америкийн Чили 11 хувь, Перу улсын эдийн засаг 10 хувийн өсөлттэй байна. Энэ жагсаалтыг цааш нь ч үргэлжлүүлж болно. Тэгэхээр улс орон бүр манайх шиг мунгинаж суусангүй, ямар ч байсан зөв зүйтэй шийдвэр гаргаж байгааг анзаарч болохоор байна.

Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрс гэсэн хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Манай экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 70 орчим хувийг зэс, нүүрс дангаараа эзэлдэг. Өнгөрсөн жил зэс, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр асар өндөр үнэ хүрлээ. 2020 оны хагас жилээс эхлэн зэсийн үнэ тн тутамдаа таван мянган ам.доллараас 10 мянган доллар давж өссөн юм. Өөрөөр хэлбэл, зэсийн экспорт хийдэг улс оронд эдийн засгаа өсгөх сайхан боломж гарч ирсэн гэсэн үг. Өмнөд Америкийн хоёр улсыг онцолсон нь учиртай. Манайхтай ижил зэс экспортлогчид. Тэд манай хаяанд байгаа өмнөд хөрш рүү тив дамнан зэсийн экспорт хийж эдийн засгаа өсгөж чадлаа.

-Тэгвэл нүүрсний экспорт ямар байв?

-Нүүрсний хувьд ч ялгаагүй. Бид нүүрсний үнийн супер циклийг огт ашиглаж чадсангүй. Коксжих нүүрсний үнэ өмнөд хөршид 600 ам.доллар давсан ч манай төрийн өмчит компаниуд хэд дахин хямдаар борлуулалт хийсэн. Хамгийн урт хуурай замаар хиллэж, 13 боомтоор холбогддог атлаа хөршийнхөө хаяанаас экспортоо хийж чадахгүйд хүрсэн нь нэн харамсалтай. Энэ нь цар тахлаас бус харин Засгийн газар төмөр замаа тавьж чадаагүй, боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэх асуудлаар хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийж, зохион байгуулж чадаагүйтэй холбон үзэхээс өөр аргагүй. Хэрэв Засгийн газар экспортын бүс нутгаа ковидгүй байлгаж чадсан бол түүхий эдийн үнийн өсөлтийн супер цикл манай эдийн засгийг хэд дахин тэлэх байлаа. Харамсалтай нь, бид ийм сайхан алтан боломжоо алджээ.

-Цар тахлын эсрэг Засгийн газраас хоёр ч томоохон хөтөлбөр хэрэгжүүллээ. Хэр оновчтой шийдлүүд болж чадсан бэ?

-Цар тахал дэлхий нийтэд тархахтай зэрэгцэн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Манайх ч ялгаагүй, 2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс авч хэрэгжүүлсэн “Ажлын байрыг хадгалж, иргэдийн амьжиргааг хамгаалах”-д чиглэсэн гэх тодотголтой, 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэвч өнөөг хүртэл тайлангаа тавиагүй. Өнгөрсөн жилийн эхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Өмнөх хөтөлбөрт хаягдсан зарим чухал арга хэмжээг нөхөн оруулж хэрэгжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Тухайлбал, репо санхүүжилт, гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл, ипотекийн хөтөлбөрүүд багтсаныг онцолмоор байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хүн амын зорилтод хэсгийг эрчимтэй вакцинжуулж хол хориог үе шаттай сулруулснаар аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагаа сэргэх хандлага анзаарагдсан.

Энэ хоёр жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийтдээ 15.1 их наядаар хэмжигдэх хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Нэмээд донор улс орон, санхүүгийн олон улсын байгууллагуудаас нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авч ашиглаад байна. Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум, Оюутолгой компанийн арбитрын шүүхийн барьцаанд байсан нэг их наяд төгрөг гэх мэтээр ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ дүнг ДНБ-д харьцуулсан хэмжээ нь дэлхийн дунджаас хавьгүй өндөр хувь эзэлнэ. Харамсалтай нь асар их хэмжээний хөрөнгө зарцуулаад гарсан үр дүн дэндүү чамлалттай байгаа. Өөрөөр хэлбэл, манай улсын их наядаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд “бай”-гаа оноогүй эсвэл хугацаа хожимдож хэрэгжүүлсэн нь эдийн засагтаа сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болно.

