x

Ж.Золжаргал: Шахмал түлш утааг 50, 80 хувиар бууруулаагүй, энэ бол улс төрийн мэдэгдэл

Инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Хотын утаа өнгөрдөг хоёр жил гайгүй байснаа яагаад өнөө жил өмнөх шигээ болчихов гэж гайхсан хүн олон байна. Утаанаас болоод Ерөнхий сайд энэ чиглэлд ажилладаг төрийн удирдах хүмүүсээ сайдаас нь эхлээд ташраар нь халчихлаа. Нүүрс, химийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийж явсан, химийн инженерийн тань хувьд шинжлэх ухааны үндэстэй тайлбар сонсмоор санагдаад хандаж байгаа юм. Асуудал шахмал түлшиндээ байна уу, эсвэл өөр шалтгаанаас үүдэв үү?

-Миний хувьд шахмал түлш үйлдвэрлэж хэрэглүүлээд л агаарын бохирдол жигтэйхэн сайхан шийдэгдчихсэн гэж хэлэхгүй. Утааны хэмжээ буурсан уу гэвэл буурсан. Гэхдээ 50, 80 хувиар буурсан гэдэгтэй санал нийлдэггүй. Шахмал түлшний тухайд өмнө нь түлж байснаасаа харьцангуй сайжруулсан нэг төрлийн түлш л түлсэн. Өөр нэг шалтгаан гэвэл түлшний хэрэглээний хэмжээ огцом буурсан. Урьд нь гэр хорооллынхон 600-800 мянган тонн нүүрс түлдэг байсан бол өнгөрсөн жил гүйцэтгэлээрээ 340 гаруй мянган тонн шахмал түлш түлсэн гэсэн.

Өмнөхөөсөө хоёр дахин бага хэмжээний түлш түлсэн гэсэн үг. Хоёр дахин бага хэмжээгээр хэрэглэсэн шахмал түлшний хувьд нэгдүгээрт илчлэг өндөр, хоёрдугаарт олдоц нь хангалттай биш байсан. Татуухан шиг нийлүүлээд утаагаа бууруулсан юм шиг үзэгдэл харагдаж байгаа. Энэ жилийн хувьд хэрэглээ нь оны төгсгөл рүү 600 мянга орчим болох юм шиг байна лээ, телевизэд өгсөн ярианаас анзаарахад. Түлшний хэрэглээ буцаад хоёр дахин нэмэгдчихээр утаа ихсэх нь ойлгомжтой. Утаа ихэссэн хоёр дахь гол шалтгаан нь цаг агаарын үзэгдэл. Цочир хүйтэрсэн үед хөрсөн дээр хүнд агаар тогтоод дээшээгээ юм нэвтрүүлэхээ больж салхигүй суурилчихдаг. Тийм үед агаарын солилцоо зогсдог юм. Тодруулж хэлбэл, хөрс цочир хүйтэрчихээр хөлдүү агаар байгаа орчноосоо хөдлөхөө больж, утаандаа багшраад хэд хоног хямардаг л даа. Хэд хоног ингэж хямрангуут нийтээрээ дагаад хямарчихдаг. Арай гайгүй болоод салхилахаар нь агаар сайхан болчихлоо гэцгээдэг. Ийм л юм болсон.

-Албаны хүмүүс “Шахмал түлш хэрэглээд утаа 50 хувиар буурсан” гэж мэдэгдээд байсан нь тэгэхээр худлаа болж таарах нь ээ?

-Түүхий нүүрс шатаахаа болиод шахмал түлш хэрэглэснээр утаа 50, 80 хувиар буурлаа гэдэг бол улс төрийн чанартай мэдэгдлүүд. Ийм том мэдэгдэл хийчихээд ганцхан төрлийн түлш үйлдвэрлэж нийтэд түгээнэ гэдэг техникийн шийдэл биш.

-Улс төрийн шийдэл л байсан гэж үү?

-Шуудхан хэлэхэд тийм. Өөрсдийнх нь мэдэгдэл биеллээ олохгүй болохоор дагаж хямраад байх шиг байна.

-Төр төлөөлсөн хүмүүс нь шахмал түлшийг улам сайжруулж утаагүй болгох чиглэлд анхаарна гэсэн мэдэгдэл хийгээд байх юм. Утаагүй шахмал түлш гэж байх уу?

