x

М.Тулгат: Ардчилал үхжих тусам төр барьж буй хэсэгт ашигтай

Ардчилсан намын дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй холбоотой үүссэн асуудлууд иргэдийн анхаарлын төвд байна. Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаад байсан бол одоо УИХ дахь бүлэг нь хоёр хуваагдчихаж байгаа хэрэг үү. Яг ямар асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөч?

-Ардчилсан нам ирэх сарын 5-нд эвлэрлийн Их хурлаа хийхээр хоёр талаасаа ойлголцоод, тодорхой хүчин чармайлтууд гаргаад ажиллаж байсан. Гэвч аравдугаар сарын 11-нд болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн даргыг өөрчлөх санал гаргасан. Үүний хариуд АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат Ц.Туваан гишүүнийг бүлэгт харьяалагдах боломжгүй тухай мэдэгдсэн. Наймдугаар сарын сүүлээр намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ц.Тувааныг намын гишүүний бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байсныг танилцуулж, тэр шийдвэрт үндэслэсэн гэж байсан. Түүнчлэн энэ асуудал Ж.Батсуурь, Н.Ганибал нарын гишүүд дээр ч яригдаад цааш хөвөрчихлөө. Ардчилсан нам хоёр бүлэгтэй болчихсон юм шиг асуудал үүсч байна. Үнэндээ Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэх, шинэчлэлт өөрчлөлтийн өмнөх ийм чухал үед ингэж асуудлыг хурцатгаж, Ардчилсан намын нөхцөл байдлыг хүнд байдалд оруулсан үйл явдал болоод байна.

-Ардчилсан намын гишүүд ийнхүү дотроос хагаралдаж байгаагийн шалтгаан нь юу юм бол. Эрх мэдэл, албан тушаалын ашиг сонирхол хэн нэгэнд нь байна уу?

-Би хэлж мэдэхгүй байна. Янз бүрийн таамаг, хардлага дэвшүүлж болно, гэхдээ нүдээр үзэж чихээр сонсоогүй зүйлийг нуршиж яриад яахав. Ер нь бол эвлэрнэ, нэгдэнэ гэдэг бол амаргүй процесс. Ийм үед буцаагаад нөхцөл байдлыг хүндрүүлэх асуудал үүсгэж байгаа хүмүүст харамсаж байна.

-Сая болж өнгөрсөн УИХ-ын 18, 28 дугаар тойргуудад явагдсан нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Энэ удаагийн нөхөн сонгуулиар аль аль тойрогт ирц 50 хувьдаа хүрсэнгүй. Одоо тэгээд ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан нөхөд тангараг өргөнө гээд сууж байна. Энэ бол ардчиллын зарчмаас ухрах том ухралт, буруу жишиг. Нийт сонгогчдын талаас илүү нь саналаа өгөөгүй, оролцоогүй сонгуулиар гарч ирсэн нөхөд бидний дээр гараад хууль тогтоогч болох нь байна. Урьд өмнө ирц нь хүрээгүй сонгуулиар УИХ-ын гишүүн болж байсан түүх байхгүй. Хэрэв цаашид ирц хамаагүй болох юм бол эрх баригчид үйлдэл болон эс үйлдлээрээ ирцийг хамгийн бага байлгаж, зөвхөн өөрсдийн бэлдсэн, багцалсан хатуу сүлжээг дайчлан санал өгүүлэх замаар “бор халзан хонь” ч байсан төрд гардаг болгоно. Сонгогчид боловсролгүй, улс төрийн идэвхгүй байх тусам, санал өгөхөөр очиход саадтай, түвэгтэй байх тусмаа эрх баригчдад ашигтай байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, ардчилал үхжих тусам төр барьж буй хэсэгт ашигтай. Олон намын тогтолцоо нэртэй хэзээ ч ялдаггүй тоглоомын хэдэн намтай, сонгууль нэртэй жүжиг шоу хийдэг улс болно гэсэн үг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал бол ганц хоёр хүн УИХ-ын гишүүн болох эсэх асуудал бус, цааш цаашдаа Монголын ардчилалд буруу жишиг тогтох уу, үгүй юү гэдэг асуудалтай холбогдчихож байгаа юм.