-Сар шинийн баяр дөхөөд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци хоёр оронтой тоонд хүрсэн талаар мэдээлж байна. Инфляц ингэж өсөхөд юу нөлөөлсөн бэ?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын Үндэсний статистикийн газрын мэдээллээр улсын хэмжээнд инфляцийн түвшин 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрчээ. Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс хоёр дахин давсан үзүүлэлт юм. Эрх баригчид үнийн өсөлт буюу инфляцийн шалтгааныг тээвэр ложистикийн гацалт, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Гэвч аливаа инфляцийн суурь шалтгаан нь төсөв, мөнгөний бодлогын алдаанд оршдог. Иймээс ч дэлхий нийтэд инфляцийг төрийн “үл үзэгдэх татвар” гэж нэрлэдэг юм. Инфляцийн үндсэн шалтгаан нь Засгийн газрын тооцоо судалгаагүй тав, арван их наядын хөтөлбөр. жижиг зах зээлд олон их наядаар хэмжигдэх хэмжээний мөнгө цутгаж болохгүй. Буруу бодлогынх нь үр дүн ийнхүү жилийн дараа инфляциар илэрч байгаа хэрэг.

-Инфляцийн өсөлт зөвхөн тээвэрлэлтээс хамаарчихав?

-Цар тахлаас улбаатай дэлхийн улс орнууд олон төрлийн хөнгөлөлттэй арга хэмжээнүүд, мөнгөний зөөлөн бодлого авч хэрэгжүүлсэн нь инфляци өсөх үндсэн шалтгаан болсон юм. Эрх баригчид инфляцийн өсөлтийг нийлүүлэлтийн шалтгаантай гэж тайлбарладаг. Инфляци ийнхүү өсөхөд БНХАУ-ын хилээр нэвтрэх ачаа тээврийн хязгаарлалттай холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний өртөг өссөн нь үнэн.

Нөгөө талаас дотоодын шатахууны үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, хүнсний бүлгийн барааны үнийг нэмэгдүүлсэн. Гэвч нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй хүчин зүйлс инфляцид нөлөөлж байна гэж тайвшрах нь ноцтой байдалд хүргэж болзошгүй. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлж ирсэн нь инфляци нэмэгдэх үндсэн шалтгаан юм. Mөнгөний нийлүүлэлт 2021 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 их наяд төгрөгөөр өсчээ. Засгийн газраас нийгмийн халамжид зориулж 2020 онд хоёр их наяд 550 тэрбум төгрөг, өнгөрсөн жил мөн ийм хэмжээний бэлэн мөнгө тараасан. Мөн Төвбанктай хамтран цар тахлын эсрэг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж байгаа нь зээл олголтыг нэмэгдүүлж байгаа мэт харагдавч зах зээлд бэлэн мөнгө ихээр нийлүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хэт өндөр зардалтай төсөв баталж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Төсвийн хөрөнгө оруулалтууд ч их наядаар хэмжигдэх болсон. Энэ бүгд нийлээд мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг ингэж гаргууд нь хаях аваас инфляци гэрлийн хурдаар өснө. Тэгэхээр төсөв, мөнгөний бодлого буруу явж байгааг “хэт хөөсөрсөн” мөнгөний зах зээл инфляцийн дүнгээр дамжуулан анхааруулж байна гэж ойлгож болно.

-Хилийн боомилолтын асуудал манайд ихээхэн хүндрэл учруулсаар байна. Үнийн өсөлтийг шийдэх гарцыг та юу гэж харж байна вэ?

