x

М.Баяраа: Урт цагааны барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй тул түрээслэгчидтэй гэрээ хийхээс татгалзаж байгаа

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ?

-Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан орлого гэх үндсэн дөрвөн төрлийн орлогоос бүрддэг. Үүнээс түрээсийн орлогын хувьд 2018 онд 1.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх байснаас 1.8 тэрбумыг төвлөрүүлсэн байдаг.

2019 онд 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөө давуулан биелүүлж, 2 тэрбум төгрөг төвлөрүүлэн 115 хувийн гүйцэтгэлтэй ажилласан. Харин цар тахлын үед буюу 2020 онд  түрээсийн орлогод 3.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 2.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 82.5 хувийн гүйцэтгэлтэй ажилласан.

Тэгэхээр “Ковид 19” цар тахлын үед зарим түрээслэгчдэд хөнгөлөлт үзүүлэх шаардлага үүссэн.

-Нийслэлийн өмчит объектуудад зарим аж ахуйн нэгж түрээсийн гэрээ байгуулаагүй, төлбөргүй үйл ажиллагаа явуулж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Нийслэл дэх төрийн Аудитын газраас дөрвөн жилд нэг удаа хийдэг хуваарьт шалгалтаар 2018-2020 оны түрээсийн үйл ажиллагаанд шалгалт явуулсан. Манай Нийслэлийн Өмчийн харилцааны газраас шалгалтын багийнхантай хамтарч ажиллан, түрээслүүлж байгаа бүх объектоо нэг бүрчлэн танилцуулж, шалгуулсан. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн.

Тухайн тайлбарт аж ахуйн нэгжүүд 2019 он хүртэл гэрээгээ байгуулаад явж байсан. Харин 2020 онд "Ковид-19"-ийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь дэмжих үүднээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар түрээсийн хөнгөлөлт эдлүүлэх, чөлөөлөх ажлууд хийсэн.

Хөл хорионы үед үйл ажиллагаа нь зогссон худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ нийслэлээс дэмжсэн юм. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт үйл ажиллагаа явуулж байсан иргэн, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлтөд хамрагдсан. Удаан хугацаанд хөл хориотой байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж түрээсээ төлж чадахгүйд хүрсэн.

Хоёр жилийн турш “Ковид-19” цар тахлаас  үүдэн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон бизнес эрхлэгчдээс түрээс нэхэх хүндрэлтэй. Бид жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Энэ талаар бид Нийслэлийн Аудитын газарт тайлбар хүргүүлсэн. Одоо Аудитын газрын гаргасан дүгнэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, дахин нягтлах, шалгах ажлыг зохион байгуулаад явж байгаа.

-Тухайн байгууллагуудаас авах түрээсийн үнийг хаанаас тогтоодог вэ?

-2018 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 40 дүгээр тогтоолоор түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг тогтоосон байдаг бөгөөд тухайн түрээслүүлэх талбайн зориулалт, байршил бусад нөхцөлөөс хамаарч түрээсийн төлбөр харилцан адилгүй байдаг. Түүнээс биш зарим байгууллагаас хэт өндөр түрээс аваад, заримаас нь түрээс авдаггүй гэсэн зүйл байхгүй.

-Хотын дарга нийслэлийн харьяа байгууллагуудад цахим үйлчилгээг нэвтрүүлэх, олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлого баримталж байгаа. Энэ чиглэлээр танай байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх,  хадгалах, хамгаалах тал дээр  олон ажлыг хийж байгаа.

Тухайлбал, нийслэл Өмчийн нэгдсэн мэдээллийн цахим сантай болохоор ажиллаж байна. Нийслэлтэй хамааралтай бүх өмчийн түрээс, дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаа цахим системд нээлттэй байдлаар орж байгаа.

Төрийн байгууллагын нээлттэй, ил тод байх гэдэг зарчим дээр үндэслэн бүх мэдээллээ цахим руу шилжүүлж байна. 30 жилийн хугацаанд анх удаа цахим хэлбэрт шилжиж байна гэсэн үг.

Мөн олон жил үргэлжилсэн, өмчийн маргаантай нийслэлийн 32 объектыг чиг үүргийнхээ хүрээнд шүүхэд шилжүүлсэн. Нийслэлийн өмчийг хадгалах, хамгаалах тал дээр холбогдох хуулийн байгууллагуудад хандан ажиллаж байна.

-Урт цагаанд үйлчилгээ эрхлэгчид шүүхийн маргаантай байгаа. Энэ асуудал шийдэгдэж байгаа юу?

-Урт цагааны барилга байгууламж ашиглалтын шаардлага хангахгүй, галын аюулгүй байдлыг бүрэн хангахааргүй бөгөөд газар хөдлөлтөд нурах магадлалтай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоосон.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Урт цагааны барилгыг буулгаад, шинэ барилга барьж, жуулчны гудамжийг бий болгох төлөвлөгөөг боловсруулсан. Гэвч тухайн барилгад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүд уг захирамжийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандсан. Шүүхээс тухайн захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн байдалтай байна.

Шүүхээр энэхүү асуудлыг эцэслэн шийдэх байх. Тиймээс ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг түрээслэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас нийслэлийн зүгээс тухайн түрээслэгч байгууллагуудтай гэрээ хийхээс татгалзаж байгаа.

-Нийслэл өмч, хөрөнгөө хэдий хугацаанд тоолдог вэ?

-Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг. Энэ жил буюу 2022 оны гуравдугаар сард улсын хэмжээнд тооллого хийнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 13 цаг 34 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 14 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 14 цаг 20 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 14 цаг 42 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 14 цаг 52 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 15 цаг 59 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 17 цаг 14 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top