-Өчигдөр СЕХ-ны гадаа танай намаас цуглаан зохион байгуулж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Сонгууль эрхэлсэн төв байгууллагын зүгээс бид хуулийн дагуу л ажилласан гэдгээ мэдэгдсэн шүү дээ?

-Ардчилсан нам өчигдөр нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Бид Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг УИХ-ын гишүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй. Тэд бол ирцгүй сонгуулиар хамгийн олон санал авсан хүмүүс. Монгол төрийн өндөр босгыг зарчмын хувьд давж чадаагүй хүмүүс гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.2-т ирц 50 хувьд хүрсэн байх зарчмыг тусгасан хэрнээ 78.5-д нэмэлт санал хураалтаар шууд шийдэхээр заасан нь зарчмын хувьд зөрчилтэй хоёр заалт болчихож байгаа юм. Ер нь бол эрх баригчид хуулийн энэ хэсгийг батлахдаа ирцээс үл хамаарч сонгогддог болохыг санаархжээ. Ирц муу байгаа нь иргэдийн улс төрийн идэвх, намуудад болон улстөрчдөд итгэх итгэл суларсны илрэл. Тийм байхад улс төрчид, намууд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг тоглоом тоглож болохгүй. Олонх нь оролцож, олонхоороо шийдвэр гаргадаг ардчиллын үндсэн зарчим алдагдаж болохгүй. Энд зөвхөн ирцийн асуудлаас гадна сонгуулийн луйвартай холбоотой мэдээлэл, гомдлууд ирсээр байгаа бөгөөд, үүн дээр эрх баригчид төрийн албан хаагчид, төсвийн хөрөнгө мөнгийг дайчлан ашиглаж, хавтгайруулан бэлдсэн халамжийн сүлжээгээр дамжуулан саналыг багцалж байгаа нь цаашид шударга сонгууль явагдах боломжийг хааж байна гэж үзсэн учир бид мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм.

-Танай намын нэр дэвшигчид сонгогчдын хүлээж байснаас маш бага санал авлаа. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?

-Сонгуулийн ялагдал бол өөрсдийн муугийнх гэж үзэж, нэн түрүүнд өөрсдийн алдаа дутагдалд дүгнэлт хийх ёстой. Тиймээс ялагдлыг бол хүлээн зөвшөөрнө. АН өнөөдөр угаасаа дотроо ч асуудалтай, хүнд цаг үеэ туулаад явж байна. Харин энэ удаагийн сонгуулийн бас нэг хэлээд байгаа зүйл бол зөвхөн АН-д биш, өнөөдрийн Засгийн газарт иргэд чимээгүй дүн тавьж байгаа явдал юм. МАН ялсан мэт боловч ялагдлаа. Жишээ нь, Хэнтийн тойргийг аваад үзье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг төрд гаргасан тойрог, хүн амаар ойролцоо бусад аймгуудаас 8-10 дахин их төсөв батлуулж, улсын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулалт оруулж байгаа энэ аймагт сонгуулийн ирц арайчүү 46 хувьд хүрлээ. Одоо Засаг даргаар ажиллаж байгаа, ид хүч бяраа мэдэрсэн хүн нь нэр дэвшээд байхад шүү дээ. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр, хэнтийчүүд Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа, төрд итгэлгүй байгаагаа харууллаа. Сонгинохайрхан дүүргийн 48.9 хувийн тухайд ч ялгаагүй. Хотын даргын, Хууль зүйн сайдын гарч ирсэн тойрог. УИХ, нийслэл, дүүрэг гээд бүх шатны сонгуульд 100 хувь МАН ялсан, нийслэлд “хамгийн улаан”, МАН-ы түшиц бааз гэж хэлж болохуйц тойрог. Гэтэл мөн л ирц хүрсэнгүй. Сонгинохайрханчууд төрд итгэлгүй байна. Энэ бол эрх баригчдад тавьж байгаа дүн.

-Дэлхий нийтээр сонгуулийн идэвх буурч байгаа гэгддэг. Үүнийг монголчууд бас тойрсонгүй гэж үзэж болох уу?