-Шахмал түлшний үйлдвэр ажиллаад хоёр жил болчихлоо. Тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан байх. Энгийнээр хэлбэл, өндөр даралтаар шахдаг бултай хэвлэгч машин л ажиллаж байгаа шүү дээ. Тасралтгүйгээр ингэж шахахаар элэгдэх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн ачаалал нь эрс нэмэгдсэн. Энэ жил баруун үйлдвэрээ нүүлгэж зүүндээ төвлөрүүлсэн. Өнгөрсөн намар нэг хэсэг түлш байхгүй боллоо, гэр хорооллынхон хэцүүдлээ гэсэн мэдээлэл цацагдсан нь цаанаа ийм шалтгаантай. Ачаалал нь ихэсч, тоног төхөөрөмж нь муудаж, хэвлэж байгаа шахалтын хүч нь суларснаас болж шахмал түлш хангалттай барьцалдаагүй байж мэднэ. Хангалттай барьцалдаагүй нүүрс хүйтэнд хөлдөж таарна. Өнөө түлшийг нь айлууд гэртээ оруулангуут гэсч, гэссэнээсээ үүдэж бутарсан байх өндөр магадлалтай. Бутарсан түлш жигд шатахгүй уугьдаг. Ийм шалтгаанаар утаа нэмэгдсэн байх үндэслэлтэй. Хэрэглэгчдээс ирүүлж байгаа гомдлууд дээр дүгнэлт хийхээр ийм дүр зураг тодорч байна л даа.

-Шахмал түлш түлэхээр шлак их гарч байна гэсэн зураг сошиалд цөөнгүй байна лээ. Нэг тийм барьцалдсан маягтай зүйл харагдсан, шахмал түлшний чанараас шалтгаалаад байна уу?

-Уурын зуухны шлак гэж ярьдаг даа. Хайлсан үнс гэмээр юм уу. Түүхий эд нь эрдэс бодисын агуулгатай үнслэг өндөртэй учраас ингэж гарах боломжтой. Үнсний найрлагаас хамаараад хурдан хайлдаг, шлак ихтэй хаягдал гарах бололцоотой л доо. Эндээс харахад шахмал түлшээ яаж сайжруулах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Юуны өмнө үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн сайжруулалт шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Түүнээс биш улстөрчдийн шүүмжлээд байгаа шиг шахмал түлшний үйлдвэрт ажилладаг инженер, техникийн ажилчдын хариуцлага энэ тэр гэсэн асуудал оновчтой биш. Хоёрдугаарт, түүхий эдээ шинэчлэх цаг болсон. Шахмал түлшийг анх үйлдвэрлэхдээ өртөг зардлыг нь бодолцож нүүрс экспортлогч компаниудаас түүхий эдээ үнэгүйгээр авч ашигласаар өнөөг хүрсэн. Манай улс сайн чанарын коксжих нүүрсээ баяжуулж зардаг. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэрээс гарсан хамгийн сайныг нь экспортолж, мууг нь хаядаг. Дунд талынх нь нэлээд хүнд, эрдэс минерал ихтэй хэсгийг нь нүүрс экспортлогч компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хоёр жилийн турш үнэ төлбөргүйгээр шахмал түлшний үйлдвэрт хэрэглүүлсээр өнөөг хүрсэн. Мэдээж шахмал түлш үйлдвэрлэснээрээ бид өмнөх шигээ юу дуртайгаа түлэхээ больсон, түлшинд стандарт тогтоосон гэдэг утгаараа урагш алхсан. Гэхдээ өнөөдөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хямдхан юмыг түлдэг гэсэн уламжлалт сэтгэлгээ монголчуудад бий. Одоо энэ сэтгэлгээнээсээ салах цаг ирсэн. Нүүрс түлдэг улс цөөнгүй бий. Англи, Польш, Герман гэх мэт улсад шуудайтай сайн чанарын шигшсэн чулуун нүүрс, шахмал түлш хэрэглэж байна. Манайхыг бодвол олон зуун жил нүүрс түлсэн орнууд л даа. Тэд хамгийн сайн нүүрсээ түлдэг. Тодруулж хэлбэл баяжуулсан, сайн чанарын чулуун нүүрсээ түлшиндээ хэрэглэдэг. Товчхондоо яг энэ үеийг ашиглаад түүхий эдээ дахиж харах цаг болжээ л гэмээр байна.

-Шахмал түлшээ чанартай чулуун нүүрсээр хийвэл утаа тодорхой хэмжээнд буурна гэж үү?

-Яг тийм. Герман, Англи, Польшид арав орчим хувийн үнслэгтэй сайн чанарын нүүрс хэрэглэдэг.

