x

"Шүүхийн өөрөө удирдах ёсны дээд тогтолцоо нь Нийт шүүгчийн чуулган"

Монгол Улсын шүүхийн бүх шүүгч оролцох Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд 2021 оны аравдугаар сарын 11-нд болно. Улсын Дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбалсүрэнтэй энэ талаар ярилцлаа.  

-Монгол Улсын шүүхийн тухай хуульд Нийт шүүгчийн чуулган гэдэг нэр томъёо шинээр орж ирсэн. Шүүгчид ингэж нийтээрээ чуулахын ач холбогдол юу вэ. Нийт шүүгчийн энэ удаагийн чуулганаар ямар асуудал хэлэлцэж шийдвэрлэх вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга, шүүхийн шинэтгэлийг боловсронгуй болгох үзэл баримтлалын хүрээнд шинэчлэн батлагдсан Шүүхийн тухай хуульд “Нийт шүүгчийн чуулган” гэдэг зохицуулалт орсон. Төрийн үйл ажиллагааны тодорхой үүргийг хэрэгжүүлэгч, бие даасан нэг засаглал гэдэг утгаар авч үзвэл Нийт шүүгчийн чуулган нь шүүх эрх мэдлийн байгууллагын өөрөө удирдах ёсны хамгийн дээд тогтолцоо юм. Хууль тогтоогчийн зүгээс уг хуульд шүүхийн бие даасан байдлыг боловсронгуй болгох чиглэлээр оруулсан зохицуулалтуудын нэг нь Нийт шүүгчийн чуулгантай холбоотой заалт гэж ойлгож байгаа.

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох сонгуулийг явуулна. Мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батална.

-Нийт шүүгчийн чуулган зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд хэрхэн бүрдсэн бэ. Ажлын хэсэг ямар ажлууд хийв?

-Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хуульд зааснаар Улсын дээд шүүхийн зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүн, нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Ажлын хэсэг гуравдугаар сарын 30-ны өдөр байгуулагдаж, журмаа баталснаас хойш чуулганы бэлтгэлийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороонд нэрээ дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэх  боломжийг бүх шүүгчид тэгш эдлүүлэхэд анхаарч, нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлж, асуулт, саналыг нээлттэй хүлээн авсан.  “Нийт шүүгчийн чуулган” цахим хуудсыг нээн ажиллуулж, шүүгчдэд мэдээлэл өгч санал, сэтгэгдлээ илэрхийлэх боломжоор хангалаа.  

Мөн чуулганы хуралдааны дэгийн төсөл болон Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын төсөл зэргийг боловсруулж, шүүгчид болон сонирхогч этгээдийн санал авч тусгасан, шүүгчдийг чуулганд оролцуулах бэлтгэл ажлыг хангах зэргээр зохион байгуулалтын олон асуудлыг шийдвэрлэсэн.

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны хэдэн орон тоонд хэдэн шүүгч нэр дэвшсэн бэ, сонгох процесс хэрхэн явагдах вэ. Шүүгчид чуулганы хуралдаанд биечлэн оролцсон тохиолдолд санал өгөх юм байна гэж ойлгосон?  

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр, нийт таван шүүгч гишүүн сонгогдох бол Сахилгын хорооны гишүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг, нийт дөрвөн шүүгч гишүүн сонгогдоно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд 18, Сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлсэн бөгөөд Нийт шүүгчийн чуулган нууц санал хураалт явуулж гишүүдийг сонгохоор хуульд заасан.  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажиллагааг биечлэн зохион байгуулж болохоор хуульчилсан.  Иймээс хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох үүрэг хүлээж байгаа. Чуулганд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй шүүгчийн хувьд цахимаар оролцож үг хэлэх, ил санал хураалтад оролцох боломжтой. 

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүн, Тооллогын комиссын гишүүнийг сонгох үйл ажиллагаа бүгд нууц санал хураалтаар явагдахаар хуульд заасан учир саналын нууцлалыг хадгалах, техникийн боломж зэргээс шалтгаалан биечлэн ирээгүй тохиолдолд санал хураалтад оролцох боломжгүй.

-Шинэ хууль дахь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны талаарх зохицуулалт өмнөх явж ирсэн жишгээсээ юугаараа давуу юм бэ. Иргэдэд хэрэгтэй тал нь юу вэ гэдэгт танаас хариулт сонсмоор байна?

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангах үүрэг хүлээдэг шүүхийн захиргааны байгууллага юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн талаарх хуулийн зохицуулалт хэд хэдэн удаа өөрчлөгдөж, Хууль зүйн яамны харьяанд, эсхүл Улсын Дээд шүүхийн дэргэд, мөн түүнчлэн харьцангуй бие даасан бүтцээр ажиллаж ирсэн. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохоор заасан.

Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллахаар тусгасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ агуулга Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусаж, Нийт шүүгчийн чуулганаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдээ сонгох ажил анх удаа явагдах гэж байна. Дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа зохицуулалт учир энэ нь юугаараа өмнөхөөс илүү ач холбогдолтой вэ гэдгийг дүгнэж хэлэхэд эрт байх.

Гэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийн тодорхой хувийг шүүгчид дотроосоо шууд сонгож, хэн нэгэн томилохгүйгээр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх нь шүүгчдийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад шүүх эрх мэдлийн өөрийнх нь оролцоо үүрэг чухал гэдэг талаасаа хууль тогтоогч бодож хийсэн, ач холбогдолтой зохицуулалт гэж үзэж байна.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг гурван шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус тусдаа санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байсан бол энэ удаад бүх шүүгч гишүүд нийт шүүгчдийн олонхын саналаар шууд сонгогдоно. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах нь шүүхийн эрхэм зорилго юм. Эрх зүй өндөр хөгжсөн орнуудын хувьд нийгмийн шударга ёсыг шүүхтэй шууд холбон ойлгож, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал, эдийн засгийн болон бусад баталгаанд анхаарал тавьдаг. Шүүхийнхээ байгууламж, эдийн засаг, төсвийн асуудлыг онцгойлон авч үзэж шийдвэрлэх нь шүүхэд ажиллаж байгаа хүмүүсийн асуудлыг шийдэх гэхээс илүүтэйгээр тухайн нийгмийнхээ шударга ёсыг бэхжүүлэх эрмэлзлийн илэрхийлэл, түүний төлөө хийгдэж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг.

Шинэ хуульд шүүхийн бие даасан байдлыг агуулгын хувьд бэхжүүлэх чиглэлээр дэвшилттэй зохицуулалтууд тусгаснаараа хууль тогтоогч эрх мэдэл хуваарилах онолын дагуу хяналт тэнцлийг зөв байлгахаар зорьсон гэж харж байгаа.

Шүүхийг хүний нөөцөөр хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа багагүй шүүмжлэлд өртдөг нь нууц биш бөгөөд энэ хуулиар тухайн чиг үүргийг тодорхой болгох, хөндлөнгийн нөлөөллөөс ангид хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Шүүгчээр зөв, ёс зүйтэй хүн томилогдох нь хэргээ шийдүүлж буй иргэдэд ач холбогдолтойг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Сахилгын хорооны талаарх зохицуулалт өмнө нь Үндсэн хуульд байгаагүй. Шүүхэд оршиж буй алдаа дутагдал, шүүгчдийн сахилгатай холбоотой шүүмжлэлүүд нийгэмд өрнөж байгаагаас үүдэн шүүхийн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгын хүрээнд хийгдэж байгаа бодлогын шийдэл гэж ойлгож байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны тодорхой гишүүдийг УИХ нээлттэй сонгон шалгаруулахаар хуульд заасан бөгөөд олон нийтэд танилцуулан санал авч, өмнөхөөс өөр механизмаар сонгогдож байгаа учир нийгмийн хүлээлтэд нийцсэн, шалгуур хангасан, нэр хүндтэй хүмүүсийг гаргаж ирнэ гэж найдаж байна.

-Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын талаар тодруулахгүй юу. Сугалаагаар гэдэг нь ямар утгатай юм бол. Журамд шүүгчдийн санал тусаж чадсан уу? 

-Ер нь шүүхэд хандаж буй иргэдийн хэрэг, нэхэмжлэлийг хэрхэн хуваарилах асуудлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг, ингэхдээ санамсаргүй сонголтын аргаар, цахим программаар хуваарилдаг ажиллагаа хэдэн жилийн өмнөөс хийгдэж, хэвшил болсон.

Харин хэрэглэгдэж буй программ хангамжийн сул тал, хүний хүчин зүйлийн оролцоог бүрэн хязгаарлаж чадаагүй, шүүхүүд өөр, өөр программ ашиглаж байгаа зэргээс шалтгаалан хэргийн оролцогчид эргэлзэх тохиолдол байдаг. Хууль тогтоогч хэрэг хуваарилах ажиллагааг улам сайжруулж, түүний нэгдмэл байдал, зарчмыг боловсронгуй болгох хэрэгтэй гэдэг үүднээс уг журмыг Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэхээр томъёолж  оруулсан гэж үзэж байна.

Журамд хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүнийг томилохдоо бүх шүүхэд мөрдөх ерөнхий зарчим, шалгуурыг тусгасан.

Сугалаагаар гэдэг нь хуульд байгаа үг, хууль тогтоогчийн зүгээс сонгож хэрэглэсэн томъёолол юм. Хэрэг, нэхэмжлэл, гомдол хүсэлт, бүрэлдэхүүнийг хуваарилахдаа цахим программ хангамж ашиглаж, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлын аргаар хуваарилна гэж энгийнээр ойлгож болох юм. Ажлын хэсэг журмын төсөлд шүүгчдээс бичгээр санал авч тусган, төслийг чуулганаар хэлэлцэж, батлуулахад бэлэн болгосон байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 16 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 16 цаг 46 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 16 цаг 55 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 18 цаг 50 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top