-Хоёр их гүрний дунд, тэр дундаа авторитар дэглэмтэй улсуудын дунд хавчуулагдсан орны хувьд парламентын ардчилал бол манай тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа. Ардчиллаар баталгааждаг улс төрийн системийн дархлаа унах л юм бол гадны гүрнүүдийн тоглоом болно. Тиймээс бид энэ дархлаагаа, баталгаагаа хангахын тулд санаа зовж байх ёстой. Ирцгүй сонгууль бол олон улсад “apathy” гэгддэг үзэгдэл, монголоор орчуулбал “цөхрөл” бий болж байгааг харуулж байна. Ард түмэн улс төрд сонирхолгүй болж, улстөрчдөд итгэл алдаж, цөхөрч эхэллээ. Энэ бол аюултай үзэгдэл. Аль нэг нам бусадтайгаа харьцуулахад ийм амжилт гаргалаа, тийм амжилт гаргалаа гэж хөөрцөглөх зүйл огт биш. Монгол төрийн нэр хүнд бүхэлдээ унаж байна гэсэн үг. Энэ асуудал бүх намд хамаатай. МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан энэхүү нөхцөл байдлын талаар харин зөв дүгнэж, ирц 50 хувьд хүрээгүйд санаа зовж, дүгнэлт хийж байна гээд энэ үзэгдэл ардчиллын бэхжилтэд сөргөөр нөлөөлнө гэсэн байсан. Бид нэг эх оронтой, үндэстний хувьд нэг эрх ашигтай. Намууд энэ асуудлаас гарахын тулд хамтран ажиллаж, Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хууль зэрэгт нягт нямбай өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна.

-Ардчилсан нам цаашид хэрхэн ажиллах вэ?

-Нөхөн сонгуулийн үр дүнг задаргаагаар нь авч үзвэл МАН-ын нэр дэвшигчид АН-ын нэр дэвшигчдээс 4-5 дахин олон санал авсан байна лээ. Бүх нам, эсвэл, бие даагчид нийлээд ч МАН-ын нэр дэвшигчийн авсан саналд хүрэхгүй байна. Гэтэл социологийн судалгаагаар учиргүй тасраад алга болсон юм байхгүй. Эрх баригчдын рейтинг унасаар байгаа. Нэг нам төрийн аппарат, албан хаагчдыг дайчилж, төсвийн хөрөнгийг ашиглаж, халамжийн сүлжээгээр баглаж, санал худалдан авах, улсын бүртгэл дээр ажиллах зэрэг төрөл бүрийн арга хэрэглэн мөнхийн ялалт байгуулж байх жишээ ардчилал бэхжээгүй улс орнуудад байдаг. Манайд санал худалдан авах ажиллагаа явж байгааг Транспэрэнси Интернэшнл зэрэг олон улсын байгууллагуудын судалгаа ч харуулсан. Эцэст нь энэ бүхэн “dominant party system” буюу “нэг нам ноёрхсон тогтолцоо” Монголд нэгэнт бий болсны илрэл бөгөөд, үүнийг сүүлийн гурван удаагийн шат шатны сонгууль нотолж байна.

Энэ нь АН-д сөрөг хүчний хувьд шинэ нөхцөл байдал үүссэнийг бодитоор дүгнэж, шинэ бодлого, шинэ улс төр хийхийг шаардаж байна. Ардчилсан нам цаашид дотроо бэхжих, дотоод ардчиллаа хангах, бодлого, үйл ажиллагаагаа сайжруулах, иргэдэд түүнийгээ сайтар хүргэх зэргээр ажиллах шаардлагатай. Мөн энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намуудын тухай хуульд саналаа оруулах, цааш цаашид сонгуулийн зарчимд өөрчлөлт оруулах, сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөнгөний сонгууль явагддаг тогтолцоог халахын тулд идэвх зүтгэл гарган ажиллах шаардлагатай болж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 9 цаг 27 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 9 цаг 37 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 43 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 12 цаг 13 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 12 цаг 20 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 12 цаг 25 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 12 цаг 35 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 12 цаг 42 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 13 цаг 20 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 14 цаг 41 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 15 цаг 10 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 15 цаг 16 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 15 цаг 23 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 15 цаг 27 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 15 цаг 32 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 15 цаг 36 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 15 цаг 48 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 15 цаг 52 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 16 цаг 7 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 16 цаг 59 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top