-Сайн чанарын чулуун нүүрсээр шахмал түлш хийвэл утаа өнөөгийнхөөс багасах нь тодорхой юм байна. Энэ тохиолдолд өртөг нь өндөр болчих уу?

-Тэгнэ. Англи, германчууд 2-3 см бүхэллэгтэй сайн чанарын чулуун нүүрсийг шигшиж шуудайлаад зардаг, нэг тонныг нь 200, 300 еврогоор. Ингээд шигшсэн хойно үлдэх нунтгийг нь шахмал түлш болгож хэрэглэдэг. Манайд нэг тонн шахмал түлшний өртөг 215 мянган төгрөг, зарах үнэ нь 75 мянган төгрөг гэсэн мэдээллийг хэвлэлээс уншсан. Ингээд харвал үнэ өртгийн хувьд нэг их ялгараад байх юм байхгүй л дээ. Бодит өртгөөр нь бүтээгдэхүүнээ худалдаад, орлого багатай хэсэгт нь нөхөн олговроор өгөх гэх мэт шийдэл гаргахад болохгүй юмгүй.

-Баяжуулсан сайн чанарын чулуун нүүрсний бүхэллэг хэсгийг шигшээд шууд зарах боломжтой гэж ойлголоо. Үлдсэн нунтгийг нь шахмал хэлбэртэй болгоод хэрэглээнд түгээнэ гэхээр өнөөдрийнх шиг үйлдвэрлэлд их зардал гаргах шаардлагагүй болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Шахмал түлшний тухайд Таван толгойн дунд зэргийн утаа багатай, жигд хэмжээтэй нүүрсээр шахмал түлш хийж байгаа учраас утаа тодорхой хэмжээгээр буурсан. Одоо энэ түүхий эдээ сольж, өндөр чанарын чулуун нүүрсээр шахмал түлш хийх цаг болсон. Тэгвэл хэрэглэх хэмжээ нь, утаа тортог нь илүү багасна.

-Барьцалдуулагч бодис гэх мэтээс үүдсэн сөрөг нөлөө шахмал түлшинд байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол сошиалд анзаарагддаг. Энэ хэр ортой болгоомжлол бол?

-Шахмал түлш хийх арга маш энгийн. Нүүрсийг бутлаад шахчихсан л эд. Технологи нь ийм энгийн. Химийн ямар ч өөрчлөлт нэмэлт байхгүй. Барьцалдуулагчид ямар нэгэн бодис нэмчихэв үү, барьцалдуулагч нь хортой эсэхийг гадаадад шинжлүүлнэ гэх мэт бол утгагүй яриа. Ургамлын гаралтай нүүрсний барьцалдуулагчийг дэлхий даяараа хэдэн зуун жил ашигласаар ирсэн.

-Нүүрснээс огт утаагүй шахмал түлш гаргах ямар ч боломжгүй гэж ойлгож болох уу?

-Нүүрсний тухайд антрацит гэж бий. Дэгдэмхий тортог нь маш бага. Бүр тодруулж хэлбэл, арван хувиас бага. Гэхдээ хэр барагтай асдаггүй. Дэгдэмхий чанар багатай тусмаа шатахдаа утаагүй байдаг. Кокс, хагас кокс гэж бий. Үйлдвэрийн аргаар антрациттай төстэй болгосон нүүрс. Ийм түлш хэрэглэвэл утаа буурна гэдэг нь онолын хувьд үндэслэлтэй. Гэхдээ хагас коксыг үйлдвэрлэхэд химийн дайвар бүтээгдэхүүнүүд ялгардаг. Тэднийг хүнд, байгальд хоргүйгээр ялгаж авч чадвал өндөр үнээр зарж болно. Гэхдээ ийм бүтээгдэхүүн гаргаж авахын тулд том хэмжээний химийн үйлдвэр байх ёстой. Утаагүй түлшинд зориулаад ийм жижиг үйлдвэр барилаа гэхэд түүнээсээ том хэмжээний үйлдвэрүүд барих гэх мэт шаардлага үүснэ. Тиймээс бүр бага утаатай, хатуу түлшний тухай бодох нь бидний хувьд хэт хол байна л даа. Утааг 80, 90 хувиар бууруулна гэсэн амлалтуудаа мартаад түүхий эд, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сайжруулж утаагаа боломжийн хэмжээнд барих гарц л бидэнд бий.