-Инфляци буюу үнийн өсөлтийг тийм ч хурдан шийдэх боломжгүй. Урд байгаа чингэлгүүдээ татаад авчихаар өргөн хэрэглээний бараа эргээд хэвэндээ орчих нь юу л бол. Төрийн зүгээс иргэдийнхээ орлогыг үүсэж бий болсон инфляцийн дүнгээс өндөр орлоготой болгох алхмуудыг л хийх үлдсэн. Гэвч манай эдийн засагт ийм хэмжээний асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөөц үлдээгүй. Иймээс инфляци ойрын жилдээ өнөөгийн Засгийн газрын толгойн өвчин байх болов уу.

2020 оны статистикийн дүнгээр манай улсын нийт иргэдийн гуравны нэг нь ядуу ангилалд багтаж байгаа. Өнгөрсөн жил энэ тоо өссөн гэдэгт би бат итгэлтэй байна. Одоо хоёр иргэний нэг нь ядуу ангилалд орсон. Дэлхийн банкны тооцооллоор дэлхийн нийт хүн амыг орлогын түвшингээр нь таван бүлэгт хуваадаг. 2011 оны худалдан авах чадварын үнэлгээгээр өдрийн орлого нь хоёр ам.доллараас бага бол ядуу ангилалд ордог. Дунджаас доогуур ангилалд 2-10 ам.долларын орлоготой иргэдийг оруулдаг. Эндээс дүгнэж үзвэл манай улсын нийт иргэдийн 90 хувь нь дунджаас доогуур ангилалд орохоор байна.

-УИХ-аас хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний бодлого хэр оновчтой байв?

-Монголбанк Засгийн газарт дөрлүүлсэн учраас бие даасан бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. Засгийн газрын дохио зангаагаар үргэлжлүүлэн ажиллах аваас инфляци улам бүр өсөх магадлалтай. Сүүлийн жилүүдэд төсвийн бодлого тун тааруу байгаа гэж хэлж болно. Сүүлийн хэдхэн жилд төсвийн зарлага хэт данхайлаа. Гэвч манайулсын эдийн засагт ийм хэмжээний өсөлт харагдахгүй байна. Төсвийн зардлыг сүүлийн жилүүдэд гурав дахин нэмсэн ч манай улсын ДНБ ердөө 12-13 тэрбум ам.долларт эргэлдэж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4000 ам.долларт уяастай арван жил өнгөрчээ. 2020 онд төсвийн алдагдал 4.5 их наяд, энэ оных бараг гурван их наяд төгрөгт хүрч, ирэх жил 2.4 их наяд төгрөг байхаар УИХ хуульчлан батлаад байгаа. Монголын төр түүхэндээ анх удаа гурван жилийн хугацаанд 10 орчим их наяд төгрөгийн өр үйлдвэрлэх шийдвэр гаргалаа. Энэ нь цаашид үнэ өсөх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах, валютын нөөц буурах, зээлийн хүү өсөх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон муу үр дагавар дагуулна. Эхнээсээ үнэ өсөх буюу инфляцаар дамжин илэрч байна.

-Цар тахал энэ онд ч үргэлжлэх нь. Цар тахалтай үеийн манай улсын эдийн засаг ямар байх төлвийг та хэрхэн харж байна?

-Энэ жил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг багагүй хүндрэл хүлээж байна. Дэлхийн зах зээл дээрх уул, уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ өсч, эрэлт нэмэгдсэн. Гэхдээ “Ковид 19” цар тахлын элдэв хувилбарууд тархсантай холбоотой хилийн боомтууд дээр хүндрэл үүснэ. Түүхий эдийн экспорт үргэлжлэн гацах нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг сааруулж, жилийн эцсээр ДНБ хэмжээнд нөлөөлөх нь тодорхой байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн төсвийн алдагдал долоон их наяд 400 орчим тэрбум төгрөг болсон. Энэ онд ч төлөвлөснөөс их алдагдал гарах шинжтэй байна. Засгийн газар гоё ганган уриа лоозонгоор хөөцөлдөх бус хямралын суурь болоод байгаа төсөв, мөнгөний буруу шийдвэрүүдээ эргэн харах, гадаад өрийн асуудлыг анхааралдаа авах, эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг 2021 оны эдийн засгийн нөхцөл байдал маш тодорхой илтгэн харуулж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 7 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 16 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 37 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 48 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 55 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 10 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top