-Түлшээ хэчнээн сайжруулаад Улаанбаатарын утаа улстөрчдийн амлаад байгаа шиг 80, 90 хувиар багасахгүйг маш тодорхой ойлголоо. Тэгвэл утааг шууд утгаар нь бууруулах хөрсөнд буусан шийдэл гэвэл та юуг онцлох вэ?

-Гэр хороолыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх, гэр хорооллын байшингуудыг дулаалах гэх мэт гарц л хөрсөн дээр буусан шийдэл болно.

-Санхүүжилтийг нь дийлэхгүй гэж болгоомжлоод байдаг байх аа даа…?

-Санхүүжилтийн хувьд бэлэн шахуу эх үүсвэрүүд бэлээхэн байж байна. Шахмал түлшний үйлдвэр барихаас өмнө утааг бууруулахад 500, 700 тэрбум төгрөг зарцууллаа гэж ярьдаг байсан. Үйлдвэр барьснаас хойших зардлыг тооцвол дор хаяж нэг их наяд төгрөг зарцуулчихсан яваа. Гаднаас орж ирдэг ногоон хөгжлийн дэмжлэг гэж бий. Энэ чигийн санхүүжилтийн хэмжээ далайц нь эдийн засгийн нэг салбар шахуу. Ногоон хөгжлийн санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчинд нэлээд ашигладаг байсан бол одоо хэмжээ нь тулчихсан. Гуравдугаарт ипотек орон сууцны зээлийн эх үүсвэр гэж бий. Энэ бүх эх үүсвэрийн дийлэнхийг гэр хороололд төвлөрсөн дулаан орон сууц барих, эсвэл хашаандаа бие даасан шийдэлтэй дулаан байшин барих, дундаа дэд бүтцийн төвтэй хэсэг бүлгээрээ нийлсэн таун хаус бүтээн байгуулах гэх мэт ажилд зарцуулбал жинхэнэ утгаараа утааны эсрэг тэмцэл болж чадна. Улаанбаатар хотод сүүлийн арван жил 100 гаруй мянган орон сууц босгосноос ихэнхийг нь орон сууцны хороолол дунд шахаж барьсан. Гэр хороололд баригдаагүй. Орон сууцны хорооллоо аварч үлдэхийн тулд, утаагаа бууруулахын тулд барилгын салбарын хөнгөлөлттэй зээл, ипотекийн эх үүсвэрийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэр хороолол руу чиглүүлмээр байгаа юм. Ингэвэл дагуул хотууд, шинэ нисэх дагасан суурин, Майдар зэрэг рүү хэдэн арван их наяд төгрөг төлөвлөснөөс хавь илүү шийдэл болно.

Нийслэлийн 2022 оны төсөв бараг нэг их наяд төгрөг. Энэ мөнгөний хоёр хувийг л гэр хорооллын дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ гэж баталсан. Улаанбаатарын хүн амын 60 хувь нь амьдардаг гэр хороололд хоёрхон хувийн санхүүжилт гэдэг бол шударга бус хуваарилалт. Нийслэлд бүтээн байгуулчихсан 100 мянган айлын орон сууцанд баримжаа тооцоогоор 10 их наяд төгрөг зарцуулагдсан гэж бодъё. 10 их наяд төгрөгөөр асар том өөрчлөлтийг гэр хороололд хийж болно. Энэ мэтээр тооцвол гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтэцжүүлэхэд зарцуулах мөнгөний эх үүсвэр хангалттай бий. Дахиад хэлье. Түлш сайжруулахын тухайд салбарын хүмүүс чадлаараа ажиллаж байгаа. Өнөөдрийнхөөс илүүг хийх боломж хомс. Сая та бид хоёрын ярьсан чанартай чулуун нүүрсээр шахмал түлш хийлээ ч гэсэн Улаанбаатар утаагүй болчихгүй. Хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг гэр хороолол руу хийж байж л утаа багасна. Тийм учраас хөрөнгө, хүч, цаг хугацаагаа олон юм туршиж үрэлгүйгээр дулаан сууц, дэд бүтцийн хөгжил рүү төвлөрүүлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 21 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 31 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 37 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 3 цаг 7 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 3 цаг 14 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 3 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 3 цаг 28 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 3 цаг 36 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 4 цаг 14 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 5 цаг 35 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 6 цаг 4 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 6 цаг 10 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 6 цаг 17 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 6 цаг 20 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 6 цаг 26 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 6 цаг 30 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 6 цаг 42 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 6 цаг 46 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 7 цаг 1 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 7 цаг 53 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top